Улстөр нийгэм
Эмгэнэл
Монгол Улсын Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазар 2026 оны 05 дугаар сарын 11-ний өдөр таалал төгссөнд гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, хамтран зүтгэгсдэд нь гүн эмгэнэл илэрхийлье.
Ш.Гүрбазар нь 1955 онд Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт төрж, 1963-1973 онд Дорноговь аймгийн 10 жилийн дунд сургууль төгсөж, 1973-1977 онд Улсын багшийн дээд сургуульд суралцан монгол хэл, уран зохиолын багш мэргэжил эзэмшжээ.
Тэрээр 1977-1978 онд Монголын Зохиолчдын эвлэлийн дэргэдэх Ардын үлгэрийн танхимд утга зохиолын ажилтан, 1978-2018 онд Монголын үндэсний олон нийтийн радио, телевизэд сэтгүүлч, 2018 оноос чөлөөт уран бүтээлчээр ажиллаж байв.
Ш.Гүрбазар нь “Дугуй хээтэй наадам”, “Домгийн өглөө”, “Хоршоо Дэрэм”, “Говийн ганц айл”, “Өөрөөдөө эргэсэн нүүдэл”, “Би Монголоороо гоёдог”, “Би Монголтойгоо адилхан”, “Монголын үнэртэй салхи”, “Бодь гөрөөсний зүүд”, “Сэрүүн зүүд”, “Жаргах гэж дурладаг уу?”, “Сүүлчийн хичээлийн дараа хаачих вэ?”, “Надаар тоглосон хайр”, “Шар гэгээ” зэрэг шүлэг, роман, жүжгийн зохиол туурвисан нэрт зохиолч, яруу найрагч байлаа.
Түүнчлэн “Хариулахгүй ч байж болно”, “Говийн ганц айл”, “Тэнгэрлэг оршихуй” нэвтрүүлгээр үзэгч, сонсогчдын талархлыг хүлээсэн соён гэгээрүүлэгч, “Эх бүрдийн домог”, “Хүний амь”, “Өнөр бүл”, “Тэнгэрийн муухай арилдаг” зэрэг уран сайхны кинонд бүтээсэн дүрээрээ ард түмний сэтгэл зүрхэнд тодоор үлдсэн эрхэм хүмүүн байсан юм.
Тэрээр 1990 онд Ардын Их Хурлын 167 дугаар тойрог буюу Дорноговь аймгаас Ардын Их Хурлын депутатаар сонгогдон Ардчилсан шинэ Үндсэн хуулийг хэлэлцэн батлалцаж, хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан төр, нийгмийн зүтгэлтэн байлаа.
Төр, засгаас түүний хөдөлмөр зүтгэлийг өндрөөр үнэлж 2005 онд Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол, 2022 онд Монгол Улсын Төрийн шагнал хүртээсэн юм.
Монгол Улсын Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Шагдарсүрэнгийн Гүрбазар Таны нийгмийг соён гэгээрүүлэх үйлсэд оруулсан нөр их хөдөлмөр, дундаршгүй билиг авьяас, шударга зан, зарчимч чанар, зөөлөн сэтгэл, эгэл даруу төрх бидний сэтгэлд мөнхөд орших болно.
У.ХҮРЭЛСҮХ, С.БЯМБАЦОГТ, Н.УЧРАЛ,
П.ГАНЗОРИГ, Б.ДЭЛГЭРСАЙХАН, Ж.АЛДАРЖАВХЛАН,
Г.ГАНБААТАР, Н.АЛДАРБАЯР, О.БАТЖАРГАЛ, Ж.ГОМБОЖАВ
Улстөр нийгэм
Гаалийн байгууллага он гарсаар 5.7 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүүлжээ
Тэрбээр, улс орныхоо эдийн засгийн аюулгүй байдлыг сахин хамгаалж, төсвийн орлогын зохих хэсгийг бүрдүүлэх замаар нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулсаар ирсэн гаалийн байгууллагын ажилтан, албан хаагчидтай уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлэв.
Ерөнхийлөгч, бодлого, үйл ажиллагаа, гадаад харилцаа, нийгэм, эдийн засгийн байдал, “Тэрбум мод”, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Ерөнхийлөгчийн илгээлт-2100”, “Эрүүл монгол хүн” хөдөлгөөн, хөтөлбөрийн үр дүнгийн талаар товч танилцууллаа.
Эдийн засаг 6.8 хувиар өсөн, нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн 7,000 ам.доллар давж, худалдаа, хөрөнгө оруулалт нэмэгдэн, гадаад валютын нөөц 8.9 тэрбум ам.доллар болсонд гаалийн байгууллагын ажилтан, албан хаагчдын хувь нэмэр их байсныг тэмдэглэв.
Гаалийн байгууллага үндэсний аюулгүй байдал, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, төрийн үйлчилгээг цахимжуулах, хүнд суртлыг бууруулах, авлигаас ангид байх, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, техник, тоног төхөөрөмжөө шинэчлэх зэрэгт анхаарч байгааг Ерөнхий газрын дарга П.Дэлгэрнаран хэллээ. Энэ оны эхний 10 сарын байдлаар 5.7 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүүлсэн байна.
Мөн хугацаанд 9 төрлийн 7,8 кг болон 1,2 л мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар нэвтрүүлэх, 15 гр алт, монетон эдлэлд гаалийн болон бусад татвар төлөхөөс зайлсхийх үйлдлийг илрүүлж, хуулийн байгууллагад шилжүүлжээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гаалийн байгууллагын ажилтан, албан хаагчдыг зөвхөн хуульд захирагдах, шударга, ёс зүйтэй, сахилга, хариуцлагатай байх, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад түргэн шуурхай, тэгш үйлчилгээ үзүүлэхэд онцгой анхаарахыг захиж, амжилт хүсэв.
Улстөр нийгэм
Санзайн автобусны эцсийн буудлаас Багабаян амралтын газар хүртэлх 1.7 км автозамыг шинэчилж байна
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Санзайн автобусны эцсийн буудлаас Багабаян амралтын газар хүртэлх 1.7 км автозамыг шинэчилж буй. Тус байршилд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва ажиллалаа.
Тус замын зорчих хэсгийн өргөн долоон метр, хоёр эгнээтэй байх бөгөөд нэг талдаа явган хүний замтай байна. Энэхүү замыг 2015 онд анх барьсан. 2019 онд засаж сайжруулсан боловч айлууд орц, гарцаа гаргахдаа хоолой тавиагүйгээс шалтгаалан уулын ус зам руу урсаж, ихээр тогтсоноос үүдэн эвдэрчээ.

