Цаг үе
А.Амартүвшин: Гурван төрлийн түлшийг 25.5-26 кг-аар савлаж байна
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин СХД-ийн 33 дугаар хорооны 105 дугаар түлшний цэгт ажиллажээ.
СХД-ийн 33 дугаар хороо нь 7350 өрх, 30 мянган хүн амтай. Өнгөрсөн жил үерт өртсөн айл өрхүүд тус хороонд суурьшиж, шинэ суурьшлын бүс үүсгээд буй. Үүнтэй холбоотойгоор түлшний эрэлт нэмэгдээд байгааг тус хорооны Засаг дарга М.Тэмүгэ хэлж байв.
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин “Өнгөрсөн долоо хоногт иргэдээс түлшний хүрэлцээ муу, түлш савлагаан дээрх жиндээ хүрэхгүй байна гэсэн гомдлууд ирсэн. Иймээс бид өчигдөр Тавантолгой түлш ХХК-д ажиллаж, түлшийг нэмж савлан шуудайндаа 25.5-26 кг болгох үүрэг өгсөн. Өнгөрсөн долоо хоногоос цэгүүдэд борлуулж буй түлшний хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэн. Нийслэлд ажиллаж буй 397 цэгээс 315 цэг нь 2000 гаруй тонны нөөцтэй хонож байгаа. СХД-ийн33 дугаар хороо, Тахилт орчимд 13 цэг үйл ажиллагаа явуулдаг. Энэ цэгүүд 10 тонноор түлш авч байгаа. Өдөрт 130 тонн түлш Тахилтад зарагддаг гэсэн үг юм. Гэвч зарим цэгт 10 тонн түлш буугаад 2-3 цагийн дотор дуусаж байгаа. Иймээс иргэдээс ирж байгаа гомдол тасрахгүй байна. Иймээс зарим цэгт өдөрт 10 тонн түлшээр хоёр удаа цэнэглэж байна. Нэмэлтээр гурван цэгийг нээж, даваа гаргаас нүүрсээ татаж авах үүрэг өгч байна” гэлээ.
Түүнчлэн иргэд Хотула аппликейшн ашиглан цэгүүдийн түлшний нөөцийг харах боломжтой. Нүүрсний цэгүүдэд түлшний нөөц хурдан дуусаж байгаа асуудлыг судалж, “Хотула” аппликейшн дээрх давхардлыг арилгах ажил үргэлжилж байна. Тухайлбал, нүүрсийг тодорхой хэмжээгээр цуглуулж, нам даралтын зуух ашиглаж байгаа иргэн, ААН-д 10-15 мянган төгрөгөөр зарж байсан тохиолдол гарсан. Мөн өнгөрсөн долоо хоногт Налайх, Эмээлтийн постоор 95 шуудай түлш гаргах гэж байсан зөрчлийг илрүүлсэн. Иймээс түр оршин суугчийн нэрээр авсан 33 мянган картыг идэвхгүй болгож, нэг өрхөд нэг карт гэсэн системээр ажиллаж байна. Иргэд “Хотула” апп, “Сайн” карт болон иргэний үнэмлэхийн QR кодоо уншуулаад түлшээ авах боломжтой. Өнөөдрөөс иргэдэд гурван төрлийн түлш санал болгож байна. Хагас коксон шахмал түлш, сайжруулсан шахмал түлш болон 7-10 хоногийн хугацаанд угааж баяжуулсан мидлинг түлшийг борлуулж байна. 12 дугаар сараас 100 хувь хагас коксон шахмал түлшний хэрэглээнд шилжинэ гэдгийг тэрбээр хэлж байв.
Цаг үе
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Цаг үе
Шадар сайд Н.Номтойбаяр Улсын онцгой комиссын шийдвэрийг танилцууллаа
Монгол Улсын Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу Улсын онцгой комисс 2026.10.09 хуралдлаа. Хуралдааны шийдвэрийг Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Н.Номтойбаяр танилцуулав.
ОХУ-ын Эрхүү хотод тарваган тахалтай холбоотой байж болзошгүй нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан Улсын онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Өнгөрсөн шөнө ОХУ-ын Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, хүний сайн сайхан байдал, эрүүл мэнд, эрүүл ахуйн асуудал хариуцсан холбооноос албан ёсны хариу иржээ. Шинжилгээний дүнгээр Ковид-19 болон риновирусын тус тус хоёр тохиолдол илэрсэн. Бусад аюултай халдварт өвчний шинж илрээгүй гэв.

Шадар сайдын өгсөн мэдээллээр баавгай суурьшлын бүсэд орж ирсэн дуудлага мэдээлэл 557 ирсэн, есөн баавгайг аюулгүй болгожээ. Шадар сайд Н.Номтойбаяр амиа алдсан иргэний ар гэрт Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын нэрийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийллээ.
Засгийн газрын тогтоол гарч, Амьтны тухай хууль, Хил хамгаалах тухай хууль, Эрүүгийн хуулийг тус тус үндэслэн тусгайлан тогтоосон бүсэд баавгай агнах зөвшөөрөл олгох шийдвэр гарчээ. Тогтоосон байршлаас өөр газар, өөр зорилгоор ан агнасан тохиолдолд Эрүүгийн хууль үйлчлэхийг анхааруулж,хяналтаа сайжруулахыг орон нутгийн удирдлагуудад үүрэг, даалгавар өгсөн байна.
Мал, амьтны гоц халдварт ямааны годрон өвчнөөс сэргийлэх, зайлшгүй шаардлагаар хэрэглэх вакцин үйлдвэрлэх, нөөц бүрдүүлэхэд шаардагдах санхүүжилтийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэсэн. Малын гоц халдвар өвчлөлтэй холбоотой асуудлаар малчид сонор сэрэмжтэй, хариуцлагатай байх шаардлагатайг Шадар сайд тэмдэглэлээ. Өвчний халдварын голомтыг таслан зогсоох зорилгоор устгасан малын тоо, малчин өрхийн мэдээллийг нарийвчлан гаргаж, малчдыг хохиролгүй болгох, цаашлаад буруутай этгээдээр хохирлыг төлүүлнэ гэлээ. Мөн аль болох устгал хийхгүй, малыг эрүүлжүүлэхэд анхаарч ажиллаж байгааг хэлэв.

Цаг үе
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Суурьшлын бүсэд хүрэн баавгай орж ирж, эрдэнэт хүний амь нас хохирсон эмгэнэлт явдал тохиолоо. Амь насаа алдсан иргэний ар гэр, төрөл төрөгсдөд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс Ерөнхий сайд гүн эмгэнэл илэрхийлэв.
Хүний амь нас, эрүүл мэндэд аюул учруулж буй нөхцөл байдалтай холбогдуулан иргэдийн аюулгүй байдлыг хамгаалж, эрсдэлийг бууруулах шуурхай арга хэмжээ авч, салбар хоорондын нэгдсэн зохион байгуулалтаар хангаж ажиллахыг Улсын Онцгой комисс, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яамны удирдлагуудад /2026.10.09/ үүрэг болголоо
Баавгай хүний аминд хүрч хөнөөж байхад хууль, дүрэм өөрчилье гэж ярьж, хугацаа алдах эрх бидэнд байхгүй. Эрх зүйн өөрчлөлтөөс өмнө одоо байгаа хуулийн хүрээнд иргэдээ хамгаалж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг шуурхай авч ажиллахыг анхааруулав.

Цагдаа, дотоодын цэрэг, зэвсэгт хүчин, байгаль хамгаалагч, мэргэжлийн анчдын багийг эрсдэлтэй байршлуудад илгээх, мэргэжлийн байгууллагуудыг 24 цаг ажиллууллах, Улсын Онцгой комисс иргэдэд шаардлагатай мэдээллийг өдөр бүр хүргэж ажиллахыг даалгалаа.
Иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах болон баавгайг барих, тээвэрлэх, тохиромжтой нутагт нутагт шилжүүлэн тавих арга хэмжээг шуурхай зохион байгуулахыг холбогдох албан тушаалтнуудад даалгасан, баавгайн унтуулгын буу, эм, урвалж бодис, багаж хэрэгслийг хил, гаалиар оруулж ирэх асуудлыг шуурхайн зохион байгуулахад шаардлагатай нэг тэрбум төгрөгийн санхүүжилтийг Засгийн газар шийдвэрлэсэн. Хэрэгжилтэд нь анхаарч ажиллах, техник, технологийн дэвшлээр баавгайн тоо толгойн мэдээллийг гаргахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.


