Шударга мэдээ
Газар зүйн нэрийн жагсаалтад нэмэлт, өөрчлөлт оруулахаар УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралд өнөөдөр Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв.
Монгол Улсын нийт нутаг дэвсгэр дэх 214805 газар зүйн нэр бүхий "Монгол Улсын нутаг дэвсгэрийн газар зүйн нэрийн жагсаалт"-ыг баталж, тус жагсаалтад Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд 8767, Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд 6941 газар зүйн нэр байдаг байна.
Улсын Их Хурлын 2003 оны 42 дугаар тогтоолоор батлагдсан нийт 214805 газар зүйн нэрийг бүх төрлийн масштабтай байр зүйн болон газрын зураг, атласт тусган тэмдэглэж, улсын хил тогтоох, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, тусгай хэрэгцээний газрын байршил, хил заагийг тогтоох, хаягжуулах, соёлын өвийг хамгаалах үйл ажиллагаанд болон иргэд төрсөн газар нутгаа нэрийн дагуу байршлаар нь хайж олох зэргээр өргөнөөр ашигладаг байна. Өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд тусгасан газар зүйн нэрүүдийн хувийн хэргийг бүрдүүлэн, мэдээллийн санд бүртгэж ашиглахаар бэлтгэж буй талаар С.Бямбацогт сайд танилцууллаа.
Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт монгол хэлнээс өөр хэлээр нэрлэгдсэн газар зүйн нэрүүд байгаа нь тогтоож, холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлснээр тус аймгийн 12 сумын нутаг дэвсгэр дэх монгол хэлнээс өөр хэлээр нэрлэн баталсан 319 газар зүйн нэрийг монгол хэлээр болгох, үүний зэрэгцээ 47 газар зүйн уламжлалт нэрийг шинэчлэхээр төсөлд тусгажээ.
Сүхбаатар аймгийн хувьд Улсын Их Хурлаар батлуулаагүй 940, байрлал зөрүүтэй 17, үг, үсгийн зөрүүтэй буюу хэл бичгийн дүрмийн алдаатай 45 газар зүйн нэр байгааг 2021-2022 онд орон нутгийн төсвөөр хийж гүйцэтгэсэн газар зүйн нэрийн тодруулалт, мэдээллийн сан бүрдүүлэх ажлын дагуу тогтоосныг мөн төсөлд тусгасан байна.
Түүнчлэн төсөл дэх газар зүйн нэрүүдийг геодези, зураг зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд бүртгэж, нийтэд сурталчлан таниулахаас гадна 2026-2027 онд Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах нийт газар зүйн нэрийг бүрэн тогтоож дуусгах, сумдын хилийн цэсийг албан ёсны газар зүйн нэрээр шинэчлэн батлуулах чиглэлээр зохих арга хэмжээ авч, ажиллахыг Засгийн газарт даалгахаар тусгажээ.
Тогтоолын төсөл батлагдсанаар газар зүйн албан ёсны нэрийг бүх төрлийн газрын зурагт тэмдэглэж, олон нийтэд зөв нэрээр сурталчлан таниулж, хэрэглээнд нэвтрүүлснээр Монгол Улсын газар нутгийн халдашгүй, бүрэн бүтэн байдлыг хадгалах, хамгаалах болон монгол үндэсний хэл, соёл, өв уламжлал, зан заншлаа хамгаалан хадгалж, хөгжүүлж, хойч үедээ өвлүүлэн үлдээхэд чухал ач холбогдолтой гэж төсөл санаачлагчид үзжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Шударга мэдээ
НИТХ-ын дарга Д.Ихбаяр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва нар аврах 105 дугаар ангид ажиллалаа
Нийслэлийн Онцгой байдлын газраас үер усны аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийн бэлэн байдлыг хангахаар зургаадугаар сарын 10-аас есдүгээр сарын 15-ныг хүртэл завьт эргүүл ажиллуулж, “Усыг бүү бас” нөлөөллийн аян, мөн үерийн хамгаалалтын инженерийн байгууламжийн үзлэг шалгалтыг зургаадугаар сарын 5-наас долдугаар сарын 1-нийг хүртэл зохион байгуулахаар төлөвлөсөн.
НИТХ-ын дарга Д.Ихбаяр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва нар өнөөдөр (2026.06.06) ОБЕГ-ын Аврах 105 дугаар ангид ажиллаж, үерийн хамгаалалтын барилга байгууламж, аврах ангийн техник хэрэгсэл болоод боловсон хүчний бэлэн байдалтай танилцлаа.
Нийслэлд 2026 оны 6 дугаар сарын эцсээс 8 дугаар сарыг дуустал олон жилийн дунджаас ахиу хур тунадас орох учраас үер усны аюул нэмэгдэх төлөвтэйг УЦУОШГ-аас мэдээллээд байна.
Үер усны аюулын эрсдлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, гамшиг ослын үеэр тусламж үзүүлэх бэлэн байдлыг хангаж, НОБГ-ын гамшгаас хамгаалах 17 алба 60 орчим техник хэрэгсэл, 200 гаруй хүн хүчтэй, өндрөөс аврах ажиллагааны, завьт эргүүлийн, хот дотор аврах ажиллагааны, эмнэлгийн автомашин, мөн тусгай зориулалтын мэргэжлийн 12 анги, 100 гаруй техник болон 500 орчим хүн ажиллаж байгаа юм.
Шударга мэдээ
Нийслэлийн байгаль орчны газар мэдэгдэл гаргалаа
МЭДЭГДЭЛ
Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдийн олборлолтын үйл ажиллагааны нөлөөллийн бүсэд хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, байгаль орчныг хамгаалах зорилгоор дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг мэдэгдэж байна.
1. Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүд ашиглалтын талбай дахь олборлолтын үйл ажиллагааны нөлөөллийн бүсэд оршин суугаа иргэд, мал амьтанд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, учирч болзошгүй эрсдэлийг арилгах, аюулгүй байдлыг хангах арга хэмжээг тогтмол зохион байгуулах;
2. Ашиглалтын болон хайгуулын талбайд үүссэн ам цооног, ил уурхайн ухаш, нүх, шуудуу, хаягдлын байгууламж болон бусад аюултай хэсгийг хашаажуулах, анхааруулах тэмдэг, тэмдэглэгээ байрлуулах, шаардлагатай хамгаалалтын хэрэгслээр тоноглох, аюулгүй байдлыг хангах, ашиглалт дууссан болон эрсдэл бүхий талбайг үе шаттайгаар булж тэгшлэх;
3. Хүүхэд хамгааллын тухай хууль тогтоомжид нийцүүлэн хүүхэд хамгааллын бодлогоо баталж мөрдүүлэх, хүүхэдтэй холбоотой эрсдэлийг илрүүлэх, үнэлэх, урьдчилан сэргийлэх, мэдээлэх болон шаардлагатай хариу арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх;
4. Энэхүү мэдэгдлийн хэрэгжилтийг зохион байгуулж, авсан арга хэмжээ, хэрэгжилтийн явц, үр дүнгийн талаарх мэдээллийг 2026 оны 06 дугаар сарын 10-ны дотор Нийслэлийн Байгаль орчны газарт тухай бүр ирүүлж ажиллах.
Мэдэгдлийг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлж, олборлолтын үйл ажиллагааны аюулгүй байдал, байгаль орчны хамгаалал, нийгмийн хариуцлагыг хангаж ажиллахыг үүгээр мэдэгдье.
НИЙСЛЭЛИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАЗАР
Шударга мэдээ
Нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний төв болон 21 аймагт 1072 хувьцааг өвлүүлнэ

-
Улстөр нийгэм2019/08/09
Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт ...
-
Цаг үе2024/11/08
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
-
Цаг үе2023/11/30
Лох Сиен Чи-д холбогдох хэргийг хянан хэлэлцэв
-
Шударга мэдээ2022/01/06
ЗГ: Дарханы замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх Ажлын хэсэг байгуулав