Энэхүү замыг нийслэлийн Замын сангийн хөрөнгөөр шинэчилж байгаа бөгөөд засварын ажлын гүйцэтгэгчээр “Улаанбаатар зам засвар арчлалтын газар” ОНӨААТҮГ ажиллаж буй. Замыг шинэчилснээр Санзайн автобусны эцсийн буудлаас Багабаян амралтын газар хүртэлх автозамын хөдөлгөөний нөхцөл сайжирна. Түүнчлэн явган зорчигчийн аюулгүй байдал хангагдана. Мөн амралтын бүс рүү чиглэсэн зорчилтын хүртээмж нэмэгдэнэ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “2026 онд нийслэлд 111 км замыг шинээр тавьж, 31 км автозамын засвар, арчлалтыг хийсэн. Зуслангийн хөдөлгөөн багассан энэ үед зуслан орчмын замын засварын ажлуудыг хийж байна. Санзайн автобусны эцсийн буудлаас Багабаян амралтын газар хүртэлх 1.7 км автозамын зорчих хэсгийг 11 дүгээр сарын 10 гэхэд нээнэ. 2027 онд нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулах зорилгоор торлог зам буюу холбоос замуудыг олноор байгуулна. Тухайлбал, Яармаг, Сэлбэ ухаалаг хот, Зуун айл орчимд торлог замуудыг олноор байгуулж, замын ачааллыг бууруулна. Мөн олон түвшний уулзваруудыг төлөвлөж байна” гэлээ.


Улстөр нийгэм
Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа
“Монголын төмөр зам” ТӨХК хэрэгжүүлж, 160 гаруй үндэсний аж ахуйн нэгж, 4,000 орчим монгол инженер, техникийн ажилтны мэдлэг, ур чадвар, хамтын хүчээр байгуулсан Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 127 км төмөр замыг өчигдөр /2026.10.11/ нээлээ.
Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон төмөр замын салбарын байгууллагуудын удирдлага, бүтээн байгуулалтад оролцсон аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцлоо.

Төмөр зам ашиглалтад орсноор Улаанбаатар хотын төвөөр дамжин өнгөрөх 34 нэр төрлийн аюултай ачааг тойруулан тээвэрлэх, нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах, тээвэр, логистикийн үр ашгийг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой төсөл боллоо хэмээн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва онцоллоо. Тэрбээр “Энэ төсөлд гар бие оролцсон төрийн болон аж ахуйн нэгж байгууллагын бүх шатны төлөөлөлд нийслэлчүүдийнхээ өмнөөс талархал илэрхийлье” гэв.

Төслийн хүрээнд нийт 33 сая шоо метр газар шорооны ажил гүйцэтгэж, төмөр замын дагуух 8 байршилд нийт 1,279 метр төмөр бетон гүүрэн байгууламж, иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нэвтрүүлэх зориулалттай 127 ширхэг төмөр бетон хоолойг барьж байгуулжээ.






-
Шударга мэдээ2024/10/30
Хиймэл оюуны эрчим хүчний хэрэгцээг цөмийн реактораар хангана
-
Цаг үе2023/08/31
Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт “Шүд угаах цаг” бий болгоно
-
Улстөр нийгэм2020/04/22
“Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийг ...
-
Урлаг спорт2022/10/28
Буудлагын спорт: ДАШТ-нд амжилттай оролцсон тамирчид эх орондоо ирлээ
