Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Барагшуны нөөц, ашиглалтын талаарх мэдээллийг сонсов

Огноо:

,

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2025 оны дөрөвдүгээр сарын 08-ны өдрийн хуралдааны төгсгөлд Барагшуны нөөц, ашиглалтын талаарх салбарын яамны мэдээллийг сонсов. Энэ талаар Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын С.Одонтуяа танилцуулсан.

Монгол орон нь Азийн эх газрын барагшун тархалтын төв муж  гэдгийг сайд онцлоод барагшун нь Барагшун нь далайн  түвшнээс дээш 2000 метр болон түүнээс дээш өндөрт хүйтэн, сэрүүн болон хуурай  нөхцөлд хадны агуй, гуу жалганд хайлмагтсан, давирхайлаг байдалтай хар хүрэн өнгөтэй, тослог, өөрийн өвөрмөц амт үнэртэй, олон төрлийн эмийн ургамлын үндэс, эрдэс, макро микро элементийг агуулан тогтсон байдаг гэв.

Мөн Монгол Алтайн уулс болох Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай аймгуудад  тархсан ба Говь-Алтай аймаг 58, Ховд 89, Увс 140, Баян-Өлгий 28 тонн барагшуны нөөцтэй гэж тогтоосон байна. Гэтэл нутгийн иргэн, аж ахуй нэгжүүд их хэмжээгээр бэлтгэн, эргэн нөхөн сэргэх боломжийг алдагдахуйц хэмжээнд ашиглаж,  хууль бусаар бие биеэсээ өрсөж түүж бэлтгэх, дотоодын үйлдвэрлэлд өгөхгүйгээр шууд гадаадад гаргах сонирхол их байдаг. Тухайлбал, 2016 онд 17  аж ахуй нэгж ОХУ,  Энэтхэг,  БНХАУ улс руу  2335 тонн түүхий болон хагас боловсруулсан барагшун экспортолсон дүн байдаг. Тиймээс байгалийн нөөцийг зохистой ашиглах, хамгаалах зорилгоор шинжлэх ухааны байгууллагуудын судалгаа, зөвлөмжийг үндэслэн БОАЖ-ын Сайдын 2017 оны А/86 дугаар тушаалаар барагшуныг түүхийгээр болон хагас боловсруулсан түүхий эд байдлаар, судалгааны дээжийг 5 кг-аас дээш хэмжээгээр гадаад улсад гаргах зорилгоор түүж бэлтгэх, боловсруулах, экспортлохыг таван жилээр хориглох, 2022 оны А/108 дугаар тушаалаар барагшуныг түүж бэлтгэх, ашиглах, худалдах, худалдан авахыг таван жилийн хугацаатайгаар хориглосныг С.Одонтуяа сайд онцолж байлаа.

Мөн барагшуныг түүхий эд байдлаар гадаадад гаргахыг хориглосноор манай улсад төр, хувийн хэвшлийн 30 гаруй аж ахуйн нэгж, байгууллага судалгаа хийж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний стандартыг боловсруулж гаргах, инновац шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг судалж, нэвтрүүлэх чиглэлд ажиллаж байна. Монгол Улсын ШУА-ийн биологийн хүрээлэн, Уламжлалт анагаах ухааны хүрээлэн, Мал эмнэлгийн хүрээлэнгүүд аж ахуй нэгжүүд, эмийн үйлдвэрүүд хамтран судалгааг тасралтгүй хийсээр хэд хэдэн үндэсний стандартыг батлуулсан байна.

Мал эмнэлгийн хүрээлэнгийн эрдэмтэд сүүлийн 25 жил барагшуны чанар, ашиглалтын талаар судалгаа хийж, доктор Т.Энх-Оюун 2014 онд Дэлхийн оюуны өмчийн байгууллага, БНСУ-ын оюуны өмчийн газрын дэмжлэгтэйгээр “Барагшун агуулсан тэжээлийн нэмэлт бэлдмэл бэлтгэх арга” бүтээлээрээ дэлхийн оюуны өмчийн байгууллагын “Алтан медаль”, “Шилдэг зохион бүтээгч” шагнал хүртсэн. Цаашид энэхүү бүтээлээр дэлхийд гарах бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой гэв.

Цаашид барагшуны жилд ашиглах боломжит нөөц, нөхөн сэргээх хугацаа давтамж, найрлага, ач холбогдлыг нарийвчлан тогтоох судалгааг хийх, байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос барагшуны нөөц, тархацын судалгаанд хөрөнгө төсөвлөхийг аймгуудад даалгах, экологи эдийн засгийн үнэлгээг тогтоох, хууль бусаар түүж бэлтгэсэн түүхий эд байдлаар гадаадад гаргах биш, зохих зөвшөөрлийн дагуу бэлтгэсэн барагшунаар олон улсын стандарт шаардлага хангасан үндэсний брэнд, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэж, экспортлох нь эдийн засгийн өндөр үр өгөөжтэй, байгалийн нөөцийн ашиглалтын бүсийг тогтоож, жилд ашиглах зохистой хэмжээгээр ашиглах боломжийг бүрдүүлэх, түүхий болон хагас боловсруулсан эд байдлаар экспортлохыг хориглох, хууль бусаар түүж бэлтгэх явдлыг таслан зогсоох арга хэмжээ авах шаардлагатай байгааг салбарын сайд мэдээлэлдээ онцолсон.

Мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ж.Батжаргал, Ж.Чинбүрэн нар асуулт асууж, үг хэлж, байр сууриа илэрхийлэв.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Ерөнхий сайд Н.Учрал: Хөрөнгө оруулагчдад тулгарч буй саад бэрхшээлийг арилгана

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс дахь албан ёсны айлчлалынхаа хүрээнд /2026.09.30/ Японы бизнес эрхлэгчидтэй уулзалт хийж, хөрөнгө оруулагчдын санал хүсэлтийг хүлээн авч, шуурхай шийдвэрлэхээ илэрхийллээ.  

Монголд хөрөнгө оруулагч Япон компаниуд төсөл, хөтөлбөрөө Ерөнхий сайдад танилцуулсан юм. Тухайлбал, Aeronext  компани 2023 оноос хойш ЖАЙКА-ын санхүүжилтээр Монголд дроноор цус тээвэрлэж эхэлжээ. Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс 23 байршилд дроноор цус хүргэдэг. Цаашид Монголд дрон үйлдвэрлэдэг, засварладаг болохоор ажиллаж байна. Үүнийг бодит ажил хэрэг болгоход Монгол Улсын Засгийн газар дэмжлэг үзүүлж ажиллахыг хүслээ. 

Мөн чухал ашигт малтмалын чиглэлээр хамтран ажиллах өргөн боломж байгааг Японы талаас онцолсон.  2016 онд хүчин төгөлдөр болсон Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд Японы тал Монгол Улсаас худалдан авалт хийх нь чухал гэдгийг илэрхийлэв.

Ерөнхий сайд Н.Учрал Монголд бизнес эрхлэхэд тулгарч буй саад бэрхшээлийг арилгахад Засгийн газар шуурхай анхаарч ажиллана гэдгийг илэрхийлэв. Мөн Японы банк санхүүгийн салбарын төлөөлөл бодит сонирхлоо илэрхийлбэл нягт хамтран ажиллахад бэлэн гэлээ.  

Ирэх онд тохиох Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг шинэ бизнесийн түншлэлээр угтах нь нэн чухал.  Монгол Улсад Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага (ЖЕТРО) хөрөнгө оруулалтыг бодит ажил болгоход чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байгааг тодотгов. Монгол Улсад ЖЕТРО-ын Төлөөлөгчийн газар байгуулах талаар ярилцав. 

Монгол Улсын Засгийн газар хувийн хэвшлийг дэмжих, бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, зөвшөөрлийн шат дамжлагыг бууруулах, хөрөнгө оруулагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан тогтвортой, өрсөлдөх чадвартай орчныг бүрдүүлэхэд тусгайлан анхаарал хандуулж байгааг Ерөнхий сайд Н.Учрал онцоллоо.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын Япон улс дахь албан ёсны айлчлалын үр дүн

Огноо:

,

“Чингис хаан" олон улсын нисэх буудлын өргөтгөлийн 158.3 тэрбум иенийн хөгжлийн санхүүжилтэд гарын үсэг зурав. Жилд хүлээн авах зорчигчийн хүчин чадал 1.6 саяас 5.2 саяд хүрч, 3.2 дахин нэмэгдэнэ. 

  1. Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад хамтарна. Монгол Улс 1 сарын хэрэглээгээ нөөцлөх түлш, шатахууны савтай болно.
  2. Давхар татвар, Нийгмийн хамгааллын хэлэлцээр байгууллаа.
  3. Монгол Улсаас Япон улс руу чиглэсэн экспортын бараа, бүтээгдэхүүнийг нэмэгдүүлнэ.
  4. Япон улсын ”POWERR Asia” санаачилгын хүрээнд уур амьсгалын өөрчлөлт, карбон кредит, сэргээгдэх эрчим хүчний чиглэлд хамтарч ажиллана.
  5. “Инженер, технологийн дээд боловсрол (MJEED)” буюу “1000 инженер”-ийн төслийн дараагийн үе шатыг хэрэгжүүлнэ.
  6. Японы улсын гадаад худалдааг дэмжих (ЖЕТРО) байгууллага манай улсад төлөөлөгчийн газраа нээнэ. Тус улсын хөрөнгө оруулагчид, ЖДҮ, технологийн компаниуд үйл ажиллагаа явуулах боломж бүрдэнэ.
  7. Хоёр шатлалтай "ЖАЙКА"-гийн ЖДҮ-ийг дэмжсэн зээлийг үргэлжлүүлнэ.
  8. "Буянт-Ухаа" нисэх буудлыг орон нутгийн нислэгт ашиглах менежментийг хийх, хурдан галт тэрэгний яриа хэлцлийг эрчимжүүлнэ.
  9. Японы "Aeronext Inc" компани монгол инженерүүдтэй хамтарч дрон үйлдвэрлэдэг, засварладаг тогтолцоог нэвтрүүлэхээр яриа хэлцлээ эхлүүлэв.
  10. Ногоон устөрөгчийн төсөл, чухал ашигт малтмалын салбарын хамтын ажиллагааг ярилцав. Ногоон санхүүжилтийг дэмждэг бүх байгууллагуудаар дамжуулан Монголд хэрэгжүүлэх том төслүүдийг санхүүжүүлнэ.
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Монгол, Японы хамтарсан төслүүдийн хэрэгжилтийн талаар хэлэлцэв

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд ЖАЙКА-ын Ерөнхийлөгч Танака Акихиког хүлээн авч уулзлаа. Уулзалт 2026 оны есдүгээр сарын 29-нд Токио хотноо болов.

Ерөнхий сайд Япон Улсын Засгийн газрын хөгжлийн албан ёсны тусламж Монгол Улсын ардчиллыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжихэд чухал хувь нэмэр оруулж ирснийг онцлов. Мөн ЖАЙКА судалгаанд тулгуурласан, үр өгөөжтэй төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж буйд талархал илэрхийллээ.

Талууд “Чингис хаан” олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төслийн хэрэгжилтийн талаар ярилцав. Ерөнхий сайд төслийг хэрэгжүүлэх хугацаанд “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлыг дотоодын нислэгт ашиглах, агаарын тээврийн салбарын тогтвортой үйл ажиллагааг хангах чиглэлээр хамтран ажиллах хүсэлт тавьжээ. ЖАЙКА-ын Ерөнхийлөгч уг төслийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв.

Мөн Улаанбаатар хотод газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулах төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах асуудлыг хэлэлцлээ. Энэ ажлыг Япон Улсын Засгийн газрын “POWERR Asia” санаачилгын хүрээнд эхлүүлэхэд ЖАЙКА дэмжлэг үзүүлэхээ мэдэгдэв.

Уулзалтаар чухал ашигт малтмалын чиглэлээр Япон Улсын Метал, эрчим хүчний аюулгүй байдлын байгууллага (ЖОГМЭК)-тай хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол Улсад Японы Гадаад худалдааг дэмжих байгууллагын (ЖЕТРО) төлөөлөгчийн газар байгуулах саналыг хэрэгжүүлэх талаар ярилцжээ.

Түүнчлэн дэд бүтцийн чадавхыг сайжруулах, хүний нөөцийг хөгжүүлэх, цахим аюулгүй байдлыг хангах төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцов. Эрүүл мэнд, байгаль орчин, нийгмийн хамгааллын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь ач холбогдолтой гэдэгт талууд санал нэгдлээ.

Япон Улсын Засгийн газар Монгол Улсад 1977–2025 онд зээл, буцалтгүй тусламж, техникийн хамтын ажиллагааны хүрээнд нийт 3.3 тэрбум ам.долларын дэмжлэг үзүүлжээ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох