Шударга мэдээ
С.Энхбаяр: Улаанбаатар хотын хэмжээнд ашиглалтын шаардлага хангахгүй 150 лифт байна
Улаанбаатар хотын хэмжээнд орон сууц, албан байгууллагын нийт 8524 лифт байдаг.
Эдгээрийн ашиглалтын хугацаа, чанар, аюулгүй байдалд нийслэлийн Хяналт шалгалт газраас холбогдох шалгалтыг хийж байна.
Энэ хүрээнд өнөөдөр НХШГ-ын дарга С.Энхбаяр болон холбогдох албаныхан БЗД-ийн 18 дугаар хороо, 38 дугаар байранд ажиллалаа. Тодруулбал, Улаанбаатар хотын хэмжээнд орон сууц, албан байгууллагын нийт 8524 ширхэг лифт байдаг. Эдгээрээс ашиглалтын шаардлага хангахгүй 150 лифт байгаа бол их эрсдэлтэй гэсэн дүгнэлттэй 488 лифт байна.

Лифтний ашиглагдах хугацаа дунджаар 20 жил байдаг бөгөөд эвдрэл гэмтэл гарвал тухайн байрны СӨХ цаг алдалгүй засаж, оршин суугчдын аюулгүй байдлыг хангах үүрэгтэй. Гэвч оршин суугчдын СӨХ-ны төлбөр төлөлттэй холбоотойгоор засвар үйлчилгээг цаг хугацаанд нь хийж чаддаггүй байна. Үүнээс болж ашиглалтын хугацаанаасаа өмнө лифт эвдэрч, ашиглалтаас гардаг аж. Энэ нь хүний амь нас, эрүүл мэндтэй шууд холбоотой асуудал тул оршин суугчид цаг тухай бүрд нь СӨХ-ны төлбөрөө төлөх хэрэгтэйг холбогдох албаны хүмүүс хэлж байв.

Нийслэлийн Хяналт шалгалтын газрын дарга С.Энхбаяр “Нийслэлийн Засаг даргын баталсан захирамжийн дагуу иргэдийн эрүүл аюулгүй орчинд ажиллаж, амьдрах эрхийг хангах зорилгоор Улаанбаатар хотод ашиглаж байгаа албан байгууллага, орон сууцуудад энэ жил хоёр удаа үзлэг, шалгалт хийлээ. Шалгалтаар шаардлага хангахгүй болон өндөр эрсдэлтэй 488 лифт байгааг тогтоолоо. Үүний хүрээнд дүүргүүдийн Засаг дарга болон холбогдох СӨХ-дод лифтнүүдээ шинэчилж, засах мэдэгдэл хүргүүлсэн. Мөн нийслэл болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр 2023 онд найман лифт, 2024 онд 35 лифтийг шинэчилсэн. Харин энэ онд 42 лифтийг шинэчилж байна.

Шударга мэдээ
НИТХ-ын дарга Д.Ихбаяр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва нар аврах 105 дугаар ангид ажиллалаа
Нийслэлийн Онцгой байдлын газраас үер усны аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийн бэлэн байдлыг хангахаар зургаадугаар сарын 10-аас есдүгээр сарын 15-ныг хүртэл завьт эргүүл ажиллуулж, “Усыг бүү бас” нөлөөллийн аян, мөн үерийн хамгаалалтын инженерийн байгууламжийн үзлэг шалгалтыг зургаадугаар сарын 5-наас долдугаар сарын 1-нийг хүртэл зохион байгуулахаар төлөвлөсөн.
НИТХ-ын дарга Д.Ихбаяр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва нар өнөөдөр (2026.06.06) ОБЕГ-ын Аврах 105 дугаар ангид ажиллаж, үерийн хамгаалалтын барилга байгууламж, аврах ангийн техник хэрэгсэл болоод боловсон хүчний бэлэн байдалтай танилцлаа.
Нийслэлд 2026 оны 6 дугаар сарын эцсээс 8 дугаар сарыг дуустал олон жилийн дунджаас ахиу хур тунадас орох учраас үер усны аюул нэмэгдэх төлөвтэйг УЦУОШГ-аас мэдээллээд байна.
Үер усны аюулын эрсдлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, гамшиг ослын үеэр тусламж үзүүлэх бэлэн байдлыг хангаж, НОБГ-ын гамшгаас хамгаалах 17 алба 60 орчим техник хэрэгсэл, 200 гаруй хүн хүчтэй, өндрөөс аврах ажиллагааны, завьт эргүүлийн, хот дотор аврах ажиллагааны, эмнэлгийн автомашин, мөн тусгай зориулалтын мэргэжлийн 12 анги, 100 гаруй техник болон 500 орчим хүн ажиллаж байгаа юм.
Шударга мэдээ
Нийслэлийн байгаль орчны газар мэдэгдэл гаргалаа
МЭДЭГДЭЛ
Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдийн олборлолтын үйл ажиллагааны нөлөөллийн бүсэд хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, байгаль орчныг хамгаалах зорилгоор дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг мэдэгдэж байна.
1. Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүд ашиглалтын талбай дахь олборлолтын үйл ажиллагааны нөлөөллийн бүсэд оршин суугаа иргэд, мал амьтанд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, учирч болзошгүй эрсдэлийг арилгах, аюулгүй байдлыг хангах арга хэмжээг тогтмол зохион байгуулах;
2. Ашиглалтын болон хайгуулын талбайд үүссэн ам цооног, ил уурхайн ухаш, нүх, шуудуу, хаягдлын байгууламж болон бусад аюултай хэсгийг хашаажуулах, анхааруулах тэмдэг, тэмдэглэгээ байрлуулах, шаардлагатай хамгаалалтын хэрэгслээр тоноглох, аюулгүй байдлыг хангах, ашиглалт дууссан болон эрсдэл бүхий талбайг үе шаттайгаар булж тэгшлэх;
3. Хүүхэд хамгааллын тухай хууль тогтоомжид нийцүүлэн хүүхэд хамгааллын бодлогоо баталж мөрдүүлэх, хүүхэдтэй холбоотой эрсдэлийг илрүүлэх, үнэлэх, урьдчилан сэргийлэх, мэдээлэх болон шаардлагатай хариу арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх;
4. Энэхүү мэдэгдлийн хэрэгжилтийг зохион байгуулж, авсан арга хэмжээ, хэрэгжилтийн явц, үр дүнгийн талаарх мэдээллийг 2026 оны 06 дугаар сарын 10-ны дотор Нийслэлийн Байгаль орчны газарт тухай бүр ирүүлж ажиллах.
Мэдэгдлийг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлж, олборлолтын үйл ажиллагааны аюулгүй байдал, байгаль орчны хамгаалал, нийгмийн хариуцлагыг хангаж ажиллахыг үүгээр мэдэгдье.
НИЙСЛЭЛИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАЗАР
Шударга мэдээ
Нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний төв болон 21 аймагт 1072 хувьцааг өвлүүлнэ

