Шударга мэдээ
Эм, эмнэлгийн хэрэгслийг тодорхойгүй эх сурвалжаас, цахим худалдаагаар авахгүй байхыг анхаарууллаа
Дэлхийн гаалийн байгууллага (ДГБ)-аас нийтийн эрүүл мэндэд аюул учруулах хуурамч эм, эмийн зүйл, эмнэлгийн хэрэгслийг тодорхойгүй эх сурвалжаас, ялангуяа цахим худалдаагаар худалдаж авахгүй байхыг анхааруулж байна. Эдгээр барааг хэрэглэх нь хүний амь насанд аюул учруулна.
Дэлхийн хэмжээнд “COVID-19”-тэй тэмцэж байгаа энэ үед гэмт хэргийн бүлэглэл, хууль бусаар болон хуурамч бараа нэвтрүүлэх явдал гарсаар байгаа нь гаалийн байгууллагууд зорчигчдын эрүүл мэндийг хамгаалахын зэрэгцээ, хууль бус үйлдэлтэй тэмцэх арга хэмжээг илүү өргөн хүрээнд зохион байгуулах хэрэгцээ, шаардлагыг бий болгож байна. ДГБ-ын Зөрчлийн мэдээлэл солилцох сүлжээнд ирүүлсэн гишүүн орнуудын мэдээллээс харахад хуурамч эм, эмнэлгийн хэрэгсэл, түүний дотор амны хаалт, гар ариутгах хэрэгслийн зөрчил нэмэгджээ.
БНХАУ, ХБНГУ, Индонез, Уганда, Украин, Их Британи, АНУ, Вьетнамын Гааль болон хууль сахиулах байгууллагууд сүүлийн гурван долоо хоногийн дотор энэ төрлийн зөрчлийг илрүүлэн ДГБ-ын Зөрчлийн мэдээлэл солилцох сүлжээнд мэдээлэл ирүүлжээ.
ДГБ, Интерпол, Европолоос 2020 оны 3 дугаар сарын 3-10-ны хооронд хамтран зохион байгуулсан“Pangea XIII” ажиллагааны үеэр, Гааль, Цагдаа болон бусад хууль сахиулах байгууллагууд 37,258 хуурамч эмийн хэрэгсэл, түүний дотор 34,137 мэс заслын маск илрүүлжээ.
“Pangea XIII” ажиллагааны үеэр АНУ-ын Гааль, хил хамгаалах алба “COVID-19” оношлуурыг Их Британаас шуудан илгээмжээр Лос Анжелесийн Нисэх онгоцны буудлын олон улсын шуудан илгээмжийн хэсгээр “Цэвэршүүлсэн усны сав” нэртэй, 191 ам. долларын үнэтэй хуурамч бичиг баримт бүрдүүлэн илгээснийг илрүүлжээ. Онц байдал тогтоосон үед хууль бусаар бараа нийлүүлэх замаар мөнгө угаах, худалдааны луйвар их хэмжээгээр гарч, улам бүр идэвхжиж байгааг харуулсан нэг жишээ юм. Энэ зөрчлийг Их Британы Лондон хотын Цагдаагийн газрын Оюуны өмчийн эрхийн гэмт хэрэгтэй тэмцэх тасаг, Эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг зохицуулах төв байгууллага болон АНУ-ын Хүнс, эмийн хяналтын газрын хамтын ажиллагааны хүрээнд илрүүлж 300 орчим оношлуур, түүнийг хэрэглэхэд зориулсан 20 литр химийн бодисыг хураан авч, гэмт хэрэгт холбогдсон этгээдийг баривчилжээ.
Дэлхийн хэмжээнд онц байдал зарласан энэ үед зах зээл дээр эм, хамгаалалтын хэрэгсэл, түүний дотор маск (амны хаалт), нэг удаагийн бээлий, хамгаалалтын хувцас, хэрэгслийн хууль бус худалдаа нэмэгдсээр байна. Иймд дэлхийн улс орнууд экспортын зөвшөөрлийг энэ төрлийн бараанд бүр болон түр хугацаанд олгох эрх зүйн зохицуулалтыг бий болгожээ. Тухайлбал, Вьетнам, Европын Холбоо, Бразил, Энэтхэг, ОХУ, Серби, Украин гэх мэт.
ДГБ-аас олон улсын болон үндэсний хэмжээнд нэвтрүүлж буй туршлага, эрх зүйн зохицуулалт, зөрчил, бусад мэдээллийн талаар шуурхай холбоо барин ажиллах холбоо баригчдын жагсаалт, холбогдох эрх зүйн зохицуулалт, ДЭМБ-ын холбоос, COVID-19 сүүлийн үе чиг хандлага, шинэ төрлийн мэдээллийг нэн даруй солилцох, өөрөөр хэлбэл бүхий л мэдээллийг нэг доороос авах мэдээллийн дэд хуудсыг relevant section of the WCO’s website бий болгон, баяжуулж байна. Өнөөдрийн байдлаар Белги, Болгар, Канад, Чили, Чех, Финлианд, ХБНГУ, Грек, Шинэ Зеланд Улсын гаалийн байгууллага өөрсдийн хэрэгжүүлж буй ажлын талаарх мэдээллийг байршуулжээ.
Гаалийн ерөнхий газарын Гадаад хамтын ажиллагааны хэлтэс
Шударга мэдээ
Үерийн ус тогтсон, урсаж буй хэсгээр автомашинтай болон явганаар нэвтрэхгүй байхыг зөвлөж байна
Нийслэл Улаанбаатар хот нь уулсаар хүрээлэгдсэн газарзүйн онцлогтой тул богино хугацаанд орсон ширүүн аадар борооны улмаас уулын ам, гуу жалга дагуу уруйн үер буух өндөр эрсдэлтэй байдаг. Ийм төрлийн үер нь ихэвчлэн ердөө 20-30 минутын дотор үүсэж, хүчтэй урсан өнгөрдөг бөгөөд урсгалын хүч нь хүн төдийгүй автомашин, гэр сууц, чанар муутай барилга байгууламжийг ч эвдэн сүйтгэх аюултай.
Иймд иргэд:
- Цаг агаарын урьдчилсан мэдээ, онцгой байдлын сэрэмжлүүлгийг тогтмол хянах
- Аадар бороо орох үед уулын ам, голын сайр, гуу жалга, нам дор газраар зорчихгүй байх
- Хүүхэд, өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хараа хяналтгүй орхихгүй байх
- Болзошгүй эрсдэлтэй бүсээс урьдчилан холдож, аюулгүй байршилд байрлах
- Үерийн ус тогтсон, урсаж буй хэсгээр автомашинтай болон явганаар нэвтрэхгүй байхыг зөвлөж байна.
Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тусгай зориулалтын өндөр даралтын усны болон сорох төхөөрөмж бүхий машин механизмуудыг ашиглан шугам хоолойг угааж, буудуулах ажлыг хийж гүйцэтгэж байна. Ингэснээр борооны усны урсцыг чөлөөтэй нэвтрүүлэх, ус тогтох эрсдэлийг бууруулах, шугам сүлжээний ашиглалтын найдвартай байдлыг дээшлүүлэх ач холбогдолтой юм.
Эх сурвалж: Геодези, Усны Барилга Байгууламжийн газар
Шударга мэдээ
ЦЕГ: Гадаад улсын виз гаргуулахтай холбоотой 176 залилах гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж байна
Цагдаагийн байгууллагад 2026 он гарснаас хойш гадаад улсын виз гаргуулахтай холбоотой нийт 176 залилах гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж байгаагаас зөвхөн “Бүгд найрамдах Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж иргэдийг залилсан 102 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.
Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг зөвхөн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар албан ёсоор бүртгэж, сонгон шалгаруулалт зохион байгуулан илгээдэг.
Тус байгууллага нь Е-9 визийн ангиллаар БНСУ-ын аж үйлдвэрийн салбарт ажиллах иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэл, сонгон шалгаруулалт, үр дүнгийн мэдээллийг албан ёсны сувгуудаар хүргэдэг бөгөөд энэ төрлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх цорын ганц эрх бүхий байгууллага юм.
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр /Е-9 визийн ангилал/ аж үйлдвэрийн салбарт ажиллах хүсэлтэй иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэлийг 2026 оны гуравдугаар сард зохион байгуулж эхэлсэн. Залилагч этгээдүүд "Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт ажилладаг", "Найдвартай виз гаргаж өгнө", "Дараалал харгалзахгүй явуулна" гэх мэт худал мэдээлэл тараан иргэдийг хуурч, их хэмжээний мөнгө залилан авах гэмт хэрэг гарсаар байгаа аж.
Энэхүү гэмт хэрэг нь жил бүрийн хавар, намрын бүртгэлийн үеүдэд идэвхэжсэн юм байна. Иймд иргэд та бүхэн БНСУ-ын хөдөлмөрийн гэрээт ажилтны бүртгэл, шалгалттай холбоотой мэдээллийг зөвхөн албан ёсны эх сурвалжаас авах, танил талаар дамжуулан виз гаргаж өгнө, шалгалтгүй явуулна гэсэн амлалтад итгэхгүй байх, урьдчилгаа төлбөр, үйлчилгээний хураамж нэрээр мөнгө шилжүүлэхээс татгалзах, сэжигтэй зар мэдээлэл, залилангийн шинжтэй үйлдлийн талаар цагдаагийн байгууллагад нэн даруй мэдэгдэхийг зөвлөлөө.
Шударга мэдээ
Боловсролын зээлийн сангийн зээлээс 10.2 тэрбум төгрөг эргэн төлөгджээ
Улсын ерөнхий прокурорын газрын 2023 оны тавдугаар сарын 29-ний өдрийн тогтоолоор “Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяа Боловсролын зээлийн сангаас төрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий этгээдүүд хууль бусаар тэтгэлэг авч, эргэн төлөөгүй” гэх гэмт хэргийн талаарх мэдээллийг шалгах ажлын хэсэг байгуулсан байна.
Ажлын хэсгээс хэрэг бүртгэлтийн 11, мөрдөн байцаалтын 2 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ. Үүнээс хэрэг бүртгэлтийн 1 хэргийг хааж, 1 хэргийг нэгтгэн, мөрдөн байцаалтын 1 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхээр шийдвэрлүүлсэн байна.
Одоогоор Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанд хэрэг бүртгэлтийн 1, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст 8 хэрэг шалгагдаж байгаа аж. Мөн яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай ирүүлсэн 1 хэрэг прокурорын хяналтын шатанд хянагдаж байна.
Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаанд холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлснээс хойш нийт 694 суралцагчаас 3,054,210 ам.долларын гадаад зээлийн эргэн төлөлт хийгджээ. Энэ нь одоогийн ханшаар 10.2 тэрбум төгрөгтэй тэнцэж байна.
-
Үзэл бодол2021/11/02
Т.Золжаргал: Удаа дараа хариуцлага алдсан байгууллагын ард иргэдийн эрүүл мэндий...
-
Үзэл бодол2021/11/23
О.Энхзаяа: Иргэд III тундаа идэвхтэй хамрагдаж байна
-
Үзэл бодол2023/03/21
Б.Бат-Эрдэнэ: Ой модоо алдвал бид усаа алдана, ан амьтан, амьсгалах агаараа хүрт...
-
Улстөр нийгэм2021/01/29
Дэлхийн банк Монгол Улсын Засгийн газартай ирэх 5 жилд хамтран ажиллах чиглэлээ ...
