Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Замын хөдөлгөөний дүрэм зөрчвөл зургаар баталгаажуулж, холбоосоор илгээнэ

Огноо:

,

Зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдал, хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор Улаанбаатар хотын 176 уулзвар, гарцад нийт 2600 гаруй хиймэл оюун ухаанд суурилсан камерын хяналтын системийг ашиглалтад оруулсан.

Ийнхүү өнгөрсөн хоёрдугаар сарын 5-наас иргэд, жолооч нар руу 130092 тусгай дугаараас зөрчил гаргасан талаарх сануулах зурвасыг илгээж эхэлсэн. Энэ нь ямар нэгэн торгуулийн мэдэгдэл бус замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн талаарх сануулга юм. Өнөөдрийн байдлаар иргэд, жолооч нар руу давхардсан тоогоор 348 мянган сануулах зурвасыг явуулсан байна. 

Өмнө нь иргэдэд зөрчил гаргасан нь хиймэл оюун ухаанд бүртгэгдсэн талаарх зурвасыг илгээдэг байсан. Харин өнөөдрөөс буюу зургаадугаар сарын 2-ноос эхлэн иргэд, жолооч нарт замын хөдөлгөөний ямар дүрмийг, хаана, хэрхэн зөрчсөн талаарх мэдээллийг нь зургаар баталгаажуулж, холбоос /линк/-оор илгээдэг боллоо.

Хиймэл оюун ухаанд суурилсан камерын хяналтын системтийн тусламжтайгаар замын хөдөлгөөний дүрмийн дараах зөрчлийг илрүүлэх боломжтой. Тодруулбал, 

  1. Хурд хэмжих
  2. Гэрэл дохионы зөрчил илрүүлэх
  3. Чиглэлийн тээврийн эгнээний дүрэм зөрчсөн тохиолдлыг илрүүлэх
  4. Автобусны буудал дээр зогссон зөрчлийг илрүүлэх
  5. Эгнээ байр буруу эзэлсэн зөрчлийг илрүүлэх
  6. Агшин зуурын хурд хэтрүүлэх /Энэ нь жолоочийн яг одоо ямар хурдтай явж байгаа талаарх мэдээллийг өгдөг/
  7. Дундаж хурд хэтрүүлэх /Энэ нь тухайн аялал ямар хурдтай байсан талаарх том зураглал бүхий мэдээллийг өгдөг/
  8. Зогсох шугам давах, үргэлжилсэн цагаан зураас давах, урсгал сөрсөн зөрчлийг илрүүлэх
  9. Түр болон удаан хугацаагаар тээврийн хэрэгслийг байршуулсан зөрчлийг илрүүлэх
  10. Явган хүний зам болон ногоон байгууламж дээр тээврийн хэрэгслийг удаан хугацаагаар байршуулсан зэрэг зөрчлийг илрүүлж буй. 

Харин өнөөдрийн байдлаар эдгээр зөрчлөөс эхний ээлжид гурван зөрчлийг илрүүлж, иргэд рүү сануулах зурвасыг илгээж байгаа юм. Тодруулбал, 

  1. Зогсох шугам давж зогссон зөрчлийг илрүүлэх
  2. Эгнээ байр буруу эзэлсэн зөрчлийг илрүүлэх
  3. Зогсох шугам давах, үргэлжилсэн цагаан зураас давах, урсгал сөрсөн зөрчлийг илрүүлэн, мэдээллийг зурвасаар илгээж байна.

Түүнчлэн программ дээр ачаалал үүсэж байгаатай холбогдуулан сануулах зурвас хоцорч илгээгдэх тохиолдол ихээр гарч буй. Өөрөөр хэлбэл өмнөх өдөр гаргасан зөрчлийн талаарх мэдээлэл бүхий сануулах зурвас цаг хугацааны хувьд зөрчил гаргаснаас хойших хугацаанд иргэдэд хүрч байгаа гэдгийг "Замын хөдөлгөөний удирдлагын төв" ОНӨТҮГ-ын Сургалт, судалгаа, олон нийттэй харилцах мэргэжилтэн Л.Баярцэцэг онцолж байлаа.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх "Бүү бас" аяныг улсын хэмжээнд өрнүүлж эхэллээ

Огноо:

,

Аялал, зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан үер, усны ослоос урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх хүрээнд Онцгой байдлын ерөнхий газраас "Усыг бүү бас" аяныг улсын хэмжээнд өрнүүлж эхэллээ. Тус аян нь хүүхэд, залуус, иргэд олон нийтэд эрсдэлийг таньж мэдэх, өөрийгөө болон бусдыг хамгаалах мэдлэг, дадлыг төлөвшүүлэхэд чиглэгдсэн бөгөөд олон талт арга хэмжээг хэрэгжүүлэх юм.

Энэ хүрээнд өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд тус аяны нээлтийн арга хэмжээг зохион байгуулж, хүүхэд багачууд “Бяцхан аврагчийн аялал” 7 өртөөт аялалын тоглоомоор тоглож, “Үер, усны ослыг бууруулахад хүүхэд бидний оролцоо” санал хүсэлтийн самбарт уриалга сэтгэгдлээ үлдээн, хүүхдүүдийн флаш моб бүжиг, танин мэдэхүйн АХА тэмцээнд оролцож, гамшгаас өөрийгөө болон бусдыг хамгаалах, усанд осолдох үеийн анхны тусламж үзүүлэх мэдлэг дадлагад суралцлаа.

 

Арга хэмжээнд Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Ч.Урангоо, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, Монголын Улаан Загалмайн нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа, Хүүхэд, гэр бүл, хөгжлийн газрын сургалт судалгаа мэдээллийн төвийн захирал М.Чанцалсүрэн нар оролцож, үер, усны аюул ослоос урьдчилан сэргийлэх мэдлэгээ дээшлүүлж, аюулгүй байдлаа хангахыг олон нийтэд уриалсан юм.

 

"Усыг бүү бас" аян нь гурван сарын турш үргэлжлэх бөгөөд эрсдэлийг үл тоомсорлох бус урьдчилан сэргийлэх, болзошгүй аюулаас өөрийгөө хамгаалах мэдлэг, соёлд суралцаж, аюулгүй амьдралын төлөө хамтдаа манлайлан оролцохыг нийт иргэд, олон нийтэд уриалж байна.

Монгол Улсын хэмжээнд сүүлийн 10 жилийн хугацаанд 45.446 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, осол тохиолдож, 2623 иргэн амь насаа алдсаны 516 нь хүүхэд байна. Эдгээр амь насаа алдсан хүүхдүүдийн 45 хувь нь усны ослын улмаас эндсэн тоо баримт бүртгэгдсэн нь маш том сургамжийг өгч, хүн бүр урьдчилан сэргийлэгч байхыг сэрэмжлүүлж буй дохио юм.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Өнгөрсөн онд улсын хэмжээнд 47 мянга орчим нэгж цус цуглуулжээ

Огноо:

,

Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс “Цусны донорын дэлхийн өдөр”-ийг тохиолдуулан цусны донорууд болон донорын хөдөлгөөнийг дэмжин ажилладаг байгууллагуудыг алдаршуулах ёслолыг өчигдөр  зохион байгуужээ.

Хүндэтгэлийн ёслолыг ЦССҮТ-ийн захирал Б.Нарантуяа нээж үг хэлсэн бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, А.Ариунзаяа, Л.Соронзонболд, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбаяр, ДЭМБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч хатагтай Сокорро Эскаланте, МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа, Монголын донорын холбоо ТББ-ын ерөнхийлөгч М.Сосорбарам, БГД-ийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга П.Өлзийнаран болон бусад албаны төлөөлөл оролцлоо.

Ёслолын үеэр донор хамт олон, хүмүүнлэгийн үйлсийг дэмжигч болон сурталчлагч байгууллага зэрэг таван номинациар шилдэг хамтран ажиллагч байгууллагуудыг шалгаруулж талархал илэрхийлэн шагнал гардууллаа. Мөн цусны донорын хүмүүнлэгийн үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан “Топ донор” нэг, Алтан, Мөнгөн, Хүрэл болон Хүндэт донорын болзол хангасан 100 орчим донорыг алдаршуулж, хүндэтгэл үзүүллээ.

Монгол Улс 2016 оноос 100 хувь сайн дурын, авлагагүй цусны донорын тогтолцоонд бүрэн шилжсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 210 мянга гаруй бүртгэлтэй донортой, үүнээс 46 мянга орчим нь байнгын идэвхтэй донор байна. ЦССҮТ нь 2025 онд улсын хэмжээнд 47 мянга орчим нэгж цус цуглуулж, 129 мянга гаруй нэгж цус, цусан бүтээгдэхүүн үйлдвэрлэн эрүүл мэндийн байгууллагуудад нийлүүлсэн байна.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно

Огноо:

,

2026.06.15 08:00 - 20:00
ЦАГ АГААРЫН МЭДЭЭ
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер ус, нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2026 оны 06-р сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэл:
Хур тунадас
Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Өдөртөө төв, зүүн аймгуудын нутгийн зарим газар, баруун болон говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи
Салхи нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.
Агаарын температур
Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 16-21 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 32-37 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр 26-31 хэм, бусад нутгаар 20-25 хэм дулаан байна.
Улаанбаатар ба хот орчмын төлөв
Улаанбаатар
20-22°C
4-9 м/с
Багануур
19-21°C
6-11 м/с
Тэрэлж
18-20°C
5-10 м/с

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө 20-22 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө 19-21 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө 18-20 хэм дулаан байна.

2026.06.16-наас 20-ныг хүртэлх төлөв: Зургаадугаар сарын 16-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 17-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 18-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудийн нутгийн баруун хэсгээр, 19-нд нутгийн зүүн хагаст бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 15-20 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 32-37 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 26-31 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна. 18-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 19-нд нутгийн зүүн хагаст сэрүүснэ.
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох