Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллана

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөл буюу “Economic Development Board”-ийн ээлжит хуралдаан боллоо. Хуралдааныг нээж хэлсэн үгэндээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ олон улсын жишгийн дагуу тус зөвлөлийг шинэчлэн байгуулж, хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, хөрөнгө оруулалт татах, төр, хувийн хэвшлийн түншлэл, бизнесийн хөгжлийг дэмжихэд анхаарч ажиллахаар болсныг онцлов. Хууль тогтоох, гүйцэтгэх засаглал болон Ерөнхийлөгчийн институт, судалгаа, эрдэм шинжилгээний байгууллага болон хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчдийн төлөөллөөс Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийг бүрдүүлжээ.

Монголын Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн чиг үүрэг, цар хүрээг дэлхий дахинд жишиг болсон Сингапур, Бахрейн улсын Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн жишигт хүргэх зорилт тавьж, хэрэгжүүлэх ажлын 51 хувь нь гадагшаа чиглэж, гаднын хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллах ёстой. Business Friendly Mongolia буюу Монгол Улс бизнес эрхлэхэд таатай улс болох стратегийг хэрэгжүүлж, хурдацтай хувьсан өөрчлөгдөж байгаа олон улсын бизнесийн орчин руу Монгол Улсыг “хөтлөх”  зорилготой гэдгийг Ерөнхий сайд тэмдэглэлээ.

Засгийн газар хиймэл оюун, өндөр технологийн шилжилт, ногоон хөгжлийн шилжилт, хүний нөөцийн шилжилт гэсэн гурван шилжилтийг салбар бүрд хийхээр зорьж буй. Тиймээс шинэ эдийн засгийн бүтцийн үндсэн хөшүүрэг нь баялаг бүтээгчид байх бөгөөд дээрх гурван шилжилтийг хэрэгжүүлж баялаг бүтээгчдийг бүхий л талаар дэмжих бодлого хэрэгжүүлнэ. Ирэх долдугаар сард болох Монголын Эдийн засгийн форумын бэлтгэлийг одооноос эхлүүлэх, зохион байгуулалтад анхаарахаас илүүтэй бодит үр дүн гаргах нь чухал. Татварын орчин гэхэд зөвхөн нэг талаас анхаарах бус төр, иргэн, аж ахуйн нэгж гэхчлэн бүх талыг оролцуулж эрх зүйн орчныг шийдэх нь илүү оновчтой. Эдийн засгийн хөгжлийн зөвлөл асуудал бүрд төвлөрч, бүх талын саналыг нэгтгэж, ажил хэрэгч ажиллахыг Ерөнхий сайд анхааруулав.

Засгийн газрын гишүүн, Шадар Сайд Т.Доржханд Дэлхийн эдийн засгийн 55 дахь удаагийн чуулга уулзалтад Монгол Улс хэрхэн оролцсон талаарх үр дүнг, Эдийн засгийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү “Бизнес эрхлэх орчны үнэлгээ” шалгуур үзүүлэлт, бизнесийн орчны индексүүдийн талаар тус тус танилцуулав.

Бизнес эрхлэхүйн индексээр манай улс 2020 онд 190 орноос 81 дүгээр байрт, Эдийн засгийн эрх чөлөөт байдлын индексээр 2024 онд 176 орноос 76-р байрт жагссан байна. Монгол Улсад бизнес эхлэх, өмч бүртгүүлэх зэрэгт тулгардаг  шат дамжлагыг цөөрүүлэх, зөвшөөрлийн цахим системийг боловсронгуй болгох, зээлийн хүү, татварын төрөл, хувь хэмжээг бууруулах, үр ашиггүй татаасыг зогсоох, үнэт цаасны зах зээл дэх төрийн оролцоог бууруулах, гадаад худалдаа эрхлэхэд бичиг баримт бүрдүүлэхэд хугацаа их зарцуулдгийг өөрчлөх, хөрөнгө оруулагчдын эрхийн хамгаалал сул, хүнд суртал их, шүүхийн үйл ажиллагааны чанар тааруу, авлигын хяналтын орчин муу байгааг иргэд, хувийн хэвшлийнхэн хэлж байв. 

Төрд байгаа мэдээллийг иргэнээс давхар нэхэхээ больж, хялбаршуулсан нөхцөл шаардлагыг хангасан тохиолдолд шууд олгох, тусгай шаардлагуудыг олгосны дараа хянадаг болох, QR код ашиглах зэрэг шийдлийг зөвшөөрөл олгохдоо нэвтрүүлдэг болохоор ажиллаж байгааг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт, тулгамдсан асуудлыг танилцуулахдаа онцлов.  

Улаанбаатар хотын худалдааны танхимын гүйцэтгэх захирал Б.Хаш-Эрдэнэ Татварын ерөнхий хуулийн шинэчлэлийн талаар 600 орчим аж ахуйн нэгжээс ирүүлсэн саналыг нэгтгэж танилцууллаа. Эдгээр санал болон Сангийн яамнаас боловсруулсан татварын цогц реформын төслийг Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн ирэх долоо хоногийн хуралдаанаар хэлэлцэхээр тогтлоо.

Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулахаас гадна татварын философио эргэж хармаар байна. Татвараар мэргэшсэн шүүх байгуулж, мэргэшсэн шүүгч, прокурортой болох, татварын байцаагч технологийн өндөр мэдлэгтэй байх хэрэгтэй. Мөн Зөвшөөрлийн тухай хуульд анхаарах асуудал олон байна. Бизнесийн орчинд үүссэн аливаа маргааныг заавал шүүхээр оруулж ачаалал нэмэхгүйгээр МҮХАҮТ-ын дэргэдэх арбитраар ч юм уу, хараат бус мэргэжлийн шүүгчдээр зохицуулдаг тогтолцоог бүрдүүлмээр байна. Нийгмийн даатгалын шимтгэл өндөр байгааг эргэж харах, Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг байгууллага төлдгийг болиулах хэрэгтэй зэрэг саналыг тус зөвлөлийн гишүүд хэллээ.  

Тус хуралдаанаас Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн гүйцэтгэх захирлаар Д.Зоригтыг, дэд даргаар УИХ-ын гишүүн Х.Ганхуягийг томиллоо. Мөн зөвлөлийн дэргэд хөрөнгө оруулалтыг дэмжсэн бүтэц байгуулахаар болов.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Ерөнхий сайд Н.Учрал: Хөрөнгө оруулагчдад тулгарч буй саад бэрхшээлийг арилгана

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс дахь албан ёсны айлчлалынхаа хүрээнд /2026.09.30/ Японы бизнес эрхлэгчидтэй уулзалт хийж, хөрөнгө оруулагчдын санал хүсэлтийг хүлээн авч, шуурхай шийдвэрлэхээ илэрхийллээ.  

Монголд хөрөнгө оруулагч Япон компаниуд төсөл, хөтөлбөрөө Ерөнхий сайдад танилцуулсан юм. Тухайлбал, Aeronext  компани 2023 оноос хойш ЖАЙКА-ын санхүүжилтээр Монголд дроноор цус тээвэрлэж эхэлжээ. Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс 23 байршилд дроноор цус хүргэдэг. Цаашид Монголд дрон үйлдвэрлэдэг, засварладаг болохоор ажиллаж байна. Үүнийг бодит ажил хэрэг болгоход Монгол Улсын Засгийн газар дэмжлэг үзүүлж ажиллахыг хүслээ. 

Мөн чухал ашигт малтмалын чиглэлээр хамтран ажиллах өргөн боломж байгааг Японы талаас онцолсон.  2016 онд хүчин төгөлдөр болсон Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд Японы тал Монгол Улсаас худалдан авалт хийх нь чухал гэдгийг илэрхийлэв.

Ерөнхий сайд Н.Учрал Монголд бизнес эрхлэхэд тулгарч буй саад бэрхшээлийг арилгахад Засгийн газар шуурхай анхаарч ажиллана гэдгийг илэрхийлэв. Мөн Японы банк санхүүгийн салбарын төлөөлөл бодит сонирхлоо илэрхийлбэл нягт хамтран ажиллахад бэлэн гэлээ.  

Ирэх онд тохиох Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг шинэ бизнесийн түншлэлээр угтах нь нэн чухал.  Монгол Улсад Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага (ЖЕТРО) хөрөнгө оруулалтыг бодит ажил болгоход чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байгааг тодотгов. Монгол Улсад ЖЕТРО-ын Төлөөлөгчийн газар байгуулах талаар ярилцав. 

Монгол Улсын Засгийн газар хувийн хэвшлийг дэмжих, бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, зөвшөөрлийн шат дамжлагыг бууруулах, хөрөнгө оруулагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан тогтвортой, өрсөлдөх чадвартай орчныг бүрдүүлэхэд тусгайлан анхаарал хандуулж байгааг Ерөнхий сайд Н.Учрал онцоллоо.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын Япон улс дахь албан ёсны айлчлалын үр дүн

Огноо:

,

“Чингис хаан" олон улсын нисэх буудлын өргөтгөлийн 158.3 тэрбум иенийн хөгжлийн санхүүжилтэд гарын үсэг зурав. Жилд хүлээн авах зорчигчийн хүчин чадал 1.6 саяас 5.2 саяд хүрч, 3.2 дахин нэмэгдэнэ. 

  1. Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад хамтарна. Монгол Улс 1 сарын хэрэглээгээ нөөцлөх түлш, шатахууны савтай болно.
  2. Давхар татвар, Нийгмийн хамгааллын хэлэлцээр байгууллаа.
  3. Монгол Улсаас Япон улс руу чиглэсэн экспортын бараа, бүтээгдэхүүнийг нэмэгдүүлнэ.
  4. Япон улсын ”POWERR Asia” санаачилгын хүрээнд уур амьсгалын өөрчлөлт, карбон кредит, сэргээгдэх эрчим хүчний чиглэлд хамтарч ажиллана.
  5. “Инженер, технологийн дээд боловсрол (MJEED)” буюу “1000 инженер”-ийн төслийн дараагийн үе шатыг хэрэгжүүлнэ.
  6. Японы улсын гадаад худалдааг дэмжих (ЖЕТРО) байгууллага манай улсад төлөөлөгчийн газраа нээнэ. Тус улсын хөрөнгө оруулагчид, ЖДҮ, технологийн компаниуд үйл ажиллагаа явуулах боломж бүрдэнэ.
  7. Хоёр шатлалтай "ЖАЙКА"-гийн ЖДҮ-ийг дэмжсэн зээлийг үргэлжлүүлнэ.
  8. "Буянт-Ухаа" нисэх буудлыг орон нутгийн нислэгт ашиглах менежментийг хийх, хурдан галт тэрэгний яриа хэлцлийг эрчимжүүлнэ.
  9. Японы "Aeronext Inc" компани монгол инженерүүдтэй хамтарч дрон үйлдвэрлэдэг, засварладаг тогтолцоог нэвтрүүлэхээр яриа хэлцлээ эхлүүлэв.
  10. Ногоон устөрөгчийн төсөл, чухал ашигт малтмалын салбарын хамтын ажиллагааг ярилцав. Ногоон санхүүжилтийг дэмждэг бүх байгууллагуудаар дамжуулан Монголд хэрэгжүүлэх том төслүүдийг санхүүжүүлнэ.
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Монгол, Японы хамтарсан төслүүдийн хэрэгжилтийн талаар хэлэлцэв

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд ЖАЙКА-ын Ерөнхийлөгч Танака Акихиког хүлээн авч уулзлаа. Уулзалт 2026 оны есдүгээр сарын 29-нд Токио хотноо болов.

Ерөнхий сайд Япон Улсын Засгийн газрын хөгжлийн албан ёсны тусламж Монгол Улсын ардчиллыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжихэд чухал хувь нэмэр оруулж ирснийг онцлов. Мөн ЖАЙКА судалгаанд тулгуурласан, үр өгөөжтэй төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж буйд талархал илэрхийллээ.

Талууд “Чингис хаан” олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төслийн хэрэгжилтийн талаар ярилцав. Ерөнхий сайд төслийг хэрэгжүүлэх хугацаанд “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлыг дотоодын нислэгт ашиглах, агаарын тээврийн салбарын тогтвортой үйл ажиллагааг хангах чиглэлээр хамтран ажиллах хүсэлт тавьжээ. ЖАЙКА-ын Ерөнхийлөгч уг төслийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв.

Мөн Улаанбаатар хотод газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулах төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах асуудлыг хэлэлцлээ. Энэ ажлыг Япон Улсын Засгийн газрын “POWERR Asia” санаачилгын хүрээнд эхлүүлэхэд ЖАЙКА дэмжлэг үзүүлэхээ мэдэгдэв.

Уулзалтаар чухал ашигт малтмалын чиглэлээр Япон Улсын Метал, эрчим хүчний аюулгүй байдлын байгууллага (ЖОГМЭК)-тай хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол Улсад Японы Гадаад худалдааг дэмжих байгууллагын (ЖЕТРО) төлөөлөгчийн газар байгуулах саналыг хэрэгжүүлэх талаар ярилцжээ.

Түүнчлэн дэд бүтцийн чадавхыг сайжруулах, хүний нөөцийг хөгжүүлэх, цахим аюулгүй байдлыг хангах төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцов. Эрүүл мэнд, байгаль орчин, нийгмийн хамгааллын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь ач холбогдолтой гэдэгт талууд санал нэгдлээ.

Япон Улсын Засгийн газар Монгол Улсад 1977–2025 онд зээл, буцалтгүй тусламж, техникийн хамтын ажиллагааны хүрээнд нийт 3.3 тэрбум ам.долларын дэмжлэг үзүүлжээ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох