Цаг үе
Шенгений визийн мэдүүлэгт орсон өөрчлөлтүүд
2020 оны хоёрдугаар сарын 2-ны өдрөөс шинэчлэгдсэн Шенгений визийн кодекс хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ. Шенгений богино хугацааны виз мэдүүлэхэд дор дурдсан өөрчлөлтүүд орсон болохыг уламжилж байна. Үүнд:
- Шенгений визийн маягтад хэсэгчилсэн өөрчлөлтүүд орсон бөгөөд шинэ маягтыг (DOCX, 49 KB) татаж авна уу
- Шенгений визийн хураамж 60 евро байснаас 80 евро болж нэмэгдсэн болно. 6-12 насны хүүхдийн визийн хураамж 35 евро байснаас 40 евро болж харин 0-6 насны хүүхэд болон Европын холбооны иргэний гэр бүлийн гишүүд визийн хураамжаас чөлөөлөгдөж байгаа нөхцөл нь хэвээр үлдэж байгаа болно. Виз мэдүүлгийн төвийн үйлчилгээний хураамжид өөрчлөлт ороогүй болно.
- Виз мэдүүлгийн өргөдлийг зорчихоор төлөвлөсөн өдрөөс 6 сар хүртэлх хугацааны өмнө мэдүүлэх боломжтой болж байгаа болно. (Визийн кодексийг шинэчлэн найруулаагүй байхад 3 сар хүртэлх хугацааны өмнө мэдүүлэх боломжтой байсан) Мөн зорчихоор төлөвлөсөн өдрөөс хамгийн багадаа 15 хоногийн өмнө виз мэдүүлнэ. Хэрэв дээрх хугацаанд мэдүүлээгүй тохиолдолд Элчин сайдын яамны консулын хэлтэс визийн өргөдлийг хүлээн авахаас татгалзах эрхтэй болно!!!
- 2020 оны 2-р сарын 2-ны өдрөөс эхлэн Монгол Улсад богино хугацааны шенгений визийн мэдүүлгийг зөвхөн Улаанбаатар хот дахь Виз мэдүүлгийн төвөөр дамжуулан хүлээн авна. Европын Холбооны иргэний гэр бүлийн гишүүн Улаанбаатар хот дахь БНЧУ-ын ЭСЯ-нд хандаж виз мэдүүлэх эрх нь хэвээр үлдэж байгаа болно. Мөн дипломат/албан паспорт эзэмшигчид, төрийн/албан айлчлалын төлөөлөгчид болон хүмүүнлэгийн шалтгааны улмаас нэн яаралтай зорчих гэж буй виз мэдүүлэгчид урьдчилан ЭСЯ-ны Консулын хэлтэстэй утсаар холбогдсоноор хүндэтгэн үзэх шалтгааныг үндэслэн хүлээн авах боломжтой болно. Шенгений визийн асуудлаар бусад ЕХ-ны улсыг төлөөлөн виз мэдүүлгийн өргөдлийг хүлээн авч ажиллахад БНЧУ болон ЕХ-ны холбогдох улстай байгуулсан засгийн газар хоорондын хоёр талын хэлэлцээрийг мөрдөнө.
- Виз мэдүүлгийн шийдвэрийг 15 хоногийн хугацаанд олгох нь хэвээр үлдэж байгаа боловч шинэчилсэн найруулгаар шийдвэрлэх явцыг нэг удаа хамгийн дээд тал нь 45 хоног хүртэлх хугацаанд сунгах боломжтой болж байна.
- Олон удаагийн нэвтрэх эрхтэй/мулть виз олгох нөхцөл шинэчлэгдэн 1 жилийн хугацаатай олон удаагийн нэвтрэх эрхтэй визийг 2 жилийн хугацаанд 1 удаагийн нэвтрэх эрхтэй визээр хууль дүрмийн дагуу 3 удаа зорчсон виз мэдүүлэгчид олгох боломжтой, 2 жилийн хугацаатай олон удаагийн нэвтрэх эрхтэй визийг 2 жилийн хугацаанд 1 жилийн олон удаагийн визийг хууль, дүрмийн дагуу ашигласан виз мэдүүлэгчид олгох боломжтой, 5 жилийн хугацаатай олон удаагийн нэвтрэх эрхтэй визийг сүүлийн 2 жилийн хугацаанд 2 жилийн олон удаагийн визийг хууль, дүрмийн дагуу ашигласан тохиолдолд олгох боломжтой болж байна.
- Европын холбооны иргэдийн гэр бүлийн гишүүдийн визийн үйл явцыг хөнгөвчлөх нөхцөл шинэчлэгдсэн болно.
БҮГД НАЙРАМДАХ ЧЕХ УЛСЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМ
Цаг үе
COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулжээ
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын зочид, төлөөлөгчдийн тээврийн үйлчилгээнд ажиллах жолооч нарт зориулсан нэгдсэн сургалтыг Зам, тээврийн яамны “Хөсөг” танхимд зохион байгууллаа.
Сургалтад COP17-ын үеэр автотээврийн үйлчилгээнд ажиллах төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд, “Зорчигч тээвэр I, II”, “Зорчигч тээвэр III, IV”-ийн нийт 250 орчим жолооч, тээврийн хэрэгслийн зохион байгуулалт хариуцан ажиллах албан хаагчид хамрагдаж байна.
Монгол Улсад зохион байгуулагдах олон улсын хэмжээний энэхүү арга хэмжээний үеэр гадаадын зочид, төлөөлөгчдөд аюулгүй, шуурхай, соёлтой, мэргэжлийн түвшинд тээврийн үйлчилгээ үзүүлэх бэлтгэлийг хангах нь сургалтын гол зорилго юм.
Сургалтаар COP17-ын ерөнхий ойлголт, ач холбогдол, зохион байгуулалтын онцлог, зочид, төлөөлөгчдийн ангилал, үйлчилгээний стандарт, жолооч нарын үүрэг хариуцлага, сахилга бат, үйлчилгээний соёл, ёс зүй, мэргэжлийн харилцааны талаар нэгдсэн мэдээлэл өгчээ.
Түүнчлэн зочдыг нисэх буудлаас угтан авах, зочид буудал болон арга хэмжээний байршилд хүргэх үе шат, маршрут, хөдөлгөөний зохион байгуулалт, цагийн менежмент, мэдээлэл дамжуулах журам, холбогдох байгууллагуудын уялдаа холбоо, аюулгүй ажиллагааны чиглэлээр жолооч нарыг сургалт, арга зүйгээр хангаж байна.
Мөн зам тээврийн осол, саатал болон бусад эрсдэл, онцгой нөхцөл үүссэн үед авах арга хэмжээ, ачаалал ихтэй нөхцөлд тайван, зөв, шуурхай шийдвэр гаргах, өдөр тутмын ажлын бэлэн байдлыг хангах зэрэг практик ур чадварыг сургалтын хөтөлбөрт тусгажээ.
Сургалтыг танилцуулах лекц, асуулт-хариулт, жишээнд суурилсан сургалт, багаар ажиллах дасгал, маршрут болон тээвэрлэлтийн урсгалын зураглалтай танилцах, онцгой нөхцөлд ажиллах дадлага зэрэг онол, практик хосолсон хэлбэрээр зохион байгуулж байна.
Сургалтын үеэр COP17 олон улсын бага хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны Ажлын алба, Нийслэлийн тээврийн газар, Автотээврийн үндэсний төв болон Тээврийн цагдаагийн албаны холбогдох албан хаагчид чиг үүргийнхээ хүрээнд мэдээлэл өгч, мэргэжил, арга зүйн зөвлөмж хүргэлээ.
Тухайлбал, Тээврийн цагдаагийн албаны Зам тээврийн хяналт, төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Т.Ганзориг замын хөдөлгөөний зохион байгуулалт, аюулгүй ажиллагаа болон олон улсын арга хэмжээний үеэр жолооч нарын анхаарах асуудлын талаар мэдээлэл өгсөн байна.
Уг сургалт нь COP17-ын үеэр зочид, төлөөлөгчдийн тээврийн үйлчилгээг аюулгүй, шуурхай, зохион байгуулалттай явуулах, үйлчилгээний нэгдсэн стандарт, сахилга хариуцлагыг хэвшүүлэх бэлтгэл ажлын нэг хэсэг гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ.
Цаг үе
Улаанбаатарт хоногт 250 м³ лаг боловсруулах үйлдвэр байгуулна
Инженерийн дэд бүтцийг сайжруулах ажлын хүрээнд “Лаг хатаах, шатаах үйлдвэр”-ийг Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийн урд хэсэгт, нийт 40 мянган ам метр талбайд 2025-2027 онд байгуулахаар төлөвлөжээ.
Одоогийн байдлаар Төв цэвэрлэх байгууламжаас хоногт дунджаар 238 тонн лаг гардаг бөгөөд хуримтлагдсан лагийн хэмжээ 843,200 м³-д хүрсэн байна.
Шинээр барих үйлдвэр хоногт 250 м³ лаг боловсруулах хүчин чадалтай. Боловсруулалтын дараа лагийн хэмжээг 5-6 м³ үнс болгон бууруулахаар тооцжээ.
Төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж дууссан бөгөөд Барилга хөгжлийн төвийн 2025 оны долоодугаар сарын 22-ны өдрийн магадлалын ерөнхий дүгнэлтээр баталгаажуулсан байна.
Мөн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 25/01 дүгээр тогтоолоор баталсан “Төр, хувийн хэвшлийн түншлэлээр нийслэлд хэрэгжүүлэх төслийн жагсаалт”-д лаг хатааж, шатаах үйлдвэр барих төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэрээр хэрэгжүүлэхээр тусгажээ.
Лаг хатаах, шатаах технологи нь бохир ус цэвэрлэх байгууламжаас гардаг лагийг байгаль орчинд аюулгүй аргаар боловсруулж, эзлэхүүнийг эрс бууруулах зориулалттай. Лагийг өндөр температурт шатааснаар эзлэхүүн нь 90 хүртэл хувиар буурч, бактери, вирус болон бусад өвчин үүсгэгч бичил биетнийг устгах боломжтой.
Түүнчлэн шаталтын явцад үүсэх дулааныг цахилгаан болон дулааны эрчим хүч үйлдвэрлэхэд ашиглаж болдог. Зарим технологийн хувьд шаталтын дараа үлдэх үнснээс фосфор зэрэг ашигт эрдсийг сэргээн авах боломжтой аж.
Япон, Герман, Швейцар, Нидерланд, Өмнөд Солонгос зэрэг улс лаг хатаах, шатаах технологийг ашиглаж байна. Тухайлбал, Германд лаг шатаах үйлдвэрээс гарсан үнснээс фосфор сэргээн авах технологи ашигладаг бол Нидерландад төвлөрсөн лаг боловсруулах үйлдвэрүүдээр дулаан, цахилгаан эрчим хүч үйлдвэрлэдэг.
Ийнхүү лаг хатаах, шатаах технологийг лагийн эзлэхүүнийг бууруулахын зэрэгцээ эрчим хүч үйлдвэрлэх, нөөцийг дахин ашиглах чиглэлээр олон улсад өргөн ашиглаж байна.
Цаг үе
Нийтийн тээврийн Ч:19А чиглэлийн замналд түр хугацаагаар өөрчлөлт орууллаа
Баянзүрх дүүргийн Монелийн гудамжийн авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажилтай холбоотойгоор тухайн хэсгийн авто замын хөдөлгөөнийг 2026 оны 08 дугаар сарын 7-ны 23:00 цагаас 2026 оны 08 дугаар сарын 10-ны 06:00 цаг хүртэл хаана.
Энэ авто замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн Ч:19А “Цагаан давааны задгай-Сансарын үйлчилгээний төв” чиглэлийн замналд түр хугацаагаар өөрчлөлт орж байна.
Авто замын засварын хугацаанд тус чиглэл дараах зураглалын дагуу үйлчилгээ үзүүлэх тул иргэд та бүхэн зорчилтоо төлөвлөнө үү гэж Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээллээ.

-
Шударга мэдээ2024/03/27
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боомтын сэргэлтийн дараагийн үе шат инновац хиймэл о...
-
Цаг үе2024/05/14
Гол, усны ослоос сэрэмжлүүлж байна
-
Улстөр нийгэм2022/12/28
ТӨРИЙН БАНК: Олон улсын жишигт нийцсэн санхүүгийн боловсролыг дэмжин ажиллана
-
Улстөр нийгэм2024/01/05
Бүгд Найрамдах Мальдив Улс руу зорчиж буй иргэдийн анхааралд!
