Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд С.Магнайсүрэнг томилов

Огноо:

,

Улсын Их Хурлын 2025 оны Хаврын ээлжит чуулганы 2025 оны тавдугаар сарын 08-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий аудиторыг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн юм. Монгол Улсын Их Хурлын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, Төрийн аудитын тухай хуульд заасныг үндэслэн Сандагийн Магнайсүрэнг Монгол Улсын Ерөнхий аудитороор томилуулах саналаа Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан танилцууллаа.  

Төрийн аудитын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт заасны дагуу Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд санал болгосон нэр дэвшигч Сандагийн Магнайсүрэн нь 1975 онд төрсөн, 50 настай. 1983-1993 онд Говь-Алтай 1 дүгээр сургууль, 1993-1997 онд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн. Хууль зүйн шинжлэх ухааны магистр зэрэгтэй. Нэр дэвшигч 1997-1999 онд “Улаанбаатар Эрдэм” дээд сургуульд багш, тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байгаад 1999-2000 онд Улсын Их Хурлын гишүүний туслах, 2000-2005 онд Улсын Их Хурлын Тамгын газарт зөвлөх, 2005-2006 онд Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газарт Тамгын газрын дарга, 2006-2007 онд Хүнс, хөдөө аж ахуйн яаманд сайдын зөвлөх, 2007-2008 онд Сангийн яаманд газрын дарга, 2008-2013 онд Улсын Их Хурлын Тамгын газарт Тамгын газрын Нарийн бичгийн дарга, 2015 онд Хөдөлмөрийн яаманд Төрийн нарийн бичгийн дарга,  2015-2023 онд Барилга, хот байгуулалтын яаманд Төрийн нарийн бичгийн дарга, 2023-2024 онд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд Төрийн нарийн бичгийн даргаар тус тус ажиллаж байсан гэлээ.

Эрхэлсэн түшмэлээс дээш ангиллын албан тушаалд буюу Тэргүүн түшмэлийн албан тушаалд 12 жил 5 сар ажилласныг Улсын Их Хурлын дарга танилцуулсан. С.Магнайсүрэн нь Япон Улс, БНАУ, БНСУ, АНУ, БНЭУ-д мэргэжил дээшлүүлэх, мэргэшүүлэх сургалтууд хамрагдаж байсныг дурдаад Төрийн аудитын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсэгт заасан 45 насанд хүрсэн байх; 45 нас хүрсэн байх; эдийн засаг, санхүү, эсхүл хууль зүйн чиглэлээр дээд боловсролын зэрэгтэй байх; төрийн албаны эрхэлсэн түшмэлээс дээш ангиллын албан тушаалд 10-аас доошгүй жил ажилласан байх; сүүлийн зургаан жилийн хугацаанд улс төрийн намын гишүүнчлэлгүй, улс төрийн идэвхтэй үйл ажиллагаа явуулаагүй байх; Монгол Улсын Ерөнхий аудиторын бүрэн эрхэд харшлах ажил, албан тушаал давхар эрхэлдэггүй, өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, мэргэжлийн болон төрийн бус байгууллагад ашиг сонирхлын зөрчилгүй байх зэрэг шаардлагыг хангаж байгаа учир Сандагийн Магнайсүрэнг Монгол Улсын Ерөнхий аудитороор томилуулахаар нэр дэвшүүлж байгаа гэв.

Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням танилцууллаа. Тус Байнгын хороо 2025 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн хуралдаанаараа дээрх асуудлыг хэлэлцсэн байна. Улсын Их Хурлын даргаас Төрийн аудитын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд Сандагийн Магнайсүрэнг Улсын Их Хуралд санал болгосон. Байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль, Нийтийн сонсголын тухай хуульд заасны дагуу Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигчийн томилгооны сонсголыг зохион байгуулахтай холбогдуулан дараах ажиллагааг явуулжээ. Төсвийн байнгын хорооны 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 08 дугаар тогтоолоор нэр дэвшигчийн сонсголыг 2025 оны 5 дугаар сарын 07-ны өдөр зохион байгуулахаар товлож, 14 хоногийн хугацаанд сонсголд оролцогчдыг бүртгэх болон нэр дэвшигчээс асуух асуулт, нэр дэвшигчийн талаарх саналыг хүлээн авахаар  сонсголын зарыг олон нийтэд хүргэсэн байна.

Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигчийн сонсголыг Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням даргалж, сонсголд Төсвийн байнгын хорооны гишүүд,  нэр дэвшигч С.Магнайсүрэн болон зарын дагуу бүртгүүлсэн 4 оролцогч, 1 ажиглагч иргэн оролцсон болохыг санал, дүгнэлтэд дурджээ. Нэр дэвшигчийн сонсголд оролцсон гишүүд хаалттай хуралдаж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар нэр дэвшигч С.Магнайсүрэнг тухайн албан тушаалд тавигдах шаардлагыг хангасан хэмээн үзэж, дэмжсэн байна. Нэр дэвшигчийн сонсголын тайланг Улсын Их Хурлын цахим хуудаст байршуулан, Улсын Их Хурлын дарга болон нийт гишүүд, нэр дэвшигчид хүргүүлснийг Г.Дамдинням гишүүн танилцуулав. Байнгын хороо уг асуудлыг хэлэлцээд, хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр Монгол Улсын Ерөнхий аудитороор Сандагийн Магнайсүрэнг томилж, бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсонтой холбогдуулан Дэлэгийн Загджавыг Монгол Улсын Ерөнхий аудиторын үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжсэн байна.

Ийнхүү Байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулсны дараа хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, А.Ариунзаяа, Л.Энхнасан, Б.Бат-Эрдэнэ, С.Эрдэнэболд, Дав.Цогтбаатар, Н.Наранбаатар, Ц.Идэрбат, П.Сайнзориг, О.Цогтгэрэл, Б.Уянга, Ч.Ундрам, Г.Лувсанжамц, Д.Ганбат, Ж.Алдаржавхлан, Ж.Галбадрах, Л.Мөнхбаатар, Б.Жаргалан нар асуулт асууж, байр сууриа илэрхийлэн үг хэлэв. Тухайлбал, төрийн байгууллагууд хууль хэрэгжүүлдэг байх, Эрүүл мэндийн даатгалын сан болон Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг үр ашигтай, зориулалтын дагуу зарцуулдаг эсэх хяналт онцгой хяналт тавих, төрийн аудитын байгууллагын зөвлөмжийн хэрэгжилтийг үр нөлөөтэй байлгах чиглэлээр авч хэрэгжүүлэх, шаардлагатай бол эрх зүйн өөрчлөлтийг хийх санаачилга гаргах, төсвийн төлөвлөлт Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалтай нийцэж буй эсэхээр нарийвчилсан дүгнэлт гаргаж байх зэрэг саналыг хэлж байв.

Түүнчлэн төрийн албыг цомхон, чадварлаг болгох чиглэлд аудитын байгууллагаас авч хэрэгжүүлэх боломжтой арга хэмжээний талаар, төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд аудит хийх, үйл ажиллагааг үр өгөөжтэй болгохтой холбоотой ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж болох, төрийн аудитын байгууллагын бүтэц, бүрэлдэхүүнийг оновчтой зохион байгуулахад төрийн аудитын байгууллагаас авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар тодруулж байв.

Нэр дэвшигч С.Магнайсүрэн хариулахдаа “Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтийн талаар 2024 онд аудит хийсэн байна билээ. Энэ аудитын тайланг Улсын Их Хурал хүргүүлсэн  бөгөөд Байнгын хороогоор хэлэлцэх болов уу. Энэ аудитын дүгнэлтэд ерөнхийдөө хууль дээдлэх зарчим тодорхой түвшинд алдагдсан, тогтвортой бүтцээр ажиллаагүй, бодлого хуулийн хэрэгжилтэд тавих үр нөлөөтэй хяналтын тогтолцоо бүрдээгүй, бүртгэлийн систем доголдолтой байна гэх зэргийг дурдсан байгаа” хэмээсэн. Цаашид төрийн албыг өргөжүүлэхээс илүүтэй хуулийг хэрэгжүүлэх, шинжлэх ухаан, техник технологийн дэвшлийг ашиглаж үр дүнтэй ажиллах чиглэл рүүгээ анхаарах шаардлагатай болж байгаа гэв.

Энэ үеэр Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан төрийн албан хаагчдын тоон мэдээллийг танилцуулсан. Өнөөдрийн байдлаар төрийн захиргаа, тусгай, үйлчилгээний гээд нийтдээ 220 орчим мянган албан хаагч байгаа бол төрийн өмчит үйлдвэрийн газруудад 60 орчим мянган хүн ажиллаж байгаа юм байна. Дээрх 220 орчим мянган албан хаагчдын 70 хувь нь төрийн үйлчилгээний албан хаагч буюу багш, эмч, боловсролын болон эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд юм. 21 хувь нь  цэрэг, цагдаа тэргүүтэй төрийн тусгай алба хаагчид, үлдсэн 9 хувь нь төрийн захиргааны албан хаагч юм. Төрийн албан хаагчдын тоо жил бүр  өсөж байгаагийн үндсэн шалтгааны нэг нь олон тооны сургууль, цэцэрлэг шинээр ашиглалтад ордогтой холбоотой хэмээн тайлбарлав. Улсын Их Хурлын гишүүд “төрийн захиргаа нь л өргөжөөд, тэлээд байна” гэсэн өрөөсгөл ойлголтоо залруулж, зөв мэдээлэл авч, олон нийтэд түгээж байхыг хүссэн. 

Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн “Монгол Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын эрх бүхий албан тушаалтныг томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцэх журам” хэмээх 111 дүгээр зүйлийн 111.2 дахь хэсэгт “Нэгдсэн хуралдаан эрх бүхий албан тушаалтны санал, холбогдох Байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсож нууц санал хураалт явуулж хуралдаанд оролцсон гишүүдийн олонх томилох, чөлөөлөх саналыг дэмжсэн бол энэ тухай тогтоол баталсанд тооцно” гэж заасны дагуу нууц санал хураалт санал хураалт явууллаа. Чуулганы өнөөдрийн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 80.6 хувь нь Төсвийн байнгын хорооны саналаар Сандагийн Магнайсүрэнг Монгол Улсын ерөнхий аудитороор томилохыг дэмжлээ. Иймд “Монгол Улсын ерөнхий аудиторыг томилох тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдсанд тооцов.

Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсын ерөнхий аудитороор томилогдсон С.Магнайсүрэнд ажлын амжилт хүсээд “Улсын Их Хурлын гишүүд аудитын байгууллагын үйл ажиллагаанд онцгой анхаарал хандуулдаг болохыг, холбогдох саналуудыг сонслоо. Төрийн аудитын байгууллага бол парламентын нүд, чих болж гүйцэтгэх засаглалын түвшинд гарч байгаа санхүүгийн болон гүйцэтгэлийн алдаа дутагдлыг илрүүлж, хариуцлага тооцон, доголдлыг засах чиглэлээр ажилладаг. Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн хэрэгжилтийг хангах нөхцөлийг бүрдүүлдэг гол байгууллагын нэг. Ард иргэдийн зүгээс хүсэж байгаа хяналт шалгалтын чиг үүргийг бодитой, үр нөлөөтэй хэрэгжүүлж, ажил хэрэгч ажиллаарай” хэмээлээ. Мөн сүүлийн жилүүдэд төрийн аудитын байгууллагын бүтэц, бүрэлдэхүүн ихээхэн өргөжиж, томорсон гэдэг шүүмжлэлийг Улсын Их Хурлын гишүүд хэлж байгааг тодотгоод, холбогдох судалгаа мэдээллийг Төсвийн байнгын хороонд танилцуулахыг үүрэг болгов. Дараа нь Байнгын хорооны саналаар бүрэн эрхийн хугацаа дууссантай холбогдуулан Дэлэгийн Загджавыг Монгол Улсын ерөнхий аудиторын үүрэгт ажлаас чөлөөлөх саналыг дэмжих томьёоллоор нууц санал хураалт явуулсан. Санал хураалтад оролцсон гишүүдийн 64.5 хувь буюу Улсын Их Хурлын 60 гишүүн дэмжсэн тул Улсын Их Хурлын холбогдох тогтоол батлагдсан юм.

Иймд Д.Амарбаясгалан дарга холбогдох тогтоолуудын найруулгыг Улсын Их Хуралд танилцуулсан.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Ерөнхий сайд Н.Учрал: Хөрөнгө оруулагчдад тулгарч буй саад бэрхшээлийг арилгана

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс дахь албан ёсны айлчлалынхаа хүрээнд /2026.09.30/ Японы бизнес эрхлэгчидтэй уулзалт хийж, хөрөнгө оруулагчдын санал хүсэлтийг хүлээн авч, шуурхай шийдвэрлэхээ илэрхийллээ.  

Монголд хөрөнгө оруулагч Япон компаниуд төсөл, хөтөлбөрөө Ерөнхий сайдад танилцуулсан юм. Тухайлбал, Aeronext  компани 2023 оноос хойш ЖАЙКА-ын санхүүжилтээр Монголд дроноор цус тээвэрлэж эхэлжээ. Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс 23 байршилд дроноор цус хүргэдэг. Цаашид Монголд дрон үйлдвэрлэдэг, засварладаг болохоор ажиллаж байна. Үүнийг бодит ажил хэрэг болгоход Монгол Улсын Засгийн газар дэмжлэг үзүүлж ажиллахыг хүслээ. 

Мөн чухал ашигт малтмалын чиглэлээр хамтран ажиллах өргөн боломж байгааг Японы талаас онцолсон.  2016 онд хүчин төгөлдөр болсон Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд Японы тал Монгол Улсаас худалдан авалт хийх нь чухал гэдгийг илэрхийлэв.

Ерөнхий сайд Н.Учрал Монголд бизнес эрхлэхэд тулгарч буй саад бэрхшээлийг арилгахад Засгийн газар шуурхай анхаарч ажиллана гэдгийг илэрхийлэв. Мөн Японы банк санхүүгийн салбарын төлөөлөл бодит сонирхлоо илэрхийлбэл нягт хамтран ажиллахад бэлэн гэлээ.  

Ирэх онд тохиох Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг шинэ бизнесийн түншлэлээр угтах нь нэн чухал.  Монгол Улсад Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага (ЖЕТРО) хөрөнгө оруулалтыг бодит ажил болгоход чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байгааг тодотгов. Монгол Улсад ЖЕТРО-ын Төлөөлөгчийн газар байгуулах талаар ярилцав. 

Монгол Улсын Засгийн газар хувийн хэвшлийг дэмжих, бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, зөвшөөрлийн шат дамжлагыг бууруулах, хөрөнгө оруулагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан тогтвортой, өрсөлдөх чадвартай орчныг бүрдүүлэхэд тусгайлан анхаарал хандуулж байгааг Ерөнхий сайд Н.Учрал онцоллоо.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын Япон улс дахь албан ёсны айлчлалын үр дүн

Огноо:

,

“Чингис хаан" олон улсын нисэх буудлын өргөтгөлийн 158.3 тэрбум иенийн хөгжлийн санхүүжилтэд гарын үсэг зурав. Жилд хүлээн авах зорчигчийн хүчин чадал 1.6 саяас 5.2 саяд хүрч, 3.2 дахин нэмэгдэнэ. 

  1. Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад хамтарна. Монгол Улс 1 сарын хэрэглээгээ нөөцлөх түлш, шатахууны савтай болно.
  2. Давхар татвар, Нийгмийн хамгааллын хэлэлцээр байгууллаа.
  3. Монгол Улсаас Япон улс руу чиглэсэн экспортын бараа, бүтээгдэхүүнийг нэмэгдүүлнэ.
  4. Япон улсын ”POWERR Asia” санаачилгын хүрээнд уур амьсгалын өөрчлөлт, карбон кредит, сэргээгдэх эрчим хүчний чиглэлд хамтарч ажиллана.
  5. “Инженер, технологийн дээд боловсрол (MJEED)” буюу “1000 инженер”-ийн төслийн дараагийн үе шатыг хэрэгжүүлнэ.
  6. Японы улсын гадаад худалдааг дэмжих (ЖЕТРО) байгууллага манай улсад төлөөлөгчийн газраа нээнэ. Тус улсын хөрөнгө оруулагчид, ЖДҮ, технологийн компаниуд үйл ажиллагаа явуулах боломж бүрдэнэ.
  7. Хоёр шатлалтай "ЖАЙКА"-гийн ЖДҮ-ийг дэмжсэн зээлийг үргэлжлүүлнэ.
  8. "Буянт-Ухаа" нисэх буудлыг орон нутгийн нислэгт ашиглах менежментийг хийх, хурдан галт тэрэгний яриа хэлцлийг эрчимжүүлнэ.
  9. Японы "Aeronext Inc" компани монгол инженерүүдтэй хамтарч дрон үйлдвэрлэдэг, засварладаг тогтолцоог нэвтрүүлэхээр яриа хэлцлээ эхлүүлэв.
  10. Ногоон устөрөгчийн төсөл, чухал ашигт малтмалын салбарын хамтын ажиллагааг ярилцав. Ногоон санхүүжилтийг дэмждэг бүх байгууллагуудаар дамжуулан Монголд хэрэгжүүлэх том төслүүдийг санхүүжүүлнэ.
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Монгол, Японы хамтарсан төслүүдийн хэрэгжилтийн талаар хэлэлцэв

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд ЖАЙКА-ын Ерөнхийлөгч Танака Акихиког хүлээн авч уулзлаа. Уулзалт 2026 оны есдүгээр сарын 29-нд Токио хотноо болов.

Ерөнхий сайд Япон Улсын Засгийн газрын хөгжлийн албан ёсны тусламж Монгол Улсын ардчиллыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжихэд чухал хувь нэмэр оруулж ирснийг онцлов. Мөн ЖАЙКА судалгаанд тулгуурласан, үр өгөөжтэй төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж буйд талархал илэрхийллээ.

Талууд “Чингис хаан” олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төслийн хэрэгжилтийн талаар ярилцав. Ерөнхий сайд төслийг хэрэгжүүлэх хугацаанд “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлыг дотоодын нислэгт ашиглах, агаарын тээврийн салбарын тогтвортой үйл ажиллагааг хангах чиглэлээр хамтран ажиллах хүсэлт тавьжээ. ЖАЙКА-ын Ерөнхийлөгч уг төслийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв.

Мөн Улаанбаатар хотод газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулах төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах асуудлыг хэлэлцлээ. Энэ ажлыг Япон Улсын Засгийн газрын “POWERR Asia” санаачилгын хүрээнд эхлүүлэхэд ЖАЙКА дэмжлэг үзүүлэхээ мэдэгдэв.

Уулзалтаар чухал ашигт малтмалын чиглэлээр Япон Улсын Метал, эрчим хүчний аюулгүй байдлын байгууллага (ЖОГМЭК)-тай хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол Улсад Японы Гадаад худалдааг дэмжих байгууллагын (ЖЕТРО) төлөөлөгчийн газар байгуулах саналыг хэрэгжүүлэх талаар ярилцжээ.

Түүнчлэн дэд бүтцийн чадавхыг сайжруулах, хүний нөөцийг хөгжүүлэх, цахим аюулгүй байдлыг хангах төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцов. Эрүүл мэнд, байгаль орчин, нийгмийн хамгааллын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь ач холбогдолтой гэдэгт талууд санал нэгдлээ.

Япон Улсын Засгийн газар Монгол Улсад 1977–2025 онд зээл, буцалтгүй тусламж, техникийн хамтын ажиллагааны хүрээнд нийт 3.3 тэрбум ам.долларын дэмжлэг үзүүлжээ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох