Цаг үе
Ухаалаг хогийн савыг олон нийтийн газруудад байршуулж эхэллээ
Хог хаягдлыг ангилан ялгаж, эдийн засгийн эргэлтэд оруулах, мөн хүүхдүүдэд зөв дадлыг төлөвшүүлэх зорилгоор ухаалаг хогийн савыг ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, зах, худалдааны төв болон үзвэр үйлчилгээний газруудад байршуулж эхэллээ.
Нийт 200 хогийн сав байршуулах бөгөөд өнөөдрийн байдлаар 76 хогийн савыг суурилуулаад байна.
Энэ хүрээнд УБЗАА-ны Захиргаа, санхүүгийн удирдлагын газрын дарга Н.Отгонбаяр болон холбогдох албаныхан НЕБ-ын 104 дүгээр сургуульд ажиллалаа.
УБЗАА-ны Захиргаа, санхүүгийн удирдлагын газрын дарга Н.Отгонбаяр “Өнөөдрийн байдлаар ухаалаг хогийн савыг 30 цэцэрлэг, 38 сургуульд байршуулаад байна. Мөн 10 гаруй үзвэр, үйлчилгээний байгууллагад суурилуулсан. Энэхүү ажил нь хүүхдүүдэд хог хаягдлыг ангилан ялгах зөв дадал хэвшлийг бий болгохын зэрэгцээ Улаанбаатар хотын ногоон оноог нэмэгдүүлэх зорилготой. Ногоон оноог цуглуулснаар дахин боловсруулах боломжтой хог хаягдал эдийн засгийн эргэлтэд орж, үр өгөөжөө өгөх чухал хөшүүрэг болно” гэв.
Ерөнхий боловсролын 104 дүгээр сургуулийн Биологи, эрүүл мэндийн багш Б.Баясгалан “Манай сургуулийн Эко клуб гурван жилийн турш үйл ажиллагаа явуулж байна. Сурагчид маань хог хаягдлыг дахин ашиглах чиглэлээр гар зургийн уралдаан зохион байгуулах зэрэг олон төрлийн нөлөөллийн ажлыг санаачлан хэрэгжүүлдэг. УБЗАА-аас төслийн хүрээнд ухаалаг хогийн сав хүлээлгэн өгсөнд талархаж байна. Энэхүү төхөөрөмж нь хиймэл оюун ухаанд суурилан лааз, хуванцар, цаас, металл зэрэг хогийг автоматаар ангилан ялгах боломжтой тул хүүхдүүдэд бодит дадал суулгахад ихээхэн ач холбогдолтой” гэв.
Мөн энэ үеэр тус сургуулийн Эко клубын ахлагч, 7Е ангийн сурагч Г.Хонгорзул ухаалаг хогийн савыг ашиглах зааврыг тайлбарлав. Тэрбээр “Хог хийх товчийг дарж хогоо хийсний дараа хаах товчийг дарна. Дараа нь Хотула аппликэйшнд нэвтэрч QR код уншуулснаар зургаан оноо нэмэгддэг. Ингэж ногоон оноо цуглуулж, уг аппликэйшний цэсээр дамжуулан худалдан авалт хийх боломжтой” гэсэн юм.
Түүнчлэн 104 дүгээр сургуулийн Эко клубын сурагчид үе тэнгийнхэн болон олон нийтэд хандан хог хаягдлаа ангилан ялгаж, ногоон оноо цуглуулахыг уриаллаа.






Цаг үе
Гол нуурууд орчмын 399 усны ослын хар цэгүүдийг тодорхойлж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авлаа
Иргэд осолдож болзошгүй гол нуурууд орчмын 399 байршил дагуу усны ослын хар цэгүүдийг тодорхойлж, завьт болон хөдөлгөөнт эргүүлийг ажиллуулж байна. Сүүлийн таван жилийн хугацаанд (2021-2025) усны ослын 537 удаагийн дуудлага бүртгэгдэж, 464 хүн амь насаа алдсан байна.
Усны ослоор амь насаа алдсан иргэдийн 68 хувь нь гол мөрөнд, 20 хувь нь нуурт, 12 хувь нь тогтоол усанд энджээ. Иймд иргэд та бүхэн аялал, зугаалгаар явахдаа тухайн очих газрынхаа онцлогийг судалж, усанд эрсдэх аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхийг уриалж байна гэж Онцгой байдлын Ерөнхий газраас мэдээллээ.
Цаг үе
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Үүр, Хэнтий нурууны зүүн хажуугийн Хурх, Барх, Хэрлэн, Онон /Дадал/ , Хангай нурууны өврийн Онги зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-40 см нэмэгдэж, олон жилийн дундаж түвшинг давсан байна.
Өнөөдөр буюу 6 дугаар сарын 17-ны өдөр Сэлэнгэ мөрөн, Тосонцэнгэл сум орчимд болон Эг гол Хантай баг орчимд усны түвшин 5-15 см нэмэгдэх төлөвтэй байна.
Мөн
- 6-р сарын 17-ны өдөр баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар,
- 18-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр,
- 19-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр,
- 20-нд нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох юм байна.
Иймд тухайн хугацаанд орсон хур борооны эрчимжил хэмжээнээс шалтгаалан гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэх, хуурай сайр гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэх тул иргэд үерийн аюултай бүсээс хол, аюулгүй газар зусах, амрах болон гол мөрөн, нуурын ойролцоо амарч зугаалахдаа ажиглалт хийж, уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт отоглож , хоноглохгүй байх, зөвхөн зөвшөөрөгдсөн зам гүүрээр зорчихыг зөвлөв.
Цаг үе
"Дэлхийн нүүдэлчдийн VI их наадам"-д Монгол улсаа төлөөлөн оролцох тамирчныг энэ сарын 18-ны өдөр тодруулна
Киргизстаны нийслэл Бишкек болон Чолпон-Ата хотуудад ирэх наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 06-ны өдрүүдэд "Дэлхийн нүүдэлчдийн VI их наадам" зохион байгуулагдана. Тус наадам нь 2 жилд нэг удаа болдог бөгөөд 2022 онд Туркийн Изникд болсон наадамд 102 орны 3000 гаруй тамирчин, 2024 онд Казахстаны Алматад 89 орны 2500 орчим тамирчин оролцож байжээ.
Энэ удаагийн VI наадамд 60 орон оролцохоо албан ёсоор мэдэгдсэн бөгөөд 60 орчим орны 4000 гаруй тамирчин, төлөөлөгч оролцоно гэж зохион байгуулах хорооноос мэдээлээд байна.
Тус наадамд Монгол улсаа төлөөлөн оролцох бөхийн 6 төрлийн тамирчныг тодруулах, сонгон шалгаруулалтыг 2026.06.18-ны өдрийн 11.00 цагт Монгол бөхийн өргөөнд зохион байгуулна.
Тус сонгон шалгаруулалт нь дараах бөхийн төрлүүдээр, халз барилдаан хэлбэрээр зохион байгуулагдана. Үүнд:
- Монголын Үндэсний бөх
- Казак Курес бөх
- Иран Пахлавани бөх
- Киргиз Алыш бөх
- Кураш
- Бүстэй барилдаан
Эдгээр бөхийн төрлүүдээр эх орноо төлөөлөн "Дэлхийн нүүдэлчдийн VI их наадам" оролцох тамирчны сонгон шалгаруултад оролцох боломжтой юм байна.
