Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Төмөр зам доогуурх нүхэн гарц төслийн бүтээн байгуулалт гурван байршилд үргэлжилж байна

Огноо:

,

Төмөр зам, авто замын хөдөлгөөнийг огтлолцуулахгүй, иргэдийн аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн дөрвөн байршилд авто замын нүхэн гарц барих төслийг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр тус төслийн гурван байршилд ажиллалаа.

Нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр “Төмөр зам, авто замын нэг түвшний огтлолцлоос үүдэлтэй хөдөлгөөний саатал, ослын эрсдэлийг бууруулах, авто замын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх, түгжрэлийг бууруулах зорилгоор нийслэлийн дөрвөн байршилд нүхэн гарц барих төслийг хэрэгжүүлж байна. Тухайлбал, Таван шарын гарам, Геологийн төв лабораторийн уулзвар, "Хермес" төвийн төмөр замын зоорь, Нарны зам - Их хүрээний гудамжны уулзвар гэсэн дөрвөн байршилд бүтээн байгуулалт хийх бөгөөд эхний гурван байршилд барилга угсралтын ажил үргэлжилж байгаа. Харин дөрөвдүгээр байршил буюу Нарны зам - Их хүрээний гудамжны уулзварын нүхэн гарцын зураг төслийг боловсруулж байна. Мөн төслийн явцад газар чөлөөлөлттэй холбоотой ажил удаашралтай асуудлууд байсан ч өнөөдрийн байдлаар шийдэгдэж, ажлыг урагштай явуулах боломж бүрдсэн. Энэ хүрээнд тухайн байршлуудад бүтээн байгуулалтын ажил төлөвлөгөөний дагуу явагдаж байгаа эсэхтэй танилцаж, газар дээр нь ажиллаж байна” гэв.

Нэгдсэн төслийн удирдлагын газрын Нүхэн гарц төслийн захирал М.Золбоо “2022 оноос эхлэн дөрвөн байршилд нүхэн гарц барих төсөл хэрэгжиж эхэлсэн. Үүнээс нэгдүгээр байршлын гол болон туслах замын хөдөлгөөнийг 2024 онд нээсэн. Явган хүний гарцыг анх нүхэн гарц хэлбэрээр 11 метрийн урттайгаар төлөвлөсөн. Гэвч тухайн орчны аюулгүй байдлыг хангах чиглэлээр Тээврийн цагдаагийн албанаас өгсөн саналын дагуу гүүрэн гарц болгон өөрчилж, төмөр зам болон авто зам дээгүүр дамжин өнгөрөх 90 метрийн урттай гүүрэн гарц барих зураг төслийг шинэчлэн боловсруулсан. Энэ хүрээнд гүйцэтгэгч “Нью Синдикат” ХХК барилга угсралтын ажлаа эхлүүлээд байна. Гүүрэн гарц барих ажлыг ирэх тавдугаар сарын 15-ны өдөр дуусгаж, явган хүний зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээх төлөвлөгөөтэй байна. Мөн тохижилтын ажлуудыг хийнэ. Харин төслийн хоёрдугаар байршил Геологийн төв лабораторийн уулзварын нүхэн гарцын газар чөлөөлөх ажил үргэлжилж, нийт 21 нэгж талбараас 19-ийг нь бүрэн чөлөөлөөд байна. Үлдсэн 2 нэгж талбар зөвшилцөх шатандаа хэрэгжиж байгаа бөгөөд ажлын зураг төслийг магадлалаар батлуулж 2024 оны 9 дүгээр сараас барилга угсралтын ажлыг эхлүүлж, хүйтний улирлын нөхцөл байдалтай холбоотойгоор түр зогсолт хийгээд байна. Тус нүхэн гарцыг наймдугаар сарын 30-ны өдөр ашиглалтад оруулна. Гуравдугаар байршил болох “Хермес" төвийн урд, төмөр замын зоорины нүхэн гарцын зураг төслийг магадлалаар батлуулж, газар чөлөөлөлт бүрэн дууссан. Нүхэн гарцын их биеийн бүтээцийг төмөр замын суурь бүтээцийн доор түлхэх технологиор байршуулсан. Түлхэх технологийг ашигласнаар галт тэрэгний хөдөлгөөнд саад учруулахгүйгээр бүтээн байгуулалтыг шуурхай гүйцэтгэх давуу талтай. 2026 оны II улирлаас авто замын барилгын ажлыг эхлүүлж, мөн наймдугаар сард ашиглалтад оруулна” гэв.

Мөн нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр барилгын ажлыг технологийн горим алдагдуулахгүй гүйцэтгэх, өвлийн улиралд ч бэлтгэл ажлыг хангалттай хангах, төлөвлөгөөт хуваарийн дагуу ажлаа эхлүүлэхэд бэлэн байх, ажлыг хугацаанд нь ашиглалтад оруулж, зорчих хөдөлгөөнийг нээх чиглэлээр үүрэг өглөө.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Гол нуурууд орчмын 399 усны ослын хар цэгүүдийг тодорхойлж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авлаа

Огноо:

,

Иргэд осолдож болзошгүй гол нуурууд орчмын 399 байршил дагуу усны ослын хар цэгүүдийг тодорхойлж, завьт болон хөдөлгөөнт эргүүлийг ажиллуулж байна. Сүүлийн таван жилийн хугацаанд (2021-2025) усны ослын 537 удаагийн дуудлага бүртгэгдэж, 464 хүн амь насаа алдсан байна.

Усны ослоор амь насаа алдсан иргэдийн 68 хувь нь гол мөрөнд, 20 хувь нь нуурт, 12 хувь нь тогтоол усанд энджээ. Иймд иргэд та бүхэн аялал, зугаалгаар явахдаа тухайн очих газрынхаа онцлогийг судалж, усанд эрсдэх аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхийг уриалж байна гэж Онцгой байдлын Ерөнхий газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

Огноо:

,

Өнөөдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Үүр, Хэнтий нурууны зүүн хажуугийн Хурх, Барх, Хэрлэн, Онон /Дадал/ , Хангай нурууны өврийн Онги зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-40 см нэмэгдэж, олон жилийн дундаж түвшинг давсан байна.

Өнөөдөр буюу 6 дугаар сарын 17-ны өдөр Сэлэнгэ мөрөн, Тосонцэнгэл сум орчимд болон Эг гол Хантай баг орчимд усны түвшин 5-15 см нэмэгдэх төлөвтэй байна.

Мөн

  • 6-р сарын 17-ны өдөр баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар,
  • 18-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр,
  • 19-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр,
  • 20-нд нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох юм байна. 

Иймд тухайн хугацаанд орсон хур борооны эрчимжил хэмжээнээс шалтгаалан гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэх, хуурай сайр гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэх тул иргэд үерийн аюултай бүсээс хол, аюулгүй газар зусах, амрах болон гол мөрөн, нуурын ойролцоо амарч зугаалахдаа ажиглалт хийж, уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт отоглож , хоноглохгүй байх, зөвхөн зөвшөөрөгдсөн зам гүүрээр зорчихыг зөвлөв. 

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

"Дэлхийн нүүдэлчдийн VI их наадам"-д Монгол улсаа төлөөлөн оролцох тамирчныг энэ сарын 18-ны өдөр тодруулна

Огноо:

,

Киргизстаны нийслэл Бишкек болон Чолпон-Ата хотуудад ирэх наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 06-ны өдрүүдэд "Дэлхийн нүүдэлчдийн VI их наадам" зохион байгуулагдана. Тус наадам нь 2 жилд нэг удаа болдог бөгөөд 2022 онд Туркийн Изникд болсон наадамд 102 орны 3000 гаруй тамирчин, 2024 онд Казахстаны Алматад 89 орны 2500 орчим тамирчин оролцож байжээ.

Энэ удаагийн VI наадамд 60 орон оролцохоо албан ёсоор мэдэгдсэн бөгөөд 60 орчим орны 4000 гаруй тамирчин, төлөөлөгч оролцоно гэж зохион байгуулах хорооноос мэдээлээд байна.

Тус наадамд Монгол улсаа төлөөлөн оролцох бөхийн 6 төрлийн тамирчныг тодруулах, сонгон шалгаруулалтыг 2026.06.18-ны өдрийн 11.00 цагт Монгол бөхийн өргөөнд зохион байгуулна.

Тус сонгон шалгаруулалт нь дараах бөхийн төрлүүдээр, халз барилдаан хэлбэрээр зохион байгуулагдана. Үүнд:

  • Монголын Үндэсний бөх
  • Казак Курес бөх
  • Иран Пахлавани бөх
  • Киргиз Алыш бөх
  • Кураш
  • Бүстэй барилдаан

Эдгээр бөхийн төрлүүдээр эх орноо төлөөлөн "Дэлхийн нүүдэлчдийн VI их наадам" оролцох тамирчны сонгон шалгаруултад оролцох боломжтой юм байна.


Дэлгэрэнгүй унших

Санал болгох