Шударга мэдээ
“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”- ийн бүтээн байгуулалт энэ сард эхэлнэ
Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 20-р хорооны 30.3 га талбайд арьс шир, ноос ноолуур боловсруулах үйлдвэрүүд болон орон сууцны хороолол зэрэгцэн оршиж, Харгиа цэвэрлэх байгууламжаас ялгарах үнэр, хөрсний бохирдол нь иргэдийн гомдол, шүүмжлэлийг үргэлж дагуулж байдаг.
Тиймээс хотын төвд үйл ажиллагаа явуулдаг арьс шир, ноос ноолуур боловсруулах үйлдвэрүүдийг хотоос нүүлгэж, малын гаралтай түүхий эдийг үнэ цэнд оруулан, мал аж ахуйн салбарыг кластераар хөгжүүлэх зорилготой “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” төслийг хэрэгжүүлэхээр болсон. Тус паркийг нийслэлийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны Шар хөвийн хоолойд, хотын төвөөс 30 км зайд, нийт 539 га газарт байгуулахаар ажиллаж байна.
Эмээлт эко аж үйлдвэрийн парк нь нийт 539 га талбайд үйл ажиллагаа явуулах бөгөөд мах, дайвар бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр, арьс шир, ноос ноолуур боловсруулах үйлдвэр, хүнсний агуулах, хүлэмжийн аж ахуй, бизнес инкубатор төв зэрэг үндсэн 7, дэд 11 бүсээс бүрдэнэ. Төслийг хэрэгжүүлснээр 7.5 сая ширхэг арьс шир, 4.6 мян.тн завод ноос, 5.8 мян.тн ноос, 3.0 мян.тн ноолуур, 2.5 мян.тн ээрэх, 25.5мян.тн мах, 98.4 мян.тн дайвар түүхий эдийг боловсруулж бүтээгдэхүүн үйлдвэрлэх юм.
Төслийн техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж НИТХ-аар 2024 онд батлуулсан ба газрын зөвшөөрөлийг аваад байна. Паркийг эрчим хүчээр хангах “Дулааны цахилгаан станц болон Бохир ус цэвэрлэх байгууламж”-ийн иж бүрэн зураг төсөл боловсруулах ажил эхэлсэн ба барилга угсралтын ажлыг 4 сарын дундуур эхлүүлэхээр төлөвлөж байна. Дулааны цахилгаан станцын байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг боловсруулж, БОУАӨЯ-ны хурлаар дэмжүүлсэн ба Эрчим хүчний зохицуулах хорооноос ДЦС барих тусгай зөвшөөрлийг авахаар ажиллаж байна.
Түүнчлэн паркийг үерийн эрсдлээс хамгаалах байгууламж, технологийн ус хангамжийн шугам сүлжээ, барилга байгууламжуудын төсвийг шинэчлэх, ундны ус хангамж, холбоо дохиоллын ажлын зураг төслийг шинээр боловсруулах ажлуудыг тус тус гүйцэтгэн Барилгын хөгжлийн төвөөр магадлалын ерөнхий дүгнэлтийг гаргуулаад байна.
Дулааны цахилгаан станц нь 24 МВт хүчин чадалтай бөгөөд үйлдвэрүүдийг цахилгаан, дулаанаар хангаж, жилд 665 мянган тонн ус ашиглан 156 сая кВт.ц цахилгаан, 265.6 мянган Гкал дулааны эрчим хүч үйлдвэрлэж түгээнэ. Цэвэрлэх байгууламж нь ахуйн болон үйлдвэрийн бохир усыг цэвэрлэх 6700м³ / хоног хүчин чадалтай бөгөөд 20,000 м³/хоног хүртэл өргөтгөх боломжтойгоор төлөвлөгдөж байна. Үйлдвэрлэл бүрэн хүчин чадлаар ажилласнаар 5,600 ажлын байр шинээр бий болж, татварын орлогод 86.3 тэрбум төгрөг төвлөрүүлэх, хөрөнгө оруулалтын зардлаа 6.7 жилийн хугацаанд нөхөхөөр тооцоолол гараад байна. Үүний зэрэгцээ Монголын брэнд бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд гаргах шинэ боломж нээгдэнэ.
Эмээлт эко аж үйлдвэрийн паркийг байгуулж, дэд бүтцийн бэлэн байдлыг бүрдүүлснээр тойрог эдийн засгийг дэмжих замаар байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэлээр арьс ширний 55.6 хувийг гүн боловсруулж, экспортод гаргана, үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлсний дараа бохирдсон хөрсийг нөхөн сэргээж, дахин төлөвлөлт хийснээр нийтийн эзэмшлийн талбай нэмэгдэнэ.
Шударга мэдээ
Шатахууны нөөцийг нэмэгдүүлэх, доголдлыг арилгахад анхаарч байна
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахууны нөхцөл байдалтай холбогдуулан цаг үеийн асуудлаар ээлжит хэвлэлийн бага хурал хийлээ.
Тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв мэдээллийн эхэнд Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах шуурхай штаб нь богино хугацаанд нөөцийг нэмэгдүүлэх, доголдлыг арилгахад анхаарч ажиллаж байгааг онцоллоо.
Тэрбээр "Өнгөрсөн хоногт Улаанбаатар хотод 155 ШТС, орон нутгийн 80 ШТС-д түгээлт хийсэн байна. Улаанбаатар хотод автомашины тэгш, сондгой дугаараар хэрэглэгчдэд нэг удаа 50,000 төгрөг хүртэл автобензин олгох зохицуулалт хэрэгжиж байгаа бөгөөд зөөврийн саванд олгохгүй. Энэ нь аюулгүй байдлыг хангах үүднээс болон дамлан худалдахаас сэргийлж буй юм. Орон нутгийн иргэд намрын ургац хураалт, хадлантай холбоотой ШТС-уудаар зөөврийн саваар автобензин авч болно. Улаанбаатар хотод автомашины тэгш, сондгой дугаараар хэрэглэгчдэд нэг удаа 50,000 төгрөг хүртэл автобензин олгох зохицуулалт энэ сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд энэ үед нөөцийг хэвийн болгох, хэвийн горимоор ажлаа үргэлжүүлнэ гэж найдаж байна. Шатахууны нөөцийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тогтворжуулах хүрээнд бусад эх үүсвэрийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч байна. Замын-Үүд боомтоор 2000 тонн дизель түлш орж ирсэн бөгөөд шилжүүлэн ачих ажиллагаа хийгдэж байна" гэлээ гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээллээ.
Шударга мэдээ
Шатахууны импортын гаалийн албан татварыг 2027 оны хоёрдугаар сарын 1 хүртэл тэглэнэ
Засгийн газрын 2026 оны наймдугаар сарын 5-ны өдрийн ээлжит хуралдаанд “Автобензин, дизель түлшний онцгой албан татварын тухай” асуудлыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням танилцууллаа.
Монгол Улс 2026 оны наймдугаар сард ОХУ-ын “Роснефть”, “Нефтьхимисервис”, “Газпром нефть” болон бусад компани, БНХАУ, БНСУ-аас нийт 86,460 тонн АИ-92 автобензин, 1,280 тонн АИ-95 автобензин, 178,650 тонн дизель түлш, 7,000 тонн онгоцны түлш авахаар захиалгаа баталгаажуулж, гэрээ байгуулжээ.
Ойрх Дорнод дахь геополитикийн нөхцөл байдал, Орос, Украины дайнаас шалтгаалсан газрын тосны үнийн өсөлт дэлхийн зах зээлд буураагүй байна. Үүний улмаас наймдугаар сард хил үнэ тонн тутамд дахин өсөж, ОХУ болон бусад эх үүсвэрээс худалдан авах шатахууны үнэ 1,200-2,000 ам.долларт хүрчээ.
Иймд дотоодын зах зээл дэх үнийн өсөлтийг сааруулахын тулд гаалийн болон онцгой албан татварыг тэглэх шаардлага үүссэнийг салбарын сайд танилцуулсан байна.
Ерөнхий сайд Н.Учрал ОХУ шатахууны бүх төрөлд экспортын хориг тавьсан ч Монгол Улс уг хоригт хамрагдахгүй гэдгийг онцоллоо. Мөн БНХАУ, БНСУ-аас шаардлагатай түлш, шатахуун нийлүүлэхээр тохиролцсон байна.
Тэрбээр шатахууны нөөц, түгээлтийн мэдээллийг иргэдэд ил тод хүргэж, 33 жилийн дараа анх удаа хэрэгжиж буй шатахуун нөөцлөх 22 сав, агуулахын барилгын ажлын явцыг Засгийн газар болон олон нийтэд тогтмол мэдээлэхийг үүрэг болгожээ.
“Газрын тосны бүтээгдэхүүний хомсдолоос сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолоор бүх төрлийн шатахууны импортын гаалийн албан татварыг 2027 оны хоёрдугаар сарын 1 хүртэл тэг хувиар тогтоолоо.
Мөн газрын тосны бүтээгдэхүүн, шатахууныг хилээр шуурхай нэвтрүүлэх, тээвэрлэх, буулгах, гадаад вагонцистерний ашиглалтын төлбөр, хураамжийг хөнгөвчлөх, шаардлага хангасан зөвшөөрлийн хүсэлтийг түргэн шийдвэрлэх, шатахууны нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.
Шударга мэдээ
Нөөцийн махны хяналтын тогтолцоог шинэчилнэ
-
Цаг үе2022/11/18
“Гандантэгчэнлин”, “Шинэ Соёмбо”, “25 дугаар суваг...
-
Улстөр нийгэм2021/11/03
УИХ-ын байнгын хорооны хуралдаан болно
-
Улстөр нийгэм2026/05/14
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНХАУ-д айлчилж байна
-
Цаг үе2023/08/01
Бага тойруу орчмын дулааны шугамын шинэчлэлийн ажил энэ долоо хоногт дуусна
