Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээр томилогдсон УИХ-ын гишүүн чуулганы ажиллагаанд оролцох журам батлах тухай тогтоолын төслийг баталлаа

Огноо:

,

Улсын Их Хурлын Ёс зүй, дэгийн байнгын хорооны 2025 оны нэгдүгээр сарын 08-ны өдрийн хуралдаанаар Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээр томилогдсон Улсын Их Хурлын гишүүн чуулганы ажиллагаанд оролцох журам батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв.

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа энэхүү журмын төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж, УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын холбогдох сайд нарын саналыг авч нэгтгэн, энэ өдрийн хуралдаанд танилцуулав.

Тэрбээр, УИХ-ын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.20-д заасны дагуу гишүүн өвчтэй, чөлөөтэй, дотоод, гадаадад томилолтоор ажиллахаас бусад тохиолдолд чуулганы хуралдаанд товлосон хугацаанд оролцох бөгөөд хавсран гүйцэтгэж байгаа бусад албан үүрэгтэй холбогдох үйл ажиллагааг аль болох давхцуулахгүй байхаар төлөвлөн ажиллана гэсэн заалт орсон. Хоёрдугаарт, Засгийн газрын гишүүд танхим дотроо мэтгэлцэж, байр сууриа илэрхийлж, сөрөг байр суурьтай ч, хамтын шийдвэр гаргаад явсан болбол зарчмаа баримтах ёстой юм. Энэхүү агуулгаараа Монгол Улсын Засгийн газраас санаачилсан хууль, тогтоолын төслийг чуулганы хуралдаанаар хэлэлцэх үед төсөлтэй холбогдуулан хууль санаачлагчаас асуулт асуухгүй, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.8.8-д заасны дагуу хууль санаачлагчийн илтгэл, хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлага, хуулийн төслийн үр нөлөө, зардлын тооцоо болон хуулийн төслийн үзэл баримтлалыг болон 36 дугаар зүйлийн 36.10-т заасан хуулийн төслийн талаарх Байнгын хорооноос гарсан санал, дүгнэлтийг дэмжсэн байр суурь илэрхийлж, тайлбар өгч болох бөгөөд дэмжээгүй байр суурь илэрхийлэхгүй хэмээн журмын төсөлд тусгасан.

Мөн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр нэгдсэн байнгын дэд, түр хороо ажлын хэсгийн хуралдаанд хүрэлцэн ирээгүй бол УИХ-ын 2021 оны 105 дугаар тогтоолоор баталсан УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийн 10.7-д заасны дагуу хариуцлага сануулгыг өгөхөөс гадна шаардлагатай гэж үзвэл Монгол Улсын Ерөнхий сайдад түүний бүрэн эрхийнх нь дагуу тухайн сайдад хариуцлага тооцох саналыг хүргүүлэх талаар бас энэхүү журамд тусгалаа. Хамгийн чухал нь УИХ-ын гишүүний бүрэн эрх боловч, нэгэнтээ Засгийн газрын гишүүний үүргийг албан хавсарч гүйцэтгэж байгаа бол үүрэг, хариуцлагаа ч хүлээх ёстой гэсэн агуулгаар журмын төсөлд тусгалаа гэв.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу, Х.Баасанжаргал, Б.Хэрлэн, Д.Рэгдэл нар асуулт асууж, санал хэллээ. Тухайлбал, энэхүү журмын төслийн зарим заалт нь ард түмний элч төлөөлөгч буюу УИХ-ын гишүүний эрхийг зөрчиж, улмаар Үндсэн хуулийн зөрчил болох эсэх талаар асуув.

УИХ-ын гишүүдийн асуултад ажлын хэсгийн ахлагч А.Ариунзаяа хариуллаа. Тэрбээр, зөвхөн Засгийн газраас боловсруулан өргөн барьж буй хуулийн төсөлтэй холбоотой хэлэлцүүлэгт Засгийн газрын гишүүний чуулганы хуралдаанд хэрхэн оролцохыг журамлаж буй юм. Бусад асуудлаар үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх байр суурь нээлттэй гэв. Мөн тус Байнгны хорооны дарга Б.Баярбат түүний асуултад тодруулж хариулсан. Тэрбээр, Засгийн газрын гишүүний үүргийг хавсран гүйцэтгэж байгаа УИХ-ын гишүүн ард түмний төлөөлөл мөн. Засгийн газар танхимын зарчмаар ажиллаж буй гүйцэтгэх байгууллага. Гүйцэтгэх байгууллага танхимын зарчмаар асуудлаа хэлэлцээд байр сууриа нэгтгээд, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулан хэлэлцэхэд танхимын гишүүн нь эсрэг байр суурь илэрхийлэх ёсгүй юм. Энэ бол улстөрийн соёл төдийгүй эв нэгдэл, хамтын шийдвэр, төрийн залгамж чанар зэрэг олон асуудлын мөн чанарын үнэ цэнэ юм. Үүнийг төлөвшүүлэх ёстой гэв.

УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын товыг баасан гаригт гаргаж буй нь цаг хугацааны хувьд оновчгүй байгааг өөрчилж, УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооноос оновчтой санал боловсруулах, хоёрдугаарт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Засгийн газрын гишүүн оролцох, эс оролцохыг хэдэн цагийн өмнө мэдэгдэх талаар журамлах санал гаргав.

УИХ-ын гишүүн Д.Рэгдэл, УИХ-ын нэгдсэн хуралдаанаар 2025 оны Төсвийн тухай хуулийн төслийг үндсэндээ гурван удаа хэлэлцлээ. Засгийн газраас боловсруулаад, байр сууриа нэгтгээд оруулж ирсэн байх ёстой Төсвийн тухай хуулийн төслийн талаар Засгийн газрын гишүүд нь давхардсан олон асуулт асууж, цаг хугацаа алдсан. Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээр томилогдсон УИХ-ын гишүүн чуулганы ажиллагаанд оролцох журмын төслийг дэмжиж байна хэмээсэн. Түүний дараа байнгын хорооны гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хурааж шийдвэрлэв.

Ингээд  Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээр томилогдсон УИХ-ын гишүүн чуулганы ажиллагаанд оролцох журам батлах тухай тогтоолын төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 77,8 хувийн саналаар баталлаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.  

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Ерөнхий сайд Н.Учрал: Хөрөнгө оруулагчдад тулгарч буй саад бэрхшээлийг арилгана

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс дахь албан ёсны айлчлалынхаа хүрээнд /2026.09.30/ Японы бизнес эрхлэгчидтэй уулзалт хийж, хөрөнгө оруулагчдын санал хүсэлтийг хүлээн авч, шуурхай шийдвэрлэхээ илэрхийллээ.  

Монголд хөрөнгө оруулагч Япон компаниуд төсөл, хөтөлбөрөө Ерөнхий сайдад танилцуулсан юм. Тухайлбал, Aeronext  компани 2023 оноос хойш ЖАЙКА-ын санхүүжилтээр Монголд дроноор цус тээвэрлэж эхэлжээ. Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс 23 байршилд дроноор цус хүргэдэг. Цаашид Монголд дрон үйлдвэрлэдэг, засварладаг болохоор ажиллаж байна. Үүнийг бодит ажил хэрэг болгоход Монгол Улсын Засгийн газар дэмжлэг үзүүлж ажиллахыг хүслээ. 

Мөн чухал ашигт малтмалын чиглэлээр хамтран ажиллах өргөн боломж байгааг Японы талаас онцолсон.  2016 онд хүчин төгөлдөр болсон Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд Японы тал Монгол Улсаас худалдан авалт хийх нь чухал гэдгийг илэрхийлэв.

Ерөнхий сайд Н.Учрал Монголд бизнес эрхлэхэд тулгарч буй саад бэрхшээлийг арилгахад Засгийн газар шуурхай анхаарч ажиллана гэдгийг илэрхийлэв. Мөн Японы банк санхүүгийн салбарын төлөөлөл бодит сонирхлоо илэрхийлбэл нягт хамтран ажиллахад бэлэн гэлээ.  

Ирэх онд тохиох Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг шинэ бизнесийн түншлэлээр угтах нь нэн чухал.  Монгол Улсад Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага (ЖЕТРО) хөрөнгө оруулалтыг бодит ажил болгоход чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байгааг тодотгов. Монгол Улсад ЖЕТРО-ын Төлөөлөгчийн газар байгуулах талаар ярилцав. 

Монгол Улсын Засгийн газар хувийн хэвшлийг дэмжих, бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, зөвшөөрлийн шат дамжлагыг бууруулах, хөрөнгө оруулагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан тогтвортой, өрсөлдөх чадвартай орчныг бүрдүүлэхэд тусгайлан анхаарал хандуулж байгааг Ерөнхий сайд Н.Учрал онцоллоо.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын Япон улс дахь албан ёсны айлчлалын үр дүн

Огноо:

,

“Чингис хаан" олон улсын нисэх буудлын өргөтгөлийн 158.3 тэрбум иенийн хөгжлийн санхүүжилтэд гарын үсэг зурав. Жилд хүлээн авах зорчигчийн хүчин чадал 1.6 саяас 5.2 саяд хүрч, 3.2 дахин нэмэгдэнэ. 

  1. Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад хамтарна. Монгол Улс 1 сарын хэрэглээгээ нөөцлөх түлш, шатахууны савтай болно.
  2. Давхар татвар, Нийгмийн хамгааллын хэлэлцээр байгууллаа.
  3. Монгол Улсаас Япон улс руу чиглэсэн экспортын бараа, бүтээгдэхүүнийг нэмэгдүүлнэ.
  4. Япон улсын ”POWERR Asia” санаачилгын хүрээнд уур амьсгалын өөрчлөлт, карбон кредит, сэргээгдэх эрчим хүчний чиглэлд хамтарч ажиллана.
  5. “Инженер, технологийн дээд боловсрол (MJEED)” буюу “1000 инженер”-ийн төслийн дараагийн үе шатыг хэрэгжүүлнэ.
  6. Японы улсын гадаад худалдааг дэмжих (ЖЕТРО) байгууллага манай улсад төлөөлөгчийн газраа нээнэ. Тус улсын хөрөнгө оруулагчид, ЖДҮ, технологийн компаниуд үйл ажиллагаа явуулах боломж бүрдэнэ.
  7. Хоёр шатлалтай "ЖАЙКА"-гийн ЖДҮ-ийг дэмжсэн зээлийг үргэлжлүүлнэ.
  8. "Буянт-Ухаа" нисэх буудлыг орон нутгийн нислэгт ашиглах менежментийг хийх, хурдан галт тэрэгний яриа хэлцлийг эрчимжүүлнэ.
  9. Японы "Aeronext Inc" компани монгол инженерүүдтэй хамтарч дрон үйлдвэрлэдэг, засварладаг тогтолцоог нэвтрүүлэхээр яриа хэлцлээ эхлүүлэв.
  10. Ногоон устөрөгчийн төсөл, чухал ашигт малтмалын салбарын хамтын ажиллагааг ярилцав. Ногоон санхүүжилтийг дэмждэг бүх байгууллагуудаар дамжуулан Монголд хэрэгжүүлэх том төслүүдийг санхүүжүүлнэ.
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Монгол, Японы хамтарсан төслүүдийн хэрэгжилтийн талаар хэлэлцэв

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд ЖАЙКА-ын Ерөнхийлөгч Танака Акихиког хүлээн авч уулзлаа. Уулзалт 2026 оны есдүгээр сарын 29-нд Токио хотноо болов.

Ерөнхий сайд Япон Улсын Засгийн газрын хөгжлийн албан ёсны тусламж Монгол Улсын ардчиллыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжихэд чухал хувь нэмэр оруулж ирснийг онцлов. Мөн ЖАЙКА судалгаанд тулгуурласан, үр өгөөжтэй төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж буйд талархал илэрхийллээ.

Талууд “Чингис хаан” олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төслийн хэрэгжилтийн талаар ярилцав. Ерөнхий сайд төслийг хэрэгжүүлэх хугацаанд “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлыг дотоодын нислэгт ашиглах, агаарын тээврийн салбарын тогтвортой үйл ажиллагааг хангах чиглэлээр хамтран ажиллах хүсэлт тавьжээ. ЖАЙКА-ын Ерөнхийлөгч уг төслийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв.

Мөн Улаанбаатар хотод газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулах төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах асуудлыг хэлэлцлээ. Энэ ажлыг Япон Улсын Засгийн газрын “POWERR Asia” санаачилгын хүрээнд эхлүүлэхэд ЖАЙКА дэмжлэг үзүүлэхээ мэдэгдэв.

Уулзалтаар чухал ашигт малтмалын чиглэлээр Япон Улсын Метал, эрчим хүчний аюулгүй байдлын байгууллага (ЖОГМЭК)-тай хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол Улсад Японы Гадаад худалдааг дэмжих байгууллагын (ЖЕТРО) төлөөлөгчийн газар байгуулах саналыг хэрэгжүүлэх талаар ярилцжээ.

Түүнчлэн дэд бүтцийн чадавхыг сайжруулах, хүний нөөцийг хөгжүүлэх, цахим аюулгүй байдлыг хангах төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцов. Эрүүл мэнд, байгаль орчин, нийгмийн хамгааллын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь ач холбогдолтой гэдэгт талууд санал нэгдлээ.

Япон Улсын Засгийн газар Монгол Улсад 1977–2025 онд зээл, буцалтгүй тусламж, техникийн хамтын ажиллагааны хүрээнд нийт 3.3 тэрбум ам.долларын дэмжлэг үзүүлжээ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох