Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн өргөтгөлийг ашиглалтад орууллаа

Огноо:

,

Азийн Хөгжлийн Банкны 3.9 сая ам.долларын санхүүжилтээр Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн өргөтгөлийн барилгыг барьж ашиглалтад орууллаа. Өргөтгөлийн барилга нь зөвхөн шинэ орон зай бус тусламж үйлчилгээний чанарыг шинэ түвшинд гаргах, эмч, ажилтнуудын ажлын орчныг сайжруулах, иргэдийн итгэл хүлээсэн аймгийн нэгдсэн эмнэлгийн жишиг загварыг бий болгож байгаагаараа онцлог  юм.

Нийт 3.2 сая ам.долларын өртөг бүхий 400 гаруй нэр төрлийн эмнэлгийн тоног төхөөрөмжөөр эмнэлгийн шинэ байрыг иж бүрэн тоноглон тохижуулж  эмнэлгийн тусламж үйлчилгээг ард иргэдэдээ үзүүлж эхэллээ. Тухайлбал, Siemens брэндийн 128 зүслэгтэй компьютер томографийн аппарат, яаралтай тусламж, мэс засал, эрчимт эмчилгээ, дуран оношилгоо, гемодиализийн иж бүрэн тоног төхөөрөмжүүдийг суурилуулсан байна. Ингэснээр өмнө нь зөвхөн Улаанбаатар хотын эмнэлэгт хийдэг байсан нарийн мэргэжлийн оношилгоо, эмчилгээг иргэд Увс аймагтаа хийлгэх боломж бүрдэж байгаа юм. 

Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрээр орон нутгийн хөгжлийн сангаас 2,4 тэрбум төгрөгөөр өргөтгөлийн барилгын дулаан, цэвэр бохир ус, цахилгаан шугам сүлжээ болон цахилгааны дэд өртөөг шийдэж өгч хүн ардынхаа эрүүл мэндэд үнэтэй хөрөнгө оруулалт хийж ажиллажээ.

Эмнэлгийн засаглал менежментийг сайжруулах чиглэлээр төслийн зөвлөх баг болох  Интермед эмнэлэгт Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн удирдлага, эмч, ажилтнуудыг хамруулан эмнэлгийн менежмент, чанар аюулгүй байдал, халдварын сэргийлэлт, эрсдэлийн удирдлагын чиглэлээр танхим болон ажлын байрны сургалтад хамруулсан байна.

Эмнэлгийн гадна орчны аюулгүй байдлыг сайжруулах үүднээс 66 ширхэг хяналтын камер шинээр суурилуулж, хяналтын өрөөг байгуулсан бөгөөд авто зогсоолыг 150 м.кв талбайгаар өргөтгөжээ. Үүний зэрэгцээ зарлан мэдээллэх системийг нэвтрүүлсэн нь эмнэлгийн дотоод аюулгүй байдлыг бүрэн хангах шинэ жишиг болжээ. Үүний зэрэгцээ цахим аюулгүй байдлыг хангах хүрээнд гадны цахим халдлагаас эмнэлгийн дотоод сүлжээг хамгаалах fire wall төхөөрөмж суурилуулсан. Орон нутгийн хөгжлийн сангаас 48 сая төгрөгөөр хүчин чадал сайтай өндөр хурдны сервер шинэчлэн суурьлуулсан байна.

Хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө 2024-2026 оны хооронд хоёр жилийн хугацаанд амжилттай хэрэгжүүлсэн төслийг орон нутагтаа татаж санаачилсан Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар, хариуцлагатай ажиллаж төслийн үр дүнгээ харсан орон нутгийн удирдлага, Эрүүл мэндийн газар, аймгийн Нэгдсэн эмнэлгийн нийт хамт олон, хамгийн гол нь монгол хүний эрүүл мэнд, монгол айлын элэг бүтэн амьдралд үр өгөөж, үр нөлөөгөө хэдэн арван жилээрээ тасралгүй өгөх ажлыг санхүүжүүлэн ажилласан Азийн хөгжлийн банк тэдний хамт олонд Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн баяр хүргэж талархал илэрхийлэв.

Энэхүү бүтээн байгуулалтын загвараар дөрвөн аймгийн Нэгдсэн эмнэлгийг өргөтөн байгуулах бөгөөд Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн бүтээн байгуулалт жишиг болохыг Эрүүл  мэндийн сайд Ж.Чинбүрэн онцлон хэлэв. Орон нутгийн, анхан шатны буюу үүдэн эмнэлгүүдийн чадавхийг сайжруулж, шинэ шатанд гаргах Азийн хөгжлийн банкны төсөл ирэх гурван жилийн хугацаанд Монгол орон даяар хэрэгжих тул төсөл хэрэгжүүлж буй орон нутгийнхан, эрүүл мэндийн байгууллагынхан маш хариуцлагатай байж төслөө хэрэгжүүлэх хэрэгтэй гэв.

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн болон бусад албаны хүмүүс Увс аймгийн эрүүл мэндийн салбарынхны төлөөлөлтэй уулзалт хийснээр Увс аймаг дахь ажлын томилолт өндөрлөв. 21 аймагтаа хүрч ажиллах зорилготой Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн болон албаны хүмүүс Увс, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Архангай, Дорноговь, Говьсүмбэр, Сүхбаатар, Дорнод, Дундговь аймгуудад ажиллаа.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Ерөнхий сайд Н.Учрал: Хөрөнгө оруулагчдад тулгарч буй саад бэрхшээлийг арилгана

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс дахь албан ёсны айлчлалынхаа хүрээнд /2026.09.30/ Японы бизнес эрхлэгчидтэй уулзалт хийж, хөрөнгө оруулагчдын санал хүсэлтийг хүлээн авч, шуурхай шийдвэрлэхээ илэрхийллээ.  

Монголд хөрөнгө оруулагч Япон компаниуд төсөл, хөтөлбөрөө Ерөнхий сайдад танилцуулсан юм. Тухайлбал, Aeronext  компани 2023 оноос хойш ЖАЙКА-ын санхүүжилтээр Монголд дроноор цус тээвэрлэж эхэлжээ. Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс 23 байршилд дроноор цус хүргэдэг. Цаашид Монголд дрон үйлдвэрлэдэг, засварладаг болохоор ажиллаж байна. Үүнийг бодит ажил хэрэг болгоход Монгол Улсын Засгийн газар дэмжлэг үзүүлж ажиллахыг хүслээ. 

Мөн чухал ашигт малтмалын чиглэлээр хамтран ажиллах өргөн боломж байгааг Японы талаас онцолсон.  2016 онд хүчин төгөлдөр болсон Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд Японы тал Монгол Улсаас худалдан авалт хийх нь чухал гэдгийг илэрхийлэв.

Ерөнхий сайд Н.Учрал Монголд бизнес эрхлэхэд тулгарч буй саад бэрхшээлийг арилгахад Засгийн газар шуурхай анхаарч ажиллана гэдгийг илэрхийлэв. Мөн Японы банк санхүүгийн салбарын төлөөлөл бодит сонирхлоо илэрхийлбэл нягт хамтран ажиллахад бэлэн гэлээ.  

Ирэх онд тохиох Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг шинэ бизнесийн түншлэлээр угтах нь нэн чухал.  Монгол Улсад Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага (ЖЕТРО) хөрөнгө оруулалтыг бодит ажил болгоход чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байгааг тодотгов. Монгол Улсад ЖЕТРО-ын Төлөөлөгчийн газар байгуулах талаар ярилцав. 

Монгол Улсын Засгийн газар хувийн хэвшлийг дэмжих, бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, зөвшөөрлийн шат дамжлагыг бууруулах, хөрөнгө оруулагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан тогтвортой, өрсөлдөх чадвартай орчныг бүрдүүлэхэд тусгайлан анхаарал хандуулж байгааг Ерөнхий сайд Н.Учрал онцоллоо.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын Япон улс дахь албан ёсны айлчлалын үр дүн

Огноо:

,

“Чингис хаан" олон улсын нисэх буудлын өргөтгөлийн 158.3 тэрбум иенийн хөгжлийн санхүүжилтэд гарын үсэг зурав. Жилд хүлээн авах зорчигчийн хүчин чадал 1.6 саяас 5.2 саяд хүрч, 3.2 дахин нэмэгдэнэ. 

  1. Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад хамтарна. Монгол Улс 1 сарын хэрэглээгээ нөөцлөх түлш, шатахууны савтай болно.
  2. Давхар татвар, Нийгмийн хамгааллын хэлэлцээр байгууллаа.
  3. Монгол Улсаас Япон улс руу чиглэсэн экспортын бараа, бүтээгдэхүүнийг нэмэгдүүлнэ.
  4. Япон улсын ”POWERR Asia” санаачилгын хүрээнд уур амьсгалын өөрчлөлт, карбон кредит, сэргээгдэх эрчим хүчний чиглэлд хамтарч ажиллана.
  5. “Инженер, технологийн дээд боловсрол (MJEED)” буюу “1000 инженер”-ийн төслийн дараагийн үе шатыг хэрэгжүүлнэ.
  6. Японы улсын гадаад худалдааг дэмжих (ЖЕТРО) байгууллага манай улсад төлөөлөгчийн газраа нээнэ. Тус улсын хөрөнгө оруулагчид, ЖДҮ, технологийн компаниуд үйл ажиллагаа явуулах боломж бүрдэнэ.
  7. Хоёр шатлалтай "ЖАЙКА"-гийн ЖДҮ-ийг дэмжсэн зээлийг үргэлжлүүлнэ.
  8. "Буянт-Ухаа" нисэх буудлыг орон нутгийн нислэгт ашиглах менежментийг хийх, хурдан галт тэрэгний яриа хэлцлийг эрчимжүүлнэ.
  9. Японы "Aeronext Inc" компани монгол инженерүүдтэй хамтарч дрон үйлдвэрлэдэг, засварладаг тогтолцоог нэвтрүүлэхээр яриа хэлцлээ эхлүүлэв.
  10. Ногоон устөрөгчийн төсөл, чухал ашигт малтмалын салбарын хамтын ажиллагааг ярилцав. Ногоон санхүүжилтийг дэмждэг бүх байгууллагуудаар дамжуулан Монголд хэрэгжүүлэх том төслүүдийг санхүүжүүлнэ.
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Монгол, Японы хамтарсан төслүүдийн хэрэгжилтийн талаар хэлэлцэв

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд ЖАЙКА-ын Ерөнхийлөгч Танака Акихиког хүлээн авч уулзлаа. Уулзалт 2026 оны есдүгээр сарын 29-нд Токио хотноо болов.

Ерөнхий сайд Япон Улсын Засгийн газрын хөгжлийн албан ёсны тусламж Монгол Улсын ардчиллыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжихэд чухал хувь нэмэр оруулж ирснийг онцлов. Мөн ЖАЙКА судалгаанд тулгуурласан, үр өгөөжтэй төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж буйд талархал илэрхийллээ.

Талууд “Чингис хаан” олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төслийн хэрэгжилтийн талаар ярилцав. Ерөнхий сайд төслийг хэрэгжүүлэх хугацаанд “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлыг дотоодын нислэгт ашиглах, агаарын тээврийн салбарын тогтвортой үйл ажиллагааг хангах чиглэлээр хамтран ажиллах хүсэлт тавьжээ. ЖАЙКА-ын Ерөнхийлөгч уг төслийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв.

Мөн Улаанбаатар хотод газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулах төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах асуудлыг хэлэлцлээ. Энэ ажлыг Япон Улсын Засгийн газрын “POWERR Asia” санаачилгын хүрээнд эхлүүлэхэд ЖАЙКА дэмжлэг үзүүлэхээ мэдэгдэв.

Уулзалтаар чухал ашигт малтмалын чиглэлээр Япон Улсын Метал, эрчим хүчний аюулгүй байдлын байгууллага (ЖОГМЭК)-тай хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол Улсад Японы Гадаад худалдааг дэмжих байгууллагын (ЖЕТРО) төлөөлөгчийн газар байгуулах саналыг хэрэгжүүлэх талаар ярилцжээ.

Түүнчлэн дэд бүтцийн чадавхыг сайжруулах, хүний нөөцийг хөгжүүлэх, цахим аюулгүй байдлыг хангах төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцов. Эрүүл мэнд, байгаль орчин, нийгмийн хамгааллын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь ач холбогдолтой гэдэгт талууд санал нэгдлээ.

Япон Улсын Засгийн газар Монгол Улсад 1977–2025 онд зээл, буцалтгүй тусламж, техникийн хамтын ажиллагааны хүрээнд нийт 3.3 тэрбум ам.долларын дэмжлэг үзүүлжээ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох