Улстөр нийгэм
Нийслэлээс 2026 онд 52 км авто замыг шинээр барина
Энэ онд нийслэлийн хэмжээнд 13 байршилд 52 км авто зам, замын байгууламжийг шинээр барина. Таван байршилд 33.8 км авто замын засвар, шинэчлэлт хийнэ. Нийт 85.8 км авто зам, замын байгууламжийг шинээр барьж, засаж, шинэчлэх юм. Мөн хоёр байршилд явган хүний гүүрэн гарц, хоёр байршилд 31 км гэрэлтүүлэг хийх юм. Энэ хүрээнд 2026 онд шинээр барьж байгуулах авто зам болон авто замын байгууламжийн талаар мэдээлэл хүргэж байна.
- Архивчдын гудамж, Морин тойруулга, Наадамчдын талбайн гудамжнаас Нүхтийн авто замтай холбогдох авто зам
Замын урт 2.2 км, 4 эгнээ зорчих хэсэгтэй.
ХЕТ-ний 27 дугаар нэгж хороолол, Нүхт орчмын оршин суугчдын зорчилт сайжирч, Наадамчдын зам, Архивчдын гудамжны ачаалал 0.365%-иар буурна. Зураг төсөл боловсруулагдаж байна.
Ажил гүйцэтгэх хугацаа: 2026.05 - 2026.11

- Солонго-1 орон сууцны хорооллын авто замаас Үерийн хамгаалалтын суваг хүртэлх авто зам
Замын урт 0.571 км, 2 эгнээ зорчих хэсэгтэй.
Тус авто зам баригдсанаар холбоос авто замыг нэмэгдүүлж, иргэдийн ая тухтай зорчих болон амьдрах нөхцөлийг бүрдүүлж хөдөлгөөний ачаалалыг 0.311%-иар бууруулна. НХААГ-т холбогдох материалуудыг хүргүүлсэн, тендер зарлахаар хүлээгдэж байна.
Ажил гүйцэтгэх хугацаа: 2026.05 - 2026.11

- Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн гадна замаас Эмээлтээс Шувуун фабрик хүртлэх 12.55 км авто зам
Замын урт 12.55 км, 2 эгнээ зорчих хэсэгтэй.
Нисэх Яармаг чиглэлийн зорчигч баруун аймгууд руу явдаг авто замд шууд нийлэх боломжтой ба хөдөлгөөний ачаалалыг 0.097% бууруулна. Зураг төсөл боловсруулагдаж байна.
Ажил гүйцэтгэх хугацаа: 2026.05 - 2026.11

- Наадамчдын замын урд талаас Арцатын ам хүртэлх босоо чиглэлийн туслах зам
Замын урт 0.35 км, зорчих хэсэг 2 эгнээ
Замын хөдөлгөөний ачааллыг хүлээн авч ачаалалыг 0.088% бууруулна. Мөн явган зам, ус зайлуулах сувгийн ажил хийгдэх ба иргэдийн зорчилтын цаг хугацаа багасаж, эдийн засгийн хэмнэлт үүснэ. Зураг төсөл боловсруулагдаж байна.
Ажил гүйцэтгэх хугацаа: 2026.05 - 2026.11

- Гурвалжингийн гүүрэн доогуурх авто зам
Замын урт 0.6 км, зорчих хэсэг 2 эгнээ
Энэхүү авто зам, гүүр баригдсанаар Гурвалжингийн гүүрний урд талаар буцаж эргэлттэй болох ба замын хөдөлгөөний ачаалал 0.003% багасаж, бусад төлөвлөж буй авто замтай уялдан, тухайн орчинд амьдарч буй иргэдийн амьдрах орчин сайжирна. Зураг төсөл боловсруулагдаж байна.
Ажил гүйцэтгэх хугацаа: 2026.05 - 2026.11

- Наадамчдын авто замаас 312 дугаар сургууль хүртэлх авто зам
Замын урт 0.45 км, зорчих хэсэг 2 эгнээ
Тус авто зам баригдсанаар Наадамчдын авто замаас Нийслэлийн 312 дугаар цэцэрлэг хүртэл холбож, сургууль орчмын аюулгүй байдлыг хангах чухал ач холбогдолтой. Зураг төсөл боловсруулагдаж байна.
Ажил гүйцэтгэх хугацаа: 2026.05 - 2026.11

- Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох авто зам
Замын урт 0.5 км, зорчих хэсэг 2 эгнээ
Энэхүү авто замыг шинээр барьсанаар Нарны замын түгжрэл буурч, хөдөлгөөний эрчим сайжрах ба Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжнаас Нарны зам руу чөлөөтэй зорчилт хөдөлгөөн хийн, тухайн орчинд амьдарч буй иргэдийн амьдрах орчих сайжирч, тоосжилт багасах давуу талтай. НХААГ-т холбогдох материалуудыг хүргүүлсэн, тендер зарлахаар хүлээгдэж байна.
Ажил гүйцэтгэх хугацаа: 2026.05 - 2026.11

- Сүхбаатар дүүргийн 19-р хорооны авто зам, замын байгууламжийн барилгын ажил
Замын урт 2.4 км, 2 эгнээ
Тус зам замын байгууламж баригдсанаар зуслангийн бүсийн оршин суугчдын аюулгүй, ая тухтай зорчих нөхцөл бүрдэнэ. Зураг төсөл боловсруулагдаж байна.
Ажил гүйцэтгэх хугацаа: 2026.05 - 2026.11

- Зээлийн 124 дугаар сургууль, 158 дугаар цэцэрлэг хүртэлх авто зам
Замын урт 0.42 км, 2 эгнээ
Энэхүү авто зам баригдсанаар оршин суугчдын ая тухтай амьдрах орчныг бүрдүүлж, холбоос замыг нэмэгдүүлэн сургууль, цэцэрлэг орчмын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах чухал ач холбогдолтой болно. НХААГ-т холбогдох материалуудыг хүргүүлсэн, тендер зарлахаар хүлээгдэж байна.
Ажил гүйцэтгэх хугацаа: 2026.06 - 2026.11

- Тэнгэр рашааны гудамжнаас “Хүмүүн” сургуулийн зүүн урд тал Ар зайсангийн гудамж хүртэлх авто зам
Замын урт 0.85 км, 2 эгнээ
Энэхүү шороон замыг хучилттай авто зам болгосноор авто замын сүлжээг нэмэгдүүлж, Зайсан орчмын оршин суугчдын ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлнэ. Зураг төсөл боловсруулагдаж байна.
Ажил гүйцэтгэх хугацаа: 2026.05 - 2026.11

- Хийморийн овооны арын замаас Ар зайсангийн гудамж хүртэлх авто зам
Замын урт 1.1 км, 2 эгнээ
ХААИС-ийн уулзварын ачаалал буурч, Зайсан орчмын зорчилт сайжирна. Зураг төсөл боловсруулагдаж байна.
Ажил гүйцэтгэх хугацаа: 2026.05 - 2026.11

- Найрамдал зуслангийн авто замын гэрэлтүүлгийн угсралтын ажил
Гэрэлтүүлэг - 12 км
Замын хөдөлгөөний аюулгүй байдал хангагдана. Иргэдийн ая тухтай зорчих нөхцөл бүрдэж, осол аваарын тоо буурна. Үзэгдэх орчин сайжирч, иргэдийн зорчилтын цаг хугацаа багасаж, техник хэрэгслийн эвдрэл буурч, эдийн засгийн хэмнэлт үүснэ. Зураг төсөл боловсруулагдсан, тендер зарлахаар хүлээгдэж байна.
Ажил гүйцэтгэх хугацаа: 2026.05 - 2026.11

- Товчооны авто зам, Моносийн уулзвараас эмээлт хүртэлх авто замын гэрэлтүүлгийн угсралтын ажил
Гэрэлтүүлэг - 19 км
Замын хөдөлгөөний аюулгүй байдал хангагдана. Иргэдийн ая тухтай зорчих нөхцөл бүрдэж, осол аваарын тоо буурна. Үзэгдэх орчин сайжирч, иргэдийн зорчилтын цаг хугацаа багасан, техник хэрэгслийн эвдрэл буурч, эдийн засгийн хэмнэлт үүснэ. Зураг төсөл боловсруулагдаж байна.
Ажил гүйцэтгэх хугацаа: 2026.05 - 2026.11

Гүүрэн байгууламжийн ажил:
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын үйлчилгээ, контор, шинжилгээний барилгын орц, гарцны гүүрэн байгууламж
Гурван байршилд гүүрэн байгууламж, нийт урт 36 у/м
Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн оффисс руу чөлөөтэй зорчилт хөдөлгөөн хийж, тухайн орчинд амьдарч буй иргэдийн амьдрах орчин сайжирч, тоосжилт багасах давуу талтай. НХААГ-т холбогдох материалуудыг хүргүүлсэн, тендер зарлахаар хүлээгдэж байна.
Ажил гүйцэтгэх хугацаа: 2026.05 - 2026.11

- Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзар хүртэлх авто зам дээрх гүүрэн гарц
Техникийн үзүүлэлт: 1-р гарц – 32 у/м, 2-р гарц – 36 у/м
Тус гүүрэн гарц баригдсанаар зам хөндлөн гарч буй явган зорчигчийн аюулгүй байдал хангагдаж ая тухтай нөхцөлийг бүрдүүлнэ. Мөн гэрлэн дохионы тоо цөөрч хөдөлгөөний эрчим нэмэгдэнэ. Зураг төсөл батлагдахаар хүлээгдэж байна.
Ажил гүйцэтгэх хугацаа: 2026.05 - 2026.11

- 22-ын товчооны замыг Найрамдлын замтай холбох нүхэн гарц
Нүхэн гарц - 100 у/м
Замын хөдөлгөөний ачааллыг хүлээн авч ачааллыг 0.038% бууруулна. Иргэдийн зорчилтын цаг хугацаа багасаж, эдийн засгийн хэмнэлт үүснэ. Зураг төсөл боловсруулагдаж байна.
Ажил гүйцэтгэх хугацаа: 2026.06 - 2026.11

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Улстөр нийгэм
Нэгдүгээр ангийн элсэлтийг E-Mongolia-аар зохион байгуулна
2026 оны 8 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) болно.
Энэ хурал нь дэлхийн 197 улсын Засгийн газрын гишүүд, эрдэмтэн судлаач, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага нэгдэж цөлжилт, газрын доройтол, ган гачигтай тэмцэх хамгийн том Олон Улсын арга хэмжээ юм.
Хурал болохтой холбоотой нийслэлийн замын хөдөлгөөн, аюулгүй байдал, төрийн үйлчилгээний хэвийн ажиллагааг хангах зорилгоор боловсролын байгууллагуудын үйл ажиллагаанд дараах зохицуулалт хэрэгжүүлэхээр болжээ .
Цэцэрлэгийн бүртгэл
- 2026 оны 8 дугаар сарын 10–23-ны өдрүүдэд E-Mongolia системээр бүртгэнэ.
Нэгдүгээр ангийн элсэлт
- 2026 оны 8 дугаар сарын 17–28-ны өдрүүдэд E-Mongolia системээр бүртгэнэ.
- Энэ хугацаанд хүүхэд бүртгэх дэмжлэгийн баг сургуулиуд дээр ажиллахгүй.
Их, дээд сургуулийн хичээл
- 2026 оны 9 дүгээр сарын 1-нээс цахимаар эхэлнэ.
- 2026 оны 9 дүгээр сарын 14-нөөс танхимаар үргэлжилнэ.
Оюутны дотуур байр
- 2026 оны 9 дүгээр сарын 13-наас оюутнуудыг дотуур байранд оруулж эхэлнэ.
Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааны зохицуулалт
- 2026 оны 8 дугаар сарын 17–28-ны өдрүүдэд нийслэлийн бүх сургууль, цэцэрлэгт ажлын байранд элсэлт, бүртгэл болон бусад аливаа арга хэмжээ зохион байгуулахгүй болно.
Улстөр нийгэм
Францад иргэд рүү зөвшөөрөлгүй сурталчилгааны дуудлага хийхийг хориглов
Франц улс иргэдийн урьдчилсан зөвшөөрөлгүйгээр бараа, үйлчилгээ сурталчлах зорилгоор утсаар холбогдохыг хориглосон шинэ хуулийг наймдугаар сарын 11-нээс хэрэгжүүлнэ. Уг зохицуулалт нь иргэдийг залхаасан борлуулалтын дуудлага болон залилангийн шинжтэй арилжааны үйл ажиллагаанаас хамгаалахад чиглэжээ.
Өмнө нь сурталчилгааны дуудлага хүлээн авахгүй байхыг хүссэн иргэд төрийн тусгай бүртгэлд утасны дугаараа оруулах шаардлагатай байсан ч зарим дуудлагын төв уг жагсаалтыг үл тоодог байжээ. Шинэ хуулиар харин аж ахуйн нэгжүүд хэрэглэгчээс урьдчилан зөвшөөрөл аваагүй тохиолдолд сурталчилгааны зорилгоор утсаар холбогдох эрхгүй болно. Иргэн өгсөн зөвшөөрлөө хүссэн үедээ цуцлах боломжтой.
Францын эрх баригчдын тооцоолсноор тус улсын иргэдийн дөрөвний гурав орчим нь долоо хоног бүр дор хаяж нэг удаа хүсээгүй сурталчилгааны дуудлага хүлээн авдаг бөгөөд олон хүн үүнээс ч олон дуудлагад өртдөг байна. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах 11 байгууллага 2024 онд хамтран шаардлага гаргаж, суурин болон гар утас руу ирдэг тасралтгүй сурталчилгааны дуудлагыг хориглохыг уриалж байжээ.
Хуулийг зөрчиж дуудлага хийсэн хувь хүнийг нэг дуудлага тутамд 75 мянга хүртэлх евро, аж ахуйн нэгжийг 375 мянга хүртэлх еврогоор торгох боломжтой. Харин хэрэглэгч өөрөө зөвшөөрсөн, эсвэл тухайн компанитай өмнө нь гэрээний харилцаатай бөгөөд шинэ үйлчилгээ санал болгож буй тохиолдолд хориг үйлчлэхгүй. Иргэд зөвшөөрөлгүй дуудлагын талаар төрийн цахим хуудсаар мэдээлэх боломжтой.
Шинэ хууль Францын зах зээлд үйлчилдэг гадаадын дуудлагын төвүүдэд нөлөөлөхөөр байна. Тухайлбал, Мароккогийн дуудлагын төвүүдийн орлогын 80 гаруй хувь Францын зах зээлээс бүрддэг бөгөөд тус улсын 40–50 мянган ажлын байр эрсдэлд орж болзошгүйг Мароккогийн хөдөлмөр эрхлэлтийн сайд мэдэгджээ.
Улстөр нийгэм
Засгийн газар энэ оныг дуустал санхүүгийн хэмнэлтийн горимд шилжинэ
Засгийн газрын 2026 оны наймдугаар сарын 5-ны өдрийн хуралдаанаар “Төсвийн санхүүжилтэд эрэмбэ тогтоож, төсвийн хэмнэлт, мөнгөн хөрөнгийн зохицуулалт хийх зарим арга хэмжээний тухай” тогтоолыг баталлаа.
Тогтоолоор төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэрт гарах нэг удаагийн тэтгэмж, орон нутгийн нэмэгдэл тэтгэмж, тэтгэвэр, хүүхдийн мөнгө, бүх төрлийн халамж, сургууль, цэцэрлэг болон сургалтын байгууллагын урсгал засвар, санхүүжилт, төрийн байгууллагын интернетийн төлбөр, байр ашиглалтын зардал, хууль, хүчний байгууллагын тээвэр, шатахууны зардал, дотоодын томилолт, хоол хүнс, нормын хувцасны зардал, COP17 олон улсын бага хурлын зардал, Засгийн газрын өр, орон нутгийн нөөц хөрөнгийн санхүүжилтийг хэвийн үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Харин дараах зардлыг хязгаарлахаар болсон байна. Үүнд:
- Олон улсын болон Засгийн газрын шийдвэртэйгээс бусад хурал, зөвлөгөөн, ой, тэмдэглэлт өдөр, найр наадам, соёлын арга хэмжээ;
- Урьдчилан төлөвлөсөн төрийн өндөр албан тушаалтны томилолтоос бусад гадаад томилолт, гадаадын зочин хүлээн авах зардал;
- Зайлшгүй шаардлагагүй тоног төхөөрөмж, тавилга, автомашин худалдан авах;
- Батлан хамгаалах, хууль зүйн салбараас бусад сургалт, дадлага;
- Хуулиар заавал мэдээлэхээс бусад кино, контент, хэвлэлийн зардал;
- Заавал олгохоос бусад тэтгэмж, урамшуулал.
Санхүүгийн хэмнэлтийн горимыг 2026 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл мөрдөнө. Харин эрүүл мэндийн салбар уг хэмнэлтийн горимд хамрагдахгүй бөгөөд цэцэрлэг, сургуулийн хүүхдийн эрт илрүүлэг, вакцинжуулалт, томуу, томуу төст өвчний эсрэг арга хэмжээ зэрэг зайлшгүй шаардлагатай ажлууд төлөвлөгөөний дагуу үргэлжилнэ гэж Ерөнхий сайд Н.Учрал онцоллоо.
Мөн бүх шатны төсвийн ерөнхийлөн захирагч нарт салбар бүрдээ урсгал зардлыг 20 хувиар бууруулах, нөхөн томилгоо хийхгүй байх, аялал, амралт, зугаалга, хамт олны урлаг, спортын арга хэмжээг зохион байгуулахгүй байх, төрийн албанд шинэ орон тоо бий болгохгүй байх, эрчим хүчний хэрэглээг хэмнэх, хурал, сургалтыг цахим хэлбэрт шилжүүлэх, төрийн албан хаагчдыг зарим өдрүүдэд цахимаар ажиллуулах арга хэмжээг үргэлжлүүлэхийг үүрэг болголоо.
Төсвийн сахилга бат сайжирч, эдийн засгийн нөхцөл байдал хэвийн болсон тохиолдолд эдгээр хязгаарлалтыг үе шаттайгаар сулруулах юм.
