Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Монгол шуудан ХК-ийн үйл ажиллагаа, түгээлтийн сүлжээний ашиглалтын талаарх мэдээллийг сонслоо

Огноо:

,

УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны 2025 оны тавдугаар сарын 06-ны өдрийн хуралдаанаар Монгол шуудан ХК-ийн үйл ажиллагаа, үндэсний хэмжээний шуудан түгээлтийн сүлжээний ашиглалтын талаарх холбогдох байгууллагын удирдлагын  мэдээллийг сонсож, ажлын хэсэг байгуулах тухай байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ.

Байнгын хорооны хэлэлцэх эхний асуудлыг Монгол шуудан ХК-ийн дэд захирал Н.Хосбаяр танилцуулсан. Тэрбээр, Монгол шуудан ХК нь 2016 оноос Төрийн өмчийн оролцоотой нээлттэй хувьцаат компани болон ажиллаж байна. Тус компани 375 салбар нэгж, 1100 ажилтан, 210 тээврийн хэрэгсэлтэйгээр  жилдээ 2,5 сая шууданг хүлээн авах, тээвэрлэх, ялган боловсруулах, хүлээлгэж өгөх үйл ажиллагааг явуулж байна гээд  2014-2024 оны орлого, ашгийн үзүүлэлт, хөрөнгийг  танилцуулсан. Тухайлбал, 2014 онд 10,9 тэрбумын орлоготой байсан бол 2024 онд 23,6 тэрбум төгрөг болон өсчээ. Харин 2016 оноос өнөөдрийн хүртэл 2,5 тэрбум төгрөгийн ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдэд тараасан бөгөөд алслагдсан байдал, зах зээлийн багтаамжаас шалтгаалан орон нутагт 1,5-2 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилладаг ч өөрсдийн нөөц бололцоогоор нөхдөг гэв. Мөн тэрбээр, дэлхийн шуудангийн 192 байгууллагаас 89 дугаарт ордог гээд компанийн 2025 оны үндсэн зорилт, 2025-2028 оны эдийн засгийн төсөөлөл зэргээ танилцуулсан юм.

Тухайлбал, 2025 онд хүчин чадал, бүтээмжээ нэмэгдүүлэхийн тулд цахим шилжилт, инновац нэвтрүүлэх, бизнесээ өргөжүүлэх зэргээр ажиллаж байна. Харин компанийн дунд хугацааны стратегийг тодорхойлохдоо нэгд, төрийн цахим үйлчилгээний хүргэлтийн үндсэн сүлжээ байх,  хоёрт,  хүргэлтийн цогц үйлчилгээ үзүүлэгч сүлжээ болох,  гуравт, орон даяар шуудан-логистикийн нэгдсэн сүлжээг бий болгох, дөрөвт, бүс нутгийн хил дамнасан цахим худалдааны транзит тээвэрлэгч болохоор тусгасан хэмээн танилцуулаад дээрх стратегийн зорилтыг хэрэгжүүлсэнээр орон нутгийн жижиглэн худалдааны шуудан тээврийн хүргэлтийн хурдыг 5 дахин нэмэгдүүлж, Улаанбаатар хотын замын ачааллыг 10 хувиар бууруулж, төр, хувийн хэвшлийн байгууллагын цахим үйлчилгээг сумын түвшинд хамгийн бага зардлаар хүргэх, орон нутгийн иргэдэд хүрэх санхүүгийн үйлчилгээний өртгийг бууруулах, дамжин өнгөрөх транзит шуудангийн сүлжээ бэхжүүлэх, хот хөдөөгийн бараа бүтээгдэхүний үнийн ялгааг ойртуулах зэрэг дэвшил гарахаар төлөвлөж буй зэрэг үйл ажиллагаагаа танилцуулав.

Мөн хуралдаанд Орон нутгийн хэвлэл мэдээллийн холбоо болон  “Монгол инфинити шуудан”, “Түгээмэл шуурхай шуудан”, “Юбикаб экспресс” зэрэг төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн төлөөлөл оролцож, хэлэлцэж буй асуудлаар байр сууриа илэрхийлсэн. Орон нутгийн хэвлэл мэдээллийн холбооны тэргүүн Ц.Шаравдорж, Монгол шуудангийн тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй байгааг шүүмжлээд орон нутгийн 21 аймгийн сонины эрхлэгчид, сонин уншигчдад цаг хугацаандаа хүрэхгүй байгаа талаар гомдол гаргасан. Гомдлын дагуу хөдөө орон нутгаар явж үзэхэд сумын шууданч гэж байхгүй болсон. Харин хувийн таксины жолооч нар иргэдийн бичиг хэрэг, илгээмжийг ямар ч баталгаагүй зөөж байна. Тиймээс холбогдох дээд байгууллагуудад хандсан гэв. “Монгол инфинити шуудан” компанийн захирал Ф.Ганбаатар, шуудангийн салбарт бодлогын баримт бичиг тодорхойгүй учраас мухардмал байдалд орохоос гадна өнөө цагийн шаардлагад нийцэхгүй байна гээд шуудангийн бизнесийг шударга хүртээмжтэй байх талаар саналаа илэрхийлсэн. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэлэв. 

Тухайлбал,  УИХ-ын гишүүн Ч.Анар, Монгол шуудан хувьцаат компани дэлхийн жишигтэй харьцуулахад хөгжлийн өсөлт байхгүй, монополь  байдалтай ажиллаж байна. Энэ салбарыг либералчлах талаар ямар бодлого баримтлаж ажиллах талаар асуухад ажлын хэсгээс хариулахдаа, 2025 оны 1 улирлын байдлаар Харилцаа, холбооны зохицуулах хорооноос шуудангийн сүлжээ, үйчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг  93 аж ахуйн нэгж эзэмшиж байгаагаас 62 нэгж идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс шуудангийн тусгай зөвшөөрлийг 4 хуулийн этгээд эзэмшдэг. Шуудангийн тухай хуулийн 3.1.12-д заасны дагуу Монгол шуудан хувьцаат компани бүх нийтийн үүргийн хэрэгжүүлэгч, үндсэн сүлжээний оператор гэж тодорхойлсон гэж ажлын хэсгээс хариуллаа.

Мөн УИХ-ын гишүүн Ж.Золжаргал, Ч.Ундрам, Б.Пунсалмаа, С.Цэнгүүн, П. Мөнхтулга  нар асуулт асууж, саналаа илэрхийллээ. Тухайлбал, Монгол шуудангийн үйлчилгээ хоцрогдож, цаг үеийн шаардлагыг хангахгүй болсон учраас хууль эрх зүйн орчныг сайжруулах, тулгамдаж буй асуудлуудыг зайлшгүй шийдэх нь зүйтэй. Хууль эрх зүйн орчныг сайжруулахдаа хувиараа хүргэлтийн үйлчилгээ эрхлэгч иргэдийн эрх ашгийг хааж боох бус дэмжих, шуудан хүргэлтийн үйлчилгээнд том саад болж буй хаягжилтийн системийг хувийн хэвшлийн оролцоотой хэрэгжүүлэх, олон улсын шуудангийн тогтолцоог нэвтрүүлэх зэргээр саналаа илэрхийлсэн юм.

Мөн орон нутгийн хэрэгцээ шаардлагыг хангахад шуудангийн үйлчилгээг сайжруулах боломж, цахим худалдааны хүргэлтийн үйлчилгээний зах зээлд өрсөлдөх чадварыг сайжруулах талаарх  бодлого, төрийн өмчийн оролцооны  66 хувийг бууруулах эсэх талаар асуулт асууж, саналаа илэрхийлсэн юм.

Байнгын хорооны хуралдаан Монгол шуудан ХК-ийн үйл ажиллагаа, үндэсний хэмжээний шуудан түгээлтийн сүлжээний ашиглалтын талаарх мэдээллийг хэлэлцсэнтэй холбогдуулан Шуудангийн тухай хууль, Харилцаа холбооны тухай хууль болон Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн журмын биелэлтийг хянан шалгах, шуудан түгээлтийн сүлжээний ашиглалтыг сайжруулах талаар санал дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулах тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Ерөнхий сайд Н.Учрал: Хөрөнгө оруулагчдад тулгарч буй саад бэрхшээлийг арилгана

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс дахь албан ёсны айлчлалынхаа хүрээнд /2026.09.30/ Японы бизнес эрхлэгчидтэй уулзалт хийж, хөрөнгө оруулагчдын санал хүсэлтийг хүлээн авч, шуурхай шийдвэрлэхээ илэрхийллээ.  

Монголд хөрөнгө оруулагч Япон компаниуд төсөл, хөтөлбөрөө Ерөнхий сайдад танилцуулсан юм. Тухайлбал, Aeronext  компани 2023 оноос хойш ЖАЙКА-ын санхүүжилтээр Монголд дроноор цус тээвэрлэж эхэлжээ. Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс 23 байршилд дроноор цус хүргэдэг. Цаашид Монголд дрон үйлдвэрлэдэг, засварладаг болохоор ажиллаж байна. Үүнийг бодит ажил хэрэг болгоход Монгол Улсын Засгийн газар дэмжлэг үзүүлж ажиллахыг хүслээ. 

Мөн чухал ашигт малтмалын чиглэлээр хамтран ажиллах өргөн боломж байгааг Японы талаас онцолсон.  2016 онд хүчин төгөлдөр болсон Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд Японы тал Монгол Улсаас худалдан авалт хийх нь чухал гэдгийг илэрхийлэв.

Ерөнхий сайд Н.Учрал Монголд бизнес эрхлэхэд тулгарч буй саад бэрхшээлийг арилгахад Засгийн газар шуурхай анхаарч ажиллана гэдгийг илэрхийлэв. Мөн Японы банк санхүүгийн салбарын төлөөлөл бодит сонирхлоо илэрхийлбэл нягт хамтран ажиллахад бэлэн гэлээ.  

Ирэх онд тохиох Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг шинэ бизнесийн түншлэлээр угтах нь нэн чухал.  Монгол Улсад Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага (ЖЕТРО) хөрөнгө оруулалтыг бодит ажил болгоход чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байгааг тодотгов. Монгол Улсад ЖЕТРО-ын Төлөөлөгчийн газар байгуулах талаар ярилцав. 

Монгол Улсын Засгийн газар хувийн хэвшлийг дэмжих, бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, зөвшөөрлийн шат дамжлагыг бууруулах, хөрөнгө оруулагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан тогтвортой, өрсөлдөх чадвартай орчныг бүрдүүлэхэд тусгайлан анхаарал хандуулж байгааг Ерөнхий сайд Н.Учрал онцоллоо.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын Япон улс дахь албан ёсны айлчлалын үр дүн

Огноо:

,

“Чингис хаан" олон улсын нисэх буудлын өргөтгөлийн 158.3 тэрбум иенийн хөгжлийн санхүүжилтэд гарын үсэг зурав. Жилд хүлээн авах зорчигчийн хүчин чадал 1.6 саяас 5.2 саяд хүрч, 3.2 дахин нэмэгдэнэ. 

  1. Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад хамтарна. Монгол Улс 1 сарын хэрэглээгээ нөөцлөх түлш, шатахууны савтай болно.
  2. Давхар татвар, Нийгмийн хамгааллын хэлэлцээр байгууллаа.
  3. Монгол Улсаас Япон улс руу чиглэсэн экспортын бараа, бүтээгдэхүүнийг нэмэгдүүлнэ.
  4. Япон улсын ”POWERR Asia” санаачилгын хүрээнд уур амьсгалын өөрчлөлт, карбон кредит, сэргээгдэх эрчим хүчний чиглэлд хамтарч ажиллана.
  5. “Инженер, технологийн дээд боловсрол (MJEED)” буюу “1000 инженер”-ийн төслийн дараагийн үе шатыг хэрэгжүүлнэ.
  6. Японы улсын гадаад худалдааг дэмжих (ЖЕТРО) байгууллага манай улсад төлөөлөгчийн газраа нээнэ. Тус улсын хөрөнгө оруулагчид, ЖДҮ, технологийн компаниуд үйл ажиллагаа явуулах боломж бүрдэнэ.
  7. Хоёр шатлалтай "ЖАЙКА"-гийн ЖДҮ-ийг дэмжсэн зээлийг үргэлжлүүлнэ.
  8. "Буянт-Ухаа" нисэх буудлыг орон нутгийн нислэгт ашиглах менежментийг хийх, хурдан галт тэрэгний яриа хэлцлийг эрчимжүүлнэ.
  9. Японы "Aeronext Inc" компани монгол инженерүүдтэй хамтарч дрон үйлдвэрлэдэг, засварладаг тогтолцоог нэвтрүүлэхээр яриа хэлцлээ эхлүүлэв.
  10. Ногоон устөрөгчийн төсөл, чухал ашигт малтмалын салбарын хамтын ажиллагааг ярилцав. Ногоон санхүүжилтийг дэмждэг бүх байгууллагуудаар дамжуулан Монголд хэрэгжүүлэх том төслүүдийг санхүүжүүлнэ.
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Монгол, Японы хамтарсан төслүүдийн хэрэгжилтийн талаар хэлэлцэв

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд ЖАЙКА-ын Ерөнхийлөгч Танака Акихиког хүлээн авч уулзлаа. Уулзалт 2026 оны есдүгээр сарын 29-нд Токио хотноо болов.

Ерөнхий сайд Япон Улсын Засгийн газрын хөгжлийн албан ёсны тусламж Монгол Улсын ардчиллыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжихэд чухал хувь нэмэр оруулж ирснийг онцлов. Мөн ЖАЙКА судалгаанд тулгуурласан, үр өгөөжтэй төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж буйд талархал илэрхийллээ.

Талууд “Чингис хаан” олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төслийн хэрэгжилтийн талаар ярилцав. Ерөнхий сайд төслийг хэрэгжүүлэх хугацаанд “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлыг дотоодын нислэгт ашиглах, агаарын тээврийн салбарын тогтвортой үйл ажиллагааг хангах чиглэлээр хамтран ажиллах хүсэлт тавьжээ. ЖАЙКА-ын Ерөнхийлөгч уг төслийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв.

Мөн Улаанбаатар хотод газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулах төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах асуудлыг хэлэлцлээ. Энэ ажлыг Япон Улсын Засгийн газрын “POWERR Asia” санаачилгын хүрээнд эхлүүлэхэд ЖАЙКА дэмжлэг үзүүлэхээ мэдэгдэв.

Уулзалтаар чухал ашигт малтмалын чиглэлээр Япон Улсын Метал, эрчим хүчний аюулгүй байдлын байгууллага (ЖОГМЭК)-тай хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол Улсад Японы Гадаад худалдааг дэмжих байгууллагын (ЖЕТРО) төлөөлөгчийн газар байгуулах саналыг хэрэгжүүлэх талаар ярилцжээ.

Түүнчлэн дэд бүтцийн чадавхыг сайжруулах, хүний нөөцийг хөгжүүлэх, цахим аюулгүй байдлыг хангах төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцов. Эрүүл мэнд, байгаль орчин, нийгмийн хамгааллын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь ач холбогдолтой гэдэгт талууд санал нэгдлээ.

Япон Улсын Засгийн газар Монгол Улсад 1977–2025 онд зээл, буцалтгүй тусламж, техникийн хамтын ажиллагааны хүрээнд нийт 3.3 тэрбум ам.долларын дэмжлэг үзүүлжээ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох