Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Ахмад дайчин У.Доржпаламд Монгол Улсын баатар цол олголоо

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан зарлиг буулгаж, хилийн халдашгүй дархан байдлыг хамгаалан, эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолыг бататган бэхжүүлэх үүргээ нэр төртэй биелүүлж, батлан хамгаалах болон Зэвсэгт хүчний салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан Чөлөөлөх дайны ахмад дайчин, төр, захиргааны ахмад зүтгэлтэн, Хилийн цэргийн хил хамгаалах гүйцэтгэх албаны офицер Ундрахын Доржпаламд Монгол Улсын баатар цол хүртээж, баатрын Алтан таван хошуу тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа.

Улсын баатар У.Доржпалам нь эх орныхоо төлөө 50 гаруй жилийн хөдөлмөрөө зориулахдаа Хилийн цэргийн 12 дугаар отрядын туслах офицероос ажлын гараагаа эхэлж, Чөлөөлөх дайнд оролцон, сум, нэгдлийн дарга, Ардын Депутатуудын Хурлын хэлтсийн дарга хүртэл дэвшин ажиллаж байсан юм.

 Сүхбаатарын одонгоор:
  • Ахмад дайчин, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, Тамсагийн 27 дугаар отрядын эмнэлгийн албаны сувилагч, түрүүч Цэрэнгийн Чимэдцэрэн,
  • Ахмад дайчин, Эх орны дайны үед фронтод бэлэг хүргэгч Сүрэнхорын Цэгмид,
  • Ахмад дайчин, Хилийн 31 дүгээр отрядын ахлагч, сумангийн жагсаалын дарга Шаравын Цээрэв,
  • Ахмад дайчин, Хилийн цэргийн 24 дүгээр отрядын жагсаалын дарга, ахлагч Дорлигжавын Цанжид,
Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор:
  • Ахмад дайчин, Тавдугаар морьт дивизийн байлдагч Бухын Зундуй,
  • Ахмад дайчин, Дотоодыг хамгаалах яамны тусгай хорооны байлдагч Намсрайн Пүрэвжалба,
  • Ахмад дайчин, Есдүгээр морьт хорооны гуравдугаар сумангийн байлдагч Бадамын Дорж,
  • Ахмад дайчин, Хилийн цэргийн 20 дугаар отрядын штабын бичээч, байлдагч Гомбосүрэнгийн Шагдар,
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:
  • Ахмад дайчин, Тавдугаар дивизийн Их бууны хорооны наводчик, түрүүч Батсүхийн Шагдар,
  • Ахмад дайчин, Хилийн цэргийн 27 дугаар отрядын жагсаалын дарга, түрүүч Шийрэвсамбын Чимэддамба,
  • Ахмад дайчин, Байшинтын 7 дугаар дивизийн 17 дугаар морьт хорооны байлдагч Яринпилын Өсөх,
  • Ахмад дайчин, Тавдугаар дивизийн 14 дүгээр морьт хорооны байлдагч Гомбын Чогсомжав,
  • Ахмад дайчин, Матадын 8 дугаар дивизийн байлдагч Ядамжавын Алтангэрэл нарыг шагналаа.

Төрийн дээд цол, одон хүртсэн эрхмүүдийн хамгийн залуу нь 99, хамгийн ахмад нь 105 нас сүүдэр зооглож байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын баатарлаг түүхийн эзэд болсон ахмад дайчдад Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойн мэндийг өргөн дэвшүүллээ.

Монгол цэргүүд даян дэлхийд энх тайван, шударга ёсыг тогтоож,  хүн төрөлхтөнд амар амгалан, хөгжил дэвшлийг аврах үүргээ эх орон, ард түмнийхээ өмнөөс гүйцэтгэн, улсынхаа эрх чөлөө, тусгаар тогтнолыг бататган бэхжүүлж, ард түмнийхээ энх амгалан амьдралыг хамгаалж ирснийг тэмдэглэлээ.

Чөлөөлөх дайны ялалтын үнэ цэн, цэрэг эрсийн баатарлаг үйлсийг мөнхжүүлж, гавьяа, зүтгэлийг нь алдаршуулан, хойч үедээ эх оронч үзэл, сэтгэлгээг төлөвшүүлэх нь төрийн эрхэм үүрэг гэдгийг онцоллоо.

Төрийн дээд цол, одон хүртсэн ахмад дайчид төр, түмнийхээ өндөр итгэл, өргөн хүндлэлийг хүлээж, алдар цолоо бадрааж явахын ерөөлийг өргөн дэвшүүллээ.

Мөн гэр бүл, үр хүүхэд, хамт олонд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.

Чөлөөлөх дайнд Монгол Ардын Хувьсгалт Цэргийн 21 мянга гаруй дайчин Зөвлөлтийн цэргүүдийн хамт монгол цэрэг, монгол морины тэсвэр, хатуужлыг харуулан богино хугацаанд 1,000 гаруй км зам туулж, байлдаанд оролцон, ялалт авчирсан түүхтэй.

Жанчхүүгийн даваанд болсон тулаанд Монгол Ардын Хувьсгалт Цэргийн 56, Зөвлөлтийн Улаан армийн 67 цэрэг алтан амиа өргөсөн юм.

Дайчдыг БНХАУ-ын Хөбэй мужийн Жанбэй хошууны Ехулин ууланд оршуулсан бөгөөд хожим нь Монгол-Зөвлөлтийн дайчдад зориулсан дурсгалын цогцолбор байгуулжээ.

Байлдааны ажиллагааг удирдаж, гавъяа байгуулсан учир тухайн үед маршал Х.Чойбалсанг БНМАУ-ын хошой баатар цолоор, дэслэгч генерал Ю.Цэдэнбал, дэслэгч генерал Ж.Лхагвасүрэн нарыг Байлдааны гавьяаны улаан тугийн одонгоор шагнасан юм.

Хурандаа Д.Нянтайсүрэн, байлдагч Л.Аюуш, Д.Данзанваанчиг, С.Дампил, Т.Дүүдэй, М.Жанчив нарт Монгол Улсын баатар цол хүртээж, 2,000 гаруй дайчинд  төрийн одон, медаль олгожээ.

Мөн Зөвлөлтийн Улаан армийн 178 хүнийг Байлдааны гавьяаны улаан тугийн, гурван хүнийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн, 166 хүнийг Алтан гадас одонгоор, 159 хүнийг байлдааны медалиар шагнажээ.

2014 онд тохиосон Халхын голын байлдааны ялалтын 75 жилийн ойгоор Халхын голын байлдаан, Чөлөөлөх дайнд оролцож, эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолыг батлан хамгаалах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан ахмад дайчин, Гадаад хэргийн сайд асан, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд асан П.Шагдарсүрэн Монгол Улсын баатар цол хүртсэн юм.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Ерөнхий сайд Н.Учрал: Хөрөнгө оруулагчдад тулгарч буй саад бэрхшээлийг арилгана

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс дахь албан ёсны айлчлалынхаа хүрээнд /2026.09.30/ Японы бизнес эрхлэгчидтэй уулзалт хийж, хөрөнгө оруулагчдын санал хүсэлтийг хүлээн авч, шуурхай шийдвэрлэхээ илэрхийллээ.  

Монголд хөрөнгө оруулагч Япон компаниуд төсөл, хөтөлбөрөө Ерөнхий сайдад танилцуулсан юм. Тухайлбал, Aeronext  компани 2023 оноос хойш ЖАЙКА-ын санхүүжилтээр Монголд дроноор цус тээвэрлэж эхэлжээ. Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс 23 байршилд дроноор цус хүргэдэг. Цаашид Монголд дрон үйлдвэрлэдэг, засварладаг болохоор ажиллаж байна. Үүнийг бодит ажил хэрэг болгоход Монгол Улсын Засгийн газар дэмжлэг үзүүлж ажиллахыг хүслээ. 

Мөн чухал ашигт малтмалын чиглэлээр хамтран ажиллах өргөн боломж байгааг Японы талаас онцолсон.  2016 онд хүчин төгөлдөр болсон Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд Японы тал Монгол Улсаас худалдан авалт хийх нь чухал гэдгийг илэрхийлэв.

Ерөнхий сайд Н.Учрал Монголд бизнес эрхлэхэд тулгарч буй саад бэрхшээлийг арилгахад Засгийн газар шуурхай анхаарч ажиллана гэдгийг илэрхийлэв. Мөн Японы банк санхүүгийн салбарын төлөөлөл бодит сонирхлоо илэрхийлбэл нягт хамтран ажиллахад бэлэн гэлээ.  

Ирэх онд тохиох Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг шинэ бизнесийн түншлэлээр угтах нь нэн чухал.  Монгол Улсад Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага (ЖЕТРО) хөрөнгө оруулалтыг бодит ажил болгоход чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байгааг тодотгов. Монгол Улсад ЖЕТРО-ын Төлөөлөгчийн газар байгуулах талаар ярилцав. 

Монгол Улсын Засгийн газар хувийн хэвшлийг дэмжих, бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, зөвшөөрлийн шат дамжлагыг бууруулах, хөрөнгө оруулагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан тогтвортой, өрсөлдөх чадвартай орчныг бүрдүүлэхэд тусгайлан анхаарал хандуулж байгааг Ерөнхий сайд Н.Учрал онцоллоо.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын Япон улс дахь албан ёсны айлчлалын үр дүн

Огноо:

,

“Чингис хаан" олон улсын нисэх буудлын өргөтгөлийн 158.3 тэрбум иенийн хөгжлийн санхүүжилтэд гарын үсэг зурав. Жилд хүлээн авах зорчигчийн хүчин чадал 1.6 саяас 5.2 саяд хүрч, 3.2 дахин нэмэгдэнэ. 

  1. Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад хамтарна. Монгол Улс 1 сарын хэрэглээгээ нөөцлөх түлш, шатахууны савтай болно.
  2. Давхар татвар, Нийгмийн хамгааллын хэлэлцээр байгууллаа.
  3. Монгол Улсаас Япон улс руу чиглэсэн экспортын бараа, бүтээгдэхүүнийг нэмэгдүүлнэ.
  4. Япон улсын ”POWERR Asia” санаачилгын хүрээнд уур амьсгалын өөрчлөлт, карбон кредит, сэргээгдэх эрчим хүчний чиглэлд хамтарч ажиллана.
  5. “Инженер, технологийн дээд боловсрол (MJEED)” буюу “1000 инженер”-ийн төслийн дараагийн үе шатыг хэрэгжүүлнэ.
  6. Японы улсын гадаад худалдааг дэмжих (ЖЕТРО) байгууллага манай улсад төлөөлөгчийн газраа нээнэ. Тус улсын хөрөнгө оруулагчид, ЖДҮ, технологийн компаниуд үйл ажиллагаа явуулах боломж бүрдэнэ.
  7. Хоёр шатлалтай "ЖАЙКА"-гийн ЖДҮ-ийг дэмжсэн зээлийг үргэлжлүүлнэ.
  8. "Буянт-Ухаа" нисэх буудлыг орон нутгийн нислэгт ашиглах менежментийг хийх, хурдан галт тэрэгний яриа хэлцлийг эрчимжүүлнэ.
  9. Японы "Aeronext Inc" компани монгол инженерүүдтэй хамтарч дрон үйлдвэрлэдэг, засварладаг тогтолцоог нэвтрүүлэхээр яриа хэлцлээ эхлүүлэв.
  10. Ногоон устөрөгчийн төсөл, чухал ашигт малтмалын салбарын хамтын ажиллагааг ярилцав. Ногоон санхүүжилтийг дэмждэг бүх байгууллагуудаар дамжуулан Монголд хэрэгжүүлэх том төслүүдийг санхүүжүүлнэ.
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Монгол, Японы хамтарсан төслүүдийн хэрэгжилтийн талаар хэлэлцэв

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд ЖАЙКА-ын Ерөнхийлөгч Танака Акихиког хүлээн авч уулзлаа. Уулзалт 2026 оны есдүгээр сарын 29-нд Токио хотноо болов.

Ерөнхий сайд Япон Улсын Засгийн газрын хөгжлийн албан ёсны тусламж Монгол Улсын ардчиллыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжихэд чухал хувь нэмэр оруулж ирснийг онцлов. Мөн ЖАЙКА судалгаанд тулгуурласан, үр өгөөжтэй төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж буйд талархал илэрхийллээ.

Талууд “Чингис хаан” олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төслийн хэрэгжилтийн талаар ярилцав. Ерөнхий сайд төслийг хэрэгжүүлэх хугацаанд “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлыг дотоодын нислэгт ашиглах, агаарын тээврийн салбарын тогтвортой үйл ажиллагааг хангах чиглэлээр хамтран ажиллах хүсэлт тавьжээ. ЖАЙКА-ын Ерөнхийлөгч уг төслийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв.

Мөн Улаанбаатар хотод газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулах төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах асуудлыг хэлэлцлээ. Энэ ажлыг Япон Улсын Засгийн газрын “POWERR Asia” санаачилгын хүрээнд эхлүүлэхэд ЖАЙКА дэмжлэг үзүүлэхээ мэдэгдэв.

Уулзалтаар чухал ашигт малтмалын чиглэлээр Япон Улсын Метал, эрчим хүчний аюулгүй байдлын байгууллага (ЖОГМЭК)-тай хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол Улсад Японы Гадаад худалдааг дэмжих байгууллагын (ЖЕТРО) төлөөлөгчийн газар байгуулах саналыг хэрэгжүүлэх талаар ярилцжээ.

Түүнчлэн дэд бүтцийн чадавхыг сайжруулах, хүний нөөцийг хөгжүүлэх, цахим аюулгүй байдлыг хангах төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцов. Эрүүл мэнд, байгаль орчин, нийгмийн хамгааллын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь ач холбогдолтой гэдэгт талууд санал нэгдлээ.

Япон Улсын Засгийн газар Монгол Улсад 1977–2025 онд зээл, буцалтгүй тусламж, техникийн хамтын ажиллагааны хүрээнд нийт 3.3 тэрбум ам.долларын дэмжлэг үзүүлжээ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох