Улстөр нийгэм
ДЦС3-ын шинэчлэлийн зураг төсөл боловсруулах хэлэлцээрийг соёрхон баталлаа
Тэрбээр хамтарсан Засгийн газар бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснээс хойших 100 хоногийн хугацаанд 14 мега төсөлд гол анхаарлаа төвлөрүүлэн ажиллахдаа тэдгээрийг ач холбогдлоор нь эрэмбэлж, гацсан шалтгаануудад дүн шинжилгээ хийх, улс орны тогтолцоо, эрх зүйн болон намуудын үзэл баримтлал, мэдээллийн ялгаатай байдлыг цэгцэлж, нэгдсэн ойлголтод хүрэхэд бүхий л боломжоо дайчлан үр дүнд хүрч эхэлж байгааг дурдсан юм. Мега төслүүд гацсан суурь шалтгааныг нэгдүгээрт, олон улсын геополитикийн нөхцөл байдал болон тусгай албадын шууд ба шууд бус нөлөөлөл, хоёрдугаарт, эдийн засгийн төслүүдэд эрх ашгаа шингээхийг хүссэн улс төр, эрх ашгийн хил дамнасан бүлэглэл, хувь улс төрчид, гуравдугаарт, их хэмжээний санхүүжилттэй улс төрийн зорилтот акт гэсэн нөлөөллүүдийг Улсын Их Хурал, Засгийн газар даахгүй явж ирснээс болсон гэж Ерөнхий сайд дүгнэн хэлсэн юм. Мөн тэрбээр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын тусгайлсан зээлийн хэлэлцээрт Шанхай хотод гарын үсэг зурж, 253 сая ам.долларын санхүүжилтийн асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн, төр, хувийн хэвшлийн түншлэлээр Бөөрөлжүүтийн цахилгаан станц ашиглалтад орж эхний галаа асаасан, Булангийн орнуудад айлчлал хийж үнэ чөлөөлөх, сэргээгдэх эрчим хүчний экспорт зэрэг асуудлыг шийдвэрлэснээр эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт орж ирэхэд бэлэн байгааг мэдээлж, урьдчилсан байдлаар 2024 оны эдийн засгийн макро үзүүлэлтүүд сайн гарч байгааг болон 2025 оныг нийслэлийн дэд бүтцийг дэмжих жил болгон зарласан тухай мэдэгдлээ.
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын төслийн талаар хоёр тал 2003 оноос санал солилцож эхэлсэн бөгөөд 2008 оноос албан ёсоор ярьж, энэ хугацаанд нийтдээ 60 гаруй удаагийн яриа, хэлэлцээ хийсэн байна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хоёр зөвлөмж, Улсын Их Хурал тав, Засгийн газар 45 тогтоол гаргаж, төмөр зам барих тусгай зөвшөөрлийг таван удаа олгож, дөрвөн удаа цуцалжээ. Хоёр улсын Засгийн газар хооронд хийх хэлэлцээрт гуравдагч этгээдийг оруулах, Эрдэнэс Тавантолгой компанид тусгай зөвшөөрлийг шилжүүлэх, хувь эзэмших, Тавантолгойн орд болон төмөр замын эзэмшил 49, 17, 17, 17 байх зэрэг асуудал оруулснаас болж боомтын хил холболтын төмөр замын төсөл улс төрийн гацаанд орсон хэмээн Ерөнхий сайд дүгнэж, жижиглэнгээр нүүрсний худалдаа хийдэг зарим компаниуд, Таван толгойн өрсөлдөгч аж ахуйн нэгжүүдийн эрх ашгаас шалтгаалан улс төрийн эсэргүүцэл бий болсон, боомтын Гашуунсухайт талын бүтээн байгуулалт гацсанаас шалтгаалж эдийн засгийн алдагдал, алдагдсан боломжийн өртөг, бусад хил холбох боомтын асуудлууд, нийгмийн томоохон төслүүд давхар гацаж, хоёр улсын харилцаанд ч мөн асуудал үүссэн тухай Засгийн газрын тэргүүн өгүүлэв.
Уллсын Их Хурлын тогтоолын төсөлд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад дараах чиглэлүүдийг баримталж ажиллахыг Ерөнхий сайдад зөвшөөрөхөөр тусгасан байна. Үүнд,
1. Монгол, Хятадын Гашуун сухайт, Ганц мод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хооронд төрийн өндөр дээд түвшинд тохирсон иж бүрэн хамтын ажиллагааны хүрээнд аливаа гуравдагч талын оролцоогүйгээр хэрэгжүүлэх
2. Монгол, Хятадын Гашуун сухайт, Ганц мод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын эдийн засгийн үр ашгийг хангах зорилгоор төмөр замын бүтээн байгуулалт, нүүрс худалдах, худалдан авах урт хугацааны гэрээ байгуулах уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх гурван асуудлыг харилцан уялдаатай цогц байдлаар хамтад нь шийдвэрлэх
3. Монгол, Хятадын Гашуун сухайт, Ганц мод боомтын боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын хүрээнд уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх ажиллагаандаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшиж байгаа ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг аливаа бусад этгээдэд шилжүүлэхгүй байх
4. Гашуун сухайт ганц мод чиглэлийн төмөр замын тээврийн багтаамж эдийн засгийн үр өгөөжийг хангах зорилгоор нүүрс худалдах худалдан авах урт хугацааны гэрээний үнийг тогтоохдоо “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн урт хугацаатай байгуулсан гэрээний нөхцөл үнийн аргачлалаар жишиг болгож гэрээгээр үйлчлэх хугацааг 16 жилээр тогтоох
5. Гашуунсухайт-Ганцмод чиглэлийн төмөр замын тээврийн хүчин чадал эдийн засгийн үр өгөөжийг хангах зорилгоор нүүрс худалдах, худалдан авах гэрээний дагуу нийлүүлэх нүүрсний хэмжээг 2025-аас 2029 онд 27 сая тонн, 2030 оноос эхлэн 20 сая тонноос бууруулахгүй байх
6. Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замыг байгуулахад өргөн, нарийн царигийн аливаа маргаан дахин үүсэхгүйг бататгах буюу Монголын тал өргөн, Хятадын тал нарийн царигаар барьж, зөвхөн хил холболтын зорилгоор цариг хоорондоо зөрөх.
8. Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам барих, түүний холбох бүтээн байгуулалтын төслийн ажлыг Хятадын талын сонгон шалгаруулсан аж ахуйн нэгжээр төмөр зам, түүнийг холбох барилга байгууламжийг гүйцэтгүүлэн хамтран ажиллах, бүтээн байгуулалтад үндэсний компаниуд оролцох боломжоор хангах
9. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хил доторх Ганцмод боомт хүртэл баригдсан төмөр замын бүтээн байгуулалттай холбогдуулж өнгөрсөн хугацаанд Хятадын талд гарсан аливаа зардал, алдагдал, хохирол болон төмөр замын хил холболтод шаардлагатай хөрөнгө оруулалтын асуудлыг ирээдүйд нэхэмжлүүлэхгүй байх
10. Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлснээр Монгол, Хятадын хилийн Шивээхүрэн-Сэхээ, Ханги-Мандал, Бичигт-Зүүнхатавч зэрэг боомтуудыг төмөр замаар холбох ажлыг үе шаттайгаар эхлүүлэх
11. Сэргээгдэх эрчим хүчний экспорт, эрчим хүчний нүүрс экспортлох, нүүрсийг гүн боловсруулах аж үйлдвэржилт, говийг усжуулах, шар шороон шуурга, цөлжилттэй тэмцэх хил холболт болон дэд бүтцийн бүтээн байгуулалт орон сууцжуулалтын асуудал зэрэг нийгэм эдийн засгийн тулгамдсан асуудлыг асуудлыг энэхүү гэрээний үргэлжлэх 16 жилийн хугацаанд байгуулж, хамтран ажиллахыг судлах зэрэг асуудлуудыг оруулсан байна.
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийг хэлэлцэхэд Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, Н.Батсүмбэрэл, Ж.Ганбаатар, П.Батчимэг, Б.Жаргалан, Ж.Алдаржавхлан, Б.Мөнхсоёл, Б.Найдалаа, Ж.Золжаргал нар төсөл санаачлагчаас асуулт асууж, хариулт авсан байна. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэж үзжээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тавьсан төсөл санаачлагчийн илтгэл болон Эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлттэй уялдуулан Улсын Хурлын гишүүн Б.Баярбаатар, Ц.Сандаг-Очир, Ж.Баясгалан, Ө.Шижир, О.Цогтгэрэл, С.Ганбаатар, О.Батнайрамдал, П.Батчимэг, Г.Ганбаатар нарын зэрэг 24 гишүүн асуулт асууж, үг хэлэв. Улсын Их Хурлын гишүүд хэлэлцэж буй асуудалд улстөржихгүй, агуулга, ач холбогдлыг том зургаар харж шийдвэрлэх, Ерөнхий сайдын илтгэлд дурдагдсан хил дамнасан бүлэглэл гэдэг хэн хэн байсныг зарлаж, хариуцлага тооцох, улс орныхоо эрх ашгийг тэргүүнд тавьж, гишүүний тангарагтаа үнэнч байх, маргаан үүссэн тохиолдолд аль улсын арбитраар шийдвэрлүүлэх, эдийн засгийн ерөнхий тооцоолол нь ямар болох, нүүрс худалдах, худалдан авах үнийг тогтоохдоо ямар аргачлал баримтлах, үнийг 16 жилийн турш тогтвортой байлгах, эсэх, Тавантолгойн ордоос нэг тонн нүүрс олборлох өөрийн өртөг ямар байдаг, гуравдагч талын оролцоогүй гэдгийг юу гэж ойлгох, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг хэрхэн тооцох, энэ шийдвэрийг гаргасны дараа ажил урагшлаагүй, үр дүн гараагүй гэсэн бүтэлгүй тайлан тавиад сууж байхгүй байх, говийг усжуулах, шар шороон шуурга, цөлжилттэй тэмцэх хамтын ажиллагаанд Хэрлэн-Говь, Орхон-Говь төслүүд хамрагдаж байгаа эсэх зэрэг асуудлаар асуулт асууж, үг хэлэв. Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин төмөр замын холболт, нүүрс тээвэрлэлт, том зах зээл дээр нүүрсээ гаргаж зарахтай холбоотой асуудал бол маш том өрсөлдөөн байсан, Хятадын зах зээлд Монголын нүүрс өрсөлдөх чадвартай байх уу, зарж байгаа нүүрснээсээ бид илүү өндөр ашиг авч чадах уу гэдэг энэ өрсөлдөөнд Монгол Улс 16 жил ялагдсан гээд, үүнд тусгай албадын оролцоо байсан гэдгийг Ерөнхий сайд оновчтой дүгнэлээ гэсэн юм. Энэ өрсөлдөөн Монгол Улсад популизм, төрийн данхайлт, хуулийн байгууллагуудын тогтолцооны авлигыг галзууруулсан хэмээн тэрбээр онцолж, эдгээр алдаа завхралуудаа засахгүй бол энэ байдлаараа 16 жил үргэлжилнэ гэлээ.
Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа “Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэсэн Эдийн засгийн байнгын хорооны саналаар санал хураалт явуулав. Улсын Их Хурлын чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Байнгын хорооны саналыг дэмжсэн тул тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.
Иймд стратегийн ач холбогдол бүхий ордын ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөр болон цацраг идэвхт ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөр, төрийн эзэмшлийн хувь хэмжээг бүтээгдэхүүн хуваах төрийн эзэмшлийн хувьцааны төрлийг өөрчлөх зэрэг хувилбараар орлуулснаар бий болсон татварын бус орлогыг иргэдийн хадгаламж хуримтлалын санд төвлөрүүлэх тухай нэмэлт, өөрчлөлтийг Үндэсний баялгийн сангийн тухай хуульд оруулахаар хуулийн төсөл боловсруулсан байна. Мөн хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын нөөц ашигласны тусгай төлбөрийг улсын төсөвт төлөхөөр заасныг өөрчилж иргэдийн хуримтлалын сан хадгаламжид төвлөрүүлэх, тусгай төлбөрийн хувь хэмжээг тухайн ордын онцлогоос хамаарч 5.0 хувиас хэтрэхгүй байхаар заасныг Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал тогтоох зохицуулалтуудыг тусгажээ.
Улсын Их Хурлын гишүүдийн асуултад Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хариулт өгч, Үндэсний баялгийн сангийн төрөлжсөн сангуудын орлого арвижих боломж бүрдсэн болон “Орано майнинг” компанитай байгуулах гэрээнд Монгол Улс өөрийн эзэмших 34 хувийнхаа 10 хувийг ямар нэгэн санхүүгийн хариуцлага хүлээхгүйгээр авах, 24 хувийг АМНАТ болон татварыг орлогод нь дүйцүүлэн Хуримтлалын санд төвлөрүүлэх зохицуулалт тусгаж буй талаар ярьсан юм. Уг гэрээнд тусгаж буй энэ зохицуулалтыг хуульчлахаар Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан хэмээн Ерөнхий сайд тодотгон танилцуулсан юм.
Зөөвч Овоо төслийг хэрэгжүүлэх хугацаанд “Бадрах Энержи” компанийн 34 хувийн энгийн хувьцааны ноогдол ашигт 2.1 тэрбум ам.доллар, АМНАТ-т 717 сая ам.доллар буюу нийтдээ улс, орон нутгийн төсөвт 5.6 тэрбум ам.доллар төвлөрүүлэх тооцоолол гаргасан байна. Харин 34 хувийн энгийн хувьцааг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2023 оны 10 дугаар сард Бүгд Найрамдах Франц Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр гарын үсэг зурсан Монгол Улсын Засгийн газар, “Орано майнинг” компанийн хооронд байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний төсөл боловсруулах Ажлын хэсгийн хэлэлцээний протоколын дагуу 10.0 хувийн давуу эрхийн хувьцаа, тусгай АМНАТ-өөр орлуулж 14 хүртэлх хувийн суурь болон өсөн нэмэгдэх АМНАТ тооцоход давуу эрхийн хувьцаа нь 593 сая ам.долларын ноогдол ашиг, АМНАТ-т 2.0 тэрбум ам.доллар, үүнээс суурь АМНАТ-т 717 сая ам.доллар, тусгай АМНАТ-т 717 сая ам.доллар, өсөн нэмэгдэх АМНАТ-т 573 сая ам.доллар, нийтдээ улс, орон нутгийн төсөвт 5.2 тэрбум ам.доллар төвлөрүүлэх ажээ. Үүнээс 34 хувийн энгийн хувьцааны санхүүгийн өгөөж илүү мэт боловч энэ нөхцөлд төсөл хэрэгжүүлэх үед хөрөнгө оруулагч зардлыг удирдах, төслийг зээлээр санхүүжүүлэх зэрэг олон хэлбэрээр татвар хураамжийг бууруулах боломжтой байдаг тул Засгийн газар анх тооцсон ноогдол ашгаа хүртэж чадахгүй байх, төслийн өгөөж тодорхой хугацаагүйгээр хойшлох зэрэг эрсдэл үүсэж болзошгүй байдгийг Н.Учрал сайд сануулсан юм. Иймд 34 хувийн энгийн хувьцааг 10 хувийн төрийн эзэмшлийн давуу эрхийн хувьцаа, ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөр (АМНАТТ)-өөр орлуулж, ноогдол ашиг хуваарилах хугацааг хүлээлгүйгээр төсөл хэрэгжиж эхэлсэн өдрөөс эхлэн төслийн үр өгөөжийг шууд хүртэх боломж бүрдүүлэх зорилгоор Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулсан байна.
АМНАТ-ийг үндсэн болон нэмэгдүүлсэн хувиар тооцох бөгөөд тусгай төлбөрийг бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс хасагдуулга инфляцад тооцохгүйгээр бүрэн төлөхөөр тусгасан байна. Хөрөнгө оруулалтын гэрээг төсөл хэрэгжүүлэгчийн эзэмшиж байгаа гурван тусгай зөвшөөрлийн хүрээнд авч үзэх, бусад ирээдүйд авч болох тусгай зөвшөөрлүүдийг хамруулахгүй байх, олборлолт, үйлдвэрлэлийг газар доор уусган олборлох технологиор явуулах, ТЭЗҮ, байгаль орчны нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээнд тодорхойлсон суурь үзүүлэлтүүдийг ашиглан төслийн бүх үе шатад байгаль орчны мониторинг, геоэкологийн судалгаа, цацрагийн хяналтыг хэрэгжүүлэх, төслийн үйл ажиллагаа болон технологид олон улсын атомын энергийн агентлагийн шинжээчдээр гурван жил тутамд хөндлөнгийн аудит хийлгэх талаар хөрөнгө оруулагч талтай урьдчилан тохиролцож гэрээнд тусгаад байгаа аж. Мөн төсөл хэрэгжүүлэгч компани Дорноговь аймгийн Засаг дарга, төсөл хэрэгжүүлэх Улаанбадрах сумын Засаг даргатай гурван талт хамтын ажиллагааны гэрээ байгуулж, орон нутгийн хөгжлийг дэмжих хүрээнд жил бүр 1.0 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр, төсөл хэрэгжүүлэгч компанийн нийт ажилчдын 90-ээс дээш хувь нь Монгол Улсын иргэн байх, уурхайн ашиглалтын үе шатанд нийт туслан гүйцэтгэгчдийн 60 хувиас доошгүй, жилийн нийт худалдан авалтын үнийн дүнгийн 40 хувиас доошгүй нь Монгол Улсад бүртгэлтэй татвар төлөгч хуулийн этгээд байхаар тус тус тохиролцож, хөрөнгө оруулалтын гэрээнд тусгажээ.
Хууль санаачлагчийн илтгэл болон Эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Найдалаа, О.Цогтгэрэл, С.Ганбаатар, О.Батнайрамдал, Д.Үүрийнтуяа, Б.Батбаатар, Н.Номтойбаяр, Г.Дамдинням нар асуулт асууж, үг хэлэв. Хувьцаа эзэмших хувилбаруудын санхүүгийн тооцооллууд, тэдгээрийн хоорондын зөрүү, төслийн дотоод өгөөжийн хувь ямар байх, Оюутолгой ХК-ийн хувь эзэмшлийн энэ байдлаар шинэчилбэл ямар тооцоолол гарах, цөөн оролцогчтой шар нунтагийн зах зээлийн ямар үнийг суурь болгож авах, нэмж өөр хууль тогтоомжид өөрчлөлт оруулах шаардлага үүсэх, эсэх, мөн “Кожеговь” ХХК-аас шилжүүлэн авч буй тусгай хэлэлцээрээр шийдвэрлэх дөрөв дэх тусгай зөвшөөрөл, хүхрийн хүчлийн үйлдвэр барих, аюултай хог хаягдлыг дахин боловсруулах, устгах, өмчлөлийн хувийг холбогдох хуулиудад нэг мөр болгож цэгцлэх, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр болон компани бизнесийн үйл ажиллагааны үр дүнгээс өмчлөлийн хувь хэмжээний дагуу хуваарилж буй ногдол ашиг харилцан орлуулах нь зохистой эсэх, байгаль орчинд хор хохиролтой зүйл гэрээнд тусгахгүй байхад анхаарах, энэ асуудлыг олон улсын хэмжээнд хэрхэн зохицуулж буйг судалж, дэлхийн ураны зах зээлийн бусад оролцогчдын саналыг авах, “Орано майнинг” компанийн урьдчилсан ТЭЗҮ олон улсын жишигт нийцэж байгаа, эсэх зэрэг өргөн хүрээний асуудлуудыг Улсын Их Хурлын гишүүд хөндөн ярьж, дэмжсэн, дэмжээгүй байр сууриа илэрхийлсэн юм.
Дараа Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл, мөн “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг орлуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэсэн Эдийн засгийн байнгын хорооны саналаар санал хураалт явуулав. Хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэхийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн, Аюулгүй байдал гадаад бодлогын болон Төсвийн байнгын хороонд шилжүүллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Улстөр нийгэм
Нэгдүгээр ангийн элсэлтийг E-Mongolia-аар зохион байгуулна
2026 оны 8 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) болно.
Энэ хурал нь дэлхийн 197 улсын Засгийн газрын гишүүд, эрдэмтэн судлаач, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага нэгдэж цөлжилт, газрын доройтол, ган гачигтай тэмцэх хамгийн том Олон Улсын арга хэмжээ юм.
Хурал болохтой холбоотой нийслэлийн замын хөдөлгөөн, аюулгүй байдал, төрийн үйлчилгээний хэвийн ажиллагааг хангах зорилгоор боловсролын байгууллагуудын үйл ажиллагаанд дараах зохицуулалт хэрэгжүүлэхээр болжээ .
Цэцэрлэгийн бүртгэл
- 2026 оны 8 дугаар сарын 10–23-ны өдрүүдэд E-Mongolia системээр бүртгэнэ.
Нэгдүгээр ангийн элсэлт
- 2026 оны 8 дугаар сарын 17–28-ны өдрүүдэд E-Mongolia системээр бүртгэнэ.
- Энэ хугацаанд хүүхэд бүртгэх дэмжлэгийн баг сургуулиуд дээр ажиллахгүй.
Их, дээд сургуулийн хичээл
- 2026 оны 9 дүгээр сарын 1-нээс цахимаар эхэлнэ.
- 2026 оны 9 дүгээр сарын 14-нөөс танхимаар үргэлжилнэ.
Оюутны дотуур байр
- 2026 оны 9 дүгээр сарын 13-наас оюутнуудыг дотуур байранд оруулж эхэлнэ.
Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааны зохицуулалт
- 2026 оны 8 дугаар сарын 17–28-ны өдрүүдэд нийслэлийн бүх сургууль, цэцэрлэгт ажлын байранд элсэлт, бүртгэл болон бусад аливаа арга хэмжээ зохион байгуулахгүй болно.
Улстөр нийгэм
Францад иргэд рүү зөвшөөрөлгүй сурталчилгааны дуудлага хийхийг хориглов
Франц улс иргэдийн урьдчилсан зөвшөөрөлгүйгээр бараа, үйлчилгээ сурталчлах зорилгоор утсаар холбогдохыг хориглосон шинэ хуулийг наймдугаар сарын 11-нээс хэрэгжүүлнэ. Уг зохицуулалт нь иргэдийг залхаасан борлуулалтын дуудлага болон залилангийн шинжтэй арилжааны үйл ажиллагаанаас хамгаалахад чиглэжээ.
Өмнө нь сурталчилгааны дуудлага хүлээн авахгүй байхыг хүссэн иргэд төрийн тусгай бүртгэлд утасны дугаараа оруулах шаардлагатай байсан ч зарим дуудлагын төв уг жагсаалтыг үл тоодог байжээ. Шинэ хуулиар харин аж ахуйн нэгжүүд хэрэглэгчээс урьдчилан зөвшөөрөл аваагүй тохиолдолд сурталчилгааны зорилгоор утсаар холбогдох эрхгүй болно. Иргэн өгсөн зөвшөөрлөө хүссэн үедээ цуцлах боломжтой.
Францын эрх баригчдын тооцоолсноор тус улсын иргэдийн дөрөвний гурав орчим нь долоо хоног бүр дор хаяж нэг удаа хүсээгүй сурталчилгааны дуудлага хүлээн авдаг бөгөөд олон хүн үүнээс ч олон дуудлагад өртдөг байна. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах 11 байгууллага 2024 онд хамтран шаардлага гаргаж, суурин болон гар утас руу ирдэг тасралтгүй сурталчилгааны дуудлагыг хориглохыг уриалж байжээ.
Хуулийг зөрчиж дуудлага хийсэн хувь хүнийг нэг дуудлага тутамд 75 мянга хүртэлх евро, аж ахуйн нэгжийг 375 мянга хүртэлх еврогоор торгох боломжтой. Харин хэрэглэгч өөрөө зөвшөөрсөн, эсвэл тухайн компанитай өмнө нь гэрээний харилцаатай бөгөөд шинэ үйлчилгээ санал болгож буй тохиолдолд хориг үйлчлэхгүй. Иргэд зөвшөөрөлгүй дуудлагын талаар төрийн цахим хуудсаар мэдээлэх боломжтой.
Шинэ хууль Францын зах зээлд үйлчилдэг гадаадын дуудлагын төвүүдэд нөлөөлөхөөр байна. Тухайлбал, Мароккогийн дуудлагын төвүүдийн орлогын 80 гаруй хувь Францын зах зээлээс бүрддэг бөгөөд тус улсын 40–50 мянган ажлын байр эрсдэлд орж болзошгүйг Мароккогийн хөдөлмөр эрхлэлтийн сайд мэдэгджээ.
Улстөр нийгэм
Засгийн газар энэ оныг дуустал санхүүгийн хэмнэлтийн горимд шилжинэ
Засгийн газрын 2026 оны наймдугаар сарын 5-ны өдрийн хуралдаанаар “Төсвийн санхүүжилтэд эрэмбэ тогтоож, төсвийн хэмнэлт, мөнгөн хөрөнгийн зохицуулалт хийх зарим арга хэмжээний тухай” тогтоолыг баталлаа.
Тогтоолоор төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэрт гарах нэг удаагийн тэтгэмж, орон нутгийн нэмэгдэл тэтгэмж, тэтгэвэр, хүүхдийн мөнгө, бүх төрлийн халамж, сургууль, цэцэрлэг болон сургалтын байгууллагын урсгал засвар, санхүүжилт, төрийн байгууллагын интернетийн төлбөр, байр ашиглалтын зардал, хууль, хүчний байгууллагын тээвэр, шатахууны зардал, дотоодын томилолт, хоол хүнс, нормын хувцасны зардал, COP17 олон улсын бага хурлын зардал, Засгийн газрын өр, орон нутгийн нөөц хөрөнгийн санхүүжилтийг хэвийн үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Харин дараах зардлыг хязгаарлахаар болсон байна. Үүнд:
- Олон улсын болон Засгийн газрын шийдвэртэйгээс бусад хурал, зөвлөгөөн, ой, тэмдэглэлт өдөр, найр наадам, соёлын арга хэмжээ;
- Урьдчилан төлөвлөсөн төрийн өндөр албан тушаалтны томилолтоос бусад гадаад томилолт, гадаадын зочин хүлээн авах зардал;
- Зайлшгүй шаардлагагүй тоног төхөөрөмж, тавилга, автомашин худалдан авах;
- Батлан хамгаалах, хууль зүйн салбараас бусад сургалт, дадлага;
- Хуулиар заавал мэдээлэхээс бусад кино, контент, хэвлэлийн зардал;
- Заавал олгохоос бусад тэтгэмж, урамшуулал.
Санхүүгийн хэмнэлтийн горимыг 2026 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл мөрдөнө. Харин эрүүл мэндийн салбар уг хэмнэлтийн горимд хамрагдахгүй бөгөөд цэцэрлэг, сургуулийн хүүхдийн эрт илрүүлэг, вакцинжуулалт, томуу, томуу төст өвчний эсрэг арга хэмжээ зэрэг зайлшгүй шаардлагатай ажлууд төлөвлөгөөний дагуу үргэлжилнэ гэж Ерөнхий сайд Н.Учрал онцоллоо.
Мөн бүх шатны төсвийн ерөнхийлөн захирагч нарт салбар бүрдээ урсгал зардлыг 20 хувиар бууруулах, нөхөн томилгоо хийхгүй байх, аялал, амралт, зугаалга, хамт олны урлаг, спортын арга хэмжээг зохион байгуулахгүй байх, төрийн албанд шинэ орон тоо бий болгохгүй байх, эрчим хүчний хэрэглээг хэмнэх, хурал, сургалтыг цахим хэлбэрт шилжүүлэх, төрийн албан хаагчдыг зарим өдрүүдэд цахимаар ажиллуулах арга хэмжээг үргэлжлүүлэхийг үүрэг болголоо.
Төсвийн сахилга бат сайжирч, эдийн засгийн нөхцөл байдал хэвийн болсон тохиолдолд эдгээр хязгаарлалтыг үе шаттайгаар сулруулах юм.
