Улстөр нийгэм
Ерөнхийлөгчийн санаачилсан “Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн зээлийн санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурлаа
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон арилжааны 10 банк “Ноос, ноолуур, арьс ширний боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих эргэлтийн болон хөрөнгө оруулалтын зээл”-ийн санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурлаа.
Гарын үсэг зурах ёслолд ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай болон ноос, ноолуур, ноосон бүтээгдэхүүн, арьс ширний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, мэргэжлийн холбоод, Төрийн банк, Хаан банк, Худалдаа хөгжлийн банк, Голомт банк, Капитрон банк, Хас банк, Богд банк, Тээвэр хөгжлийн банк, М банк, Ариг банкны төлөөлөл оролцлоо.
Ирэх жил 788.9 тэрбум төгрөгийн зээлийн санхүүжилт батлагдсан бөгөөд эргэлтийн хөрөнгөд 300 тэрбум, хөрөнгө оруулалтын зээлд 488.9 тэрбум, эргэлтийн болон хөрөнгө оруулалтын хөнгөлттэй зээлийн Засгийн газраас хариуцан төлөх хүүгийн хөнгөлөлтөд 66.4 тэрбум төгрөг тусгаад байна.
Ерөнхийлөгчийн санаачилсан “Цагаан алт” үндэсний хөтөлбөр 2024-2028 онд хэрэгжинэ.
Ингэснээр ноолуурын бүрэн боловсруулалтын түвшнийг 20 хувиас 40 хувь хүртэл нэмэгдүүлж, үйлдвэрлэлийг 1,5 их наяд төгрөгөөс 2,3 их наяд төгрөг, экспортыг 398 сая ам.доллароос 690 сая ам.доллар хүртэл нэмэгдүүлж, шинээр 3,000 гаруй ажлын байр бий болно.
Мөн ноосны боловсруулалтын түвшнийг 25 хувиас 55 хувь хүртэл нэмэгдүүлж, үйлдвэрлэлийг 240 тэрбум төгрөгөөс 670 тэрбум төгрөг, экспортыг 52 сая ам.доллароос 119 сая ам.доллар хүртэл нэмэгдүүлж, шинээр 2,200 орчим ажлын байр шинээр гарна.
Түүнчлэн арьс, ширний гүн боловсруулалтын түвшнийг 30 хувиас 50 хувь хүртэл нэмэгдүүлж, борлуулалтыг 57.8 тэрбум төгрөгөөс 90.0 тэрбум төгрөг, экспортыг 9.6 сая ам.доллароос 22.4 сая ам.доллар хүртэл нэмэгдүүлж, шинээр 3 мянга гаруй ажлын байр бий болох юм.
Манай улс жилд дунджаар 37 мянган тн хонины ноос, 10 мянган тн ямааны ноолуур, 2 мянган тн тэмээний ноос, 400 тн сарлагийн хөөвөр, 18 сая ширхэг арьс ширэн түүхий эд бэлтгэх нөөцтэй.
Ноос, ноолууран түүхий эдийн 70 гаруй хувийг нь угааж экспортлодог бол арьс, ширэн түүхий эдийн 40 гаруй хувийг л боловсруулж, үлдсэн нөөцөө ашиглаж чадахгүй байна.
Улстөр нийгэм
“Талын түнш-2026” хамтарсан байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургууль амжилттай явагдаж өндөрлөлөө
Монгол Улсын Зэвсэгт хүчин, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Ардын чөлөөлөх армийн хамтарсан “Талын түнш-2026” байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургууль амжилттай явагдаж өндөрлөлөө.
Хамтарсан сургууль анх удаа БНХАУ-ын нутаг дэвсгэрт явагдсан ба уг сургуулийн нэгдсэн буудлага болон хаалтын ёслолын ажиллагаанд Монгол Улсын талаас Батлан хамгаалахын дэд сайд Д.Баасандамба, ЗХЖШ-ын Сургалт бэлтгэлийн газрын дарга бригадын генерал Ц.Төрмөнх тэргүүтэй албаны төлөөлөгчид оролцлоо.

Хаалтын ёслолын ажиллагааг “Талын түнш-2026” хээрийн сургуулийн Монгол талын удирдагч бригадын генерал Ц.Буяндэлгэр, БНХАУ-ын талын удирдагч хошууч генерал Ү Юүн Жюнь нар илтгэлээр эхлүүлж, үргэлжлүүлэн хоёр талын хүндэт зочид энэхүү сургуулийн онцлог, ач холбогдол болон үр дүнгийн талаар үг хэлсэн юм.

Батлан хамгаалахын дэд сайд Д.Баасандамба хэлсэн үгэндээ “Уг сургууль нь хоёр орны харилцааг хөгжүүлж, цэргийн итгэлцлийг нэмэгдүүлэн, талуудын харилцан ашигтай, бодит хамтын ажиллагааг бэхжүүлэхийн зэрэгцээ Монгол Улсын гадаад бодлогын мөн чанар, түүний илэрхийллийг бүс нутаг, олон улсын тавцанд бататгаж байна. Энэхүү арга хэмжээ нь Монгол, Хятадын найрамдалт харилцааны түүхэнд бас нэгэн шинэ хуудсыг нээсэн бодит алхам боллоо” хэмээн тодотголоо.

Хаалтын ёслолын ажиллагааны төгсгөлд хээрийн сургуульд амжилттай оролцож, өгөгдсөн үүргийг өндөр түвшинд гүйцэтгэсэн хоёр орны цэргийн алба хаагчдад Монгол Улсын Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб болон БНХАУ-ын Батлан хамгаалах яамны шагналыг гардууллаа.

Улстөр нийгэм
УИХ: Өнөөдөр хуралдах намын бүлэг, зөвлөл, ажлын хэсгүүд
Монгол Улсын Их Хурал дахь намын бүлэг, зөвлөл, ажлын хэсгийн өнөөдрийн /2026.06.08/ хуралдааны товыг та бүхэнд хүргэж байна.


Улстөр нийгэм
Ерөнхий сайд Н.Учрал Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн барилаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу яаралтай горимоор хэлэлцүүлэхээр УИХ-ын дарга С.Бямбацогтод өргөн барилаа.
Ерөнхий сайд “Бизнесийн эрх чөлөөний тухай анхдагч хууль бол Засгийн газрын “Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт”, “Чөлөөлье” бодлогыг амилуулж биежүүлэх хууль” гэдгийг онцлов.
Засгийн газраас Бизнесийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төсөл, түүнийг дагалдуулан Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон бусад холбогдох хуулийн төслийг боловсрууллаа.

Монгол Улсад бизнес эрхлэхтэй холбоотой харилцааг шууд болон шууд бус хэлбэрээр зохицуулсан 360 гаруй хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаа ч бизнесийн үйл ажиллагааны явцад төр болон бизнес эрхлэгчдийн хооронд баримтлах зарчмууд тухайлбал, хуулиар хориглосноос бусад тохиолдолд бизнесийн үйл ажиллагааг чөлөөтэй эрхлэх, бизнесийн тогтвортой байдлыг хангах, төр, хувийн аж ахуй нэгжүүдтэй өрсөлдөхгүй байх, төрийн оролцоог бууруулах зэрэг суурь зарчмуудыг тусгасан нэгдсэн хууль байхгүй байна.
Энэ төсөл нь хууль зүйн тодорхой байдал, төрийн хариуцлагыг нэмэгдүүлж, захиргааны дарамт багасах, төрийн үйлчилгээний чанар сайжрах нөхцөлийг бүрдүүлж, бизнесийн үйл ажиллагааг чөлөөтэй эрхлэх, хөрөнгө оруулалт нэмэгдэх, эдийн засгийн өсөлт, ажлын байр нэмэгдэхэд дэмжлэг үзүүлнэ.

Хөрөнгө оруулалтын тухай хуульд оруулж буй гол өөрчлөлтүүд нь хөрөнгө оруулагчдаас төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан гомдлыг хүлээн авч, судалж, гомдлыг барагдуулах талаар нэгдсэн тогтолцоог бий болгосон байна.
Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон түүнтэй холбогдуулан боловсруулсан бусад салбарын хуулиудад оруулсан гол өөрчлөлт нь зөвшөөрлийн тогтолцоог цахим хэлбэрт шилжүүлэх, эрсдэл багатай зарим үйл ажиллагааг зөвшөөрөл авах бус мэдэгдлийн үндсэн дээр эрхлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх, зөвшөөрөл олгох, сунгах ажиллагааг хялбаршуулах, бизнес эрхлэгчид тавигдах зарим давхардсан болон хүндрэлтэй шаардлагыг бууруулах чиглэлээр зохицуулалт тусгагджээ.





