Улстөр нийгэм
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралд 2026 оны гуравдугаар сарын 18-ны өдөр Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв.
Одоогийн мөрдөж буй нийгмийн даатгалын хууль тогтоомжийн хүрээнд даатгуулагч шимтгэл төлсөн жил, авч байсан цалин хөлстэйгөө уялдсан тэтгэвэр авах буюу нэг эх үүсвэр бүхий тэтгэврийн орлоготой байна гэж заасан. Тэтгэврийн даатгалын тогтолцооны өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлуудаас харахад дан ганц улсын тэтгэврийн даатгалын сангаас олгож буй тэтгэврээр даатгуулагч ирээдүйн амьжиргааны зардлаа бүрэн хангах боломжгүй байгаа юм. Олон улсын түвшинд ихэнх улс орнууд хувийн тэтгэврийн даатгалын тогтолцоог улсын тэтгэврийн тогтолцооны нэмэлт байдлаар нэвтрүүлсэн байдаг. Мөн хөрөнгийн зах зээлийн хамгийн том хөрөнгө оруулагч нь хувийн тэтгэврийн сангууд, даатгалын компаниуд байдаг байна. 2023 оны байдлаар дэлхийн хөрөнгө оруулагчдын нийт хөрөнгийн 46 хувь нь зөвхөн тэтгэврийн сангуудын хөрөнгө байна. Түүнчлэн Олон улсын валютын сангаас 2025 онд хийсэн “Тэтгэврийн шинэчлэл ба хөрөнгийн зах зээлийн хөгжил” судалгаанаас харахад дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх тэтгэврийн сангийн хөрөнгийн 1.0 хувийн өсөлт нь хөрөнгийн зах зээлийн өсөлтийг 1.9-2.1 хувиар нэмэгдүүлдэг байна. Өөрөөр хэлбэл, тэтгэврийн сангийн хөрөнгө дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь нэмэгдэх тусам хөрөнгийн зах зээлийн хэмжээ өссөн үзүүлэлттэй байгаа аж.
Нэг талаас хүн амын насжилтаас үүдэлтэй дундаж наслалтын өсөлт, тэтгэвэр авах хугацаа уртсаж байгаатай холбогдуулан зайлшгүй нэмэгдэж байгаа тэтгэврийн зардлыг хуваалцах, тэтгэврийн хэмжээ буурахаас сэргийлэх, ахмад настны амьжиргаанд хүрэлцэхүйц зохистой хэмжээний тэтгэвэр олгох нь төрийн өмнө тавигдаж байгаа асуудал бол нөгөө талаас иргэд хөдөлмөрлөж, цалин орлоготой байх үедээ шимтгэлд суурилсан, бүрэн хуримтлал бүхий хувийн нэмэлт тэтгэврийн тогтолцоонд сайн дураар хамрагдаж, ирээдүйд олон эх үүсвэрээс тэтгэвэр авах нөхцөлийг бүрдүүлэх эрх зүйн орчныг бий болгох шаардлагатай гэж үзсэн байна. Тиймээс Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар дэмжсэнээр өргөн мэдүүлж байгаа аж.
Хувийн нэмэлт тэтгэврийн тогтолцоо нь сайн дурын, шимтгэлд суурилсан, бүрэн хуримтлалын байх бөгөөд үйл ажиллагаа, засаглал нь ил тод байх, санхүүгийн бие даасан, найдвартай байх, өвлөгдөх зарчимд суурилах юм байна. Хуулийн төсөл нь Монгол Улсад тэтгэврийн олон давхаргат тогтолцоог нэвтрүүлэх, даатгуулагч олон эх үүсвэр бүхий тэтгэврийн орлоготой байх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор төрийн бус өмчид тулгуурласан сайн дурын, хувийн нэмэлт тэтгэврийн үйл ажиллагаа явуулах эрх зүйн үндсийг тогтоож, хувийн нэмэлт тэтгэврийн санг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавихтай холбоотой харилцааг зохицуулах юм. Түүнчлэн даатгуулагчийн эрх ашгийг хамгаалах, даатгагчийн болон төрийн захиргааны байгууллагын эрх, үүрэг, чиг үүргийг тодорхойлох, тэтгэврийн сангийн хөрөнгө оруулалтын удирдлагыг тогтоох, тэтгэвэр олгох, маргаан шийдвэрлэх, мэдээллийн сан бүрдүүлэх, ашиглах, хамгаалах зэрэг зохицуулалтыг тусгасан байна.
Хуулийн төсөл батлагдсанаар ажил олгогчид хүний нөөцийн шинэ бодлого хэрэгжүүлж, ажилтнаа тогтвор суурьшилтай ажиллуулах, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх, бүтээмжээ нэмэгдүүлэх ач холбогдолтой төдийгүй урт хугацаанд дотоодын хөрөнгө оруулалтын эх үүсвэр нэмэгдэж, санхүүгийн зах зээлийг дэмжих нөхцөл бүрдэх юм.
Түүнчлэн иргэд хувийн нэмэлт тэтгэврийн хуримтлал үүсгэж, хуримтлалаасаа сонгож, нэг удаа, тодорхой хугацаанд, мөн насан туршдаа тэтгэвэр авах боломж бүрдэнэ гэлээ. Мөн иргэн тэтгэврийн наснаас өмнө хөдөлмөрийн чадвараа алдсан тохиолдолд тэтгэвэр тогтоолгох эрхтэй бөгөөд нас барсан бол тэтгэврийн хуримтлалаа өвлүүлэх боломжтой болох юм байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Улстөр нийгэм
Нарантуул, Дүнжингарав, Шинэ 100 айл худалдааны төвүүдийн авто зогсоолыг түр хаана
Улстөр нийгэм
Нэгдүгээр ангийн элсэлтийг E-Mongolia-аар зохион байгуулна
2026 оны 8 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) болно.
Энэ хурал нь дэлхийн 197 улсын Засгийн газрын гишүүд, эрдэмтэн судлаач, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага нэгдэж цөлжилт, газрын доройтол, ган гачигтай тэмцэх хамгийн том Олон Улсын арга хэмжээ юм.
Хурал болохтой холбоотой нийслэлийн замын хөдөлгөөн, аюулгүй байдал, төрийн үйлчилгээний хэвийн ажиллагааг хангах зорилгоор боловсролын байгууллагуудын үйл ажиллагаанд дараах зохицуулалт хэрэгжүүлэхээр болжээ .
Цэцэрлэгийн бүртгэл
- 2026 оны 8 дугаар сарын 10–23-ны өдрүүдэд E-Mongolia системээр бүртгэнэ.
Нэгдүгээр ангийн элсэлт
- 2026 оны 8 дугаар сарын 17–28-ны өдрүүдэд E-Mongolia системээр бүртгэнэ.
- Энэ хугацаанд хүүхэд бүртгэх дэмжлэгийн баг сургуулиуд дээр ажиллахгүй.
Их, дээд сургуулийн хичээл
- 2026 оны 9 дүгээр сарын 1-нээс цахимаар эхэлнэ.
- 2026 оны 9 дүгээр сарын 14-нөөс танхимаар үргэлжилнэ.
Оюутны дотуур байр
- 2026 оны 9 дүгээр сарын 13-наас оюутнуудыг дотуур байранд оруулж эхэлнэ.
Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааны зохицуулалт
- 2026 оны 8 дугаар сарын 17–28-ны өдрүүдэд нийслэлийн бүх сургууль, цэцэрлэгт ажлын байранд элсэлт, бүртгэл болон бусад аливаа арга хэмжээ зохион байгуулахгүй болно.
Улстөр нийгэм
Францад иргэд рүү зөвшөөрөлгүй сурталчилгааны дуудлага хийхийг хориглов
Франц улс иргэдийн урьдчилсан зөвшөөрөлгүйгээр бараа, үйлчилгээ сурталчлах зорилгоор утсаар холбогдохыг хориглосон шинэ хуулийг наймдугаар сарын 11-нээс хэрэгжүүлнэ. Уг зохицуулалт нь иргэдийг залхаасан борлуулалтын дуудлага болон залилангийн шинжтэй арилжааны үйл ажиллагаанаас хамгаалахад чиглэжээ.
Өмнө нь сурталчилгааны дуудлага хүлээн авахгүй байхыг хүссэн иргэд төрийн тусгай бүртгэлд утасны дугаараа оруулах шаардлагатай байсан ч зарим дуудлагын төв уг жагсаалтыг үл тоодог байжээ. Шинэ хуулиар харин аж ахуйн нэгжүүд хэрэглэгчээс урьдчилан зөвшөөрөл аваагүй тохиолдолд сурталчилгааны зорилгоор утсаар холбогдох эрхгүй болно. Иргэн өгсөн зөвшөөрлөө хүссэн үедээ цуцлах боломжтой.
Францын эрх баригчдын тооцоолсноор тус улсын иргэдийн дөрөвний гурав орчим нь долоо хоног бүр дор хаяж нэг удаа хүсээгүй сурталчилгааны дуудлага хүлээн авдаг бөгөөд олон хүн үүнээс ч олон дуудлагад өртдөг байна. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах 11 байгууллага 2024 онд хамтран шаардлага гаргаж, суурин болон гар утас руу ирдэг тасралтгүй сурталчилгааны дуудлагыг хориглохыг уриалж байжээ.
Хуулийг зөрчиж дуудлага хийсэн хувь хүнийг нэг дуудлага тутамд 75 мянга хүртэлх евро, аж ахуйн нэгжийг 375 мянга хүртэлх еврогоор торгох боломжтой. Харин хэрэглэгч өөрөө зөвшөөрсөн, эсвэл тухайн компанитай өмнө нь гэрээний харилцаатай бөгөөд шинэ үйлчилгээ санал болгож буй тохиолдолд хориг үйлчлэхгүй. Иргэд зөвшөөрөлгүй дуудлагын талаар төрийн цахим хуудсаар мэдээлэх боломжтой.
Шинэ хууль Францын зах зээлд үйлчилдэг гадаадын дуудлагын төвүүдэд нөлөөлөхөөр байна. Тухайлбал, Мароккогийн дуудлагын төвүүдийн орлогын 80 гаруй хувь Францын зах зээлээс бүрддэг бөгөөд тус улсын 40–50 мянган ажлын байр эрсдэлд орж болзошгүйг Мароккогийн хөдөлмөр эрхлэлтийн сайд мэдэгджээ.
