Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

“Цагаан алт” хөдөлгөөн, “Атар-4” аяны хүрээнд 2026 онд олгох хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурах ёслол боллоо

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Цагаан алт” хөдөлгөөн, Засгийн газрын “Атар-4” тариалангийн тогтвортой хөгжлийн аяны хүрээнд 2026 онд олгох хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурах ёслол боллоо.
 
Тус арга хэмжээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд М.Бадамсүрэн болон Хаан банк, Төрийн банк, Худалдаа хөгжлийн банк, Голомт банк, Хас банк, Капитрон банк, Тээвэр хөгжлийн банк, Богд банк, М банк зэрэг ажилжааны 9 банкны удирдлага оролцож, гэрээг үзэглэв.
 
ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн салбарын бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн, хамтран ажиллаж буй банкны удирдлага, хамт олонд талархал илэрхийлээд “Төрөөс хувийн хэвшлийг оновчтой бодлого, хөнгөлөлттэй зээлээр дэмжих нь чухал гэдгийг үндэсний хөдөлгөөн, төсөл хөтөлбөрүүдийн үр дүнгүүд харуулж байна. Салбарын яамнаас аж ахуй нэгжүүдийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд анхаарч, хөнгөлөлттэй зээл, газар олголт, татварын хөнгөлөлт зэргээр дэмжих эрх зүйн орчныг бүрдүүлэхээр хуулийн төсөл боловсруулан ажиллаж байна” гэв.
 
Мөн тэрбээр 2026 онд батлагдсан төсвийн хүрээнд "Цагаан алт" хөдөлгөөний хүрээнд 350.0 тэрбум, “Атар-4” аяны хүрээнд хаврын тариалалтын бэлтгэл ажлыг хангах зорилгоор 130.0 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг тус тус олгохоор төлөвлөн ажиллаж байгааг тэмдэглэн хэллээ.
 
Өнгөрсөн онд “Цагаан алт” хөдөлгөөний хүрээнд ноос ноолуур, арьс шир боловсруулах үйлдвэрлэлийн үйл ажиллагааг дэмжихэд эргэлтийн болон хөрөнгө оруулалтын зориулалтаар давхардсан тоогоор 182 үйлдвэр, аж ахуйн нэгжид 509.0 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгожээ. Улмаар түүхий ноолуурын 70 хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэж, самнасан ноолуурын экспорт 4.0 мянган тонн буюу 330.6 сая ам.долларт болж түүхэн дээд хэмжээнд хүрсэн. Мөн ээрэх хүчин чадлыг 400.0 тонноор, сүлжих хүчин чадлыг 200.0 мянган ширхэгээр тус тус нэмэгдүүлсэн үзүүлэлттэй байна.
 
“Атар-4” аяны хүрээнд эргэлтийн болон хөрөнгө оруулалтын чиглэлээр нийт 982 иргэн, аж ахуйн нэгжид 616.4 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Ингэснээр 2025 онд улсын хэмжээнд 598.8 мянган га талбайд тариалалт хийж, дотоодын үйлдвэрлэлээр улаанбуудайн 78 хувь, төмс, хүнсний ногооны 80 хувийг хангасан. Түүнчлэн тариалангийн талбайн хэмжээг 71.2 мянган га-аар, зоорийн багтаамжийг 50.0 мянган тонноор, үтрэмийн багтаамжийг 67.0 мянган тонноор, хүлэмжийн талбайг 34.5 га-гаар тус тус нэмэгдүүлсэн гэж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ. 
 
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Нарантуул, Дүнжингарав, Шинэ 100 айл худалдааны төвүүдийн авто зогсоолыг түр хаана

Огноо:

,

“Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар Бага хурал (COP17)” наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдана. Хурлын үеэр Нарантуул, Дүнжингарав, Шинэ 100 айл худалдааны төвүүдийн авто зогсоолыг түр хааж, тухайн чиглэлд нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлнэ.
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Нэгдүгээр ангийн элсэлтийг E-Mongolia-аар зохион байгуулна

Огноо:

,

2026 оны 8 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) болно.

Энэ хурал нь дэлхийн 197 улсын Засгийн газрын гишүүд, эрдэмтэн судлаач, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага нэгдэж цөлжилт, газрын доройтол, ган гачигтай тэмцэх хамгийн том Олон Улсын арга хэмжээ юм.

Хурал болохтой холбоотой нийслэлийн замын хөдөлгөөн, аюулгүй байдал, төрийн үйлчилгээний хэвийн ажиллагааг хангах зорилгоор боловсролын байгууллагуудын үйл ажиллагаанд дараах зохицуулалт хэрэгжүүлэхээр болжээ .

Цэцэрлэгийн бүртгэл

  • 2026 оны 8 дугаар сарын 10–23-ны өдрүүдэд E-Mongolia системээр бүртгэнэ.

Нэгдүгээр ангийн элсэлт

  • 2026 оны 8 дугаар сарын 17–28-ны өдрүүдэд E-Mongolia системээр бүртгэнэ.
  • Энэ хугацаанд хүүхэд бүртгэх дэмжлэгийн баг сургуулиуд дээр ажиллахгүй.

Их, дээд сургуулийн хичээл

  • 2026 оны 9 дүгээр сарын 1-нээс цахимаар эхэлнэ.
  • 2026 оны 9 дүгээр сарын 14-нөөс танхимаар үргэлжилнэ.

 Оюутны дотуур байр

  • 2026 оны 9 дүгээр сарын 13-наас оюутнуудыг дотуур байранд оруулж эхэлнэ.

Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааны зохицуулалт

  • 2026 оны 8 дугаар сарын 17–28-ны өдрүүдэд нийслэлийн бүх сургууль, цэцэрлэгт ажлын байранд элсэлт, бүртгэл болон бусад аливаа арга хэмжээ зохион байгуулахгүй болно.
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Францад иргэд рүү зөвшөөрөлгүй сурталчилгааны дуудлага хийхийг хориглов

Огноо:

,

Франц улс иргэдийн урьдчилсан зөвшөөрөлгүйгээр бараа, үйлчилгээ сурталчлах зорилгоор утсаар холбогдохыг хориглосон шинэ хуулийг наймдугаар сарын 11-нээс хэрэгжүүлнэ. Уг зохицуулалт нь иргэдийг залхаасан борлуулалтын дуудлага болон залилангийн шинжтэй арилжааны үйл ажиллагаанаас хамгаалахад чиглэжээ.

Өмнө нь сурталчилгааны дуудлага хүлээн авахгүй байхыг хүссэн иргэд төрийн тусгай бүртгэлд утасны дугаараа оруулах шаардлагатай байсан ч зарим дуудлагын төв уг жагсаалтыг үл тоодог байжээ. Шинэ хуулиар харин аж ахуйн нэгжүүд хэрэглэгчээс урьдчилан зөвшөөрөл аваагүй тохиолдолд сурталчилгааны зорилгоор утсаар холбогдох эрхгүй болно. Иргэн өгсөн зөвшөөрлөө хүссэн үедээ цуцлах боломжтой.

Францын эрх баригчдын тооцоолсноор тус улсын иргэдийн дөрөвний гурав орчим нь долоо хоног бүр дор хаяж нэг удаа хүсээгүй сурталчилгааны дуудлага хүлээн авдаг бөгөөд олон хүн үүнээс ч олон дуудлагад өртдөг байна. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах 11 байгууллага 2024 онд хамтран шаардлага гаргаж, суурин болон гар утас руу ирдэг тасралтгүй сурталчилгааны дуудлагыг хориглохыг уриалж байжээ.

Хуулийг зөрчиж дуудлага хийсэн хувь хүнийг нэг дуудлага тутамд 75 мянга хүртэлх евро, аж ахуйн нэгжийг 375 мянга хүртэлх еврогоор торгох боломжтой. Харин хэрэглэгч өөрөө зөвшөөрсөн, эсвэл тухайн компанитай өмнө нь гэрээний харилцаатай бөгөөд шинэ үйлчилгээ санал болгож буй тохиолдолд хориг үйлчлэхгүй. Иргэд зөвшөөрөлгүй дуудлагын талаар төрийн цахим хуудсаар мэдээлэх боломжтой.

Шинэ хууль Францын зах зээлд үйлчилдэг гадаадын дуудлагын төвүүдэд нөлөөлөхөөр байна. Тухайлбал, Мароккогийн дуудлагын төвүүдийн орлогын 80 гаруй хувь Францын зах зээлээс бүрддэг бөгөөд тус улсын 40–50 мянган ажлын байр эрсдэлд орж болзошгүйг Мароккогийн хөдөлмөр эрхлэлтийн сайд мэдэгджээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох