Шударга мэдээ
Дүүжин замын тээврийн төслийн бүтээн байгуулалтад НОБГ хамтран ажиллаж байна
Нийтийн тээврийн үйлчилгээний төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах зорилгоор “Дүүжин замын тээвэр” төслийг хэрэгжүүлж буй.
Яармагаас Хархорины Өнөр хороолол чиглэлд баригдаж буй Дүүжин замын тээврийн төсөл нь 4.2 км-ийн урттай, хоёр зогсоолтой, 7.5-46 метрийн өндөр, нийт 19 тулгуур баганатай байх юм. Оргил цагийн үед 2320 хүн тээвэрлэх хүчин чадалтай байх бөгөөд 22 км цагийн хурдтайгаар зорчигчдыг 11 минутад хүргэнэ.
Тээврийн үйл ажиллагааг аюулгүй системээр бүрэн хангах хүрээнд дэлхийд тэргүүлэгч "Пома групп"-ээс эд ангиудыг 100 хувь нийлүүлж, угсралтыг Франц инженерүүд ахлан гүйцэтгэж буй. Төслийн бүтээн байгуулалтын үе шатуудад Онцгой байдлын ерөнхий газар болон Нийслэлийн Аврах 105 дугаар ангитай тогтмол хамтран ажиллаж, аюулгүй ажиллагааны зааварчилгаа, сургалт, зөвлөмжийг тогтмол авч хэрэгжүүлж байна. Тулгуур баганын суурь суулгах, ган татлага татах, өргөлт угсралтын ажиллагаа зэрэг өндөр эрсдэлтэй үе шатуудад хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны хяналтыг НОБГ-аас байнгын горимоор хэрэгжүүлж, хамтарсан үнэлгээ хийж байна. "Пома групп", ОБЕГ болон төслийн ашиглалтын байгууллагатай хамтран зорчигчийн аюулгүй ажиллагааны тусгай сургалт, гэнэтийн ослын үед авах арга хэмжээний дадлага сургалтыг зохион байгуулахаар төлөвлөөд байна.
Барилга угсралтын ажил бүрэн дууссаны дараа гурван сарын хугацаанд системийн туршилт, тохируулга, зүгшрүүлэлтийн ажлыг гүйцэтгэх юм. Энэ хугацаанд зорчигч тээвэрлэхгүй бөгөөд ачааллын туршилтыг ус болон шуудайтай элс ашиглан, кабин бүрийн багтаамжид дүйцэх 750 кг жингээр шат дараатай хийж гүйцэтгэнэ. Нэг кабинд 10 зорчигч багтах хүчин чадалтай бөгөөд туршилтын үр дүнгээр системийн найдвартай ажиллагаа, цахилгаан, механик, хяналтын дэд системүүдийн уялдааг бүрэн шалгах юм. Систем нь цахилгаан тасарсан тохиолдолд зогсолтгүй ажиллах автомат нөөц генератороор тоноглогдсон. Энэхүү цахилгаан хангамжийн давхар хамгаалалт нь зорчигчдыг буулгах горимыг аюулгүй гүйцэтгэх боломжийг бүрдүүлдэг бөгөөд аливаа саатал, хүндрэл үүсэхээс урьдчилан сэргийлнэ.
Түүнчлэн "Улаанбаатар кабель кар" ОНӨТҮГ байгуулж, дүрэм батлах тухай НИТХ-ын 25/91 дугаартай тогтоол 2025 оны долоодугаар сарын 08-ны өдөр гарсан. Үүнтэй холбоотойгоор 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр "Улаанбаатар кабель кар" ОНӨТҮГ-ын бүтцийн зохион байгуулалт, орон тоог батлах тухай НЗД-ын А/1490 дугаартай захирамж гарсан. Тус байгууллага дүүжин замын тээврийн ашиглалт, засвар үйлчилгээ, системийн хяналтыг хариуцан ажиллах юм.
Тус төсөл ашиглалтад орсноор ямар хууль, стандартаар зохицуулах тухайд, Монгол Улсын хэмжээнд Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2010 оны 413 дугаар тушаалын 1-р хавсралтаар батлагдсан “Зорчигчийн ган татлагат дүүжин болон чирэх замыг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм”-ийг мөрддөг. Мөн Нийслэл Улаанбаатар хотод дүүжин замын тээврийг нэвтрүүлэхтэй холбоотойгоор Европын Холбооны "Хүн тээвэрлэх зориулалттай дүүжин замын тээврийн байгууламжийн аюулгүй байдлын шаардлага" бүхий 15 багц стандартыг 2023, 2024 онд MNS болгон нутагшуулан батлуулсан. Түүнчлэн Их багтаамжийн нийтийн тээврийн хуулийн төслийн хүрээнд Дүүжин замын тээврийн системийн хууль эрхзүйн орчинг боловсронгуй болгохоор ажиллаж байна. Европын улс орнуудад дүүжин замын тээврийн системд тусгайлан зориулсан хууль эрхзүйн орчин байдаггүй бөгөөд дээрх "Хүн тээвэрлэх зориулалттай дүүжин замын тээврийн байгууламжийн аюулгүй байдлын шаардлага"-ын стандартыг мөрддөг аж.


Шударга мэдээ
Шатахууны нөөцийг нэмэгдүүлэх, доголдлыг арилгахад анхаарч байна
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахууны нөхцөл байдалтай холбогдуулан цаг үеийн асуудлаар ээлжит хэвлэлийн бага хурал хийлээ.
Тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв мэдээллийн эхэнд Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах шуурхай штаб нь богино хугацаанд нөөцийг нэмэгдүүлэх, доголдлыг арилгахад анхаарч ажиллаж байгааг онцоллоо.
Тэрбээр "Өнгөрсөн хоногт Улаанбаатар хотод 155 ШТС, орон нутгийн 80 ШТС-д түгээлт хийсэн байна. Улаанбаатар хотод автомашины тэгш, сондгой дугаараар хэрэглэгчдэд нэг удаа 50,000 төгрөг хүртэл автобензин олгох зохицуулалт хэрэгжиж байгаа бөгөөд зөөврийн саванд олгохгүй. Энэ нь аюулгүй байдлыг хангах үүднээс болон дамлан худалдахаас сэргийлж буй юм. Орон нутгийн иргэд намрын ургац хураалт, хадлантай холбоотой ШТС-уудаар зөөврийн саваар автобензин авч болно. Улаанбаатар хотод автомашины тэгш, сондгой дугаараар хэрэглэгчдэд нэг удаа 50,000 төгрөг хүртэл автобензин олгох зохицуулалт энэ сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд энэ үед нөөцийг хэвийн болгох, хэвийн горимоор ажлаа үргэлжүүлнэ гэж найдаж байна. Шатахууны нөөцийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тогтворжуулах хүрээнд бусад эх үүсвэрийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч байна. Замын-Үүд боомтоор 2000 тонн дизель түлш орж ирсэн бөгөөд шилжүүлэн ачих ажиллагаа хийгдэж байна" гэлээ гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээллээ.
Шударга мэдээ
Шатахууны импортын гаалийн албан татварыг 2027 оны хоёрдугаар сарын 1 хүртэл тэглэнэ
Засгийн газрын 2026 оны наймдугаар сарын 5-ны өдрийн ээлжит хуралдаанд “Автобензин, дизель түлшний онцгой албан татварын тухай” асуудлыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням танилцууллаа.
Монгол Улс 2026 оны наймдугаар сард ОХУ-ын “Роснефть”, “Нефтьхимисервис”, “Газпром нефть” болон бусад компани, БНХАУ, БНСУ-аас нийт 86,460 тонн АИ-92 автобензин, 1,280 тонн АИ-95 автобензин, 178,650 тонн дизель түлш, 7,000 тонн онгоцны түлш авахаар захиалгаа баталгаажуулж, гэрээ байгуулжээ.
Ойрх Дорнод дахь геополитикийн нөхцөл байдал, Орос, Украины дайнаас шалтгаалсан газрын тосны үнийн өсөлт дэлхийн зах зээлд буураагүй байна. Үүний улмаас наймдугаар сард хил үнэ тонн тутамд дахин өсөж, ОХУ болон бусад эх үүсвэрээс худалдан авах шатахууны үнэ 1,200-2,000 ам.долларт хүрчээ.
Иймд дотоодын зах зээл дэх үнийн өсөлтийг сааруулахын тулд гаалийн болон онцгой албан татварыг тэглэх шаардлага үүссэнийг салбарын сайд танилцуулсан байна.
Ерөнхий сайд Н.Учрал ОХУ шатахууны бүх төрөлд экспортын хориг тавьсан ч Монгол Улс уг хоригт хамрагдахгүй гэдгийг онцоллоо. Мөн БНХАУ, БНСУ-аас шаардлагатай түлш, шатахуун нийлүүлэхээр тохиролцсон байна.
Тэрбээр шатахууны нөөц, түгээлтийн мэдээллийг иргэдэд ил тод хүргэж, 33 жилийн дараа анх удаа хэрэгжиж буй шатахуун нөөцлөх 22 сав, агуулахын барилгын ажлын явцыг Засгийн газар болон олон нийтэд тогтмол мэдээлэхийг үүрэг болгожээ.
“Газрын тосны бүтээгдэхүүний хомсдолоос сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолоор бүх төрлийн шатахууны импортын гаалийн албан татварыг 2027 оны хоёрдугаар сарын 1 хүртэл тэг хувиар тогтоолоо.
Мөн газрын тосны бүтээгдэхүүн, шатахууныг хилээр шуурхай нэвтрүүлэх, тээвэрлэх, буулгах, гадаад вагонцистерний ашиглалтын төлбөр, хураамжийг хөнгөвчлөх, шаардлага хангасан зөвшөөрлийн хүсэлтийг түргэн шийдвэрлэх, шатахууны нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.
