Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

“Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдоржид Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал  “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ. 

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалтад “Хөгжлийн бодлого, төлөвлөлт тогтвортой байна.” гэж, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2 дахь заалтад “Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу энэ хуулийн 4.1.6-д заасан баримт бичгийн төслийг энэ хуульд заасан зарчим, шаардлагыг баримтлан боловсруулж, Засгийн газарт танилцуулах;” гэж, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт “Үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь Үндэсний хөгжлийн хүрээлэн, эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургууль, бусад төрийн захиргааны төв байгууллага, мэргэжлийн холбоод, хувийн хэвшлийн хуулийн этгээдийг оролцуулан Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн төслийг боловсруулж, Засгийн газарт танилцуулна.” гэж, 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт “Засгийн газар Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн төслийг өмнөх үндсэн чиглэлийн баримт бичиг дуусгавар болохоос хоёр сарын өмнө Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.” гэж тус тус заасны дагуу “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийн төслийг боловсруулжээ.

“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-тэй уялдуулан боловсруулсан “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийн төсөл нь  “Хүний хөгжил”, “Нийгмийн хөгжил ба үндэсний нэгдмэл үнэт зүйл”, “Эдийн засаг ба дэд бүтцийн хөгжил”, “Байгаль орчин, ногоон эдийн засаг”, “Засаглал, дижитал шилжилт”, “Бүсийн хөгжил”, “Үндэсний өрсөлдөх чадвар”, “Шинжлэх ухаан, технологи, хиймэл оюун” гэсэн бодлогын найман чиглэлээс бүрдэх бөгөөд энэ хүрээнд үндэсний 10, салбарын 35, төсвийн ерөнхийлөн захирагчийн 85, хөтөлбөрийн 200 үр дүнг тус тус тодорхойлсон байна.

Бодлогын дээрх найман чиглэлийн хүрээнд үндэсний 10 үр дүнг тусгажээ. Тухайлбал, боловсрол, эрүүл мэндийн салбарт хийх шинэчлэлийн хүрээнд чанартай, хүртээмжтэй үйлчилгээг иргэн бүрд тэгш хүргэж, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн хүний нөөцийг бэлтгэн, хүний хөгжлийн үзүүлэлтийг 0.813 оноонд хүргэхээр; хөдөлмөрийн харилцаа, цалин хөлс, нийгмийн даатгалын уялдаа холбоог сайжруулж, хөдөлмөр эрхлэлтийн түвшнийг нэмэгдүүлэх бодлогыг хэрэгжүүлж, ажлын байран дахь осол гэмтэл, хөдөлмөрлөх эрхийн зөрчил, маргааныг бууруулах замаар зохистой хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, дундаж давхаргын эзлэх хувийг 20 хувиар нэмэгдүүлэхээр тусгасан байна. Мөн иргэдийн оролцоо, соён гэгээрэл, хамтын хариуцлагыг нэмэгдүүлж, тэгш боломжийг ханган, эх хэл, түүх, өв соёлоо дээдэлсэн үндэсний соёлын дархлааг бэхжүүлэн, эв нэгдлийг бататган үндэсний нэгдмэл үнэт зүйлсийн үзүүлэлтийг 55 хувьд хүргэхээр; эрүүл, аюулгүй амьдрах орчин, хүртээмжтэй орон сууц, чанартай нийгмийн хамгааллын үйлчилгээгээр амьдралын чанарыг дээшлүүлж, гэр бүлийн эрүүл тогтвортой байдлыг бэхжүүлж, хүний эрхийн баталгааг ханган, хүүхдийн хөгжил хамгааллыг шинэ шатанд гаргаж, нийгмийн сайн сайхан байдлын үзүүлэлтийг 20 хувиар өсгөхөөр; боловсруулах салбарын боловсруулалтын түвшнийг дээшлүүлж, бүтээмж, төрөлжилтийг нэмэгдүүлснээр эдийн засгийн тогтвортой өсөлтийг 6.0 хувиас дээш түвшинд тогтвортой хадгалахаар Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн төсөлд тусгажээ.

Мөн ирэх таван жилд анхдагч экосистемийн тэнцвэрийг хангаж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулж, байгалийн нөөц, баялгийн нөхөн сэргээлт, зохистой ашиглалтыг дэмжин, байгаль орчинд ээлтэй дэвшилтэт технологи нэвтрүүлж, үйлдвэрлэл, хэрэглээнээс үүсэх бохирдол, хаягдлыг бууруулж, орчны чанар стандартыг сайжруулж байгаль орчны гүйцэтгэлийн үзүүлэлтийг 59.0 оноонд хүргэхээр төлөвлөсөн бол авлигыг бууруулж, иргэдийн шүүхэд итгэх итгэл, шударга ёсны тогтолцоог бэхжүүлж, ил тод байдал, хариуцлагыг нэмэгдүүлж, батлан хамгаалах, үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг сайжруулж, “Цахимаар түрүүнд” зарчмыг хэрэгжүүлж, иргэн төвтэй үйлчилгээг бүрдүүлж зөв засаглалын үзүүлэлтээр эхний 90 орны нэг болохоор төсөлд холбогдох арга хэмжээнүүдийг тусгасан байна.

Бүс, орон нутгийн хөгжлийн ялгааг багасгаж, эдийн засгийн хувьд төрөлжүүлж, хүн амын шилжилт хөдөлгөөнийг тэнцвэржүүлэх замаар орон нутгийн хөгжлийн үзүүлэлтийг 20 хувиар нэмэгдүүлэх; бизнес эрхлэх орчныг сайжруулж, зах зээл дэх төрийн оролцоог багасгах, шударга өрсөлдөөнийг дэмжих, бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах, татварын болон гаалийн шинэчлэлийг гүнзгийрүүлж, Монгол Улсын өрсөлдөх чадварын үзүүлэлтээр 50 орны нэг болох зорилтыг ирэх таван жилд хэрэгжүүлэх боломжтой хэмээн төсөл санаачлагч үзсэн байна.

Монгол Улсын хөгжилд оруулах шинжлэх ухаан, технологи, инновацын хувь нэмрийг дээшлүүлж, төр, хувийн хэвшил, судалгааны байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлж, судалгааны үр дүн, оюуны өмч, шинэ технологийг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэх боломжийг нээж Дэлхийн мэдлэгийн индексийг 52.4 оноонд хүргэх боломжтой хэмээн төсөлд тусгасан байна.

“Монгол Улсын 2026-2030 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн төсөлд санхүүжилтийн эх үүсвэр нь шийдвэрлэгдсэн 66.6 их наяд төгрөгийн төсөвт өртөг бүхий 87 төслийг тусгасан ба тэдгээрийг нийт 55.2 их наяд төгрөгийн санхүүжилтээр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Тус төслүүдийн 44.8 хувь буюу 39 төслийг улс, орон нутгийн төсвөөр, 28.7 хувь буюу 25 төслийг гадаадын зээл, тусламжаар, 16.1 хувь буюу 14 төслийг шууд хөрөнгө оруулалтаар, 3.4 хувь буюу гурван төслийг төр-хувийн хэвшлийн түншлэлээр, 2.3 хувь буюу хоёр төслийг Засгийн газрын гадаад, дотоод үнэт цаасаар, 3.4 хувь буюу гурван төслийг холимог эх үүсвэрээр, 1.1 хувь буюу нэг төслийг бусад эх үүсвэрээр санхүүжүүлэх юм байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээ

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Нэгдүгээр ангийн элсэлтийг E-Mongolia-аар зохион байгуулна

Огноо:

,

2026 оны 8 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) болно.

Энэ хурал нь дэлхийн 197 улсын Засгийн газрын гишүүд, эрдэмтэн судлаач, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага нэгдэж цөлжилт, газрын доройтол, ган гачигтай тэмцэх хамгийн том Олон Улсын арга хэмжээ юм.

Хурал болохтой холбоотой нийслэлийн замын хөдөлгөөн, аюулгүй байдал, төрийн үйлчилгээний хэвийн ажиллагааг хангах зорилгоор боловсролын байгууллагуудын үйл ажиллагаанд дараах зохицуулалт хэрэгжүүлэхээр болжээ .

Цэцэрлэгийн бүртгэл

  • 2026 оны 8 дугаар сарын 10–23-ны өдрүүдэд E-Mongolia системээр бүртгэнэ.

Нэгдүгээр ангийн элсэлт

  • 2026 оны 8 дугаар сарын 17–28-ны өдрүүдэд E-Mongolia системээр бүртгэнэ.
  • Энэ хугацаанд хүүхэд бүртгэх дэмжлэгийн баг сургуулиуд дээр ажиллахгүй.

Их, дээд сургуулийн хичээл

  • 2026 оны 9 дүгээр сарын 1-нээс цахимаар эхэлнэ.
  • 2026 оны 9 дүгээр сарын 14-нөөс танхимаар үргэлжилнэ.

 Оюутны дотуур байр

  • 2026 оны 9 дүгээр сарын 13-наас оюутнуудыг дотуур байранд оруулж эхэлнэ.

Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааны зохицуулалт

  • 2026 оны 8 дугаар сарын 17–28-ны өдрүүдэд нийслэлийн бүх сургууль, цэцэрлэгт ажлын байранд элсэлт, бүртгэл болон бусад аливаа арга хэмжээ зохион байгуулахгүй болно.
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Францад иргэд рүү зөвшөөрөлгүй сурталчилгааны дуудлага хийхийг хориглов

Огноо:

,

Франц улс иргэдийн урьдчилсан зөвшөөрөлгүйгээр бараа, үйлчилгээ сурталчлах зорилгоор утсаар холбогдохыг хориглосон шинэ хуулийг наймдугаар сарын 11-нээс хэрэгжүүлнэ. Уг зохицуулалт нь иргэдийг залхаасан борлуулалтын дуудлага болон залилангийн шинжтэй арилжааны үйл ажиллагаанаас хамгаалахад чиглэжээ.

Өмнө нь сурталчилгааны дуудлага хүлээн авахгүй байхыг хүссэн иргэд төрийн тусгай бүртгэлд утасны дугаараа оруулах шаардлагатай байсан ч зарим дуудлагын төв уг жагсаалтыг үл тоодог байжээ. Шинэ хуулиар харин аж ахуйн нэгжүүд хэрэглэгчээс урьдчилан зөвшөөрөл аваагүй тохиолдолд сурталчилгааны зорилгоор утсаар холбогдох эрхгүй болно. Иргэн өгсөн зөвшөөрлөө хүссэн үедээ цуцлах боломжтой.

Францын эрх баригчдын тооцоолсноор тус улсын иргэдийн дөрөвний гурав орчим нь долоо хоног бүр дор хаяж нэг удаа хүсээгүй сурталчилгааны дуудлага хүлээн авдаг бөгөөд олон хүн үүнээс ч олон дуудлагад өртдөг байна. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах 11 байгууллага 2024 онд хамтран шаардлага гаргаж, суурин болон гар утас руу ирдэг тасралтгүй сурталчилгааны дуудлагыг хориглохыг уриалж байжээ.

Хуулийг зөрчиж дуудлага хийсэн хувь хүнийг нэг дуудлага тутамд 75 мянга хүртэлх евро, аж ахуйн нэгжийг 375 мянга хүртэлх еврогоор торгох боломжтой. Харин хэрэглэгч өөрөө зөвшөөрсөн, эсвэл тухайн компанитай өмнө нь гэрээний харилцаатай бөгөөд шинэ үйлчилгээ санал болгож буй тохиолдолд хориг үйлчлэхгүй. Иргэд зөвшөөрөлгүй дуудлагын талаар төрийн цахим хуудсаар мэдээлэх боломжтой.

Шинэ хууль Францын зах зээлд үйлчилдэг гадаадын дуудлагын төвүүдэд нөлөөлөхөөр байна. Тухайлбал, Мароккогийн дуудлагын төвүүдийн орлогын 80 гаруй хувь Францын зах зээлээс бүрддэг бөгөөд тус улсын 40–50 мянган ажлын байр эрсдэлд орж болзошгүйг Мароккогийн хөдөлмөр эрхлэлтийн сайд мэдэгджээ.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Засгийн газар энэ оныг дуустал санхүүгийн хэмнэлтийн горимд шилжинэ

Огноо:

,

Засгийн газрын 2026 оны наймдугаар сарын 5-ны өдрийн хуралдаанаар “Төсвийн санхүүжилтэд эрэмбэ тогтоож, төсвийн хэмнэлт, мөнгөн хөрөнгийн зохицуулалт хийх зарим арга хэмжээний тухай” тогтоолыг баталлаа.

Тогтоолоор төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэрт гарах нэг удаагийн тэтгэмж, орон нутгийн нэмэгдэл тэтгэмж, тэтгэвэр, хүүхдийн мөнгө, бүх төрлийн халамж, сургууль, цэцэрлэг болон сургалтын байгууллагын урсгал засвар, санхүүжилт, төрийн байгууллагын интернетийн төлбөр, байр ашиглалтын зардал, хууль, хүчний байгууллагын тээвэр, шатахууны зардал, дотоодын томилолт, хоол хүнс, нормын хувцасны зардал, COP17 олон улсын бага хурлын зардал, Засгийн газрын өр, орон нутгийн нөөц хөрөнгийн санхүүжилтийг хэвийн үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Харин дараах зардлыг хязгаарлахаар болсон байна. Үүнд:

  • Олон улсын болон Засгийн газрын шийдвэртэйгээс бусад хурал, зөвлөгөөн, ой, тэмдэглэлт өдөр, найр наадам, соёлын арга хэмжээ;
  • Урьдчилан төлөвлөсөн төрийн өндөр албан тушаалтны томилолтоос бусад гадаад томилолт, гадаадын зочин хүлээн авах зардал;
  • Зайлшгүй шаардлагагүй тоног төхөөрөмж, тавилга, автомашин худалдан авах;
  • Батлан хамгаалах, хууль зүйн салбараас бусад сургалт, дадлага;
  • Хуулиар заавал мэдээлэхээс бусад кино, контент, хэвлэлийн зардал;
  • Заавал олгохоос бусад тэтгэмж, урамшуулал.

Санхүүгийн хэмнэлтийн горимыг 2026 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл мөрдөнө. Харин эрүүл мэндийн салбар уг хэмнэлтийн горимд хамрагдахгүй бөгөөд цэцэрлэг, сургуулийн хүүхдийн эрт илрүүлэг, вакцинжуулалт, томуу, томуу төст өвчний эсрэг арга хэмжээ зэрэг зайлшгүй шаардлагатай ажлууд төлөвлөгөөний дагуу үргэлжилнэ гэж Ерөнхий сайд Н.Учрал онцоллоо.

Мөн бүх шатны төсвийн ерөнхийлөн захирагч нарт салбар бүрдээ урсгал зардлыг 20 хувиар бууруулах, нөхөн томилгоо хийхгүй байх, аялал, амралт, зугаалга, хамт олны урлаг, спортын арга хэмжээг зохион байгуулахгүй байх, төрийн албанд шинэ орон тоо бий болгохгүй байх, эрчим хүчний хэрэглээг хэмнэх, хурал, сургалтыг цахим хэлбэрт шилжүүлэх, төрийн албан хаагчдыг зарим өдрүүдэд цахимаар ажиллуулах арга хэмжээг үргэлжлүүлэхийг үүрэг болголоо.

Төсвийн сахилга бат сайжирч, эдийн засгийн нөхцөл байдал хэвийн болсон тохиолдолд эдгээр хязгаарлалтыг үе шаттайгаар сулруулах юм.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох