Улстөр нийгэм
УИХ-ын дарга Г.Занданшатар Коронавирусний эдийн засагт үзүүлж буй нөлөө, эрсдэл, цаашид авах арга хэмжээний талаар мэдээлэл сонсож, чиглэл өглөө
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2020.03.05) Covid-19 вирусний Монгол Улсын эдийн засаг, бизнесийн орчинд үзүүлж буй нөлөө, эрсдэл, цаашид авах арга хэмжээний талаарх УИХ-ын Байнгын хороод болон холбогдох бусад байгууллагуудын мэдээллийг сонсож, үүрэг чиглэл өглөө.
Мэдээллийн эхэнд УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Т.Аюурсайхан, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар нар танилцуулга хийсэн юм.
Шинэ коронавирусний халдварын дэгдэлттэй холбоотой бодлогын хүүг бууруулах замаар зээлийн хүүг бууруулах арга хэмжээ авахыг Монголбанкинд даатгаж, жижиг, дунд бизнес эрхлэгчийг зээлийн хүүгийн дарамтаас чөлөөлөх талаар ойрын хугацаанд арга хэмжээ авахыг даатгалаа. Энэ үеэр Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын зүгээс коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнтэй холбоотойгоор аж ахуйн нэгжүүдэд төрийн үйлчилгээ үзүүлэх ёстой зарим хороо, комисс хуралдахгүй байгаа нь хүндрэл учруулж байгааг хэлсэн юм. Үүнтэй холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар төрийн цахим үйлчилгээний цар хүрээг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахыг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогтод, холбогдох байгууллагуудтай хамтран хөрш улсуудтай худалдааны хэлэлцээ хийх, экспортыг нэмэгдүүлэх, алт болон ноолуур хөтөлбөрийг дэмжих чиглэлд анхаарч ажиллахыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Т.Аюурсайхан, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар нарт даалгалаа.

Мөн Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын ерөнхийлөгч О.Амартүвшин төсөвт тодотгол хийх шаардлага үүсэж байгааг хэллээ. Харин УИХ-ын дарга Г.Занданшатар "Энэ нөхцөл байдал ямар хугацаанд үргэлжлэх нь тодорхойгүй. Суурь үзүүлэлтүүд хэрхэн өөрчлөгдөх нь ч тодорхой бус байгаа учраас төсөвт одоогоор тодотгол хийж болохгүй. Харин танхимын зүгээс гаргасан саналд тусгагдсан “Эрдэнэс Тавантолгой” компанийн ногдол ашгийн тодорхой хувийг жижиг, дунд үйлдвэрлэгчдээ дэмжих ваучер хэлбэрээр тараах боломжийг судална. Энэ нь эдийн засгаа дэмжиж байгаа нэг арга юм" гэв.

БНХАУ-ын эдийн засгийн өөрчлөлт нь манай улсын эдийн засагт 4-6 сарын дараа нөлөөлдөг бөгөөд 2011-2012 оны хооронд тус улсын эдийн засаг 1,4 хувиар буурахад худалдааны хориг, нүүрсний экспортоос шалтгаалан Монголын эдийн засаг 5,2 хувиар буурч байсан. Covid-19 вирусийн эдийн засагт учруулах нөлөөлөл нь 2003 оны САРС-ын үеийнхээс ч өндөр байх магадлалтай учир даатгал, эрсдэлийн сан хөгжөөгүй манай улсын хувьд ажлын байрыг хадгалах, төсөвт тодотгол хийх, татвар хураамжийг түр хугацаагаар хөнгөлөх, хойшлуулах, чөлөөлөх зэрэг шаардлагатай арга хэмжээг авах нь урт хугацаандаа ач холбогдолтойг мэргэжилтнүүд хэлж байна.
УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан:
- Шинэ коронавирусний халдварын тархалттай холбоотой Монгол Улсын хүн амыг хүнсний хомсдолд орохоос сэргийлэх зорилгоор арга хэмжээ авч ажиллаж байна. Нийслэлийн иргэдийн хаврын хэрэгцээнд зориулан 12 мянган тонн махыг бэлтгэсэн. Өнгөрсөн онд 4,000 тонн мах нөөцөлж байсан. Энэ жил гурав дахин нэмэгдсэн. Гурваас долоодугаар сарын хугацаанд сар тутам 3,000 тонн буюу өдөрт 100 тонн мах нийслэлийн иргэдийн хэрэгцээнд нийлүүлэгдэнэ гэсэн үг.
Нөөцийн махны үнэ хямд байгаа. Тасалдал гарах эрсдэл тун бага. Үүнийг дагаад махны үнэ тогтворжино. Нөөцийн махыг 279 цэг, дэлгүүрээр худалдаална.
Манай улсын гурилын жилийн хэрэгцээнд 300 мянган тонн буудай шаардлагатай байдаг. Бид өнгөрсөн онд 246.4 мянган тонн улаан буудай хүлээн авсан. Энэ нь жилийн хэрэглээний 80 хувийг хангах нөөц юм. Хэрэгцээгээ бүрэн хангахын тулд бидэнд 60 мянган тонн чанарын шаардлага хангасан буудай хэрэгтэй. Хил гааль, экспорт, импорт хязгаарлагдаж байгаагаас 100 мянган тонн улаан буудай импортлох ажил эхлээд байна. Өнөөдрийн байдлаар гурилын 3 сарын нөөц байна. Гурилын үнэ харьцангуй тогтвортой буюу 1,180-1,527 төгрөгийн хооронд байна.
Цагаа будаа, элчин чихэр, ургамлын тос 100 хувь импортоор оруулж ирдэг учраас нөөц бүрдүүлэх боломжгүй байна. Одоогоор цагаан будаа 1,5 сарын, элсэн чихэр 3,5 сарын, ургамлын тос 1,6 сарын нөөцтэй байна.
Хүнсний болон үрийн улаан буудай, бүх төрлийн будаа /цагаан, гурвалжин, шар болон бусад/, элсэн чихэр, ургамлын тосыг Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр ажиллаж байна. Энэ нь хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнэ, хангамж, нийлүүлэлтийг тогтвортой байлгах зорилготой. Хаврын чуулганаар хэлэлцүүлнэ.
Сүүний хэрэгцээг тооцвол жилд 154.8 мянган тонн шингэн сүү хэрэглэдэг. Үүний 80 хувийг дотоодын үйлдвэрлэлээс зуны улиралд хангадаг. 4,000 тонн хуурай сүү импортоор оруулж ирэхээр төлөвлөсөн байсан. Өнгөрөгч 2 дугаар сард болсон Хүнсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанаар нэмж 2,000 тонн сүү импортлохоор болсон.
Мөн дээр нь ариутгалын бодисын үйлдвэрлэл нэмэгдэж байгаатай холбоотойгоор техникийн спиртийн хэрэгцээ нэмэгдсэн. Тиймээс техникийн спирт үйлдвэрлэх зорилгоор 10 мянган тонн улаан буудайг импортоор авах шийдвэр гаргасан.
Харин ЖДҮХС-гаас гуравдугаар сарын нэгнээс зургадугаар сарын нэгнийг хүртэл зээлийн хүүгээс чөлөөлөх, алданги тооцохгүй байх шийдвэр гаргасан.
Дээрх арга хэмжээнүүдийг авснаар мах, гурил зэрэг хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хомсдол үүсэхгүй. Гэхдээ цаашид нэг улирлын хугацаагаар тооцож стратегийн нөөц бүрдүүлэх шаардлагатайг одоогийн нөхцөл байдлаас харж болно. Үүний тулд 480 тэрбум төгрөгийн санхүүгийн нэмэлт эх үүсвэр шаардлагатай болно.
Бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүд төрийн шийдвэрүүдийг хэрэгжүүлж, хамтран ажиллаж байгаад талархалтай байна.

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн:
- Монголбанкны хувьд эдийн засагт хамгийн их нөлөөлж болох салбар, гадаад улс оронд ямар нөхцөл байдал үүсэж байгаа талаар ярилцлаа.
Монгол Улсын экспортын 89 хувь, импортын 33 хувийг БНХАУ эзэлдэг. Дэлхийн олон улс орны төв банкууд мөнгөний бодлогыг зөөлрүүлэх, хэвээр хадгалах зэрэг арга хэмжээ авч байгаа. Тиймээс Төвбанкны хувьд ирэх долоо хоногт Мөнгөний бодлогын хороог хуралдуулж, 0.5 нэгжээр буулгах саналыг гаргаад байгаа юм.
Мөн заавал байлгах нөөцийн хувийг тодорхой хэмжээгээр багасгах, бодлогын хүүг бууруулснаар зээл, санхүүжилтийн бүтээгдэхүүн хүртээмжтэй болж, хүү буурах суурь болно гэж үзэж байна.
ДЭМБ-аас бэлэн мөнгө коронавирусний халдвар тараадаг байж болзошгүй гэж анхааруулж байгаа. Тиймээс цаасан дэвсгэртийн хэрэглээг бууруулж, шинэ вирусийн тархалтын эрсдэлээс сэргийлэх, цахим золголтыг дэмжих зорилгоор банкны гүйлгээний шимтгэлийг 0 болгох шийдвэрийг гаргасан.
Мөн Монголбанкнаас арилжааны банкуудад нийлүүлдэг мөнгөний зузаатгалыг шинэ мөнгөөр бүрдүүлж, бохир мөнгийг устгах ажлыг хийж байна.
Валютын ханш харьцангуй тогтвортой байгаа. Одоогийн байдлаар 4,3 тэрбум ам.долларын нөөцтэй болсон. Монгол Улсын Төвбанкны гадаад валютын албан нөөц өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын байдлаар дөрвөн тэрбум ам.доллар байсан. Төвбанк 2016 онд 18.6 тонн, 2017 онд 20 тонн, 2018 онд 22 тонн, 2019 онд 15.1 тонн үнэт металл худалдан авалт хийсэн бол 2020 оны эхний 2 сарын байдлаар 4 тонн үнэт металл худалдан авсан. Дэлхийн зах зээл дээр ч алтны ханш өсөлттэй байгаа. Оны эхний байдлаар долларын ханш 0,9 хувиар суларч, төгрөг чангарсан. Бодит байдал дээр төгрөгийн доллартай харьцах ханш чангарч байгаа.
МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин:
- коронавирусний халдвараас сэргийлэх арга хэмжээ нь бизнест хэрхэн нөлөөлж байгаа талаар МҮХАҮТ-аас 1,100 аж ахуй нэгж байгууллагаас судалгаа авсан. Судалгаанаас харахад, нийт 57,4 хувь маш их нөлөөлсөн, 32 хувь нь дунд зэрэг нөлөөлсөн гэж хариулсан байна. Энэхүү нөлөөлөл нь аялал жуулчлал, барилга, боловсрол, үйлчилгээний салбаруудад шууд хамааралтай байна.
Бизнест үзүүлж байгаа нөлөөллийг нь ангилбал бараа үйлчилгээний нийлүүлэлт 57,7 хувь буурсан, 40,1 хувь тээвэр ложистик доголдсоноос бараа, үйлчилгээг хугацаанд нь нийлүүлж чадахгүй болсон, 14,5 хувь нь бэлэн мөнгөний хомсдолд ороод эхэлсэн байна. Мөн уул уурхай, мэдээлэл технологи, эрүүл мэндийн салбаруудад орлого буурчээ. Түүнээс гадна бизнест тулгарч буй гол хүндрэлүүд нь зээлийн төлбөр, хугацаа, хүү гэдгийг нийт аж ахуй нэгжүүдийн 66 хувь, түрээсийн төлбөр 22 хувь, төрийн үйлчилгээний хүнд суртал 9 хувь, санхүүгийн эх үүсвэр гурван хувь гэж хариулжээ.
Аж ахуй нэгжүүдийн зүгээс төрийн үйлчилгээний хүнд суртал их, мэргэжлийн зөвлөл, ажлын хэсгийн хурал хойшилсон, гадаад худалдаа, зөвшөөрөлтэй холбогдох үйлчилгээг түргэн шуурхай явуулахыг онцолсон. Өнөөдрийн энэ уулзалтаар олон асуудлыг шийдэхээр ярилцлаа. МҮХАҮТ-ийн зүгээс эдийн засгийн эрсдэлийг удирдах 5 чиглэлийн 20 саналаа албан ёсоор УИХ-ын даргад өглөө.
Улстөр нийгэм
Ерөнхий сайд Н.Учрал: Хөрөнгө оруулагчдад тулгарч буй саад бэрхшээлийг арилгана
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс дахь албан ёсны айлчлалынхаа хүрээнд /2026.09.30/ Японы бизнес эрхлэгчидтэй уулзалт хийж, хөрөнгө оруулагчдын санал хүсэлтийг хүлээн авч, шуурхай шийдвэрлэхээ илэрхийллээ.
Монголд хөрөнгө оруулагч Япон компаниуд төсөл, хөтөлбөрөө Ерөнхий сайдад танилцуулсан юм. Тухайлбал, Aeronext компани 2023 оноос хойш ЖАЙКА-ын санхүүжилтээр Монголд дроноор цус тээвэрлэж эхэлжээ. Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс 23 байршилд дроноор цус хүргэдэг. Цаашид Монголд дрон үйлдвэрлэдэг, засварладаг болохоор ажиллаж байна. Үүнийг бодит ажил хэрэг болгоход Монгол Улсын Засгийн газар дэмжлэг үзүүлж ажиллахыг хүслээ.

Мөн чухал ашигт малтмалын чиглэлээр хамтран ажиллах өргөн боломж байгааг Японы талаас онцолсон. 2016 онд хүчин төгөлдөр болсон Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд Японы тал Монгол Улсаас худалдан авалт хийх нь чухал гэдгийг илэрхийлэв.
Ерөнхий сайд Н.Учрал Монголд бизнес эрхлэхэд тулгарч буй саад бэрхшээлийг арилгахад Засгийн газар шуурхай анхаарч ажиллана гэдгийг илэрхийлэв. Мөн Японы банк санхүүгийн салбарын төлөөлөл бодит сонирхлоо илэрхийлбэл нягт хамтран ажиллахад бэлэн гэлээ.

Ирэх онд тохиох Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг шинэ бизнесийн түншлэлээр угтах нь нэн чухал. Монгол Улсад Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага (ЖЕТРО) хөрөнгө оруулалтыг бодит ажил болгоход чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байгааг тодотгов. Монгол Улсад ЖЕТРО-ын Төлөөлөгчийн газар байгуулах талаар ярилцав.

Монгол Улсын Засгийн газар хувийн хэвшлийг дэмжих, бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, зөвшөөрлийн шат дамжлагыг бууруулах, хөрөнгө оруулагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан тогтвортой, өрсөлдөх чадвартай орчныг бүрдүүлэхэд тусгайлан анхаарал хандуулж байгааг Ерөнхий сайд Н.Учрал онцоллоо.





Улстөр нийгэм
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын Япон улс дахь албан ёсны айлчлалын үр дүн
“Чингис хаан" олон улсын нисэх буудлын өргөтгөлийн 158.3 тэрбум иенийн хөгжлийн санхүүжилтэд гарын үсэг зурав. Жилд хүлээн авах зорчигчийн хүчин чадал 1.6 саяас 5.2 саяд хүрч, 3.2 дахин нэмэгдэнэ.
- Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад хамтарна. Монгол Улс 1 сарын хэрэглээгээ нөөцлөх түлш, шатахууны савтай болно.
- Давхар татвар, Нийгмийн хамгааллын хэлэлцээр байгууллаа.
- Монгол Улсаас Япон улс руу чиглэсэн экспортын бараа, бүтээгдэхүүнийг нэмэгдүүлнэ.
- Япон улсын ”POWERR Asia” санаачилгын хүрээнд уур амьсгалын өөрчлөлт, карбон кредит, сэргээгдэх эрчим хүчний чиглэлд хамтарч ажиллана.
- “Инженер, технологийн дээд боловсрол (MJEED)” буюу “1000 инженер”-ийн төслийн дараагийн үе шатыг хэрэгжүүлнэ.
- Японы улсын гадаад худалдааг дэмжих (ЖЕТРО) байгууллага манай улсад төлөөлөгчийн газраа нээнэ. Тус улсын хөрөнгө оруулагчид, ЖДҮ, технологийн компаниуд үйл ажиллагаа явуулах боломж бүрдэнэ.
- Хоёр шатлалтай "ЖАЙКА"-гийн ЖДҮ-ийг дэмжсэн зээлийг үргэлжлүүлнэ.
- "Буянт-Ухаа" нисэх буудлыг орон нутгийн нислэгт ашиглах менежментийг хийх, хурдан галт тэрэгний яриа хэлцлийг эрчимжүүлнэ.
- Японы "Aeronext Inc" компани монгол инженерүүдтэй хамтарч дрон үйлдвэрлэдэг, засварладаг тогтолцоог нэвтрүүлэхээр яриа хэлцлээ эхлүүлэв.
- Ногоон устөрөгчийн төсөл, чухал ашигт малтмалын салбарын хамтын ажиллагааг ярилцав. Ногоон санхүүжилтийг дэмждэг бүх байгууллагуудаар дамжуулан Монголд хэрэгжүүлэх том төслүүдийг санхүүжүүлнэ.
Улстөр нийгэм
Монгол, Японы хамтарсан төслүүдийн хэрэгжилтийн талаар хэлэлцэв
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд ЖАЙКА-ын Ерөнхийлөгч Танака Акихиког хүлээн авч уулзлаа. Уулзалт 2026 оны есдүгээр сарын 29-нд Токио хотноо болов.
Ерөнхий сайд Япон Улсын Засгийн газрын хөгжлийн албан ёсны тусламж Монгол Улсын ардчиллыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжихэд чухал хувь нэмэр оруулж ирснийг онцлов. Мөн ЖАЙКА судалгаанд тулгуурласан, үр өгөөжтэй төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж буйд талархал илэрхийллээ.
Талууд “Чингис хаан” олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төслийн хэрэгжилтийн талаар ярилцав. Ерөнхий сайд төслийг хэрэгжүүлэх хугацаанд “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлыг дотоодын нислэгт ашиглах, агаарын тээврийн салбарын тогтвортой үйл ажиллагааг хангах чиглэлээр хамтран ажиллах хүсэлт тавьжээ. ЖАЙКА-ын Ерөнхийлөгч уг төслийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв.
Мөн Улаанбаатар хотод газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулах төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах асуудлыг хэлэлцлээ. Энэ ажлыг Япон Улсын Засгийн газрын “POWERR Asia” санаачилгын хүрээнд эхлүүлэхэд ЖАЙКА дэмжлэг үзүүлэхээ мэдэгдэв.

Уулзалтаар чухал ашигт малтмалын чиглэлээр Япон Улсын Метал, эрчим хүчний аюулгүй байдлын байгууллага (ЖОГМЭК)-тай хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол Улсад Японы Гадаад худалдааг дэмжих байгууллагын (ЖЕТРО) төлөөлөгчийн газар байгуулах саналыг хэрэгжүүлэх талаар ярилцжээ.
Түүнчлэн дэд бүтцийн чадавхыг сайжруулах, хүний нөөцийг хөгжүүлэх, цахим аюулгүй байдлыг хангах төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцов. Эрүүл мэнд, байгаль орчин, нийгмийн хамгааллын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь ач холбогдолтой гэдэгт талууд санал нэгдлээ.
Япон Улсын Засгийн газар Монгол Улсад 1977–2025 онд зээл, буцалтгүй тусламж, техникийн хамтын ажиллагааны хүрээнд нийт 3.3 тэрбум ам.долларын дэмжлэг үзүүлжээ.
-
Цаг үе2020/09/24
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна
-
Цаг үе2022/06/06
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
Шударга мэдээ2024/04/15
"Булевиртид" эмийг НӨАТ болон Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай х...
-
Улстөр нийгэм2024/09/13
Паратаеквондогийн тамирчин У.Сүрэнжавт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
