Бидэнтэй нэгдэх

Цаг үе

“Та Докду арлын талаар сонсож байсан уу?”

Огноо:

,

Солонгос улсад Аялал зуучлалын докторантад сурдаг миний бие харийн улсыг зорьсон зорилгоо биелүүлэхийн тулд Өдөр бүрийг үр бүтээлтэй өнгөрөөж, өөрийгөө хөгжүүлэхийн төлөө хичээн зүтгэж байна.

Тиймээс эрдэм шинжилгээний хурал, гадуур зохиогдож байгаа үйл ажиллагаануудад чадахаараа идэвхтэй оролцож илүү суралцаж, мэдлэгээ тэлэхийг зорьдог. Энэ удаа “Дэлхийн Докдугийн сурвалжлагч” хөтөлбөрөөр олон орны оюутнуудтай мөр зэрэгцэн Солонгосын үзэсгэлэнт арал болох Докду аралтай танилцан, түүх соёлыг судлах ховор боломж надад тохиосон юм. Тус хөтөлбөрийн гол зорилго нь Докду арлын үнэ цэнийг дэлхий нийтэд таниулах явдал билээ.

2025 оны арваннэгдүгээр сард би Уллындо(Ulleungdo) арлаар дамжин усан онгоцоор Докду арал руу аялсан юм. Багаасаа аялалд дуртай байсан болоод ч тэрүү сүүлийн жилүүдэд Олон улс уруу аялсан түүх бүтээж чадсан нь миний докторт суралцах үйл явц болон судалгаа хийхэд ч гэсэн том нөлөөллийг үзүүлж байгаа гэж хардаг. Энэ удаагийн аялал маань усан онгоцны аялал байсан тул урьдны бүх аяллаас илүү догдлом, хүлээлттэй, сэтгэл хөдөлгөм байлаа.

Докду арал нь Солонгос улсаас 217 км, Япон улсаас 220 км зайд, Зүүн тэнгисийн хамгийн зүүн хэсэгт байрладаг. Галт уулын дэлбэрэлтээс үүссэн хоёр том хадархаг арал, хэд хэдэн шүрэн хаднаас бүрдэх бөгөөд олон төрлийн далайн амьтан, ховор шувуудын өлгий нутаг, далайн экосистемийн судалгаанд онцгой ач холбогдолтой газар юм.

 Сүүлийн үед Солонгос, Японы хооронд газар нутгийн маргаан хэвлэл мэдээллээр их гарах болсон бөгөөд энэхүү газар нутгийн маргааны төв болсон сэдэв бол Докду арлын газрын маргаан зүй ёсоор ордог. Докду арал бол өглөөний нарыг хамгийн түрүүнд үзэж болох байгалийн үзэсгэлэнгээрээ гайхагдахын зэрэгцээ газрын гүндээ асар их байгалийн баялагтай гэгддэг хосгүй үзэсгэлэнт байгалийн бүтэцийг харуулсан арал юм.

Япон улс Докдуг өөрийн газар нутаг гэж үздэг бол Солонгосын Засгийн газар Докду нь эртнээс Солонгосчуудын эзэмшил нутаг гэдгийг баталгаажуулах, дэлгэрүүлэхэд анхаарч байна. Түүхэн баримтуудаар ч Солонгосчууд энэхүү аралд эртнээс суурьшиж ирсэн нь нотлогддог бөгөөд өнөөдөр ч тус арал дээр Солонгос иргэд амьдарч, хамгаалж байдаг. Докду бол Солонгосын ард түмний хувьд дайны үеийн хүнд цаг үеийг санагдуулдаг, гашуун дурсамж тээсэн ариун газар юм.

Солонгосчууд Докдуг зорихдоо ихэвчлэн нулимстайгаар дурсгалын зураг даруулж, газар нутгийн үнэ цэн, бахархлаа илэрхийлдэг. Мөн үе үеийн уран бүтээлчид Докдугийн тухай олон дуу, шүлэг, өгүүлэл туурвисан байдаг.  Солонгост ирсний дараа би ‘Докду бол манай газар’ хэмээн дуулж буй бага ангийн хүүхдүүдийг хараад энэ арал ямар утга учир, түүхэн үнэ цэн агуулж байгаа болоод хүүхдүүд хүртэл ингэж дуулдаг билээ гэж ихэд сонирхон интернетээс хайж байсан үе саяхан. Хайлт хийсний дараа ийм их үнэ цэнээр олдсон учир түүнийгээ алдахгүйн тулд хойч үедээ хүртэл өвлүүлэхийн төлөө хичээж байгаа сэтгэлийг нь ойлгосон.

Арал дээр хөл тавьсан мөчид миний сэтгэлд гүн сэтгэгдэл төрсөн. Догдлол, сониуч зан зэрэгцэн хөдөлж, аралд очсон тэр мөчид энэ бүхэн улам хүчтэй мэдрэгдсэн юм. Үгээр илэрхийлэхийн аргагүй үзэсгэлэнт энэ арал хязгаар үгүй далайн дунд орших нэгэн гайхамшиг байлаа. Ийм үзэсгэлэнтэй газар тул өөр улс орнууд ч анхаарлаа хандуулж, шунан дурлах нь аргагүй мэт санагдсан. Байгалийн гоо үзэсгэлэнг бишрэхийн зэрэгцээ аяллын хөтөлбөрийн үеэр танилцсан түүхэн баримт, соёлын өв, арлын тухай өгүүлэмжүүд нь энэ газар бол зүгээр нэг арал бус  Солонгосын ард түмний түүх, өв соёлын амьд гэрч гэдгийг улам тод харуулсан. Энэ бүхнийг биеэр мэдэрсний дараа би энэхүү гайхамшигт арлыг дэлхий дахинд таниулж, түүний үнэ цэнийг олон нийтэд хүргэх хүсэл тэмүүллээр дүүрсэн юм.

Мэргэжлийн үүднээс харахад, Докдугийн байгалийн болон газарзүйн онцлог нь эко аялал жуулчлалын нөөц болох боломжийг тодорхой харуулдаг. Байгальд хор хөнөөл учруулахгүйгээр хүмүүст танин мэдэх, суралцах боломж олгох тогтвортой аялал жуулчлалын жишиг загвар болж хөгжих бүрэн потенциалтай. Ийм байгалийн өвийг дайн, маргааны төв болгож биш, харин энх тайвны бэлгэдэл болгон хамгаалах нь хүн төрөлхтний үүрэг гэж бодож байна.

Энэхүү хөтөлбөрт оролцсоноор би Докду арлын үнэ цэнэ, нийгмийн эв нэгдлийн чухлыг гүнзгий ойлгосон. Цаашид өөрийн эх орондоо ч байгалийн болон түүхийн үнэ цэнтэй газруудаа хамгаалж, танин мэдүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулахыг зорьж байна.

Мөн "Дэлхийд Докдуг таниулах сурвалжлагч" хүний хувьд миний мэдэрсэн бас нэг чухал зүйл бол Докду нь Өмнөд Солонгос, Японы хооронд газар нутгийн маргаантай байгаа нь бүрэн эрхт байдлын зөрчил үргэлжилсээр, цаашлаад дэлхийн амар тайван алдагдахвий гэсэн айдас байлаа. Солонгосчуудын хувьд Докду арал энх тайван байх нь дэлхийн энх тайвны бэлгэ тэмдэг гэж үзэхүйц хэмжээнд том ач холбогдол өгч байгаа ба үүнээс улбаалан дэлхийг амар тайван бус байлгахыг хүсэхгүй байгаа учраас өөрсдийн гэсэн газар нутаг дээрээ маргаанаа дуусгахыг хүсч байгаа байр суурьтай байгаа юм.

Иймээс Докду арлыг зөвхөн газар нутгийн маргааны төв бус, харин дэлхий нийтэд энх тайвныг бэлгэдэх ариун газар хэмээн ойлгох хэрэгтэй гэж үзэж байна.

Докторант Ганбатын Эрдэнэсувд
Гангненг Их Сургууль

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо

Огноо:

,

Энэ сарын 10-нд Европын олон улсад Палестиныг дэмжсэн жагсаал болжээ. Жагсагчид Израилийг палестинчуудын эсрэг үйлдэж буй геноцидоо зогсоохыг шаардаж, Европын орнуудын засгийн газруудыг Израильд зэвсэг нийлүүлэх болон бусад хэлбэрээр дэмжлэг үзүүлэхээ зогсоохыг уриалсан байна.
 
Мөн өдөр Их Британийн Лондон хотод олон мянган хүн цуглан Палестиныг дэмжсэн жагсаалд оролцжээ. ХТРТ-ийн сэтгүүлч Чэнь Линьцунь:Лондон хотын төвийн зарим замыг хааж, жагсаалын цуваа нэвтрэх нөхцөлийг бүрдүүлсэн. Сүүлийн хоёр жилийн хугацаанд Лондон хотод амралтын өдрүүдээр Палестиныг дэмжсэн ийм жагсаал зохион байгуулагдах нь түгээмэл болсон байна.

Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.

 
Жагсагч: Би өөрийн гараар урласан, Газад амь үрэгдсэн 182 хүний нэрийг хатгамалсан энэ даавууг үзүүлэхээр ирлээ. Их Британи Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоож, олон улсын хуулийн дагуу хориг арга хэмжээ авах ёстой.
 
Жагсагч:Бид энд ирэхгүй байж болохгүй. Газын зурваст болж буй бүхнийг хараад дуугүй сууж болохгүй, бид заавал дуу хоолойгоо хүргэх ёстой. Хэрэв бид дуугарахгүй бол дараагийн хохирогч нь бид өөрсдөө байж мэднэ.
 
Аравдугаар сарын 10-нд Грекийн Афин хотод мөн Палестиныг дэмжсэн жагсаал болсон. Жагсагчид Израилийн геноцидын үйлдлийг зогсоох ёстой гэж мэдэгдсэн байна.
 
Жагсагч:Палестинд болж буй геноцидыг зогсоох ёстой. Үүний төлөө олон улсын хамтын нийгэмлэг бүхэлдээ хүчин чармайлт гаргах хэрэгтэй. Мөн өдөр Герман, Франц, Итали, Ирланд зэрэг Европын бусад олон улсад Палестиныг дэмжсэн жагсаал болжээ
Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Шадар сайд Н.Номтойбаяр Улсын онцгой комиссын шийдвэрийг танилцууллаа

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу Улсын онцгой комисс 2026.10.09 хуралдлаа. Хуралдааны шийдвэрийг Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Н.Номтойбаяр танилцуулав. 

ОХУ-ын Эрхүү хотод тарваган тахалтай холбоотой байж болзошгүй нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан Улсын онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Өнгөрсөн шөнө ОХУ-ын Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, хүний сайн сайхан байдал, эрүүл мэнд, эрүүл ахуйн асуудал хариуцсан холбооноос албан ёсны хариу иржээ. Шинжилгээний дүнгээр Ковид-19 болон риновирусын тус тус хоёр тохиолдол илэрсэн.  Бусад аюултай халдварт өвчний шинж илрээгүй гэв. 

Шадар сайдын өгсөн мэдээллээр баавгай суурьшлын бүсэд орж ирсэн дуудлага мэдээлэл 557 ирсэн, есөн баавгайг аюулгүй болгожээ. Шадар сайд Н.Номтойбаяр амиа алдсан иргэний ар гэрт Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын нэрийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийллээ.

Засгийн газрын тогтоол гарч, Амьтны тухай хууль, Хил хамгаалах тухай хууль, Эрүүгийн хуулийг тус тус үндэслэн тусгайлан тогтоосон бүсэд баавгай агнах зөвшөөрөл олгох шийдвэр гарчээ. Тогтоосон байршлаас өөр газар, өөр зорилгоор ан агнасан тохиолдолд Эрүүгийн хууль үйлчлэхийг анхааруулж,хяналтаа сайжруулахыг орон нутгийн удирдлагуудад үүрэг, даалгавар өгсөн байна.  

Мал, амьтны гоц халдварт ямааны годрон өвчнөөс сэргийлэх, зайлшгүй шаардлагаар хэрэглэх вакцин үйлдвэрлэх, нөөц бүрдүүлэхэд  шаардагдах санхүүжилтийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэсэн. Малын гоц халдвар өвчлөлтэй холбоотой асуудлаар малчид сонор сэрэмжтэй, хариуцлагатай байх шаардлагатайг Шадар сайд тэмдэглэлээ.  Өвчний халдварын голомтыг таслан зогсоох зорилгоор устгасан малын тоо, малчин өрхийн мэдээллийг нарийвчлан гаргаж, малчдыг хохиролгүй болгох, цаашлаад буруутай этгээдээр хохирлыг төлүүлнэ гэлээ. Мөн аль болох устгал хийхгүй, малыг эрүүлжүүлэхэд анхаарч ажиллаж байгааг хэлэв. 

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

Огноо:

,

Суурьшлын бүсэд хүрэн баавгай орж ирж, эрдэнэт хүний амь нас хохирсон эмгэнэлт явдал тохиолоо. Амь насаа алдсан иргэний ар гэр, төрөл төрөгсдөд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс Ерөнхий сайд гүн эмгэнэл илэрхийлэв. 

Хүний амь нас, эрүүл мэндэд аюул учруулж буй нөхцөл байдалтай холбогдуулан иргэдийн аюулгүй байдлыг хамгаалж,  эрсдэлийг бууруулах шуурхай арга хэмжээ авч, салбар хоорондын нэгдсэн зохион байгуулалтаар хангаж ажиллахыг  Улсын Онцгой комисс, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яамны удирдлагуудад /2026.10.09/ үүрэг болголоо

Баавгай хүний аминд хүрч хөнөөж байхад хууль, дүрэм өөрчилье гэж ярьж, хугацаа алдах эрх бидэнд байхгүй. Эрх зүйн өөрчлөлтөөс өмнө одоо байгаа хуулийн хүрээнд иргэдээ хамгаалж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг шуурхай авч ажиллахыг анхааруулав.

Цагдаа, дотоодын цэрэг, зэвсэгт хүчин, байгаль хамгаалагч, мэргэжлийн анчдын багийг эрсдэлтэй байршлуудад илгээх, мэргэжлийн байгууллагуудыг 24 цаг ажиллууллах, Улсын Онцгой комисс иргэдэд шаардлагатай мэдээллийг  өдөр бүр хүргэж ажиллахыг даалгалаа.

Иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах болон баавгайг барих, тээвэрлэх, тохиромжтой нутагт нутагт шилжүүлэн тавих арга хэмжээг шуурхай зохион байгуулахыг холбогдох албан тушаалтнуудад даалгасан, баавгайн унтуулгын буу, эм, урвалж бодис, багаж хэрэгслийг хил, гаалиар  оруулж ирэх асуудлыг шуурхайн зохион байгуулахад шаардлагатай нэг тэрбум төгрөгийн санхүүжилтийг Засгийн газар шийдвэрлэсэн. Хэрэгжилтэд нь анхаарч ажиллах, техник, технологийн дэвшлээр баавгайн тоо толгойн мэдээллийг гаргахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо. 

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Цаг үе9 цаг 47 минут

Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо

Улстөр нийгэм9 цаг 54 минут

Гаалийн байгууллага он гарсаар 5.7 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүү...

Цаг үе10 цаг 3 минут

Шадар сайд Н.Номтойбаяр Улсын онцгой комиссын шийдвэрийг танилцуулла...

Цаг үе10 цаг 10 минут

Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуу...

Шударга мэдээ10 цаг 13 минут

Малын органик тэжээлийн “Мимо” үйлдвэр хүчин чадлаа 10 дахин нэм...

Цаг үе10 цаг 19 минут

Чингэлтэй дүүргийн Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэнд Зүүн Хүрээ Дашчо...

Улстөр нийгэм10 цаг 25 минут

Санзайн автобусны эцсийн буудлаас Багабаян амралтын газар хүртэлх 1....

Улстөр нийгэм10 цаг 39 минут

Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа

Шударга мэдээ2026/10/01

"Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл ба...

Цаг үе2026/10/01

Ерөнхий сайд Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа

Санал болгох