Улстөр нийгэм
Судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 87 хувь нь тодорхой төрлийн цахим халдлагад өртсөн гэжээ
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2025 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн хуралдаанаар Цахим орчин дахь өсвөр үеийнхний үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалт, сэтгэл санааны хүчирхийлэл, түүний хор уршгийн талаарх Боловсролын сайдын болон Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Хууль зүй, дотоод хэргийн яамны мэдээллийг сонсов.
Үндсэн хууль болон Монгол Улсын нэгдсэн орсон олон улсын гэрээ, конвенцоор хүлээсэн хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, хангах, эрхийг зөрчихөөс урьдчилан сэргийлэхэд шаардлагатай бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлэх үүргийн дагуу Улсын Их Хурлаас 2024 онд Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан болохыг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсролын сайд П.Наранбаяр танилцууллаа.
Хүүхэд хамгааллын тухай хуулийн 25 дугаар зүйлээр хэвлэл мэдээлэл, өргөн нэвтрүүлэг, цахим орчин дахь хүүхэд хамгаалалтай холбоотой харилцааг зохицуулж байгаа боловч цахим орчинд хүүхдийн эрхийг хэрхэн хамгаалах, цахим орчин дахь бэлгийн хүчирхийлэл, зүй бус зар сурталчилгаа, хуурамч мэдээ, мэдээллээс хамгаалах, сөрөг агуулгатай контентын хандалтыг хязгаарлах, арилгах талаарх эрх зүйн харилцааг цогцоор нь тусгайлан зохицуулаагүй байгааг дурдав. Түүнчлэн тодорхой насны хязгаарлалттайгаар нийгмийн сүлжээний платформуудыг ашиглах талаар хуульд зохицуулалт тусгагдаагүй гэдгийг онцоллоо.
Цахим орчин дахь хүүхдийн аюулгүй байдлын талаар үндэсний суурь судалгааг 2020 онд хийсэн бөгөөд 7-12 настай хүүхдүүдийн 50 хувь, 13-18 настнуудын 77 хувь нь фэйсбүүк хэрэглэдэг бөгөөд тэдгээрийн 87 хувь нь тодорхой төрлийн цахим халдлагад өртсөн гэжээ. Цахим орчин дахь хүүхдийн эсрэг гэмт хэргийн шалтгаан, нөхцөл, урьдчилан сэргийлэх арга замын талаарх 2021 оны судалгаагаар өсвөр үеийнхний 92 хувь нь интернет хэрэглэдэг бөгөөд хамгийн эрсдэлт орчноор интернэт хэмээн тодорхойлсон байна. Мөн судалгаанд оролцсон хүүхдүүдийн 14.6 хувь нь цахим орчинд хүчирхийлсэн, басамжилсан, садар самуун агуулгатай үйлдэл хийхийг шаардсан халдлагад өртөж байжээ.
Харилцаа холбооны зохицуулах хорооноос хийсэн “Цахим орчин дахь хүүхдийн аюулгүй байдал ба зохицуулалт” судалгаанд дурдсанаар 13-18 насны судалгаанд оролцогчдын 71 хувь нь өдөр бүр цахим орчинд давтамжтай нэвтэрдэг.
Үүний 96 хувь фэйсбүүк, 89 хувь нь фэйсбүүк месенжер ашигладаг гэсэн байна. Мөн 13-18 насны хүүхдүүд гэртээ, интернэтэд орохдоо аав, ээжийн эзгүйд орох хандлага хамгийн өндөр буюу 89 хувь байдаг гэжээ. Судалгаагаар хүүхдүүдийн 87 хувь нь цахим орчны халдлагад өртөж байсан, тэдгээрийн 59 хувь нь эцэг, эхдээ хэлдэггүй, мөн хүүхдүүдийн 67 хувь нь нэгээс олон хаягтай байдаг гэв. Хүүхдүүдийн 61 хувь нь илүү хаягаараа бусадтай чатлах, 36 хувь нь нийгмийн сүлжээг эцэг, эхийн хяналтгүйгээр ашиглах зорилготой гэсэн судалгааны дүн гарсан байдгийг Боловсролын сайд танилцуулав.
Үргэлжлүүлэн П.Наранбаяр сайд олон улсын туршлагын талаар мэдээллээ. Австралийн Засгийн газар 2024 оны 11 дүгээр сард “Нийгмийн сүлжээний хамгийн бага насны хязгаар”-тай холбоотой хуулийг баталж 16-аас доош насны хүүхдийг нийгмийн сүлжээнд нэвтрэхийг бүрэн хоригложээ. Энэ хууль 2025 оны 12 дугаар сараас хэрэгжиж эхлэх юм байна. Австрали хүүхдүүдийн 80 хувь нь Youtube, TikTok, Instagram, Snapchat зэрэг платформуудыг ашиглаж байсан бөгөөд ямар нэгэн насны хязгаарлалт, хяналтын нэмэлт механизмгүй. Улмаар хүүхэд аливаа мэдээллийг шүүлтүүргүй хүлээн авах, гэмт хэргийн хохирогч болох эрсдэл үүсгэж байсан хэмээн үзжээ. Франц Улс 15-аас доош насны хэрэглэгч нийгмийн цахим сүлжээнд нэвтрэхдээ заавал эцэг, эхийн зөвшөөрөл шаарддаг болсон. Мөн АНУ, Австрали, Япон, Итали, БНСУ, Швед, ОХУ, ИБУИНВУ, БНХАУ зэрэг улс цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах талаарх бодлогоо тодорхойлж, нарийвчилсан зохицуулалт бүхий хууль батлаад байгаа хэмээлээ.
Нийгмийн сүлжээний дээр дурдагдаж буй эрсдэлийн зэрэгцээ дэлгэцийн донтолт хурцадмал асуудал болсныг П.Наранбаяр сайд тэмдэглээд “Бодит нөхцөлийг тооцон, хуулийн төслийн үзэл баримтлалыг боловсруулаад эрх зүйн орчныг тодорхойлох шаардлагатай гэж үзэж байна. Иймд Боловсролын яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам хамтран үзэл баримтлал боловсруулах ажлын хэсэг байгуулж, холбогдох хуулийн төслийг боловсруулаад нийгмийн оролцоог бүрэн хангасан хэлэлцүүлгүүдийг хийж, нэгдсэн ойлголцолд хүрч батлах боломжтой хэмээн үзэж байна” гэлээ.
Хууль зүй, дотоод хэргийн яамны мэдээллийг Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар танилцуулав. Цагдаагийн байгууллагад сүүлийн 5 жилд буюу 2020-2024, 2025 оны эхний 3 сард нийт 146.476 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 10.164 буюу 6.9 хувийг хүүхэд хохирсон гэмт хэрэг эзэлж байгаа гэлээ. Үүнээс цахим орчинд үйлдэгдсэн 40900 гэмт хэргийн улмаас нийт 459 хүүхэд өртөж хохирсон бөгөөд жилийн дундаж өсөлт нь 62.2 хувьтай байгаа аж. Сүүлийн 5 жилийн хугацаанд үе тэнгийн дээрэлхэлтэй холбоотой 350 гомдол, мэдээлэл бүртгэгдсэнээс 29 буюу 8.3 хувь нь цахим орчинд үйлдэгдсэн байна. Дээрх гомдол мэдээллийн 311 буюу 88.9 хувь нь нийслэлд, 39 буюу 11.1 хувь нь орон нутагт бүртгэгджээ.
Нийслэлд бүртгэгдсэн үе тэнгийн дээрэлхэлттэй холбоотой гомдол, мэдээлэл Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, Баянзүрх дүүргийн 3, 16 дугаар хороодод хамгийн их бүртгэгджээ. Орон нутагт Орхон аймгийн Баян-Өндөр, Сэлэнгэ аймгийн Мандал суманд хамгийн их бүртгэгдсэн болохыг Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар танилцууллаа.
Үргэлжлүүлэн тэрбээр цахим орчны нөхцөл байдлын талаар танилцуулсан. Манай улсын нийт хүн амын 1.2 сая нь өсвөр насныхан бөгөөд тэдний 74 хувь нь цахим орчны идэвхтэй хэрэглэгч байдаг аж. Үүнээс гадна цахим орчинд идэвхтэй байгаа хүүхдүүдийн 55 хувь нь эмэгтэй, 45 хувь нь эрэгтэй юм байна. Youtube хуудас хэрэглэдэг 2.5 сая иргэн байдгаас 70 хувь нь өсвөр насныхан гэв. Хуурамч хаяг байгаа нь цахим дээрэлхэлтийн нэг хэрэгсэл болж, тэдний сэтгэл зүйд сөргөөр нөлөөлж, гэмт хэрэгт өртөх эрсдэлийг нэмэгдүүлж болохыг танилцуулгад дурдав.
Өсвөр үеийнхний үе тэнгийн дээрэлхэлт, сэтгэл санааны хүчирхийлэлтэй холбоотой мэдээлэл нийтлэгдсэн тухай бүр цагдаагийн байгууллагаас хариу арга хэмжээ авч, харьяа нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн газар, хэлтсээр шалгуулж, устгуулах хүсэлтийг Харилцаа холбооны зохицуулах хороонд албан бичгээр хүргүүлэх арга хэмжээ авч ажилладаг болохыг Төрийн нарийн бичгийн дарга Байнгын хорооны хуралдаанд танилцуулав.
Өнгөрсөн онд бага насны хүүхдэд учирч болзошгүй аюул эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор фейсбүүк олон нийтийн сүлжээнд садар самууныг сурталчилсан, хүүхдийг садар самуунд уруу татсан гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргасан 196 цахим хуудас болон групп хаягийг тогтоон устгуулахаар Харилцаа холбооны зохицуулах хороонд хүргүүлсэн байна. Н.Мягмар дарга цагдаагийн байгууллагаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулаад 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 26-ны өдрийн хооронд зохион байгуулсан “Дээрэлхэл дэлгэрэх ёсгүй” арга хэмжээний хүрээнд насанд хүрээгүй хүний үйлдсэн хэрэг өмнөх оны мөн үеэс 9.5 хувь буурсан эерэг үзүүлэлт гарсныг дурдсан юм.
Цагдаагийн байгууллагаас энэ оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 02 дугаар сарын 27-ны өдрийн хооронд үе тэнгийн дээрэлхэл, цахим орчны ялгаварлан гадуурхалтын бодит статистик мэдээлэл цуглуулах зорилгоор цахим санал асуулгыг ерөнхий боловсролын 530 сургуулийн 99.118 сурагчаас авсан байна. Энэ талаар Н.Мягмар дарга танилцуулсан.
Судалгаанд оролцсон сурагчдын 54.6 хувь нийслэлд, 45.4 хувь нь орон нутаг суралцдаг, 57.3 хувь нь эмэгтэй, 42.7 хувь нь эрэгтэй гэв. Сурагчдын 55.4 хувь нь фэйсбүүк, 31.2 хувь нь инстаграм, 10.3 хувь Youtube, 7 хувь нь Tiktok ашигладаг гэжээ.
Судалгаанд оролцогчдын 9.9 хувь нь цахим орчны ялгаварлан гадуурхалтад, 16 хувь нь үе тэнгийн дээрэлхэлтэд өртөж байсан гэжээ. Үүний 1439 буюу 8.8 хувь нь цахим орчинд гэдэг хариулт өгсөн байна. Хүүхдүүд сургуулийн орчныг хамгийн ихээр гэмт хэрэг, зөрчилд өртөж, хохирдог газар хэмээн нэрлэсэн байна.
Хууль зүй, дотоод хэргийн яамны мэдээллийн төгсгөлд сүүлийн 5 жилийн хугацаанд цахим орчинд үйлдэгдсэн 40900 гэмт хэргийн улмаас нийт 459 хүүхэд өртөж хохирсон бөгөөд жилийн дундаж өсөлт нь 62.2 хувьтай байгааг дурдав. Иймд холбогдуулан авах арга хэмжээний талаарх саналаа танилцууллаа. Финланд Улсын Боловсрол, соёлын яамны санхүүжилтээр 2007 онд Турку их сургуульд боловсруулагдсан судалгаа, нотолгоонд суурилсан хүчирхийллийн эсрэг “KiVa хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх, АНУ-ын Засгийн газар, ялангуяа Боловсролын яамны дэргэдэх Тусгай хэрэгцээт боловсролын төв (OSEP)-өөс санхүүжүүлдэг үндэсний хэмжээний “Эерэг зан үйлийн хөндлөнгийн оролцоо ба дэмжлэг” санаачилгыг нэвтрүүлэх саналаа танилцууллаа. Мөн үндэсний хэмжээнд хүүхэд, өсвөр насныхан, залууст зориулсан 24/7 үнэгүй сэтгэл зүйн тусламж, зөвлөгөө өгдөг Австралийн Kids Helpline үйлчилгээ, хүүхэд, өсвөр үеийнхэн, эцэг эх, багш, сургууль болон олон нийтэд дээрэлхэл, цахим дарамтаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах талаар иж бүрэн мэдээлэл, нөөцүүдийг санал болгодог АНУ-ын www.StopBullying.gov цахим сайт зэрэг сайн туршлагуудыг нэвтрүүлэх саналыг Н.Мягмар дарга танилцууллаа.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга дараагийн мэдээллийг танилцуулсан. Тус яамнаас “Цахим орчинд хүүхэд хамгаалах” бодлогын хүрээнд судалгаа хийх, хандалтыг хязгаарлах технологийн арга хэмжээ авах, хүүхдэд сөрөг нөлөөлөлтэй, хүүхдийн эрхийг зөрчсөн контентыг хязгаарлах, устгах хүсэлтийг уламжлан шийдвэрлүүлэх зэрэг олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байгааг Төрийн нарийн бичгийн дарга П.Алтан-Од танилцуулав.
НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгээр цахим орчин дахь бэлгийн хүчирхийлэл, мөлжлөгийн хохирогч хүүхдийн зураг, бичлэгийг цахим орчноос устгах, хязгаарлах Internet Watch Foundation /IWF/ системийг ekids.mn сайтын нэмэлт хэлбэрээр нэвтрүүлжээ. Мета компанитай байгуулсан хамтын ажиллагааны хүрээнд Green channel буюу шууд харилцах ногоон сувгаар дамжуулан хүүхдэд сөрөг нөлөөтэй, хүүхдийн эрхийг зөрчсөн агуулгатай контентыг мэдээлж, устгах, хязгаарлах технологийн арга хэмжээг авч байгаа гэв.
Сургалт, нөлөөллийн ажлын хүрээнд ОУЦХБ-аас цахим орчин дахь хүүхэд хамгааллын чиглэлээр гаргасан зөвлөмжүүдийг монгол хэл рүү орчуулж, хэвлүүлэн түгээсэн бол үндэсний хэлэлцүүлэг зохион байгуулж, холбогдох сургалтыг 21 аймаг, нийслэлд цахимаар болон танхимаар зохион байгуулсан байна.
Цахим орчинд хүүхдийг хориотой болон хортой агуулгаас урьдчилан сэргийлэх, хамгаалах журмыг цахим хөгжил, харилцаа холбооны, хүүхэд, гэр бүлийн хөгжлийн болон хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батлах хуулийн хүрээнд Цахим хөгжил, инновац харилцаа холбооны сайдаас журмын төслийг боловсруулж, Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Гэр бүл, хөдөлмөр нийгэм хамгааллын сайдаас санал авч 2025 оны 03 дугаар сард хамтарсан тушаалаар “Цахим орчинд хүүхдийг хориотой болон хортой агуулгаас урьдчилан сэргийлэх, хамгаалах журам”-ыг баталжээ. Түүнчлэн Хүүхэд хамгааллын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.12-т хэвлэл мэдээлэл, олон суваг дамжуулах болон цахим орчны үйлчилгээ эрхлэгчийн цахим орчин, өргөн нэвтрүүлгээр түгээсэн контент, мэдээ, мэдээлэл, бүтээл нь хүүхдэд хортой агуулгатай эсэх талаар дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөлийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг мөн танилцуулав.
Гэр бүл, хөдөлмөр нийгэм хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул дээрх сэдвийн хүрээн дэх өнөөгийн нөхцөл байдлын талаар тоон мэдээлэл, баримтуудыг Байнгын хорооны хуралдаанд танилцууллаа. Цахим орчин дахь хүүхэд хамгааллын талаарх дуудлага мэдээллийг хүүхдийн тусламжийн 108 утсаар хүлээн авдаг ба үүний зэрэгцээ шаардлагатай зөвлөгөө мэдээллийг өгөхөөс гадна холбон зуучлах үйлчилгээг үзүүлдэг гэв. 108 тусгай дугаарт ирсэн хүүхдийн эсрэг гэмт хэрэг зөрчлийн шинжтэй дуудлагыг 102 утсанд шилжүүлдэг байна. Харин хүүхдийн эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдлын талаарх яаралтай дуудлагыг 103, амиа хорлох, ахуй, осол гэмтэл, өндрөөс унах зэрэг дуудлагыг 101, 105 дугаарт яаралтай шилжүүлэн хамтран ажилладаг байна.
Хүүхдийн тусламжийн 108 тусгай дугаарт 2021-2023 онд цахим орчны дарамт, хүчирхийллийн талаарх 99 дуудлага ирснийг Цагдаагийн ерөнхий газрын Цахим гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шилжүүлжээ. 2024 оноос энэ төрлийн дуудлагыг Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газарт цахим хаягаар нь шилжүүлдэг болсны дагуу 38 дуудлагыг шилжүүлсэн байна. Хүүхдэд цахим орчинд үзүүлэх дарамт 2022 онд 83 байсан бол 2023 онд 448 болжээ. Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвд үе тэнгийн хүчирхийлэлтэй холбогдолтой дуудлага маш их ирдэг хэмээгээд “2024 онд 1052 дуудлага ирсэн, энэ оны I улиралд 193 дуудлага бүртгэгдсэн” гэлээ. Үргэлжлүүлэн тэрбээр бодлого, зохицуулалтын хүрээнд хийсэн ажлуудын талаар товч дурдаад цаашид Хүүхэд хамгааллын тухай хууль, холбогдох журам, стандартыг сурталчлан таниулах, журмыг хэрэгжүүлэх хүрээнд хүүхдийн эрхийн улсын байцаагчийг сургах, чадвахжуулах, мэргэжлийн байгууллагуудтай хамтран өргөн нэвтрүүлгийн телевизүүд болон үүрэн холбооны оператор компаниудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг зохион байгуулах шаардлагатай гэдэг саналыг танилцуулсан. Мөн хүүхдийн эрх хамгааллын талаар мэдлэг, хандлага, ойлголтыг нэмэгдүүлэх сургалт, нөлөөллийн ажлыг зохион байгуулах, Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны гишүүд, ажлын албыг чадавхжуулах шаардлагатай байгааг мөн мэдээллийнхээ төгсгөлд танилцуулав.
Ийнхүү Боловсролын сайдын болон Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Хууль зүй, дотоод хэргийн яамны мэдээллийг сонссоны дараа Хууль зүйн байнгын хорооны гишүүн О.Номинчимэг, М.Нарантуяа-Нара, С.Эрдэнэболд, Ц.Сандаг-Очир, П.Сайнзориг, Ж.Алдаржавхлан, А.Ариунзаяа, Д.Цогтбаатар нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт тайлбар авсан юм. Хуулиар зохицуулах асуудлаа нарийвчлан, үр дүнг хэмжих шалгуураа тодорхой болгох шаардлагатай гэдэг саналыг С.Эрдэнэболд гишүүн хэлээд, шинэ тутам үүсч буй нийгмийн харилцааны асуудлыг хуучин арга барилаар шийдэх боломжгүй гэдгийг тооцож, анхаарахыг сануулсан. Хуулийн төслийн үзэл санааг дэмжиж байгаагаа тэрбээр илэрхийлээд, Засгийн газар орчин нөхцөл болон ирээдүйг тооцож, энэ чиглэлд баримтлах бодлогоо нэн тодорхой болгох ёстой гэлээ. Цахим халдлага, үе тэнгийн дээрэлхэлтэд өртөж байгаа хүүхэд хаана, хэрхэн хандах талаар маш тодорхой ойлголт, мэдээллийг нийгэмд түгээж, бүх талууд хуулиар хүлээсэн үүргээ хариуцлагатайгаар гүйцэтгэдэг байх нь чухал гэдэг саналыг хэлж байв. Нөхцөл байдалд дүн шинжилгээ хийсний үндсэн дээр бодлого, хөтөлбөрүүдийг тусгайлан гаргаж төрийн байгууллагууд хамтарч хэрэгжүүлэх шаардлага байгаа хэмээн үзэж буйгаа дурдлаа. Хүүхдийн эрхийн асуудлыг онцгой анхаарах ёстой хэдий ч технологийн ололт, дэвшлийн сайн үр нөлөөг тооцох ёстой гэдгийг Д.Цогтбаатар гишүүн тэмдэглэлээ.
Сөрөг талыг бууруулахдаа өгөөжийг саармагжуулахгүйгээр зохицуулахад бид анхаарах ёстой гээд “Долоо хэмжиж нэг огтлох асуудлыг бид ярьж байна. Иргэдээ аюул эрсдэлээс хамгаалах зорилгоор нөгөө талд нь хүний эрх, эрх чөлөөг хязгаарлаж, халдах магадлалаа тооцож ажиллах учиртай. Сүүлийн үед өнөөдрийн сэдвийн хүрээнд маш их эмзэглэж, сөргөөр ярих хандлага их болж байна. Түүнийг нь бид өөгшүүлж, дэвэргэх юм бол үнэхээр том эрсдэлтэй учир сайн бодож, тунгааж, дүгнэж, цэгнэх ёстой” гэв. Энэ хүрээнд дотоодын хууль тогтоомж гаргахаас илүүтэй хүүхдийн эрх хамгаалах чиглэлээр холбогдох агуулга, зохицуулалтаа иж бүрнээр тусгасан НҮБ-ын тогтоолын төсөл санал болгох, олон улсын түвшинд зохицуулах боломж бий гэдэг саналыг хэлсэн юм.
Улстөр нийгэм
Нэгдүгээр ангийн элсэлтийг E-Mongolia-аар зохион байгуулна
2026 оны 8 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) болно.
Энэ хурал нь дэлхийн 197 улсын Засгийн газрын гишүүд, эрдэмтэн судлаач, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага нэгдэж цөлжилт, газрын доройтол, ган гачигтай тэмцэх хамгийн том Олон Улсын арга хэмжээ юм.
Хурал болохтой холбоотой нийслэлийн замын хөдөлгөөн, аюулгүй байдал, төрийн үйлчилгээний хэвийн ажиллагааг хангах зорилгоор боловсролын байгууллагуудын үйл ажиллагаанд дараах зохицуулалт хэрэгжүүлэхээр болжээ .
Цэцэрлэгийн бүртгэл
- 2026 оны 8 дугаар сарын 10–23-ны өдрүүдэд E-Mongolia системээр бүртгэнэ.
Нэгдүгээр ангийн элсэлт
- 2026 оны 8 дугаар сарын 17–28-ны өдрүүдэд E-Mongolia системээр бүртгэнэ.
- Энэ хугацаанд хүүхэд бүртгэх дэмжлэгийн баг сургуулиуд дээр ажиллахгүй.
Их, дээд сургуулийн хичээл
- 2026 оны 9 дүгээр сарын 1-нээс цахимаар эхэлнэ.
- 2026 оны 9 дүгээр сарын 14-нөөс танхимаар үргэлжилнэ.
Оюутны дотуур байр
- 2026 оны 9 дүгээр сарын 13-наас оюутнуудыг дотуур байранд оруулж эхэлнэ.
Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааны зохицуулалт
- 2026 оны 8 дугаар сарын 17–28-ны өдрүүдэд нийслэлийн бүх сургууль, цэцэрлэгт ажлын байранд элсэлт, бүртгэл болон бусад аливаа арга хэмжээ зохион байгуулахгүй болно.
Улстөр нийгэм
Францад иргэд рүү зөвшөөрөлгүй сурталчилгааны дуудлага хийхийг хориглов
Франц улс иргэдийн урьдчилсан зөвшөөрөлгүйгээр бараа, үйлчилгээ сурталчлах зорилгоор утсаар холбогдохыг хориглосон шинэ хуулийг наймдугаар сарын 11-нээс хэрэгжүүлнэ. Уг зохицуулалт нь иргэдийг залхаасан борлуулалтын дуудлага болон залилангийн шинжтэй арилжааны үйл ажиллагаанаас хамгаалахад чиглэжээ.
Өмнө нь сурталчилгааны дуудлага хүлээн авахгүй байхыг хүссэн иргэд төрийн тусгай бүртгэлд утасны дугаараа оруулах шаардлагатай байсан ч зарим дуудлагын төв уг жагсаалтыг үл тоодог байжээ. Шинэ хуулиар харин аж ахуйн нэгжүүд хэрэглэгчээс урьдчилан зөвшөөрөл аваагүй тохиолдолд сурталчилгааны зорилгоор утсаар холбогдох эрхгүй болно. Иргэн өгсөн зөвшөөрлөө хүссэн үедээ цуцлах боломжтой.
Францын эрх баригчдын тооцоолсноор тус улсын иргэдийн дөрөвний гурав орчим нь долоо хоног бүр дор хаяж нэг удаа хүсээгүй сурталчилгааны дуудлага хүлээн авдаг бөгөөд олон хүн үүнээс ч олон дуудлагад өртдөг байна. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах 11 байгууллага 2024 онд хамтран шаардлага гаргаж, суурин болон гар утас руу ирдэг тасралтгүй сурталчилгааны дуудлагыг хориглохыг уриалж байжээ.
Хуулийг зөрчиж дуудлага хийсэн хувь хүнийг нэг дуудлага тутамд 75 мянга хүртэлх евро, аж ахуйн нэгжийг 375 мянга хүртэлх еврогоор торгох боломжтой. Харин хэрэглэгч өөрөө зөвшөөрсөн, эсвэл тухайн компанитай өмнө нь гэрээний харилцаатай бөгөөд шинэ үйлчилгээ санал болгож буй тохиолдолд хориг үйлчлэхгүй. Иргэд зөвшөөрөлгүй дуудлагын талаар төрийн цахим хуудсаар мэдээлэх боломжтой.
Шинэ хууль Францын зах зээлд үйлчилдэг гадаадын дуудлагын төвүүдэд нөлөөлөхөөр байна. Тухайлбал, Мароккогийн дуудлагын төвүүдийн орлогын 80 гаруй хувь Францын зах зээлээс бүрддэг бөгөөд тус улсын 40–50 мянган ажлын байр эрсдэлд орж болзошгүйг Мароккогийн хөдөлмөр эрхлэлтийн сайд мэдэгджээ.
Улстөр нийгэм
Засгийн газар энэ оныг дуустал санхүүгийн хэмнэлтийн горимд шилжинэ
Засгийн газрын 2026 оны наймдугаар сарын 5-ны өдрийн хуралдаанаар “Төсвийн санхүүжилтэд эрэмбэ тогтоож, төсвийн хэмнэлт, мөнгөн хөрөнгийн зохицуулалт хийх зарим арга хэмжээний тухай” тогтоолыг баталлаа.
Тогтоолоор төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэрт гарах нэг удаагийн тэтгэмж, орон нутгийн нэмэгдэл тэтгэмж, тэтгэвэр, хүүхдийн мөнгө, бүх төрлийн халамж, сургууль, цэцэрлэг болон сургалтын байгууллагын урсгал засвар, санхүүжилт, төрийн байгууллагын интернетийн төлбөр, байр ашиглалтын зардал, хууль, хүчний байгууллагын тээвэр, шатахууны зардал, дотоодын томилолт, хоол хүнс, нормын хувцасны зардал, COP17 олон улсын бага хурлын зардал, Засгийн газрын өр, орон нутгийн нөөц хөрөнгийн санхүүжилтийг хэвийн үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Харин дараах зардлыг хязгаарлахаар болсон байна. Үүнд:
- Олон улсын болон Засгийн газрын шийдвэртэйгээс бусад хурал, зөвлөгөөн, ой, тэмдэглэлт өдөр, найр наадам, соёлын арга хэмжээ;
- Урьдчилан төлөвлөсөн төрийн өндөр албан тушаалтны томилолтоос бусад гадаад томилолт, гадаадын зочин хүлээн авах зардал;
- Зайлшгүй шаардлагагүй тоног төхөөрөмж, тавилга, автомашин худалдан авах;
- Батлан хамгаалах, хууль зүйн салбараас бусад сургалт, дадлага;
- Хуулиар заавал мэдээлэхээс бусад кино, контент, хэвлэлийн зардал;
- Заавал олгохоос бусад тэтгэмж, урамшуулал.
Санхүүгийн хэмнэлтийн горимыг 2026 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл мөрдөнө. Харин эрүүл мэндийн салбар уг хэмнэлтийн горимд хамрагдахгүй бөгөөд цэцэрлэг, сургуулийн хүүхдийн эрт илрүүлэг, вакцинжуулалт, томуу, томуу төст өвчний эсрэг арга хэмжээ зэрэг зайлшгүй шаардлагатай ажлууд төлөвлөгөөний дагуу үргэлжилнэ гэж Ерөнхий сайд Н.Учрал онцоллоо.
Мөн бүх шатны төсвийн ерөнхийлөн захирагч нарт салбар бүрдээ урсгал зардлыг 20 хувиар бууруулах, нөхөн томилгоо хийхгүй байх, аялал, амралт, зугаалга, хамт олны урлаг, спортын арга хэмжээг зохион байгуулахгүй байх, төрийн албанд шинэ орон тоо бий болгохгүй байх, эрчим хүчний хэрэглээг хэмнэх, хурал, сургалтыг цахим хэлбэрт шилжүүлэх, төрийн албан хаагчдыг зарим өдрүүдэд цахимаар ажиллуулах арга хэмжээг үргэлжлүүлэхийг үүрэг болголоо.
Төсвийн сахилга бат сайжирч, эдийн засгийн нөхцөл байдал хэвийн болсон тохиолдолд эдгээр хязгаарлалтыг үе шаттайгаар сулруулах юм.
-
Цаг үе2024/04/02
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр бороо, нойтон цас орно
-
Цаг үе2022/01/10
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар жавартай хүйтэн байна
-
Улстөр нийгэм2023/12/21
ЗГ: Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх төлөвлөгөөг баталлаа
-
Улстөр нийгэм2021/05/04
Төрийн банк ажлын байр дэмжих зээлийг хэвийн олгож байна
