Цаг үе
"Халзан бүрэгтэй" орд газрын асуудлаар төрийн байгууллагууд, шинжээчид дүгнэлт, илтгэлээ танилцуулав
Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо хамтран “Халзан бүрэгтэй” орд газрын ашиглалт, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, эрсдэлийг нарийвчлан судлах сэдэвт ерөнхий хяналтын сонсгол 2024 оны есдүгээр сарын 23-ны өдөр Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд болов.
Ерөнхий хяналтын сонсгол 10 цаг 30 минутад гишүүдийн 55 хувийн ирцтэй эхэлж, сонсголыг Улсын Их Хурлын гишүүн Баярмагнайн Баярбаатар даргалав. Тэрбээр сонсголын эхэнд Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасан дэг, журмыг танилцуулав.
Өнөөдрийн сонсгол нь мэдээлэл сонсох, цуглуулах, төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн мэдэх эрхийг хангаж, саналыг сонсож, шийдвэр гаргах түвшиндээ нэгдсэн нэг ойлголттой болох, төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах асуудлаар Засгийн газар болон холбогдох бусад байгууллагад чиглэл өгөхөд ач холбогдолтойг сонсгол даргалагч онцлон тэмдэглэсэн.
Ерөнхий хяналтын сонсголд Улсын Их Хурлын гишүүдээс гадна ажиглагч, төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн төлөөлөл зэрэг нийт 126 хүн ирсэн байв. Мөн Ховд аймгийн Мянгад сумын нутгийн иргэдийг төлөөлж 50, Ховд аймгийн холбогдох төрийн байгууллага, иргэдийг төлөөлж 15, нийт 65 хүн тус аймгаас хүрэлцэн ирж, сонсголд оролцлоо.
Сонсголын илтгэл, дүгнэлтүүдийн эхэнд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Бодлого төлөвлөлт, судалгааны хэлтсийн дарга М.Мэндбаяр “Газрын ховор элементийн судалгаа, эрх зүйн орчин” сэдвээр илтгэлээ танилцуулсан. Тэрбээр газрын ховор элементүүд нь нарны зай хураагуур, салхин сэнсний хөдөлгүүр, батарей, шилэн кабель, Hybrid машины бүрэлдэхүүн, ухаалаг тоног төхөөрөмж, дэлгэц хийхэд гол түүхий эд болдог гээд газрын ховор элемент түгээмэл тархацтай биш төвлөрсөн тогтсон орд дээрээ ч сарнисан байдаг учраас ховор гэж нэрлэгддэг гэж байлаа.
Монгол Улс газрын ховор элементийг ашиглах талаар “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод эдийн засгийн тэргүүлэх салбаруудыг хөгжүүлж, экспортын баримжаатай эдийн засгийг бий болгож, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж, боловсруулалтын түвшин нэмэгдсэн байна гэх зорилтыг дэвшүүлжээ. Мөн “Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т газрын ховор элемент боловсруулах үйлдвэрийн төслүүдийг бодлогоор дэмжинэ гэж тусгасан байна.
Монгол Улсын газрын ховор элементийн ордуудын нөөцийн талаарх мэдээлийг доорх хүснэгтээс харна уу.
Илтгэлд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас цаашид газрын ховор элементийн талаар дунд хугацааны төлөвлөгөө боловсруулахын зэрэгцээ хайгуулын ажлыг эрчимжүүлэх, ашиглаж буй ордуудын баяжмалын хаягдлыг шинжлэх, хил залгаа газрын ховор элементийн ордуудын үргэлжлэлийг Монгол Улсад судлахаар тусгасан байв. Мөн газрын ховор элементийн зургаан ордод технологийн шийдэл, хөрөнгө оруулалтыг татахад дэмжих, олон улсаас туршлага судлах, БНСУ-Монгол Улсын хамтарсан ховор металлын судалгааны төв байгуулах, нутаг дэвсгэрийн хэмжээнд суурь судалгааг идэвхжүүлэх, боловсон хүчнийг бодлогоор бэлтгэх зэрэг арга хэмжээ авах шаардлагатай байна гэж дүгнэсэн байлаа.
"“Халзан бүрэгтэй” ордын талаар өнөөгийн нөхцөл байдал, тусгай зөвшөөрөл олгосон талаарх дүгнэлт"-ийг шинжээч Х.Лхагвабаатар танилцуулав. Тус танилцуулгад, ордын судлагдсан байдал, бусад ордуудтай харьцуулсан судалгаа, аж ахуйн нэгжийн мэдээлэл, олборлолт, баяжуулалтын талаар хөндсөн юм. Тухайлбал, тус орд таван аймгийн нутагт, зургаан ерөнхий орд газрыг хамарсан. Үүнээс нэг нь шороон орд, үлдсэн нь үндсэн орд гээд хүнд, хөнгөн хоёр элементийг агуулснаараа онцлогтойг шинжээч онцлов. “Халзан бүрэгтэй” ордын талаар 1987 оноос судалгааны ажлыг эхлүүлсэн байна. Хуучнаар Монгол Зөвлөлтийн эрдэм шинжилгээний экспедиц хээрийн судалгааг хийж, газрын ховор элементийн хүдэржилт байгааг тодорхойлсон бол дараа нь зураглалын ажил хийж, нэгж талбайнуудыг ялгаж өгсөн байна.
Мөн тус ордод үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрөл, олборлолт, баяжуулалттай холбоотой мэдээллийг доорх зурагнаас авна уу.
Үргэлжлүүлэн шинжээч Т.Аззаяа “Газрын ховор элемент: Хүдэр, Баяжмалыг боловсруулах химийн технологийн талаарх дүгнэлт”-ийг танилцуулсан. Тэрбээр газрын ховор элемент нь ховор гэгдэг ч дэлхийн царцдаст харьцангуй өргөн тархсан, баяжуулах, боловсруулахад нарийн технологи шаардана гэж байлаа. “Халзан бүрэгтэй” ордын үйлдвэрийн ач холбогдолтой хэмжээгээр Zr, Nb, газрын ховор элементүүд агуулсан, нийлмэл бүтэцтэй, хүнд баяжигддаг эрдсүүдээс бүрдсэн тул баяжуулах технологийн судалгааг нарийвчлан хийж, зохистой горимыг тогтоох шаардлагатай гэв. Цаашлаад зөвхөн газрын ховор элемент бус бусад үйлдвэрийн ач холбогдолтой элементүүдийг гарган авахад анхаарах, баяжмал болон хаягдал дахь U, Th-ийн тархалтыг тогтоох нь зүйтэй гэлээ.
Дараа нь “Халзан бүрэгтэй” орд газрын байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл болон бүс нутгийн нийгмийн нөлөөлөл”-ийн талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Хүрээлэн буй орчны бодлого, үнэлгээний газрын дарга Г.Энхмөнх танилцуулсан. Тэрбээр, газрын ховор элементийн ордыг ил аргаар ашиглах төслийн талаар байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийлгэх шаардлагатай гэснийг дурдлаа. Тодруулбал, төслийн үйл ажиллагаанаас хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, учруулах хохирлын хэмжээг тооцож, нийлбэр үнэлгээг гарган уг төслийг экологи, эдийн засгийн үр ашигтайгаар хэрэгжүүлэх боломжтой эсэх, орд газрын гадаргын болон газрын доорх усны харилцан хамаарал, уст үеийн хөдөлгөөн, тархалтыг олборлох технологитой уялдуулан нарийвчлан судалж, эрх бүхий байгууллагаар усны нөөцийн дүгнэлт гаргуулах шаардлагатай гэсэн байв.
Мөн газрын ховор элемент олборлох, төслийн бүрэлдэхүүн хэсгээс ялгарах бохирдлын хэмжээ, түүний тархалт, нөлөөллийг хүрээг тодорхойлж, зураглал гаргах, бүтээгдэхүүн тээвэрлэх авто замыг холбогдох шаардлагад нийцүүлэх асуудлыг тайланд нарийвчлан тусгах, уурхайн хаалтын урьдчилсан төлөвлөлтийг хийх, ажлын тайланг төсөл хэрэгжих багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцүүлж, шийдвэрийг тайланд хавсаргах талаар чиглэл болгосон байна.
Төсөл хэрэгжүүлэгч байгууллага тайланг мэргэжлийн зөвлөлд хүргүүлжээ. Байгаль орчны стратеги үнэлгээ, хуримтлагдах нөлөөллийн үнэлгээ, уул уурхай, хүнд үйлдвэрийн төслийн байгаль орчны нарийвчилсан үнэлгээг хэлэлцэх мэргэжлийн зөвлөлийн 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаас ургамлын суурь судалгаа, зураглал буруу хийсэн, усан орчинд үзүүлэх сөрөг нөлөөг нарийвчлан тодорхойлох, усны чанарын судалгаа хийх, мэдээлэл зөрүүтэй, мониторингийн цэг тодорхойгүй, судалгаа хангалтгүй хийгдсэн гэсэн үндэслэлээр төслийн Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний тайланг буцаахаар шийдвэрлэснийг илтгэгч онцлон тэмдэглэсэн.
Сонсголд “Халзан бүрэгтэй” орд ашиглалтаас үүдэх байгаль орчин, нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөлөл"-ийн талаар шинжээч Н.Наранцэцэг дүгнэлтээ танилцуулав. Тус танилцуулгад байгаль орчны чиглэлээр хийсэн ажил, төслийн явц, болзошгүй сөрөг нөлөөллийн үнэлгээ, агаар, ус, хөрс, орчны дуу чимээ, цацраг чанарын хяналт, шинжилгээний үр дүн, Ховд аймгийн Мянгад сумын хүн амын эрүүл мэндийн байдал, малын эрүүл мэндийн үнэлгээ, төслийн ерөнхий мэдээлэл, ач холбогдлын талаар хөндсөн байв. Тухайлбал, төслийн стратеги, санхүү, бусад ач холбодлын талаар илтгэлд тодорхой дурдсан байлаа.
Үүгээр сонсгол түр завсарласан бөгөөд үргэлжлүүлэн Ховд аймгийн Мянгад сумын иргэдийн санал, үгийг сонсоно хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Цаг үе
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Цаг үе
Шадар сайд Н.Номтойбаяр Улсын онцгой комиссын шийдвэрийг танилцууллаа
Монгол Улсын Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу Улсын онцгой комисс 2026.10.09 хуралдлаа. Хуралдааны шийдвэрийг Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Н.Номтойбаяр танилцуулав.
ОХУ-ын Эрхүү хотод тарваган тахалтай холбоотой байж болзошгүй нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан Улсын онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Өнгөрсөн шөнө ОХУ-ын Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, хүний сайн сайхан байдал, эрүүл мэнд, эрүүл ахуйн асуудал хариуцсан холбооноос албан ёсны хариу иржээ. Шинжилгээний дүнгээр Ковид-19 болон риновирусын тус тус хоёр тохиолдол илэрсэн. Бусад аюултай халдварт өвчний шинж илрээгүй гэв.

Шадар сайдын өгсөн мэдээллээр баавгай суурьшлын бүсэд орж ирсэн дуудлага мэдээлэл 557 ирсэн, есөн баавгайг аюулгүй болгожээ. Шадар сайд Н.Номтойбаяр амиа алдсан иргэний ар гэрт Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын нэрийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийллээ.
Засгийн газрын тогтоол гарч, Амьтны тухай хууль, Хил хамгаалах тухай хууль, Эрүүгийн хуулийг тус тус үндэслэн тусгайлан тогтоосон бүсэд баавгай агнах зөвшөөрөл олгох шийдвэр гарчээ. Тогтоосон байршлаас өөр газар, өөр зорилгоор ан агнасан тохиолдолд Эрүүгийн хууль үйлчлэхийг анхааруулж,хяналтаа сайжруулахыг орон нутгийн удирдлагуудад үүрэг, даалгавар өгсөн байна.
Мал, амьтны гоц халдварт ямааны годрон өвчнөөс сэргийлэх, зайлшгүй шаардлагаар хэрэглэх вакцин үйлдвэрлэх, нөөц бүрдүүлэхэд шаардагдах санхүүжилтийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэсэн. Малын гоц халдвар өвчлөлтэй холбоотой асуудлаар малчид сонор сэрэмжтэй, хариуцлагатай байх шаардлагатайг Шадар сайд тэмдэглэлээ. Өвчний халдварын голомтыг таслан зогсоох зорилгоор устгасан малын тоо, малчин өрхийн мэдээллийг нарийвчлан гаргаж, малчдыг хохиролгүй болгох, цаашлаад буруутай этгээдээр хохирлыг төлүүлнэ гэлээ. Мөн аль болох устгал хийхгүй, малыг эрүүлжүүлэхэд анхаарч ажиллаж байгааг хэлэв.

Цаг үе
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Суурьшлын бүсэд хүрэн баавгай орж ирж, эрдэнэт хүний амь нас хохирсон эмгэнэлт явдал тохиолоо. Амь насаа алдсан иргэний ар гэр, төрөл төрөгсдөд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс Ерөнхий сайд гүн эмгэнэл илэрхийлэв.
Хүний амь нас, эрүүл мэндэд аюул учруулж буй нөхцөл байдалтай холбогдуулан иргэдийн аюулгүй байдлыг хамгаалж, эрсдэлийг бууруулах шуурхай арга хэмжээ авч, салбар хоорондын нэгдсэн зохион байгуулалтаар хангаж ажиллахыг Улсын Онцгой комисс, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яамны удирдлагуудад /2026.10.09/ үүрэг болголоо
Баавгай хүний аминд хүрч хөнөөж байхад хууль, дүрэм өөрчилье гэж ярьж, хугацаа алдах эрх бидэнд байхгүй. Эрх зүйн өөрчлөлтөөс өмнө одоо байгаа хуулийн хүрээнд иргэдээ хамгаалж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг шуурхай авч ажиллахыг анхааруулав.

Цагдаа, дотоодын цэрэг, зэвсэгт хүчин, байгаль хамгаалагч, мэргэжлийн анчдын багийг эрсдэлтэй байршлуудад илгээх, мэргэжлийн байгууллагуудыг 24 цаг ажиллууллах, Улсын Онцгой комисс иргэдэд шаардлагатай мэдээллийг өдөр бүр хүргэж ажиллахыг даалгалаа.
Иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах болон баавгайг барих, тээвэрлэх, тохиромжтой нутагт нутагт шилжүүлэн тавих арга хэмжээг шуурхай зохион байгуулахыг холбогдох албан тушаалтнуудад даалгасан, баавгайн унтуулгын буу, эм, урвалж бодис, багаж хэрэгслийг хил, гаалиар оруулж ирэх асуудлыг шуурхайн зохион байгуулахад шаардлагатай нэг тэрбум төгрөгийн санхүүжилтийг Засгийн газар шийдвэрлэсэн. Хэрэгжилтэд нь анхаарч ажиллах, техник, технологийн дэвшлээр баавгайн тоо толгойн мэдээллийг гаргахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.


