Цаг үе
Зургаадугаар сард цаг агаар ямар байх вэ
Цаг уурын байгууллагаас гаргасан ирэх зургаадугаар сарын цаг агаарын ерөнхий төлөвөөр агаарын температур ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, хур тунадас нутгийн зүүн хойд болон баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
Сарын эхээр ихэнх нутгаар хүйтэн, бага зэргийн тунадастай бол хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн сүүлээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн бол гуравдугаар арав хоногийн ихэнх хугацаанд хур тунадастай байх тул цаг агаарын богино хугацааны мэдээг өдөр тутам авч, цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэхийг малчид, тариаланчид, ард иргэддээ анхааруулж байна.

Баруун аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан, хур тунадас Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүл хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүлээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-2ºС-аар хүйтэн байх бол нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн сүүл, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-2ºС-аар дулаан төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд, хоёрдугаар арав хоногийн сүүл, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлээр ихэнх нутгаар бороо орно.
Төвийн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан, хур тунадас Хөвсгөлийн баруун, Архангай, Өвөрхангайн нутгаар олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас ахиу орох төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн ихэнх хугацаа, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд гуравдугаар арав хоногийн сүүлээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-2ºС-аар сэрүүн байх бол хоёрдугаар арав хоногийн сүүл, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд олон жилийн дунджаас 1-2ºС-аар дулаан байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн ихэнх хугацаанд ихэнх нутгаар бороо орох магадлалтай байна.
Зүүн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур Хэнтийн нутаг, Дорнодын хойд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх бол хур тунадас Сүхбаатарын өмнөд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас ахиу орох байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд, хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн сүүл үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-2ºС-аар сэрүүн байх бол нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүл, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-3ºС-аар дулаан байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн ихэнх хугацаанд, ихэнх нутгаар бороо орох магадлал өндөр байна.
Говийн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур Дорноговийн зүүн хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байна. Хур тунадас Өмнөговийн баруун, Говьсүмбэрийн хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн сүүл, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-2ºС-аар дулаан байх бол нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн сүүл үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-3ºС-аар сэрүүн байх төлөвтэй байна. Түүнчлэн нэгдүгээр арав хоногийн сүүл, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр бороо орох төлөвтэй байна.
Цаг үе
Гол нуурууд орчмын 399 усны ослын хар цэгүүдийг тодорхойлж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авлаа
Иргэд осолдож болзошгүй гол нуурууд орчмын 399 байршил дагуу усны ослын хар цэгүүдийг тодорхойлж, завьт болон хөдөлгөөнт эргүүлийг ажиллуулж байна. Сүүлийн таван жилийн хугацаанд (2021-2025) усны ослын 537 удаагийн дуудлага бүртгэгдэж, 464 хүн амь насаа алдсан байна.
Усны ослоор амь насаа алдсан иргэдийн 68 хувь нь гол мөрөнд, 20 хувь нь нуурт, 12 хувь нь тогтоол усанд энджээ. Иймд иргэд та бүхэн аялал, зугаалгаар явахдаа тухайн очих газрынхаа онцлогийг судалж, усанд эрсдэх аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхийг уриалж байна гэж Онцгой байдлын Ерөнхий газраас мэдээллээ.
Цаг үе
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Үүр, Хэнтий нурууны зүүн хажуугийн Хурх, Барх, Хэрлэн, Онон /Дадал/ , Хангай нурууны өврийн Онги зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-40 см нэмэгдэж, олон жилийн дундаж түвшинг давсан байна.
Өнөөдөр буюу 6 дугаар сарын 17-ны өдөр Сэлэнгэ мөрөн, Тосонцэнгэл сум орчимд болон Эг гол Хантай баг орчимд усны түвшин 5-15 см нэмэгдэх төлөвтэй байна.
Мөн
- 6-р сарын 17-ны өдөр баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар,
- 18-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр,
- 19-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр,
- 20-нд нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох юм байна.
Иймд тухайн хугацаанд орсон хур борооны эрчимжил хэмжээнээс шалтгаалан гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэх, хуурай сайр гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэх тул иргэд үерийн аюултай бүсээс хол, аюулгүй газар зусах, амрах болон гол мөрөн, нуурын ойролцоо амарч зугаалахдаа ажиглалт хийж, уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт отоглож , хоноглохгүй байх, зөвхөн зөвшөөрөгдсөн зам гүүрээр зорчихыг зөвлөв.
Цаг үе
"Дэлхийн нүүдэлчдийн VI их наадам"-д Монгол улсаа төлөөлөн оролцох тамирчныг энэ сарын 18-ны өдөр тодруулна
Киргизстаны нийслэл Бишкек болон Чолпон-Ата хотуудад ирэх наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 06-ны өдрүүдэд "Дэлхийн нүүдэлчдийн VI их наадам" зохион байгуулагдана. Тус наадам нь 2 жилд нэг удаа болдог бөгөөд 2022 онд Туркийн Изникд болсон наадамд 102 орны 3000 гаруй тамирчин, 2024 онд Казахстаны Алматад 89 орны 2500 орчим тамирчин оролцож байжээ.
Энэ удаагийн VI наадамд 60 орон оролцохоо албан ёсоор мэдэгдсэн бөгөөд 60 орчим орны 4000 гаруй тамирчин, төлөөлөгч оролцоно гэж зохион байгуулах хорооноос мэдээлээд байна.
Тус наадамд Монгол улсаа төлөөлөн оролцох бөхийн 6 төрлийн тамирчныг тодруулах, сонгон шалгаруулалтыг 2026.06.18-ны өдрийн 11.00 цагт Монгол бөхийн өргөөнд зохион байгуулна.
Тус сонгон шалгаруулалт нь дараах бөхийн төрлүүдээр, халз барилдаан хэлбэрээр зохион байгуулагдана. Үүнд:
- Монголын Үндэсний бөх
- Казак Курес бөх
- Иран Пахлавани бөх
- Киргиз Алыш бөх
- Кураш
- Бүстэй барилдаан
Эдгээр бөхийн төрлүүдээр эх орноо төлөөлөн "Дэлхийн нүүдэлчдийн VI их наадам" оролцох тамирчны сонгон шалгаруултад оролцох боломжтой юм байна.
-
Шударга мэдээ2026/02/10
Таван шарын нүхэн гарц орчимд 90 метр урттай явган хүний гүүрэн гарц барина
-
Улстөр нийгэм2021/07/21
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсад ажлын айлчлал хийнэ
-
Улстөр нийгэм2026/03/05
НИТХ-ын хүний хөгжлийн хороо жендэрийн үндэсний хороотой хамтран эрчүүдийн асууд...
-
Цаг үе2025/09/29
Нийтийн тээврээр 31 мянган иргэн бэлэн мөнгө төлж үйлчлүүлж байна
