Цаг үе
Угаар мэдрэгчийг дуугарсан тохиолдолд унтрааж болохгүйг санууллаа
Сайжруулсан шахмал түлштэй холбоотой болон бусад цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан өнөөдөр НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар, Агаарын бохирдолтой тэмцэх газрын ахлах мэргэжилтэн Г.Даваажаргал, НЭМГ-ын ахлах мэргэжилтэн Б.Баатарсүх нар мэдээлэл хийлээ.
Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд Яаралтай түргэн тусламжийн төвд 32 өрхөөс дуудлага ирж, эмнэлгийн тусламж үйлчилгээг авсан байна. Угаарын хийнд хөнгөн хэлбэрээр хордлоо гэх дуудлагын дагуу мэргэжлийн байгууллагынхан очиж шалгалт хийхэд яндангийн сойлтоо хаасан, зуух ханан пийшингийн холбоос засвартай, битүүмжлэл муу, яндангаа хөөлөөгүй, үнс дүүрсэн зэрэг иргэдийн өөрсдийн аюулгүй байдлаа хангаагүй байдлаас үүдэж угаарын хийнд хордох шалтгаан болж байгааг НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй хэллээ.

Сүүлийн өдрүүдэд угаар мэдрэгчийг хэрэглэх заавар зөвлөмжийг уншиж танилцаагүйн улмаас дуугарсан тохиолдолд унтраах, агаар сэлгэх арга хэмжээг авалгүй хордлогын шинж тэмдэг илрэх тохиолдол гарч байгаа учраас иргэдийг эрүүл мэнд, амь насаа хамгаалж аюулгүй байдлаа бүрэн хангахыг албаныхан сануулсан юм. Агаарын бохирдлын хувьд өнгөрсөн оны мөн энэ үетэй харьцуулахад 55 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа талаар Агаарын бохирдолтой тэмцэх газрын ахлах мэргэжилтэн Г.Даваажаргал мэдээллээ. Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих ажил хүрээнд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар хамтран автотээврийн товчоодод үзлэг шалгалт тогтмол явуулж байна. Өнгөрсөн өдрүүдэд 100 тонн түүхий нүүрсийг хураан авч Амгалан дулааны станцад хүлээлгэж өгч, зөрчлийн хуулиар торгуулийн арга хэмжээ авчээ.

Угаарын хий мэдрэгчийг дуугарсан тохиолдолд унтрааж, эсхүл хэрэглэх заавар зөвлөмжийг нь дагаж мөрдөөгүйн улмаас угаартах тохиолдол их байгаа талаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн мэдээллээ. Тэрбээр “Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хороонд гурван настай хүүхэд угаартаж амь насаа алдсан. Шалтгаан нь угаарын хий мэдрэгчийг суурилуулсан ч зайг нь салгаснаас болж ийнхүү харамсалтай хэрэг гарсан байсан.Тиймээс иргэд мэдрэгч дуугарсан тохиолдолд заалт дахь тоог нь мэргэжлийн хяналтын байгууллагад мэдэгдээд, агаар сэлгэлтийг хийж арга хэмжээг авах хэрэгтэй” гэв.

НЭМГ-ын ахлах мэргэжилтэн Б.Баатарсүх “Шинэ коронавирус өвчлөлд сүүлийн 24 цагийн дотор шинэ тохиолдол бүртгэгдсэн улс орон алга. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад короновирусийн халдварын тохиолдол бүртгэгдээгүйг албан ёсоор мэдэгдье. Гадаад улс орноор дамжин орж ирсэн иргэдийн ХӨСҮТ-д тусгаарлаж тандалт судалгаа хийж байгаа. Шинжилгээний хариу эхнээсээ гарч байгаа иргэдийн биеийн байдал хэвийн” хэмээн хэллээ.
Томуу, томуу төст өвчлөл болон шинэ төрлийн короновирусээс урьдчилан сэргийлэх хүрээнд олон нийтийн газарт нус цэрээ ил хаяж, бие зассан иргэнд Зөрчлийн хуулиар торгох арга хэмжээ авч ажиллахыг нийслэлийн Засаг дарга захирамж гаргасан. Мөн иргэн аж ахуйн нэгжүүд орчныхоо 50 хшртэлх метр газрыг цэвэрлэх, дүүрэг хороодууд хог ачилтыг эрчимжүүлж элдэв халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллаж байгаа энэ үед иргэд эрүүл мэнд, амь насаа хамгаалж хувийн ариун цэврийг сайтар хангаж, нийслэлийн Засаг даргын гаргасан захирамжийг дагаж мөрдөхийг НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар хэллээ.

Тэрбээр“Хэвлэл мэдээллийн байгууллагууд та бүхэн халдвар үүсэх өндөр магадлалтай олон нийтийн газар бие засах, нус цэрээ ил задгай хаяхгүй байх уриалгыг иргэдэд өгч, хувийн ариун цэврийг сайтар хангаж хотын соёлыг түгээхэд хамтарч ажиллахыг хүсч байна” гэлээ.
Цаг үе
COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулжээ
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын зочид, төлөөлөгчдийн тээврийн үйлчилгээнд ажиллах жолооч нарт зориулсан нэгдсэн сургалтыг Зам, тээврийн яамны “Хөсөг” танхимд зохион байгууллаа.
Сургалтад COP17-ын үеэр автотээврийн үйлчилгээнд ажиллах төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд, “Зорчигч тээвэр I, II”, “Зорчигч тээвэр III, IV”-ийн нийт 250 орчим жолооч, тээврийн хэрэгслийн зохион байгуулалт хариуцан ажиллах албан хаагчид хамрагдаж байна.
Монгол Улсад зохион байгуулагдах олон улсын хэмжээний энэхүү арга хэмжээний үеэр гадаадын зочид, төлөөлөгчдөд аюулгүй, шуурхай, соёлтой, мэргэжлийн түвшинд тээврийн үйлчилгээ үзүүлэх бэлтгэлийг хангах нь сургалтын гол зорилго юм.
Сургалтаар COP17-ын ерөнхий ойлголт, ач холбогдол, зохион байгуулалтын онцлог, зочид, төлөөлөгчдийн ангилал, үйлчилгээний стандарт, жолооч нарын үүрэг хариуцлага, сахилга бат, үйлчилгээний соёл, ёс зүй, мэргэжлийн харилцааны талаар нэгдсэн мэдээлэл өгчээ.
Түүнчлэн зочдыг нисэх буудлаас угтан авах, зочид буудал болон арга хэмжээний байршилд хүргэх үе шат, маршрут, хөдөлгөөний зохион байгуулалт, цагийн менежмент, мэдээлэл дамжуулах журам, холбогдох байгууллагуудын уялдаа холбоо, аюулгүй ажиллагааны чиглэлээр жолооч нарыг сургалт, арга зүйгээр хангаж байна.
Мөн зам тээврийн осол, саатал болон бусад эрсдэл, онцгой нөхцөл үүссэн үед авах арга хэмжээ, ачаалал ихтэй нөхцөлд тайван, зөв, шуурхай шийдвэр гаргах, өдөр тутмын ажлын бэлэн байдлыг хангах зэрэг практик ур чадварыг сургалтын хөтөлбөрт тусгажээ.
Сургалтыг танилцуулах лекц, асуулт-хариулт, жишээнд суурилсан сургалт, багаар ажиллах дасгал, маршрут болон тээвэрлэлтийн урсгалын зураглалтай танилцах, онцгой нөхцөлд ажиллах дадлага зэрэг онол, практик хосолсон хэлбэрээр зохион байгуулж байна.
Сургалтын үеэр COP17 олон улсын бага хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны Ажлын алба, Нийслэлийн тээврийн газар, Автотээврийн үндэсний төв болон Тээврийн цагдаагийн албаны холбогдох албан хаагчид чиг үүргийнхээ хүрээнд мэдээлэл өгч, мэргэжил, арга зүйн зөвлөмж хүргэлээ.
Тухайлбал, Тээврийн цагдаагийн албаны Зам тээврийн хяналт, төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Т.Ганзориг замын хөдөлгөөний зохион байгуулалт, аюулгүй ажиллагаа болон олон улсын арга хэмжээний үеэр жолооч нарын анхаарах асуудлын талаар мэдээлэл өгсөн байна.
Уг сургалт нь COP17-ын үеэр зочид, төлөөлөгчдийн тээврийн үйлчилгээг аюулгүй, шуурхай, зохион байгуулалттай явуулах, үйлчилгээний нэгдсэн стандарт, сахилга хариуцлагыг хэвшүүлэх бэлтгэл ажлын нэг хэсэг гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ.
Цаг үе
Улаанбаатарт хоногт 250 м³ лаг боловсруулах үйлдвэр байгуулна
Инженерийн дэд бүтцийг сайжруулах ажлын хүрээнд “Лаг хатаах, шатаах үйлдвэр”-ийг Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийн урд хэсэгт, нийт 40 мянган ам метр талбайд 2025-2027 онд байгуулахаар төлөвлөжээ.
Одоогийн байдлаар Төв цэвэрлэх байгууламжаас хоногт дунджаар 238 тонн лаг гардаг бөгөөд хуримтлагдсан лагийн хэмжээ 843,200 м³-д хүрсэн байна.
Шинээр барих үйлдвэр хоногт 250 м³ лаг боловсруулах хүчин чадалтай. Боловсруулалтын дараа лагийн хэмжээг 5-6 м³ үнс болгон бууруулахаар тооцжээ.
Төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж дууссан бөгөөд Барилга хөгжлийн төвийн 2025 оны долоодугаар сарын 22-ны өдрийн магадлалын ерөнхий дүгнэлтээр баталгаажуулсан байна.
Мөн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 25/01 дүгээр тогтоолоор баталсан “Төр, хувийн хэвшлийн түншлэлээр нийслэлд хэрэгжүүлэх төслийн жагсаалт”-д лаг хатааж, шатаах үйлдвэр барих төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэрээр хэрэгжүүлэхээр тусгажээ.
Лаг хатаах, шатаах технологи нь бохир ус цэвэрлэх байгууламжаас гардаг лагийг байгаль орчинд аюулгүй аргаар боловсруулж, эзлэхүүнийг эрс бууруулах зориулалттай. Лагийг өндөр температурт шатааснаар эзлэхүүн нь 90 хүртэл хувиар буурч, бактери, вирус болон бусад өвчин үүсгэгч бичил биетнийг устгах боломжтой.
Түүнчлэн шаталтын явцад үүсэх дулааныг цахилгаан болон дулааны эрчим хүч үйлдвэрлэхэд ашиглаж болдог. Зарим технологийн хувьд шаталтын дараа үлдэх үнснээс фосфор зэрэг ашигт эрдсийг сэргээн авах боломжтой аж.
Япон, Герман, Швейцар, Нидерланд, Өмнөд Солонгос зэрэг улс лаг хатаах, шатаах технологийг ашиглаж байна. Тухайлбал, Германд лаг шатаах үйлдвэрээс гарсан үнснээс фосфор сэргээн авах технологи ашигладаг бол Нидерландад төвлөрсөн лаг боловсруулах үйлдвэрүүдээр дулаан, цахилгаан эрчим хүч үйлдвэрлэдэг.
Ийнхүү лаг хатаах, шатаах технологийг лагийн эзлэхүүнийг бууруулахын зэрэгцээ эрчим хүч үйлдвэрлэх, нөөцийг дахин ашиглах чиглэлээр олон улсад өргөн ашиглаж байна.
Цаг үе
Нийтийн тээврийн Ч:19А чиглэлийн замналд түр хугацаагаар өөрчлөлт орууллаа
Баянзүрх дүүргийн Монелийн гудамжийн авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажилтай холбоотойгоор тухайн хэсгийн авто замын хөдөлгөөнийг 2026 оны 08 дугаар сарын 7-ны 23:00 цагаас 2026 оны 08 дугаар сарын 10-ны 06:00 цаг хүртэл хаана.
Энэ авто замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн Ч:19А “Цагаан давааны задгай-Сансарын үйлчилгээний төв” чиглэлийн замналд түр хугацаагаар өөрчлөлт орж байна.
Авто замын засварын хугацаанд тус чиглэл дараах зураглалын дагуу үйлчилгээ үзүүлэх тул иргэд та бүхэн зорчилтоо төлөвлөнө үү гэж Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээллээ.

-
Улстөр нийгэм2023/12/18
Гурван асуудлын хүрээнд 128 гэрчийг өнөөдрийн сонсголд оролцуулахаар мэдэгдэх ху...
-
Цаг үе2020/03/26
Шанхай хотод зөвхөн Пудун нисэх буудалд олон улсын нислэгүүдийг хүлээн авна
-
Цаг үе2020/12/25
ЭМЯ-ны ээлжит мэдээлэл /2020.12.25/
-
Шударга мэдээ2025/02/04
Нийслэлийн хэмжээнд 18:00-21:00 цагаас бусад цагт хог хаяхыг хориглолоо
