Бидэнтэй нэгдэх

Цаг үе

"МИАТ" ТӨХК-ийг Монгол Улсын төрийн дээд шагнал "Сүхбаатарын одон"-гоор шагналаа

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх иргэний нисэхийн салбарын үе үеийн удирдлага, ахмадууд, ажилтан, албан хаагчдад Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний 101 жил, “МИАТ” ТӨХК-ийн түүхт 70 жилийн ойн баярын мэнд дэвшүүлж, амжилт хүсэн ерөөлөө.

Иргэний нисэхийн салбар цаашид ч аюулгүй, тогтвортой, хүртээмжтэй үйлчилгээ үзүүлж, улс орнууд, ард түмнүүдийг холбосон стратегийн гүүр болсоор байх болно гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ.

Цар тахлын үед гадаадын улс орнуудаас, хамгийн сүүлд Ойрх Дорнодод үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор иргэдээ татан авчирсан нисэхийн салбар, “МИАТ” компанийн хамт олонд ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийлэв.

Тэрбээр салбарын болон “МИАТ” компанийн төлөөлөлтэй уулзаж, хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрийн хэрэгжилт, гадаад харилцаа болон нийгэм, эдийн засгийн байдал зэргийн талаар товч танилцууллаа.

  

 “МИАТ” ТӨХК нь зорчигч тээвэрлэлтээс гадна ачаа тээврийн үйлчилгээ эрхэлж, дотоод болон олон улсын худалдаа, логистикийн урсгалыг дэмжин, аялал жуулчлал, эдийн засгийн гадаад харилцаа, худалдааны сүлжээ хөгжихөд чухал үүрэг гүйцэтгэдэг.

Агаарын 10 хөлгөөр 15 орны 50 гаруй чиглэлд хуваарьт болон захиалгат нислэг, орон нутгийн 10 чиглэлд тогтмол нислэг үйлддэг юм.

70 жилийн түүхэндээ 516 мянган удаагийн нислэгээр 26 сая зорчигч тээвэрлэсэн. Өнгөрсөн онд гэхэд л 2,4 сая гаруй зорчигч, үүнээс олон улсын чиглэлд 2 сая, орон нутгийн чиглэлд 450 мянган зорчигч тээвэрлэсэн байна.

Энэ нь 2024 онтой харьцуулахад 13 хувиар, цар тахлын өмнөх үетэй харьцуулахад 51 хувиар өссөн гэсэн үг юм.

“МИАТ” компани нисэхийн аюулгүй байдлаараа дэлхийн болон Ази, Номхон далайн бүсийн орнуудын дундаж үнэлгээнээс дээгүүр үнэлгээ авсан.

Мөн төрийн өмчит компаниудын хэмжээнд алдагдалгүй ажилладаг 5 компанийн нэг бөгөөд сүүлийн 16 жилийн турш “ТОП 100” аж ахуйн нэгжээр шалгарч байна.

 

Салбарын яам цаашид агаарын тээврийн либералчлалыг үргэлжлүүлж, нисэхийн дэд бүтэц, орон нутгийн нисэх буудлын хүчин чадал, ашиглалтыг сайжруулах, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарах юм.

Энэ чиглэлээр бодлогын дэмжлэгээ урьдын адил үргэлжлүүлэн үзүүлэхийг салбарынхан Ерөнхийлөгчөөс хүслээ.

 

Тээврийн салбар нь манай улсын Дотоодын нийт бүтээгдэхүүний 8 орчим хувь, нийт ажиллах хүчний 6-8 хувийг эзэлдэг, нийгэм, эдийн засагт чухал нөлөө үзүүлдэг.

Ерөнхийлөгч санаачилга гарган “Транзит Монгол” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлж, Монгол Улс-Ази, Европыг холбосон тээвэр логистикийн зангилаа төв болох зорилт дэвшүүлсэн.

Мөн Ерөнхий сайд байхдаа анх удаа “Төрөөс автотээврийн талаар баримтлах бодлого” батлуулж, “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний зөвлөл” байгуулан ажиллуулж байлаа.

 

 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мөн өдөр “МИАТ” ТӨХК-д Сүхбаатарын одон, “МИАТ” ТӨХК-ийн “Б737 ЭНЖИ/МAКС” агаарын хөлгийн дарга, багш нисгэгч Чимэддоржийн Нямсайхан, Иргэний нисэхийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн байцаагч, “Б737-800” агаарын хөлгийн дарга, багш нисгэгч Цэнд-Аюушийн Ганбаатар нарт Гавьяат нисгэгч, “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн Нисэхийн холбоо, навигаци, ажиглалтын албаны ерөнхий инженер Бадамдоржийн Цогоод Нисэхийн гавьяат техникч, “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн ерөнхий менежер Пүрэвжавын Ганболдод Гавьяат холбоочин, “МИАТ” ТӨХК-ийн Аюулгүй байдал, чанар, аюулгүй хамгаалалтын албаны ахлах байцаагч Долгорсүрэнгийн Энхцэцэгт Үйлчилгээний гавьяат ажилтан цол хүртээлээ.

Мөн нэр бүхий эрхмүүдийг төрийн одон, медалиар шагналаа.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Газрын тосны агуулахууд эхнээсээ ашиглалтад ороход бэлэн болжээ

Огноо:

,

Засгийн газрын дэмжлэгтэй, хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр 18 аж ахуйн нэгж газрын тосны бүтээгдэхүүний 22 агуулах барьж, өргөтгөж эхэлсэн. 
Ерөнхий сайд Н.Учрал эдгээр аж ахуйн нэгжийн төлөөлөл болгон “Сан Петролиум” ХХК, “Шунхлай” ХХК-ийн газрын тосны агуулахын барилга угсралтын ажлын явцтай өнөөдөр танилцав. 


“Сан Петролиум” ХХК нь Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд 16,000м³ үүнээс 8000м3-ийн багтаамжтай савыг өөрийн хөрөнгө оруулалтаар барьж байна. Үлдсэн 8000м3 агуулахын  нийт хөрөнгө оруулалтын хэмжээ нь 10.0 тэрбум төгрөг бөгөөд жилийн есөн хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээлийн хүрээнд 10.0 тэрбум төгрөгийн санхүүжилт арилжааны банкнаас авчээ. Газрын тосны бүтээгдэхүүний агуулахын барилга угсралтын ажлын гүйцэтгэл 95 хувьтай байгаа бөгөөд 2026 оны наймдугаар сарын 20-ны дотор бүрэн дуусгаж, ашиглалтад оруулах гэж байна. Эдгээр агуулах ашиглалтад орсноор Улаанбаатар хотын АИ-92-ийн хэрэглээний 13 хоногийн хэрэгцээг бүрэн хангах юм. Ерөнхий сайд тус агуулахыг ашиглалтад хүлээн авахад зөвшөөрлийн саад бэрхшээл учруулахгүй байхыг холбогдох албаныханд үүрэг болгов. 

Харин “Шунхлай” ХХК 100,000 м³  буюу Монгол Улсад хамгийн том хүчин чадалтайд тооцогдох газрын тосны бүтээгдэхүүний агуулахыг Сонгинохайрхандүүргийн 21 дүгээр хороонд барьж байна. Тус бүр нь 14,000 м³ нэрлэсэн багтаамжтай, 36 метрийн диаметр, 14.5 метрийн өндөртэй долоон босоо ган сав барихаар төлөвлөсөн. Нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 151.26 тэрбум төгрөг бөгөөд жилийн 9 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээлийн хүрээнд арилжааны банкнаас 151.0 тэрбумын санхүүжилт авсан байна. Газрын тосны бүтээгдэхүүний агуулахын барилга угсралтын ажлын гүйцэтгэл нь 40 хувьтай байгаа бөгөөд 2027 оны 12 дүгээр сарын 31-нд багтаан бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөснийг “Шунхлай” ХХК-ийн техник технологи хариуцсан захирал Ш.Гэрэлт-Од хэлэв. Тус агуулах ашиглалтад орсноор улсын хэрэглээний 8-9 хоногийн нөөцийг нэмж  хадгална. 


Ерөнхий сайд хэлсэн үгэндээ, Манай Засгийн газар 33 жилийн дараа анх удаа  22 шатахууны нөөц сав барих ажил эхлүүлсэн. Мөн хоёр жил гацсан Газрын тос боловсруулах  үйлдвэрийн ажлыг гацаанаас гаргалаа. Үр дүнд нь 20 хувийн гүйцэтгэлтэй гацсан үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрч үргэлжилж байна. 30 жил гацсан газрын тос нийлүүлэх, эрэл хайгуулын ажлыг эхлүүллээ. 14 байршилд Олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт зарласан. Засгийн газар үнийн өсөлтийн эсрэг, дэлхий дахины нөхцөл байдлаас хамаарч эх орондоо үүсэх сөрөг нөлөөг даван туулахын төлөө бүх шатандаа хичээн ажиллаж байна хэмээв. 

Улаанбаатар хотоос гадна Мөн Өмнөговь аймагт дөрвөн агуулах (37,000 м³, 34.109 тэрбум төгрөг), Дархан-Уул аймагт хоёр (11,000 м³, 10.834 тэрбум төгрөг), Баян-Өлгий аймагт хоёр  (5,200 м³, 7.560 тэрбум төгрөг), Орхон аймагт нэг (8,000 м³, 7.530 тэрбум төгрөг), Ховд аймагт нэг (10,000 м³, 8.700 тэрбум төгрөг) төсөл хэрэгжиж байна. Эдгээр агуулахын барилга угсралтын ажлын явц 5-90 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. 85 хувиас дээш гүйцэтгэлтэй зургаан агуулах нь Морьт говь ойл ХХК, Тэс петролиум ХХК, Сан петролиум ХХК, Содмонгол групп ХХК, Веллком ХХК, Петролайн ХХК-ийнх бөгөөд барилга угсралтын үндсэн ажил нь  дуусах шатандаа орж, тоног төхөөрөмжийн суурилуулалт, туршилт, тохируулга болон ашиглалтад хүлээлгэн өгөх бэлтгэл ажлыг гүйцэтгэж байна.


Хөнгөлөлтэй зээл авсан аж ахуйн нэгжүүд Газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болох Ашигт малтмал, газрын тосны газартай хариуцлагын гэрээ  байгуулжээ.
 2027 оны улсын төсөвт аж ахуйн нэгжүүдээ дэмжиж шатахууны хадгалах хүчин чадлаа нэмэгдүүлэх бодлогыг үргэлжлүүлнэ. Үүний үр дүнд улсын гурван сар хүртэлх хэрэглээ хадгалах хүчин чадалтай болно. Ингэснээр богино хугацаанд үүсэж болох шатахууны үнийн огцом хөөргөдөл, хомсдолтой холбоотой бэрхшээл, эрсдэлийг бодитой бууруулах боломж бүрдэнэ. Агуулах барих газартай, зураг төсөлтэй, шаардлага хангасан бүх аж ахуй нэгжүүдэд хөнгөлөлттэй зээл олгоно гэдгийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням хэлэв.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Цэцэрлэгийн цахим бүртгэл өнөөдөр эхэлнэ

Огноо:

,

Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг хоёр үе шаттайгаар зохион байгуулах бөгөөд нэгдүгээр шатны бүртгэлийг 2026 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 2026 оны 08 дугаар сарын 23-ны өдрийг дуустал E-Mongolia платформоор дамжуулан хүлээн авна.

2026–2027 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 258,921 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулах хэрэгцээ үүснэ. Үүний 126,827 хүүхэд нь нийслэлд хамаарна.

Нийслэлийн хүүхдийг насаар нь ангилбал

  • 2 настай – 27,832
  • 3 настай – 31,303
  • 4 настай – 32,002
  • 5 настай – 35,690 хүүхэд байна.


Иргэд хүүхдээ цэцэрлэгт хамруулах үйлчилгээг авахдаа дараах зүйлсийг анхаарна уу.

  • Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх
  • Таны хүүхэд өнгөрсөн жил цэцэрлэгт хамрагдсан бол тухайн цэцэрлэгтээ "Үргэлжлүүлж явах" эсэх сонголтыг хийх
  • Хэрэв шилжилт хөдөлгөөн хийх бол 2026 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс өмнө баталгаажуулсан байх. 
Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Сарьсан багваахайтай холбоотой дуудлагыг Нийслэлийн байгаль орчны газарт өгнө

Огноо:

,

Сарьсан багваахайн Нийслэл хот орчимд Сэлбэ гол, Дунд гол, Туул голын эрэг дагуух мод, бургас, хадархаг бүс, гол дээгүүрх бетонон гүүр, мөн голтой ойр байрлах барилга байгууламжийн дээвэр зэрэг газарт үүрлэн амьдардаг. Жил бүрийн 5–9 дүгээр сарын хооронд идэвхтэй байж, шөнийн цагаар ангуучилдаг.

Шөнийн гэрэлд татагдан цугларсан шавжийг хөөж барих үедээ орон сууцны орц, айл өрхийн онгорхой цонхоор санамсаргүй орж ирэх тохиолдол байдаг бөгөөд энэ төрлийн дуудлага жилээс жилд нэмэгдэж байна. Сүүлийн 6 жилийн бүртэглээр 60 орчим дуудлага ирсэн байна. Иймээс булаг, цөөрөм, голын ойролцоо амьдардаг иргэд цонхондоо хамгаалалтын тор суурилуулж, урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.

Хэрэв сарьсан багваахайн дуудлага өгөхөөр бол ажлын цагаар Нийслэлийн Байгаль орчны газрын 72720303, ажлын бус цагаар нийслэлийн Шуурхай удирдлага зохицуулалтын төвийн 11-310005 дугаарын утсаар яаралтай мэдээлэл өгч, дуудлага өгөх боломжтойг Нийслэлийн Байгаль Орчны Газраас зөвлөв.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох