Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Монгол, Польш Улс Иж бүрэн түншлэлийн харилцаа тогтоолоо

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Польш Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа.

  • “Иж бүрэн түншлэлийн тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Польш Улсын Хамтарсан тунхаглал”-д Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда нар гарын үсэг зурлаа.

Хоёр улс дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд харилцааны түвшнийг ахиулж, Иж бүрэн түншлэлд хүргэлээ. Иж бүрэн түншлэл нь хоёр улсын харилцан хүндлэл, итгэлцлийг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн хөгжлийн зорилтуудыг уялдуулж, хамтын ажиллагааг бүх талаар гүнзгийрүүлэн хөгжүүлэх зорилготой юм.

Мөн хамтран ажиллах тухай баримт бичгүүдэд хоёр улсын төр, засгийн холбогдох албан тушаалтнууд гарын үсэг зурлаа.

Үүнд:

  • “Монгол Улс, Бүгд Найрамдах Польш Улсын Иж бүрэн түншлэлийн үйл ажиллагааны 2025-2030 оны төлөвлөгөө”-нд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Батмөнхийн Батцэцэг, польшийн талаас Гадаад хэргийн дэд сайд Владислав Теофил Бартошэвски нар гарын үсэг зурлаа.

Улс төрийн яриа хэлэлцээ, парламентын хамтын ажиллагаа, эдийн засаг, худалдаа, хөдөө аж ахуй, шинжлэх ухаан, технологи, байгаль орчин зэрэг хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлийг тодорхойлж, холбогдох арга хэмжээнүүдийн төлөвлөгөөг нарийвчлан тогтлоо.

  • “Монгол Улсын эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар, Бүгд Найрамдах Польш Улсын Эм, эмнэлгийн хэрэгсэл, биоцидийн бүтээгдэхүүний бүртгэлийн газар хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монгол Улсын Эрүүл мэндийн сайд Тогтмолын Мөнхсайхан, польшийн талаас Эм, эмнэлгийн хэрэгсэл, биоцидийн бүтээгдэхүүний бүртгэлийн газрын дарга Гжегож Цессак нар гарын үсэг зурлаа.

Монгол Улсад эмнэлгийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хадгалалт, түгээлтэд европ стандарт нутагшуулах, бүртгэл, аюулгүй байдал, тандалт судалгааны мэдээлэл солилцоно. Монгол Улсад аюулгүй, чанартай баталгаатай эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр хамтран ажиллана.

  • “Хамтран ажиллах тухй Монгол Улсын Үндэсний батлан хамгаалахын их сургууль болон Бүгд Найрамдах Польш Улсын Дайны урлагийн сургууль хоорондын хэлэлцээр“-т Монгол Улсын Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн ректор Сүрэнхорлоогийн Дашзэвэг, польшийн талаас Дайны урлагийн сургуулийн ректор Мечислав Гоцул нарын гарын үсэг зурлаа.

Хамтарсан судалгаа, шинжилгээ, сургалт, хурал, семинар зохион байгуулах, харилцан туршлага солилцох, сонсогч, багш, ажилтнуудын харилцан солилцооны чиглэлээр хамтран ажиллана.  Батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, бүс нутагт харилцан итгэлцлийг бэхжүүлэх, цэргийн мэргэжилтнүүдийн ур чадварыг улам нэмэгдүүлэх боломж бүрдэнэ.  

  • “Шинжлэх ухааны хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Шинжлэх ухааны академи болон Бүгд Найрамдах Польш Улсын Шинжлэх ухааны академи хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч Содномсамбуугийн Дэмбэрэл, польшийн талаас Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч Марек Конажевски нар гарын үсэг зурлаа.

Талууд 1960-аад оны дунд үеэс түүх, угсаатан зүй, палеонтологи, биологийн салбарт идэвхтэй хамтарч ирсэн. Хамтын ажиллагаа шинэ шатанд гарч, цар хүрээ, чиглэл өргөжин тэлж, уламжлалт болон шинэ төрлийн хамтарсан судалгааны төслийн тоо нэмэгдэх, шинжлэх ухааны салбарын хүний нөөцийг чадавхжуулах,  академи хоорондын харилцаа, хамтын ажиллагааг тогтвортой хөгжүүлэхэд түлхэц болно.

  • “Шинжлэх ухааны хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Палеонтологийн хүрээлэн болон Бүгд Найрамдах Польш Улсын Шинжлэх ухааны академийн Палеобиологийн хүрээлэн хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Палеонтологийн хүрээлэнгийн захирал Зоригтын Бадамхатан, польшийн талаас Шинжлэх ухааны академийн Палебиологийн хүрээлэнгийн захирал Ярослав Столарски,

Академиуд 1963-1971 онд Монголын говьд палеонтологийн хамтарсан хээрийн судалгаа хийж байсан түүхтэй. Үүний дүнд үлэг гүрвэл, хөхтөн, мөлхөгчид зэрэг эртний нугаламт амьтдын томоохон хэмжээний цуглуулга бий болсны зэрэгцээ  шинжлэх ухааны олон сонирхолтой нээлт хийсэн. Академи хоорондын хамтын  ажиллагаа шинэ түвшинд гарч палеонтологийн чиглэлийн түүхэн судалгаагаа үргэлжлүүлэх үндэс суурь тавигдлаа.

  • “Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз, Бүгд Найрамдах Польш Улсын Үндэсний телевиз хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн ерөнхий захирал Ганхуягийн Гэрэл, польшийн талаас Үндэсний телевизийн орлогч захирал Павел Сосновски нарын гарын үсэг зурлаа.

Хамтын ажиллагааг эхлүүлэх, хоёр улсын түүх, өв соёлыг харуулсан хамтарсан уран бүтээл хийх, хүний нөөцийг чадавхжуулах замаар монгол, польш хоорондын түүх, өв соёл, байгаль орчин, соёлын солилцоог өргөн нэвтрүүлгийн салбарт хөгжүүлэхэд онцгой ач холбогдолтой баримт бичиг юм.

  • “Хамтран ажиллах тухай Монголын үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг, Польшийн Хэвлэлийн агентлаг хоорондын хэлэлцээр”-т Монгол Улсаас БНПУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Наваан-Юндэнгийн Оюундарь, польшийн талаас Хэвлэлийн агентлагийн ерөнхий редактор Войцех Тумидалски нар гарын үсэг зурлаа.

Улс төрийн харилцаа, нийгэм, эдийн засгийн байдал, бизнес, аялал жуулчлал, соёл урлаг, түүхийн талаарх мэдээ,  мэдээллийг харилцан солилцож, мэдээллийн сувгаараа нийтэд түгээнэ. Хамтын ажиллагааг идэвхжүүлж, сэтгүүлчид болон бусад мэргэжилтний солилцооны хөтөлбөр хэрэгжүүлж, мэдлэг, туршлага солилцоно.

  • “Монгол кино нэгтгэл болон Бүгд Найрамдах Польш Улсын Баримтат ба уран сайхны кино үйлдвэр хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т “Монгол кино” нэгтгэлийн захирал Бүдсүрэнгийн Түмэн-Өлзий, польшийн талаас Баримтат ба уран сайхны кино үйлдвэрийн орлогч захирал Агнешка Бендковска нар гарын үсэг зурлаа.

Хамтарсан кино төсөл хэрэгжүүлэх, кино зураг авалт зохион байгуулах, мэргэжлийн зөвлөгөө, сургалт явуулах, кино үйлдвэрлэлийн мэргэжилтнүүд бэлтгэх, орчин үеийн киноны тоног төхөөрөмжийн худалдан авалт, түрээс, арчилгааны талаар туршлага солилцоно.

  • “Монгол Улсын их сургууль болон Бүгд Найрамдах Польш Улсын Ягеллоны их сургуулт хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг“-т Монгол Улсын Их сургуулийн ректор Баянжаргалын Очирхуяг, польшийн талаас Ягеллоны их сургуулийн ректор Пётр Едынак нар гарын үсэг зурлаа.

Эрдэмтэн, судлаачдын хамтын ажиллагааг хөгжүүлж, олон улсын түвшинд өрсөлдөхүйц судалгаа хийх боломж бүрдэнэ. Оюутан, багш нарын солилцоогоор дамжуулан соёлын харилцааг гүнзгийрүүлж, боловсролын салбарын олон улсын туршлагыг нэвтрүүлэхэд хувь нэмэр оруулна. Залуу судлаачид европын санхүүжилттэй тэтгэлэг, судалгааны хөтөлбөрүүдэд хамрагдах, монгол оюутнууд Польшид суралцах, судалгаа хийх, тэтгэлэгт хамрагдах боломж бүрдлээ.

  • “Монгол Улсын Консерватори болон Бүгд Найрамдах Польш Улсын Ф.Шопены нэрэмжит Хөгжмийн их сургууль хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монгол Улсын Консерваторийн ректор Цэрэнжигмэдийн Шаравцэрэн, польшийн талаас Ф.Шопены нэрэмжит хөгжмийн их сургуулийн ректор Томаш Штрал нар гарын үсэг зурлаа.

Монгол Улсын Консерватори 2011 оноос Польшийн хөгжмийн зохиолч Ф.Шопены нэрэмжит олон улсын төгөлдөр хуурчдын уралдааныг тус улсын Элчин сайдын яамтай хамтран дөрвөн удаа зохион байгуулсан. Цаашид монголын үндэсний болон шинэ хөгжмийн бүтээлүүдийг сурталчлах, уран бүтээлийн эмхэтгэл, ноот, партитур зэргийг тус сургуульд тоглох зэргээр хамтарна.  

  • “Монгол Улсын Консерватори болон Бүгд Найрамдах Польш Улсын К.Шимановскийн нэрэмжит Хөгжмийн их сургууль хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монгол Улсын Консерваторийн ректор Цэрэнжигмэдийн Шаравцэрэн, польшийн талаас Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кшиштоф Бойко нар гарын үсэг зурлаа.

Багш, оюутан солилцох, хамтарсан уран бүтээл туурвих, хөгжмийн зохиолчдын бүтээлийг солилцох, эрдэмтэн багш нарын хамтарсан төсөл хэрэгжүүлэх, эрдэм шинжилгээ судалгааны бага хурал зохион байгуулах зэрэг чиглэлээр хамтран ажиллана.

  • “Хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Төв аймаг, Бүгд Найрамдах Польш Улсын Мазовецки муж хоорондын хэлэлцээр“-т Монгол Улсын Төв аймгийн Засаг дарга Лхагвасүрэнгийн Төмөрчөдөр, польшийн талаас Мазовецки мужийн Удирдах зөвлөлийн гишүүн Янина Орзеловска нар гарын үсэг зурлаа.

Оюутан, багш, судлаачдын солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх, соёлын арга хэмжээ зохион байгуулах, хөрөнгө оруулалт, орон нутгийн үйлдвэрлэгчдийг дэмжих чиглэлээр харилцан туршлага солилцох, хөдөө аж ахуй, технологи, аялал жуулчлалын чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

ХЗБХ: Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

Огноо:

,

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2026 оны зургаадугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар таван асуудал хэлэлцэв. Байнгын хорооны дарга Д.Цогтбаатар олон улсын иргэний нийгмийн байгууллагуудын судалгаа, үзүүлэлтээр манай улсын хууль, шүүхийн салбарт ахиц дэвшил гарч, эерэг үр дүнтэй гэсэн дүгнэлттэй байгааг танилцуулав. Тэрбээр, энэ нь Хууль зүйн байнгын хороонд хамааралтай хэмээн гишүүдэд талархал илэрхийллээ.






Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Засгийн газар 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн энэхүү төслийг хаврын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, дэмжсэн, УИХ-ын Ажлын хэсэг санал, дүгнэлт гаргасныг ахлагч Х.Баасанжаргал танилцууллаа. Нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны тойргийн шүүх байгуулагдсантай холбогдуулан энэхүү бие даасан хуулийн төсөл боловсруулсан. Хүүхдийн эрх, ашиг сонирхлыг тэргүүн ээлжинд хамгаалах зарчимд тулгуурлан төсөл батлагдсанаар гэр бүлийн хэргийн харьяалал тодорхой болж, хүүхдийн эрхийн олон асуудал шийдэгдэнэ. Олон улсын жишигт нийцүүлэн хүүхдийн тэтгэлгийн хэмжээг шинэ аргачлалаар тооцох, зан үйлд сургах, мэргэжлийн сэтгэлзүйч оролцуулах, эвлэрүүлэн зуучлах, шүүхэд ажиллах гэр бүлийн нөхцөл байдлын шинжээч, эвлэрүүлэн зуучлагчийн хорооны гишүүн эвлэрүүлэн зуучлагч, шүүгч, эвлэрүүлэн зуучлалын шүүгчийг сургах, хүүхэд, гэр бүлийн чиглэлээр мэргэшүүлэх, шинжээч нь бакалаврын түвшний мэдлэг, мэргэжилтэй, гурваас дээш жилийн туршлагатай байх зэрэг зохицуулалтыг төсөлд тусгажээ.




Хуулийн төслүүдийг зүйл бүрээр хэлэлцэж, Ажлын хэсгээс бэлтгэсэн саналуудыг дэмжих эсэхээр санал хураахад гишүүдийн олонх дэмжсэн. Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.



Үргэлжлүүлэн Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгээс 65 санал боловсруулсан талаар УИХ-ын гишүүн, ахлагч Х.Баасанжаргал танилцуулсан. Энэхүү хуулийн төслийг Засгийн газраас үндэсний хууль тогтоомжийг боловсронгуй болгож, хүний эрхийн олон улсын гэрээ, конвенцод нийцүүлэх зорилгоор өнгөрсөн жил өргөн мэдүүлжээ.
Хууль санаачлагчийн танилцуулгад дурдсанаар бол Монгол Улс 1961 онд НҮБ-ын бүрэн эрхт гишүүнээр элсэж, улмаар хүний эрхтэй холбоотой 70 гаруй гэрээнд, үүнээс хүний эрхийн суурь 18 гэрээний 17-д нь нэгдэн ороод байгаа. Манай улсад бие даасан 590 хууль хүчин төгөлдөр үйлчилж байна. 2020 оноос хойших хугацаанд эрх зүйн шинэчлэлийн хүрээнд хүний эрхийг хангах чиглэлээр холбогдох хуулиудын шинэчилсэн найруулгыг боловсруулж, Улсын Их Хурлаас баталж хүний эрхийг хангах, хамгаалах үйл ажиллагаанд тодорхой дэвшил гаргасан. Монгол Улсын хүний эрхийн төлөв байдлын талаарх үндэсний гуравдугаар илтгэлийг хэлэлцүүлсний мөрөөр НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс 170 зөвлөмжийг өгснийг хэрэгжүүлж ажиллах шаардлагатай гэж үзжээ. 
Уг хуулийн төсөлд үнэ төлбөргүй үзүүлэх хууль зүйн туслалцааны төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх, эрүү шүүлт тулгах гэмт хэргийн шинжийг тодорхой болгох, баривчлах шийтгэлийг цөөрүүлэх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг цахимжуулах, албаны нууцын хүрээг хумих, хөгжлийн бодлогын баримт бичигт хүний эрхийн шалгуур бий болгох, хуульчдын олон улсын гэрээний талаар ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх зэргийг тусгасан. Нийт найман хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг зүйл бүрээр хэлэлцэж, санал хураав. Төслийг гишүүдийн олонхын саналаар дэмжиж, санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо. 






Хууль зүйн байнгын хороо уртасгасан цагаар хуралдаж, УИХ-ын гишүүн С.Одонтуяа нарын 37 гишүүнээс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг хийж, Журам батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн дэмжсэн. Мөн Засгийн газраас өргөн мэдүүлсэн Гэр бүлийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулав. Хувийн эрх зүйн суурь хуульд тооцогдох Гэр бүлийн тухай хуулийг 1999 онд баталж, нийт найман удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Гэвч гэрлэх, гэрлэлт цуцлах, хүүхдийн эрх, хууль ёсны эрх ашиг хөндөгдөх, зөрчигдөх, сэргээх зэрэг харилцааг нарийвчлан зохицуулах шаардлага үүссэн. Хуулийн төсөлд Монгол хүний удмын санг хамгаалах, гэрлэгчдийн эрх, үүргийг нарийвчлан тусгажээ. “Тэжээн тэтгэх үүрэг, тэжээн тэтгүүлэх эрх” гэсэн шинэ бүлэгт гэрлэлт цуцалсан тохиолдолд хүүхдийн эрхийг хамгаалах, тэтгэлгийн хэмжээг хүрэлцэхүйц, тасралтгүй байх зарчимд нийцүүлэн тухайн бүсэд тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээнээс багагүй, хүүхдийн өөрийн онцлогт нийцсэн тэтгэлэг авахаар зохицуулсан. Тэтгэлэг төлөөгүй тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг чангатгаж, цус ойртолтоос сэргийлэхийн тулд гэрлэлтээ бүртгүүлэхээс өмнө ДНХ (Дезоксирибонуклейн хүчил)-ийн шинжилгээнд хамрагдах ажээ. Гэрлэлттэй адилтгах харилцаа, тээгч эх, өөр хүний бэлгийн эс ашиглан хүүхэдтэй болох зэрэг харилцааг зохицуулах талаар УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч О.Алтангэрэл танилцуулсан. Хуулийн төслүүдийг хэлэлцэн санал хураахад гишүүдийн олонх дэмжсэн гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
 
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын ажил 40 хувьтай үргэлжилж байна

Огноо:

,

Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын ажил 40 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй тус төсөл нь 36.0х36.0 метр хэмжээтэй, зоорьгүй, хоёр давхар, нийт 2,431.3 ам метр талбай бүхий барилга юм. Өнөөдрийн байдлаар барилгын гадна инженерийн шугам сүлжээ, цахилгаан хангамжийн угсралт болон дотор заслын ажлыг хийж байна. Тус цогцолбор ашиглалтад орсноор сургуулийн өмнөх болон бага боловсролын үйлчилгээний хүртээмж нэмэгдэж, хүүхэд багачууд орчин үеийн шаардлага хангасан, аюулгүй, тав тухтай орчинд сурч боловсрох нөхцөл бүрдэх юм.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

ОУВС-гийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Огноо:

,

Авлигатай тэмцэх газрын дэд дарга, эрхэлсэн комиссар Г.Азжаргал Олон улсын валютын сан (ОУВС)-гийн Ази, Номхон далайн газрын дэд захирал, Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч ноён Тахсин Саади тэргүүтэй төлөөлөгчидтэй 2026 оны 6 дугаар сарын 16-ны өдөр уулзаж санал солилцов.

ОУВС нь Дүрмийн IV заалтын хүрээнд гишүүн орнуудын эдийн засаг, санхүүгийн нөхцөл байдалд үнэлгээ хийх, макро эдийн засгийн эрсдэл, эмзэг байдлыг тодорхойлох, цаашдын бодлогын зөвлөмж боловсруулах зорилгоор төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудтай тогтмол зөвлөлдөх уулзалтууд зохион байгуулдаг. ОУВС-гийн Монгол Улсыг хариуцсан ажлын хэсэг 2026 оны 6 дугаар сарын 10-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо ажиллаж, Дүрмийн IV заалтын дагуух ээлжит зөвлөлдөх уулзалтаа Авлигатай тэмцэх газарт хийсэн юм.

Уулзалтын үеэр авлига нь зөвхөн хууль сахиулах байгууллагын асуудал бус, эдийн засгийн өсөлт, хөрөнгө оруулалтын орчин, төсвийн үр ашиг, төрийн үйлчилгээний чанар, иргэдийн төрд итгэх итгэлтэй шууд холбоотой засаглалын тулгамдсан асуудал болохыг онцлон тэмдэглэв.

Мөн сүүлийн жилүүдэд Монгол Улсад авлигатай тэмцэх чиглэлээр гарч буй ахиц дэвшил, тухайлбал нүүрсний хэрэг, Хөгжлийн банкны хэрэг зэрэг олон нийтийн анхаарал татсан томоохон хэргүүдийг шалган шийдвэрлэх ажиллагаанд Авлигатай тэмцэх газар бусад хууль сахиулах байгууллагуудтай хамтран ажиллаж, улсад учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, хууль бус хөрөнгийг илрүүлэх, хариуцлага тооцох чиглэлээр бодит үр дүн гаргаж буй талаар мэдээлэл өгсөн юм.

Авлигатай тэмцэх газар нь мөрдөн шалгах чиг үүргээс гадна авлигаас урьдчилан сэргийлэх, төрийн байгууллагын ил тод, нээлттэй байдлыг нэмэгдүүлэх, ашиг сонирхлын зөрчлийг бууруулах, байгууллагын засаглал, хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр бодлогын болон институтийн шинэчлэлийг хэрэгжүүлж байгааг танилцууллаа.

Уулзалтын үеэр Улсын Их Хурлаас баталсан Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр (2023-2030)-ийн хэрэгжилтийн талаар мэдээлэл өгч, улс төрийн санхүүжилтийн ил тод байдал, төрийн албаны шударга байдал, цахим засаглал, иргэний оролцоо, хувийн хэвшлийн комплаенсын тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулав.

Мөн улс төрийн санхүүжилтийн ил тод байдал, төрийн өмчит компанийн засаглал, ашиг сонирхлын зөрчлийн эрсдэлийг бууруулах, шүгэл үлээгчийг хамгаалах эрх зүйн орчныг боловсронгуй болгох зэрэг асуудал нь цаашдын шинэчлэлийн тэргүүлэх чиглэл хэвээр байгааг талууд онцлон тэмдэглэж, харилцан санал солилцов.

iaac

Дэлгэрэнгүй унших

Санал болгох