Цаг үе
Олон нийт цуглаж болзошгүй газруудын үйл ажиллагааг гуравдугаар сарын 30-ны өдөр хүртэл зогсоолоо
Нийслэлийн Онцгой комисс өнөөдөр хуралдаж, CoVid19 -ын халдвараас урьдчилсан сэргийлэх зорилгоор иргэдийг аюулгүй байлгах, эрсдэлээс хол байх нөхцлийг бүрдүүлэхэд анхаарч, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэв. Хуралдааны эхэнд Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар CoVid19-ын халдварын тархалтын мэдээллийг танилцууллаа.
Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар “Өнөөдрийн 2020/02/26 12 цагийн байдлаар Дэлхий дахинд 80239 хүн өвчилж, 2666 хүн нас барсан, 29776 хүн бүрэн эдгэрч, 79108 хүн ажиглалтын байдалтай байна. Монгол улсад өнөөдрийн байдлаар шинэ коронавирусын халдвар бүртгэгдээгүй байна. Харин 218 хүнд вирус судлалын шинжилгээ хийгдэж, лабораторийн шинжилгээгээр 165 хүнээс вирусын халдвар илрээгүй сөрөг гарлаа. Ажиглалтад Дорнод аймагт 5, Замын-Үүдэд 104, ОБЕГ-ын Жаргалант сувилалд 17 хүн байна.
НОК-ын даргын шийдвэрээр 2020 оны хоёрдугаар сарын 07-ны өдрөөс нийслэлийн шалган нэвтрүүлэн 8 товчоонд эрүүл мэндийн хяналтын үйл ажиллагааг гүйцэтгэж эхэлсэн. Хоёрдугаар сарын 25-ны өдрийн байдлаар нийслэл рүү орсон тээврийн хэрэгсэл 735, гарсан 778 тээврийн хэрэгслээр нийтдээ 3701 иргэн зөөвөрлөгдөн зорчиход сэжигтэй тохиолдол илрээгүй байна” гэв. Үүний дараагаар Нийслэлийн онцгой комиссын дарга С.Амарсайхан урьдчилан сэргийлэх чиглэлд авах зарим арга хэмжээний талаарх шийдвэрийг танилцууллаа.
Үүнд:
- Хоёрдугаар сарын 27-ны 06:00 цагаас гуравдугаар сарын 3-ны 07:00 цаг хүртэлх хугацаанд нийтийн тээврийн хэрэгслийн үйлчилгээг УОК-ын шийдвэрийн дагуу тусгай хуваарьт шилжүүлж,тусгай зохицуулалттайгаар иргэдэд хүргэх
- Эрүүл мэндийн шалтгаан, ар гэрийн гачигдал, хотод тусгай үүрэг гүйцэтгэх албан томилолттой гэсэн гурван шалтгаанаас бусад ямар ч шалтаг шалтгаантай байсан нийслэл болон хөдөө орон нутаг руу явах хөдөлгөөнийг гуравдугаар сарын 3-ны өдрийн найман цаг хүртэл хатуу хориглов.
- Баар, цэнгээний газрууд, караоке, фитнесс, саун, иог, цэнгээнт бүжиг, дэн буудал, амралтын газар, цанын бааз зэргийн үйл ажиллагааг гуравдугаар сарын 30-ны өдөр хүртэл зогсоов.
- Нийслэлийн нутгийн захиргааны бүх албан хаагчдыг гадаадад амралт, сургалт, томилолтоор явахыг хориглов.
- Ресторан, кафены үйл ажиллагааг оройн 22 цаг хүртэл ажиллуулахаар болов. Энэхүү шийдвэрийг хэрэгжүүлж ажиллахыг бүх дүүргийн Засаг дарга, мэргэжлийн байгууллагуудын удирдлагуудад үүрэг болголоо.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан "Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор урьдчилан сэргийлэх арга хэмжээг шат шатандаа хариуцлагатай хэрэгжүүлж, иргэд олон нийтэд үнэн бодит мэдээллийг цаг алдалгүй шуурхай хүргэн ажиллах"-ыг үүрэг чиглэл болголоо.
Мөн дэлхий нийтээр коронавирусын халдвар хурдцатай тархаж байгаа хүнд цаг үед иргэн бүр хичээж халдвар авахгүйн тулд туйлын хариуцлагатай байхад онцгой анхаарах шаардлагатай байна” гэдгийг тэрбээр онцоллоо.
Цаг үе
Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх "Бүү бас" аяныг улсын хэмжээнд өрнүүлж эхэллээ
Аялал, зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан үер, усны ослоос урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх хүрээнд Онцгой байдлын ерөнхий газраас "Усыг бүү бас" аяныг улсын хэмжээнд өрнүүлж эхэллээ. Тус аян нь хүүхэд, залуус, иргэд олон нийтэд эрсдэлийг таньж мэдэх, өөрийгөө болон бусдыг хамгаалах мэдлэг, дадлыг төлөвшүүлэхэд чиглэгдсэн бөгөөд олон талт арга хэмжээг хэрэгжүүлэх юм.

Энэ хүрээнд өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд тус аяны нээлтийн арга хэмжээг зохион байгуулж, хүүхэд багачууд “Бяцхан аврагчийн аялал” 7 өртөөт аялалын тоглоомоор тоглож, “Үер, усны ослыг бууруулахад хүүхэд бидний оролцоо” санал хүсэлтийн самбарт уриалга сэтгэгдлээ үлдээн, хүүхдүүдийн флаш моб бүжиг, танин мэдэхүйн АХА тэмцээнд оролцож, гамшгаас өөрийгөө болон бусдыг хамгаалах, усанд осолдох үеийн анхны тусламж үзүүлэх мэдлэг дадлагад суралцлаа.

Арга хэмжээнд Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Ч.Урангоо, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, Монголын Улаан Загалмайн нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа, Хүүхэд, гэр бүл, хөгжлийн газрын сургалт судалгаа мэдээллийн төвийн захирал М.Чанцалсүрэн нар оролцож, үер, усны аюул ослоос урьдчилан сэргийлэх мэдлэгээ дээшлүүлж, аюулгүй байдлаа хангахыг олон нийтэд уриалсан юм.

"Усыг бүү бас" аян нь гурван сарын турш үргэлжлэх бөгөөд эрсдэлийг үл тоомсорлох бус урьдчилан сэргийлэх, болзошгүй аюулаас өөрийгөө хамгаалах мэдлэг, соёлд суралцаж, аюулгүй амьдралын төлөө хамтдаа манлайлан оролцохыг нийт иргэд, олон нийтэд уриалж байна.
Монгол Улсын хэмжээнд сүүлийн 10 жилийн хугацаанд 45.446 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, осол тохиолдож, 2623 иргэн амь насаа алдсаны 516 нь хүүхэд байна. Эдгээр амь насаа алдсан хүүхдүүдийн 45 хувь нь усны ослын улмаас эндсэн тоо баримт бүртгэгдсэн нь маш том сургамжийг өгч, хүн бүр урьдчилан сэргийлэгч байхыг сэрэмжлүүлж буй дохио юм.
Цаг үе
Өнгөрсөн онд улсын хэмжээнд 47 мянга орчим нэгж цус цуглуулжээ
Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс “Цусны донорын дэлхийн өдөр”-ийг тохиолдуулан цусны донорууд болон донорын хөдөлгөөнийг дэмжин ажилладаг байгууллагуудыг алдаршуулах ёслолыг өчигдөр зохион байгуужээ.
Хүндэтгэлийн ёслолыг ЦССҮТ-ийн захирал Б.Нарантуяа нээж үг хэлсэн бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, А.Ариунзаяа, Л.Соронзонболд, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбаяр, ДЭМБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч хатагтай Сокорро Эскаланте, МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа, Монголын донорын холбоо ТББ-ын ерөнхийлөгч М.Сосорбарам, БГД-ийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга П.Өлзийнаран болон бусад албаны төлөөлөл оролцлоо.
Ёслолын үеэр донор хамт олон, хүмүүнлэгийн үйлсийг дэмжигч болон сурталчлагч байгууллага зэрэг таван номинациар шилдэг хамтран ажиллагч байгууллагуудыг шалгаруулж талархал илэрхийлэн шагнал гардууллаа. Мөн цусны донорын хүмүүнлэгийн үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан “Топ донор” нэг, Алтан, Мөнгөн, Хүрэл болон Хүндэт донорын болзол хангасан 100 орчим донорыг алдаршуулж, хүндэтгэл үзүүллээ.
Монгол Улс 2016 оноос 100 хувь сайн дурын, авлагагүй цусны донорын тогтолцоонд бүрэн шилжсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 210 мянга гаруй бүртгэлтэй донортой, үүнээс 46 мянга орчим нь байнгын идэвхтэй донор байна. ЦССҮТ нь 2025 онд улсын хэмжээнд 47 мянга орчим нэгж цус цуглуулж, 129 мянга гаруй нэгж цус, цусан бүтээгдэхүүн үйлдвэрлэн эрүүл мэндийн байгууллагуудад нийлүүлсэн байна.
Цаг үе
Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно
|
Хур тунадас
Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Өдөртөө төв, зүүн аймгуудын нутгийн зарим газар, баруун болон говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
|
|
Салхи
Салхи нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.
|
|
Агаарын температур
Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 16-21 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 32-37 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр 26-31 хэм, бусад нутгаар 20-25 хэм дулаан байна.
|
