Шударга мэдээ
Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна
Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт 58 зүйлийн хөхтөн амьтан тархсан байдаг. Нийслэлийн зуслангийн бүсэд эмх замбараагүй, стандартгүй хашаа ихээр барьснаас үүдэн амьтад хүнээс, зэрлэгшсэн нохдоос үргэх, идэш тэжээл хайх үедээ хашаанд сүлбүүлэх, хавчуулагдаж хорогдох тохиолдол гардаг.
Тодруулбал, 2018-2025 онд хашаанд сүлбэгдэж болон хавчуулагдаж 44 зэрлэг амьтан хорогджээ. Тиймээс НБОГ-аас Улаанбаатар хотын зуслангийн бүс болон улсын тусгай хамгаалалтай газар нутгийн хашаанд тавигдах стандартыг батлуулж, энэ оны 10-р сарын 1-нээс хэрэгжүүлж байна.

НБОГ-ын Ногоон бүсийн ашиглалт, хамгаалалтын хэлтсийн дарга Ц.Цолмонбаатар “2018-2025 онд хашаанд сүлбэгдэж болон хавчуулагдаж 44 зэрлэг амьтан хорогдсон. Эдгээрээс 15 нь Монгол Улсын ховор амьтны жагсаалтад орсон хариун буга байна. Энэ нь экологи эдийн засгийн үнэлгээгээр 100 гаруй сая төгрөгийн хохирол байгальд учруулсан гэсэн үг юм. Тиймээс нийслэлийн Байгаль орчны газар 2020 оноос эхлэн Улаанбаатар хотын зуслангийн бүс болон улсын тусгай хамгаалалтай газар нутгийн хашаанд тавигдах стандартыг боловсруулж, батлуулсан. Улмаар уг стандарт 2025 оны 10 дугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлээд байна. Стандартад хашаа 1.2 метрээс өндөргүй байх, газрын гадаргаас 45 см-ийн зайтай буюу жижиг биетэй амьтан шургаж гарах боломжтой байх ёстой гэж заасан. Мөн хашааны төмөр хоорондын зай долоон см байхаар тусгасан. Тиймээс иргэн, ААН-ийн хашааг стандартад нийцүүлэхээр мэдэгдэл хүргүүлж байна. Зуслангийн бүсэд оршин суудаг, үйл ажиллагаа явуулдаг иргэн, ААН-үүд зэрлэг амьтанд ээлтэй хашааны стандартыг өмчийн хэлбэр үл харгалзан заавал мөрдөхийг уриалж байна” гэв.

НБОГ-ын амьтан, ургамлын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Баньд “Нийслэлийн хэмжээнд 2018-2025 онд 700 орчим дуудлагаар 800 орчим амьтныг авран хамгаалж буцааж байгальд нь тавьсан. Эдгээрийн 200 орчим нь гэмтэж, бэртэж, тусламж авсан. Амьтдыг нийслэлийн ногоон бүсэд оруулахгүй байхын тулд жил бүрийн хавар болон намрын улиралд тухайн амьтны байршил нутагт нь буюу нийслэл орчмын найман байршилд 18 цэгт биотехникийн арга хэмжээ авдаг. Тус ажил үр дүнгээ өгдөг” гэв.


Шударга мэдээ
Шатахууны нөөцийг нэмэгдүүлэх, доголдлыг арилгахад анхаарч байна
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахууны нөхцөл байдалтай холбогдуулан цаг үеийн асуудлаар ээлжит хэвлэлийн бага хурал хийлээ.
Тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв мэдээллийн эхэнд Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах шуурхай штаб нь богино хугацаанд нөөцийг нэмэгдүүлэх, доголдлыг арилгахад анхаарч ажиллаж байгааг онцоллоо.
Тэрбээр "Өнгөрсөн хоногт Улаанбаатар хотод 155 ШТС, орон нутгийн 80 ШТС-д түгээлт хийсэн байна. Улаанбаатар хотод автомашины тэгш, сондгой дугаараар хэрэглэгчдэд нэг удаа 50,000 төгрөг хүртэл автобензин олгох зохицуулалт хэрэгжиж байгаа бөгөөд зөөврийн саванд олгохгүй. Энэ нь аюулгүй байдлыг хангах үүднээс болон дамлан худалдахаас сэргийлж буй юм. Орон нутгийн иргэд намрын ургац хураалт, хадлантай холбоотой ШТС-уудаар зөөврийн саваар автобензин авч болно. Улаанбаатар хотод автомашины тэгш, сондгой дугаараар хэрэглэгчдэд нэг удаа 50,000 төгрөг хүртэл автобензин олгох зохицуулалт энэ сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд энэ үед нөөцийг хэвийн болгох, хэвийн горимоор ажлаа үргэлжүүлнэ гэж найдаж байна. Шатахууны нөөцийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тогтворжуулах хүрээнд бусад эх үүсвэрийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч байна. Замын-Үүд боомтоор 2000 тонн дизель түлш орж ирсэн бөгөөд шилжүүлэн ачих ажиллагаа хийгдэж байна" гэлээ гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээллээ.
Шударга мэдээ
Шатахууны импортын гаалийн албан татварыг 2027 оны хоёрдугаар сарын 1 хүртэл тэглэнэ
Засгийн газрын 2026 оны наймдугаар сарын 5-ны өдрийн ээлжит хуралдаанд “Автобензин, дизель түлшний онцгой албан татварын тухай” асуудлыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням танилцууллаа.
Монгол Улс 2026 оны наймдугаар сард ОХУ-ын “Роснефть”, “Нефтьхимисервис”, “Газпром нефть” болон бусад компани, БНХАУ, БНСУ-аас нийт 86,460 тонн АИ-92 автобензин, 1,280 тонн АИ-95 автобензин, 178,650 тонн дизель түлш, 7,000 тонн онгоцны түлш авахаар захиалгаа баталгаажуулж, гэрээ байгуулжээ.
Ойрх Дорнод дахь геополитикийн нөхцөл байдал, Орос, Украины дайнаас шалтгаалсан газрын тосны үнийн өсөлт дэлхийн зах зээлд буураагүй байна. Үүний улмаас наймдугаар сард хил үнэ тонн тутамд дахин өсөж, ОХУ болон бусад эх үүсвэрээс худалдан авах шатахууны үнэ 1,200-2,000 ам.долларт хүрчээ.
Иймд дотоодын зах зээл дэх үнийн өсөлтийг сааруулахын тулд гаалийн болон онцгой албан татварыг тэглэх шаардлага үүссэнийг салбарын сайд танилцуулсан байна.
Ерөнхий сайд Н.Учрал ОХУ шатахууны бүх төрөлд экспортын хориг тавьсан ч Монгол Улс уг хоригт хамрагдахгүй гэдгийг онцоллоо. Мөн БНХАУ, БНСУ-аас шаардлагатай түлш, шатахуун нийлүүлэхээр тохиролцсон байна.
Тэрбээр шатахууны нөөц, түгээлтийн мэдээллийг иргэдэд ил тод хүргэж, 33 жилийн дараа анх удаа хэрэгжиж буй шатахуун нөөцлөх 22 сав, агуулахын барилгын ажлын явцыг Засгийн газар болон олон нийтэд тогтмол мэдээлэхийг үүрэг болгожээ.
“Газрын тосны бүтээгдэхүүний хомсдолоос сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолоор бүх төрлийн шатахууны импортын гаалийн албан татварыг 2027 оны хоёрдугаар сарын 1 хүртэл тэг хувиар тогтоолоо.
Мөн газрын тосны бүтээгдэхүүн, шатахууныг хилээр шуурхай нэвтрүүлэх, тээвэрлэх, буулгах, гадаад вагонцистерний ашиглалтын төлбөр, хураамжийг хөнгөвчлөх, шаардлага хангасан зөвшөөрлийн хүсэлтийг түргэн шийдвэрлэх, шатахууны нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.
