Цаг үе
ТЦГ: Энэ сард согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 502 зөрчил бүртгэгджээ
Албан байгууллага Аж ахуй нэгжийн шинэ жилийн баярын өдрүүд үргэлжилж байгаа энэ үед тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодох нь нэмэгдэж байгаа аж. Энэ сард согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 502 зөрчил бүртгэгдсэн байна.
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол зөрчлийн тухай хуулиар:
- Жолооч согтуурсан үедээ машин барьсан эхний удаад жолоодох эрхийг нэг жилээр хасаж, 400,000 төгрөгөөр торгоно. Эсвэл 7-30 хоног баривчлах шийтгэл оногдуулахаар Зөрчлийн хуульд өөрчлөлт орлоо.
- Харин тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтуурсан үедээ дахин машин барьсан, шалгуулахаас зайлсхийсэн бол эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэнэ. Энэ тохиолдолд 1-3 жилээр жолоодох эрхийг хасах, 2,700,000-14,000,000 хүртэл төгрөгөөр торгох, 240-720 цаг нийтэд тустай ажил хийлгэх, эсвэл 6 сараас 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 6 сараас 3 жилийн хорих ял оноохоор болж байна.
- Хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдээд хохирогчид хүндэвтэр гэмтэл учруулсан бол жолоодох эрхийг 1-3 жил хүртэл хасах, 2,700,000-14,000,000 хүртэл төгрөгөөр торгох, 240-720 цаг нийтэд тустай ажил хийлгэх, эсвэл 6 сараас 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулна.
- Ялын бодлогын өөрчлөлтөөр жолоодох эрх хасах ял нэмэгдсэн, торгох ялын доод хэмжээ зургаа дахин, дээд хэмжээ гурав дахин нэмэгдлээ. Зорчих эрхийг хязгаарлах ялын доод хэмжээ таван сараар, дээд хэмжээ хоёр жилээр нэмэгдэж байна.
- Согтуурсан, мансуурсан, жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан бол жолоодох эрхийг 3-5 жил хасах, зорчих эрхийг 1-3 жилээр хязгаарлах, эсвэл 1-3 жилээр хорих ял оногдуулахаар Эрүүгийн хуульд өөрчлөлт боллоо.
- Согтууруулах ундаа хэрэглээгүй үедээ зөрчил гаргаж, хүний амь нас хохироосон бол жолоодох эрхийг 5-8 жил хасах, зорчих эрхийг 1-5 жилээр хязгаарлах, эсвэл 1-5 жилээр хорих ял оногдуулахаар боллоо.
Харин согтуурсан, мансуурсан үедээ машин жолоодож яваад хоёр ба түүнээс дээш олон хүний амь нас хохироосон бол жолоодох эрхийг 8-12 жил хасаж, 2-8 жилээр хорих ял оногдуулна. Хуулийн эдгээр өөрчлөлт нь 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөж эхэлсэн.
Цаг үе
Шадар сайд Н.Номтойбаяр Улсын онцгой комиссын шийдвэрийг танилцууллаа
Монгол Улсын Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу Улсын онцгой комисс 2026.10.09 хуралдлаа. Хуралдааны шийдвэрийг Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Н.Номтойбаяр танилцуулав.
ОХУ-ын Эрхүү хотод тарваган тахалтай холбоотой байж болзошгүй нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан Улсын онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Өнгөрсөн шөнө ОХУ-ын Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, хүний сайн сайхан байдал, эрүүл мэнд, эрүүл ахуйн асуудал хариуцсан холбооноос албан ёсны хариу иржээ. Шинжилгээний дүнгээр Ковид-19 болон риновирусын тус тус хоёр тохиолдол илэрсэн. Бусад аюултай халдварт өвчний шинж илрээгүй гэв.

Шадар сайдын өгсөн мэдээллээр баавгай суурьшлын бүсэд орж ирсэн дуудлага мэдээлэл 557 ирсэн, есөн баавгайг аюулгүй болгожээ. Шадар сайд Н.Номтойбаяр амиа алдсан иргэний ар гэрт Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын нэрийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийллээ.
Засгийн газрын тогтоол гарч, Амьтны тухай хууль, Хил хамгаалах тухай хууль, Эрүүгийн хуулийг тус тус үндэслэн тусгайлан тогтоосон бүсэд баавгай агнах зөвшөөрөл олгох шийдвэр гарчээ. Тогтоосон байршлаас өөр газар, өөр зорилгоор ан агнасан тохиолдолд Эрүүгийн хууль үйлчлэхийг анхааруулж,хяналтаа сайжруулахыг орон нутгийн удирдлагуудад үүрэг, даалгавар өгсөн байна.
Мал, амьтны гоц халдварт ямааны годрон өвчнөөс сэргийлэх, зайлшгүй шаардлагаар хэрэглэх вакцин үйлдвэрлэх, нөөц бүрдүүлэхэд шаардагдах санхүүжилтийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэсэн. Малын гоц халдвар өвчлөлтэй холбоотой асуудлаар малчид сонор сэрэмжтэй, хариуцлагатай байх шаардлагатайг Шадар сайд тэмдэглэлээ. Өвчний халдварын голомтыг таслан зогсоох зорилгоор устгасан малын тоо, малчин өрхийн мэдээллийг нарийвчлан гаргаж, малчдыг хохиролгүй болгох, цаашлаад буруутай этгээдээр хохирлыг төлүүлнэ гэлээ. Мөн аль болох устгал хийхгүй, малыг эрүүлжүүлэхэд анхаарч ажиллаж байгааг хэлэв.

Цаг үе
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Суурьшлын бүсэд хүрэн баавгай орж ирж, эрдэнэт хүний амь нас хохирсон эмгэнэлт явдал тохиолоо. Амь насаа алдсан иргэний ар гэр, төрөл төрөгсдөд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс Ерөнхий сайд гүн эмгэнэл илэрхийлэв.
Хүний амь нас, эрүүл мэндэд аюул учруулж буй нөхцөл байдалтай холбогдуулан иргэдийн аюулгүй байдлыг хамгаалж, эрсдэлийг бууруулах шуурхай арга хэмжээ авч, салбар хоорондын нэгдсэн зохион байгуулалтаар хангаж ажиллахыг Улсын Онцгой комисс, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яамны удирдлагуудад /2026.10.09/ үүрэг болголоо
Баавгай хүний аминд хүрч хөнөөж байхад хууль, дүрэм өөрчилье гэж ярьж, хугацаа алдах эрх бидэнд байхгүй. Эрх зүйн өөрчлөлтөөс өмнө одоо байгаа хуулийн хүрээнд иргэдээ хамгаалж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг шуурхай авч ажиллахыг анхааруулав.

Цагдаа, дотоодын цэрэг, зэвсэгт хүчин, байгаль хамгаалагч, мэргэжлийн анчдын багийг эрсдэлтэй байршлуудад илгээх, мэргэжлийн байгууллагуудыг 24 цаг ажиллууллах, Улсын Онцгой комисс иргэдэд шаардлагатай мэдээллийг өдөр бүр хүргэж ажиллахыг даалгалаа.
Иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах болон баавгайг барих, тээвэрлэх, тохиромжтой нутагт нутагт шилжүүлэн тавих арга хэмжээг шуурхай зохион байгуулахыг холбогдох албан тушаалтнуудад даалгасан, баавгайн унтуулгын буу, эм, урвалж бодис, багаж хэрэгслийг хил, гаалиар оруулж ирэх асуудлыг шуурхайн зохион байгуулахад шаардлагатай нэг тэрбум төгрөгийн санхүүжилтийг Засгийн газар шийдвэрлэсэн. Хэрэгжилтэд нь анхаарч ажиллах, техник, технологийн дэвшлээр баавгайн тоо толгойн мэдээллийг гаргахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.


Цаг үе
Чингэлтэй дүүргийн Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэнд Зүүн Хүрээ Дашчойлин хийдийн лам нар мод тарилаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хэрэгжүүлж буй намрын мод тарих нэгдсэн арга хэмжээгээр Чингэлтэй дүүргийн Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэн буюу Самбалхүндэвийн оршуулгын газарт Зүүн Хүрээ Дашчойлин хийдийн лам нар мод тарилаа.

Энэ үеэр УБЗАА-ны хотын ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийн дарга С.Эрдэнэсайхан “Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хэрэгжүүлж буй намрын мод тарих нэгдсэн арга хэмжээ есдүгээр сарын 15-наас аравдугаар сарын 25-ны хооронд үргэлжилж байна. Есдүгээр сарын 15-наас хойш нийслэлийн хэмжээнд 250 орчим мянган мод тарьсан. Хавар, намрын мод тарих арга хэмжээгээр 1.3-1.4 сая мод тарих зорилтыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Самбалхүндэвийн оршуулгын газар нийт 71 га талбайтай. Үүнээс 10 га талбайг чөлөөлж, 2 га талбайд тохижилт хийсэн. Цаашид нийт талбайг чөлөөлөх, тохижилт, ногоон байгууламжийн ажлуудыг төлөвлөгөөний дагуу хийнэ” гэлээ.

Чингэлтэй дүүргийн менежер Д.Уянга “Чингэлтэй дүүрэг намрын мод тарих арга хэмжээнд нэгдэж, гурван байршилд ногоон байгууламжийг нэмэгдүүлэн ажиллаж байна. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, төр, нийгмийн байгууллагуудтай хамтран мод тарих арга хэмжээг үе шаттай зохион байгуулж байна” гэв.
Чингэлтэй дүүргийн Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэнд 18 нэр төрлийн 5510 бут, мод, сөөг тарьж, 10 мянга гаруй ам метр талбайд зүлэгжүүлэлт хийжээ. Зүүн Хүрээ Дашчойлин хийдийн лам нар намрын мод тарих арга хэмжээнд бүх нийтээрээ оролцохыг уриаллаа.








