Улстөр нийгэм
Урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийн талаарх сайдын мэдээллийг сонсож, ЭМДҮЗ-ийн дүрмийг шинэчлэн батлав
Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хороо өчигдөр хуралдаж, урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийн дүн, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Эрүүл мэндийн сайдын мэдээллийг сонслоо.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан мэдээлэлдээ, нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хүн амыг хамруулах ажлыг 2022 оны тавдугаар сарын 01-нээс орон даяар зохион байгуулж эхэлсэн болон хүүхдийн эрт илрүүлгийн товлол, давтамжийг хоёр багцад зургаан төрлөөр, насанд хүрэгчдэд дөрвөн багцад 21 төрлөөр, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (ЭМДЕГ)-тай гэрээ байгуулсан эмнэлгүүдээр хийж буйг танилцуулсан юм.
Энэ сарын 16-ны байдлаар эрт илрүүлэгт улсын хэмжээнд 1 593 838 хүн хамрагдсан нь нийт хамрагдвал зохих хүн амын 47.1 хувь болж байна. Тэдний 695 460 буюу 43.6 хувь нь эрчүүд, 898 378 буюу 56.4 хувь нь эмэгтэйчүүд, 753 093 буюу 47.3 хувь нь 0-17 насны хүүхэд байна.
Эрт илрүүлгийг улсын хэмжээнд зохион байгуулах ажлын хүрээнд 21 аймаг, есөн дүүргийн 2942 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд сургагч багшаар, давхардсан тоогоор 39661 хүнд цахимаар сургалт явуулж, цогц үзлэг хийх “Эрүүл мэндийг дэмжих төв” 28-ыг байгуулсны зэрэгцээ орон нутагт автомашинд суурилсан “Нүүдлийн амбулатори” ажиллуулахад нийт 42.7 тэрбум төгрөг зарцуулжээ. Эрүүл мэндийн даатгалын сан (ЭМДС)-гаас эрт илрүүлгийн гүйцэтгэлийн зардалд 2022 онд 16.4 тэрбум төгрөг, 2023 онд 42.6 тэрбум төгрөг олгосон байна. Түүнчлэн Эрүүл мэндийн яам (ЭМЯ)-наас Үндэсний Дата төвтэй хамтран серверийн өгөгдөл хадгалах хэмжээг 35 террабайтаар, шуурхай санах ойн (RAM) хэмжээг 1024 гегабайтаар өргөтгөн, эрт илрүүлгийн системийг ХУР системтэй холбожээ. Одоо Е-Mongolia системээс эрүүл мэндийн лавлагаа, мэдээлэлтэй холбоотой 20 гаруй үйлчилгээ авах боломж бүрдээд байгаа юм.
Байнгын хорооны хуралдаанд эрт илрүүлгийн үр дүнг нэгтгэн дүгнэсэн мэдээллийг ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын газрын дарга Л.Баттөр танилцуулав. Уг мэээллээс үзвэл эрт илрүүлэгт хамрагдсан нийт иргэдийн 509 072 буюу 38.0 хувь нь ямар нэгэн өөрчлөлтгүй харьцангуй эрүүл байсан бол 816 361 буюу 62.0 хувь нь эрүүл мэндийн хувьд өөрчлөлттэй гарчээ. Өөрчлөлт илэрсэн хүмүүсийн 54.0 хувийн онош тодорхой тул эмчилгээнд хамруулж, 36.0 хувь буюу 290 175 хүний оношийг баталгаажуулахаар шинжилгээнд илгээсэн бол 81 636 хүний үзлэгийн үр дүн гараагүй буюу эрт илрүүлэгт бүрэн ороогүй байна. Үзлэг шинжилгээнд хамрагдсан хүүхдүүдийн дунд шүд, амны хөндийн өвчлөл, жингийн илүүдэл болон дутагдал зонхилж байгаагийн зэрэгцээ 0-5 насныхны 8.7 хүртэлх хувьд хөдөлгөөн, хэл яриа, танин мэдэхүйн, 6-14 насныхны 7.0-30.0 хувьд сэтгэл хөдлөл, зан үйлийн болон анхаарал дутмагшил, хэт хөдөлгөөнтөх, мөн харилцааны тулгамдсан асуудлын сэжиг илэрсэн байна. Харин насанд хүрэгчдийн 40.0 хүртэлх хувь нь тамхи, архи хэрэглэдэг, хоёр хүн тутмын нэг нь идэвхтэй дасгал хөдөлгөөн хийдэггүй, дөрвөн хүн тутмын нэг нь жимс, хүнсний ногоог зохистой хэмжээгээр хэрэглэдэггүй, 20.4 хувь нь таргалалттай, 36.4 хувь нь жингийн илүүдэлтэй, 73.7 хувь нь халдварт бус өвчний 3-5 хүчин зүйл хавсарсан өндөр эрсдэлтэй нь тогтоогджээ. Эдгээр нь артерийн гипертензи, зүрхний ишеми, чихрийн шижин, ходоодны архаг үрэвслийн тархалтад нөлөөлөх гол хүчин зүйлс болж буй юм. Мөн гепатитын В вирусийн халдвар гурав дахин, гепатитын С вирусийн халдвар 4.6 дахин нэмэгдсэн нь элэгний фиброз, цирроз үүсэхэд нөлөөлж буйг Эрүүл мэндийн сайд мэдээлэлдээ дурдлаа. Түүнчлэн 21 насны 50 хүн тутмын нэгд солиорлын, 45 ба 60 насны 10 хүн тутмын нэгд сэтгэцийн эмгэгийн шинж илэрсэн бол, 11-14 насны хүүхдүүд, 30-59 насны хүмүүсийн дунд сүрьеэгийн сэжигтэй тохиолдол олон гарчээ. Бүдүүн гэдэсний хавдрын шинжилгээгээр дотуур цус алдалт 50-аас дээш насанд, гепатитын В, С вирусийн хавсарсан халдвар 60-аас дээш насанд давамгай тохиолдож байна. Мөн эрт илрүүлгийн үзлэг шинжилгээний хугацаанд тэмбүүгийн 170 орчим, ХДХВ-ийн халдварын дөрвөн шинэ тохиолдол батлагдсаныг эмчилгээ, хяналтад авчээ. Нийт 5797 хавдрын сэжигтэй хүний 371-д хорт хавдар шинээр оношлогдсон байна.
ЭМЯ-наас 2024 оны 12 дугаар сард зохион байгуулсан үндэсний хэлэлцүүлгээс цаашид “Эрт илрүүлэг 2.0”-ыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх шаардлагатай гэсэн зөвлөмж гарсныг сайд Т.Мөнхсайхан танилцуулсан юм. Эрт илрүүлэг 2.0-ыг ургийн хромосомын гажгийн, нярайн, сургуульд суурилсан, ажлын байранд суурилсан, хорт хавдрын гэсэн таван бүрэлдэхүүн хэсгээр зохион байгуулахаар бэлтгэж байгаа ажээ.
Эрүүл мэндийн сайдын мэдээлэл, түүнд тусгагдсан статистик дүн, тоо баримтын талаар Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлсэн юм. Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа 1.6 сая орчим хүн эрт илрүүлэгт хамрагдахад 1.3 сая нь өвчтэй байгаад нөлөөлж буй голлох хүчин зүйлс, шалтгаан, хоол боловсруулах тогтолцооны өвчлөлийн дүн өндөр гарахад ямар хүнс нөлөөлж байгаа зэргийг асууж, эмийн зэрэгцээ хүнсний бодлого, хяналтыг хэрэгжүүлэх агентлаг байгуулж ажиллах шаардлагатайг дурдсан юм. Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат үзлэг, шинжилгээгээр хүн амын удамшлын өгөгдлийн сангийн мэдээллийг хэрхэн ашигласан болон үзлэг шинжилгээний багцыг баримтлахдаа уян хатан ажилласан эсэх, ариутгал халдваргүйтгэлийн шаардлагыг хангаж чадсан эсэх, хөдөө суманд эрт илрүүлгийг явуулах боловсон хүчин, техникийн боломж ямар хэмжээнд байсан, гурван хүүхэд тутмын нэг нь сэтгэцийн эрүүл мэндийн эрсдэлтэй гэсэн дүгнэлт хийх үндэслэл, энэ эрсдлийн шалтгаан, хүчин зүйлсийн талаар асууж, хариулт авав. Тэрбээр ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгийн байрны таазны будганд хийсэн шинжилгээгээр 35.0 хувьд нь хром, 55.0 хувьд нь хар тугалга зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн нь илэрсэн талаарх судалгааны дүнг онцлон асууж, энэ асуудалд анхаарч ажиллахыг зөвлөсөн юм. Улсын Их Хурлын гишүүн Д.Ганмаа Монгол Улсын 2025 оны төсвийг батлахдаа бүхий л салбарын зардал санхүүжилтийг хассан атлаа ганцхан Эрүүл мэндийн сайдын багцыг нэмсэн нь онцгойлон ач холбогдол өгч буй хэрэг гэдгийг дурдаад, эрт илрүүлэгт хамрагдаагүй хүмүүсийг хамруулах эсэх, хоёрдугаар эрт илрүүлгийг нийтийн болон чиглэсэн аргачлалын алинаар явуулах талаар асуув. Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хариулахдаа нийтийн буюу масс илрүүлгийн шинжилгээ нь их зардлаар бага өвчлөл илрүүлж, үр дүн багатай байсан тул хоёрдугаар эрт илрүүлгийг таван бүрэлдэхүүн хэсгээр буюу тэдгээрт чиглүүлэх байдлаар явуулна гэлээ.
Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат эрт илрүүлгийн ажил ихээхэн үр дүнтэй болсныг дүгнээд, нэгэнт хүн амынхаа нийтлэг өвчлөл, тэдгээрийн шалтгаан нөхцлийг тодорхойлчихсон тул одоо тэрхүү шалтгаан, эрсдэлт хүчин зүйлийг арилгах талаар томоохон бодлогын арга хэмжээ авч ажиллах шаардлагатай гэсэн санал дэвшүүлэв. Энэхүү бодлогын арга хэмжээ нь далайцтай, иргэдийн анхаарлыг татсан, хүн амыг нийтээр хамруулсан, дорвитой байх ёстой гээд тэрбээр Английн тамхины эсрэг явуулсан цогц үйл ажиллагааг жишээлсэн юм. Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен сайдын мэдээлэлд дурдагдсан тоо баримт, статистик үзүүлэлт олон нийтэд ташаа ойлголт өгөхөөр байгаад анхаарахыг зөвлөж, ерөнхий үзүүлэлтэд агуулсан тодорхой утгуудыг задалж тайлбарлах шаардлагатай гэв. Тухайлбал, гурван хүүхэд тутмын нэг нь сэтгэцийн сэрүүл мэндийн эрсдэлтэй гэсний дотор тулгамдсан асуудал нь юу болох, хэд нь гар утас, компьютерийн донтолттой, хэд нь төрөлхийн эмгэгтэй гэдгийг нарийвчлан гаргах нь зүйтэй гэсэн юм. Мөн халдварт өвчний тархалт, тэр дундаа сүрьеэгийн тархалт зарим насныхны дотор өндөр байгаа нь сургууль, байгууллагад нийтийг хамарсан халдвар тархсан гэж ойлгогдохуйц үзүүлэлттэйгээр сайдын мэдээлэлд туссан байгааг анхаарууллаа.
Хүн амын эрүүл мэндийг тодорхойлогч хүчин зүйлсийг тогтоохдоо иргэдийн хаана амьдарч байгааг буюу бүс нутгийн онцлогийг харгалзсан эсэх, эрт илрүүлэгт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ямар хэмжээнд хамруулсан болон осол гэмтлийн тандалт судалгааг хийсэн эсэх талаар Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун асууж, хариулт авав. Тэрбээр эрт илрүүлгийн үр дүнгийн талаарх нийт өгөгдөлд прогноз хийж, цаашид авах хариу арга хэмжээ, стратегиа төлөвлөхөд анхаарч ажиллахыг зөвлөлөө. Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа орон нутагт эрт илрүүлгийг хийх хүн хүч, тоног төхөөрөмж хангалтгүй байгаа, сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа хүчин зүйлсийг тогтоох, мөн сургууль, дотуур байрны хүүхдүүдийн хоол тэжээл, шим тэжээлийн судалгааг хийх шаардлагатай, өрхийн эрүүл мэндийн төвүүдийн зардал, санхүүжилтийг зохих хэмжээнд шийдвэрлэж ажиллах зэрэг хэд хэдэн асуудлыг хөндсөний зэрэгцээ дархлаажуулалт, вакцинжуулалтын асуудлаарх иргэний нийгмийн олон талт байр суурийг харгалзаж ажиллах нь зүйтэй гэлээ. Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн эрт илрүүлгээр илрүүлсэн өвчлөл, эрсдэлүүдээ одоо эмчлэх, хяналтанд авах ажлыг эрчимжүүлэх хэрэгтэйг онцолж, шинжилгээ, оношилгоо хийхдээ ямар нэгэн шалгуур шаардлага тавихгүй байхыг зөвлөв.
Мөн Улсын Их Хурлын гишүүн М.Ганхүлэг эрт илрүүлэгт хамрагдаагүй хүмүүсийг идэвхжүүлэх, хамруулах үүднээс тэдэнд чиглэсэн цогц арга хэмжээг хэрэгжүүлэх, явуулын үйлчилгээг өргөжүүлж, иргэдийг амьдарч байгаа газарт нь үзлэг, оношилгоонд хамруулах шаардлагатай гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн М.Нарантуяа-Нара зонхилж байгаа өвчлөлүүд, тэдгээрт нөлөөлж байгаа хүчин зүйлтэй тэмцэхэд анхаарлаа хандуулах, үүнд тодорхой хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай бол хамтран ажиллахыг уриалав. Мөн Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун, Д.Үүрийнтуяа нар иргэдийн эрүүл мэндийн боловсрол, зан үйлийн мэдээллийг нэгтгэн дүгнэж, судалгаанд суурилан ажиллах, хүнс, хэвшил зуршил болон хөрс, орчныг эрүүлжүүлэх, хүн амын өсөлтийг дэмжих бодлого хэрэгжүүлж, зангидаж ажиллах шаардлагатайг тэмдэглэлээ.
Олон улсын хэмжээнд тогтож, шалгагдсан өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх бүтэц бий болгож, тэрхүү бүтцээр судалгаа, хяналт, урьдчилан сэргийлэх болон прогноз хийх, нийтэд мэдээлэх, анхааруулах зэрэг ажлыг цогц байдлаар хийдэг байх ёстой гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлэв.
Байнгын хорооны хуралдаанаар мөн Эрүүл мэндийн даатгалын үндэсний Зөвлөл (ЭМДҮЗ)-ийн дүрмийг шинэчлэн батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэв. Дүрмийн төслийн талаарх танилцуулгыг Эрүүл мэндийн сайд, ЭМДҮЗ-ийн дарга Т.Мөнхсайхан хийлээ. Тус Зөвлөлийн одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа дүрэм нийт зургаан бүлэг, 33 хэсэг, 29 заалттай бол шинэчлэн боловсруулсан дүрмийн төсөлд уг дүрмийн 23 заалтыг өөрчлөн найруулж, 18 заалтыг шинээр нэмж, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль болон бусад хуульд орсон өөрчлөлттэй уялдуулан 25 заалтыг хасаж, давхцал хийдлийг арилгасан байна. Эрүүл мэндийн сайд танилцуулгадаа, дүрмийн шинэчилсэн төсөлд ЭМДҮЗ-ийн бүрэн эрхийг өргөжүүлсэн, ажлын албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалыг төрийн захиргааны албан тушаалд хамааруулж, цалингийн сүлжээ, албан тушаалын ангилал, зэрэг дэвийг Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог байгууллагын ажлын албатай дүйцүүлэн тогтоосон зэрэг томоохон өөрлөлт тусгагдсаныг дурдаад Нийгмийн бодлогын байнгын хорооны 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн хуралдаанаар уг дүрмийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан саналыг тусгасан тухай дэлгэрэнгүй танилцуулав.
ЭМДҮЗ-ийн дүрмийн төслийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат, Д.Ганмаа, Ц.Идэрбат, Б.Бейсен, О.Саранчулуун нар асуулт асууж, үг хэлэв. Улсын Их Хурлын гишүүд ЭМДҮЗ-ийн хуралдааныг ил тод нээлттэй явуулах, давхар хариуцлага хүлээж ажилладаг тус Зөвлөлийн гишүүдэд тодорхой хэмжээний урамшуулал олгох, даатгуулагчийн эрх ашгийг хамгаалахтай холбоотой зохицуулалтыг сайжруулах, хариуцлагын механизмыг тодорхой болгох, Зөвлөлийн гишүүдийн эрх, үүргийг тэлж, бие даасан байдал, засаглалын шаардлагуудыг өндөрсгөх, Ажлын албаны чиг үүргийг тодорхой болгох, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (ЭМДЕГ)-ын хүний нөөц, тэдгээрийн байршлын судалгаа, ажлын байрны зураг авалтыг хийх, эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлт болон тусламж, үйлчилгээний уялдааг хангах, санхүүжилт, хяналтын тогтолцоог оновчтой болгох, ЭМДЕГ-т тавих Зөвлөлийн хяналт, шалгалтын эрх, үүргийг өндөржүүлж бэхжүүлж, ЭМДС-гийн үр ашгийг дээшлүүлж, төсвийн гүйцэтгэлд тавих хяналт болон гүйцэтгэлийн санхүүжилтийн тохируулгыг сайжруулах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эмэгтэйчүүдэд хүртээмжтэй болгох зэрэг олон асуудлыг хөндөж, ЭМДҮЗ-ийн дарга, гишүүдээс хариулт, тайлбар авсан юм.
Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авч, үг хэлсний дараа “ЭМДҮЗ-ийн дүрмийг шинэчлэн батлах тухай” Нийгмийн бодлогын байнгын хорооны тогтоолын төслийг дэмжих эсэх асуудлаар санал хураалт явуулав. Санал хураалтаар Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх уг тогтоолын төслийг дэмжлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Улстөр нийгэм
Ерөнхий сайд Н.Учрал: Хөрөнгө оруулагчдад тулгарч буй саад бэрхшээлийг арилгана
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс дахь албан ёсны айлчлалынхаа хүрээнд /2026.09.30/ Японы бизнес эрхлэгчидтэй уулзалт хийж, хөрөнгө оруулагчдын санал хүсэлтийг хүлээн авч, шуурхай шийдвэрлэхээ илэрхийллээ.
Монголд хөрөнгө оруулагч Япон компаниуд төсөл, хөтөлбөрөө Ерөнхий сайдад танилцуулсан юм. Тухайлбал, Aeronext компани 2023 оноос хойш ЖАЙКА-ын санхүүжилтээр Монголд дроноор цус тээвэрлэж эхэлжээ. Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс 23 байршилд дроноор цус хүргэдэг. Цаашид Монголд дрон үйлдвэрлэдэг, засварладаг болохоор ажиллаж байна. Үүнийг бодит ажил хэрэг болгоход Монгол Улсын Засгийн газар дэмжлэг үзүүлж ажиллахыг хүслээ.

Мөн чухал ашигт малтмалын чиглэлээр хамтран ажиллах өргөн боломж байгааг Японы талаас онцолсон. 2016 онд хүчин төгөлдөр болсон Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд Японы тал Монгол Улсаас худалдан авалт хийх нь чухал гэдгийг илэрхийлэв.
Ерөнхий сайд Н.Учрал Монголд бизнес эрхлэхэд тулгарч буй саад бэрхшээлийг арилгахад Засгийн газар шуурхай анхаарч ажиллана гэдгийг илэрхийлэв. Мөн Японы банк санхүүгийн салбарын төлөөлөл бодит сонирхлоо илэрхийлбэл нягт хамтран ажиллахад бэлэн гэлээ.

Ирэх онд тохиох Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг шинэ бизнесийн түншлэлээр угтах нь нэн чухал. Монгол Улсад Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага (ЖЕТРО) хөрөнгө оруулалтыг бодит ажил болгоход чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байгааг тодотгов. Монгол Улсад ЖЕТРО-ын Төлөөлөгчийн газар байгуулах талаар ярилцав.

Монгол Улсын Засгийн газар хувийн хэвшлийг дэмжих, бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, зөвшөөрлийн шат дамжлагыг бууруулах, хөрөнгө оруулагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан тогтвортой, өрсөлдөх чадвартай орчныг бүрдүүлэхэд тусгайлан анхаарал хандуулж байгааг Ерөнхий сайд Н.Учрал онцоллоо.





Улстөр нийгэм
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын Япон улс дахь албан ёсны айлчлалын үр дүн
“Чингис хаан" олон улсын нисэх буудлын өргөтгөлийн 158.3 тэрбум иенийн хөгжлийн санхүүжилтэд гарын үсэг зурав. Жилд хүлээн авах зорчигчийн хүчин чадал 1.6 саяас 5.2 саяд хүрч, 3.2 дахин нэмэгдэнэ.
- Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад хамтарна. Монгол Улс 1 сарын хэрэглээгээ нөөцлөх түлш, шатахууны савтай болно.
- Давхар татвар, Нийгмийн хамгааллын хэлэлцээр байгууллаа.
- Монгол Улсаас Япон улс руу чиглэсэн экспортын бараа, бүтээгдэхүүнийг нэмэгдүүлнэ.
- Япон улсын ”POWERR Asia” санаачилгын хүрээнд уур амьсгалын өөрчлөлт, карбон кредит, сэргээгдэх эрчим хүчний чиглэлд хамтарч ажиллана.
- “Инженер, технологийн дээд боловсрол (MJEED)” буюу “1000 инженер”-ийн төслийн дараагийн үе шатыг хэрэгжүүлнэ.
- Японы улсын гадаад худалдааг дэмжих (ЖЕТРО) байгууллага манай улсад төлөөлөгчийн газраа нээнэ. Тус улсын хөрөнгө оруулагчид, ЖДҮ, технологийн компаниуд үйл ажиллагаа явуулах боломж бүрдэнэ.
- Хоёр шатлалтай "ЖАЙКА"-гийн ЖДҮ-ийг дэмжсэн зээлийг үргэлжлүүлнэ.
- "Буянт-Ухаа" нисэх буудлыг орон нутгийн нислэгт ашиглах менежментийг хийх, хурдан галт тэрэгний яриа хэлцлийг эрчимжүүлнэ.
- Японы "Aeronext Inc" компани монгол инженерүүдтэй хамтарч дрон үйлдвэрлэдэг, засварладаг тогтолцоог нэвтрүүлэхээр яриа хэлцлээ эхлүүлэв.
- Ногоон устөрөгчийн төсөл, чухал ашигт малтмалын салбарын хамтын ажиллагааг ярилцав. Ногоон санхүүжилтийг дэмждэг бүх байгууллагуудаар дамжуулан Монголд хэрэгжүүлэх том төслүүдийг санхүүжүүлнэ.
Улстөр нийгэм
Монгол, Японы хамтарсан төслүүдийн хэрэгжилтийн талаар хэлэлцэв
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд ЖАЙКА-ын Ерөнхийлөгч Танака Акихиког хүлээн авч уулзлаа. Уулзалт 2026 оны есдүгээр сарын 29-нд Токио хотноо болов.
Ерөнхий сайд Япон Улсын Засгийн газрын хөгжлийн албан ёсны тусламж Монгол Улсын ардчиллыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжихэд чухал хувь нэмэр оруулж ирснийг онцлов. Мөн ЖАЙКА судалгаанд тулгуурласан, үр өгөөжтэй төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж буйд талархал илэрхийллээ.
Талууд “Чингис хаан” олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төслийн хэрэгжилтийн талаар ярилцав. Ерөнхий сайд төслийг хэрэгжүүлэх хугацаанд “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлыг дотоодын нислэгт ашиглах, агаарын тээврийн салбарын тогтвортой үйл ажиллагааг хангах чиглэлээр хамтран ажиллах хүсэлт тавьжээ. ЖАЙКА-ын Ерөнхийлөгч уг төслийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв.
Мөн Улаанбаатар хотод газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулах төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах асуудлыг хэлэлцлээ. Энэ ажлыг Япон Улсын Засгийн газрын “POWERR Asia” санаачилгын хүрээнд эхлүүлэхэд ЖАЙКА дэмжлэг үзүүлэхээ мэдэгдэв.

Уулзалтаар чухал ашигт малтмалын чиглэлээр Япон Улсын Метал, эрчим хүчний аюулгүй байдлын байгууллага (ЖОГМЭК)-тай хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол Улсад Японы Гадаад худалдааг дэмжих байгууллагын (ЖЕТРО) төлөөлөгчийн газар байгуулах саналыг хэрэгжүүлэх талаар ярилцжээ.
Түүнчлэн дэд бүтцийн чадавхыг сайжруулах, хүний нөөцийг хөгжүүлэх, цахим аюулгүй байдлыг хангах төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцов. Эрүүл мэнд, байгаль орчин, нийгмийн хамгааллын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь ач холбогдолтой гэдэгт талууд санал нэгдлээ.
Япон Улсын Засгийн газар Монгол Улсад 1977–2025 онд зээл, буцалтгүй тусламж, техникийн хамтын ажиллагааны хүрээнд нийт 3.3 тэрбум ам.долларын дэмжлэг үзүүлжээ.
