Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Байгаль орчны салбарт олон улсын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, явц, үр дүнгийн талаарх мэдээллийг сонслоо

Огноо:

,

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны 2024 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдрийн хамтарсан хуралдаанаар нэг асуудал хэлэлцсэн.

Хамтарсан хуралдааныг Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга С.Ганбаатар даргалсан бөгөөд  хуралдаанаар Байгаль орчны салбарт олон улсын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, явц, үр дүнгийн талаарх Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын мэдээллийг сонслоо.


Тэрбээр мэдээлэлдээ, Байгаль орчин, уур амьсгалын салбарт 28 төсөл, хөтөлбөр хэрэгжиж байна. Мөнгөн дүнгээр нийт 182.4 сая ам.долларын санхүүжилттэй байгааг дурдаад Байгаль орчны мэдээллийн санд байгаа мэдээллээр 1998-2023 оныг хүртэл үзэглэж, батлан хэрэгжүүлсэн, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд 107 байна. Нийт дүнгээрээ 360 орчим сая ам.доллар эл салбарт зарцуулагдаад байна гэв.

Үүнээс онцолбол тусгай хамгаалалттай газар нутагт нийт санхүүжилтийн гуравны нэг нь ногдож байна. Уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр 24 хувь зарцуулагдсан. Олон улсын байгаль хамгааллын чиглэлийн донор байгууллагуудын санхүүжилтийн гол сонирхол нь урт хугацаанд тогтвортой үр өгөөж өгөх, хамгаалагдсан газар, байгаль хамгааллын арга хэмжээг санхүүжүүлэхийг илүүд үздэг нь тусгай хамгаалалттай газар нутагт хамгийн их санхүүжилт хийж байгаагийн нэг шалтгаан гэлээ.
2024 оны байдлаар Даян дэлхийн байгаль орчны сан, БНСУ, ХБНГУ, Уур амьсгалын ногоон сан, Европын холбоо, Япон, Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын байгууллагуудын санхүүжилтээр 28 төсөл хэрэгжиж байна.


Өнөөдрийн байдлаар 2028 он хүртэл 10 жилийн хугацаанд буюу 2018-2028 оны хооронд эдгээр төслүүдээр дамжин 170 орчим сая ам.долларын дотогшлох урсгал бий болж байна. Үүнийг эрчимжүүлэх, хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай. Энэ төслүүдийн зарим нь тухайн улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлэх нөхцөл тавьдаг тул Монгол Улсын Засгийн газраас ойролцоогоор 100 сая ам.долларын шууд бус санхүүжилтийг оруулах үүрэг хүлээсэн. Иймээс улсын болон орон нутгийн төсвөөс байгаль хамгаалалд зарцуулж буй хөрөнгийн хэмжээг дахин авч үзэх, сайтар судлах шаардлагатай байна. Эдгээр төслүүдээс 2028 он хүртэл ямар хэмжээний санхүүлжилт хийх боломжтойг нарийвчлан тодорхойлохоор ажиллаж байгааг салбарын сайд мэдээлэлдээ онцолсон.


Мөн өнгөрсөн 4 жилийн хугацаанд жил бүрээр төслүүдийн санхүүжилтийн төлөвлөгөө, гүйцэтгэлийг харьцуулан харвал хангалттай биш байна. Яамнаас шалтгаалж байгаа асуудлууд болон дэмжлэгтэйгээр сайжруулж болох асуудлуудыг тодорхойлж байгаа гээд удаашралтай байгаа төслүүдийг эрчимжүүлэх шаардлагатай байна гэв.
2024 оны байдлаар хэрэгжиж буй 28 төслийн хувьд авч үзэхэд Хөвсгөл, Завхан, Ховд, Баянхонгор, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудад 2-5 төсөл хэрэгжиж байна. Төслийн санаачилга гараад эцэслэн батлагдаж хэрэгжих хүртэл ойролцоогоор 2 жилээс багагүй хугацаа зарцуулагдаж байгаа тул 2024 оны байдлаар хэрэгжиж эхэлж байгаа төслийн үндсэн концепц хэрэгжих байршил нь 2022 он, түүнээс өмнө батлагдсан болохыг сайд онцлоод төслийг хэрэгжүүлэхдээ засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн хил хязгаарт тулгуурладаггүй бөгөөд байгалийн бүс, бүслүүр, экосистемийн хил хязгаар, хамгаалалтын дэглэмийн нөхцөлүүдэд тулгуурлан тогтоодог нийтлэг шинж чанартай гэлээ.


Төслүүдийн санхүүжилтийн дийлэнх нь тусгай хамгаалалттай газар нутгийн менежментэд чиглэж байгаа нь (53%, 97.5 сая ам.доллар) байгаль хамгаалал, биологийн төрөл зүйлийг хамгаалах нь нэн тэргүүний зорилт болохыг харуулж байна. Гэсэн хэдий ч уур амьсгалын өөрчлөлт (16 хувь буюу 29.1 сая ам.доллар), химийн хортой бодисын аюул (6 хувь буюу 11.9 сая ам.доллар), цөлжилт (8 хувь буюу 14.6 сая ам.доллар) зэрэг бусад чухал асуудлуудыг орхигдуулахгүй байхад анхаарч байна. Ойжуулалт, ойн салбарын шинэчлэл, цөлжилтийн чиглэлд одоо хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийн нийт санхүүжилтийн 8 хувь буюу 14.6 сая ам.долларын гурван төсөл, хөтөлбөр хэрэгжиж байна. Уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлд одоо хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрийн нийт санхүүжилтийн 16 хувь буюу 29.1 сая ам.долларын 6 төсөл, хөтөлбөр хэрэгжиж байна. Химийн хорт, аюултай бодисын чиглэлд одоо хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрийн нийт санхүүжилтийн 6 хувь буюу 11.9 сая ам.долларын 3 төсөл, хөтөлбөр хэрэгжиж байна. Байгалийн нөөц, биологийн олон янз байдлыг хамгаалах чиглэлд одоо хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрийн нийт санхүүжилтийн 7 хувь буюу 12.1 сая ам.долларын 5 төсөл, хөтөлбөр хэрэгжиж байна. Мөн салбарын чадавхыг бэхжүүлэх чиглэлд одоо хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийн нийт санхүүжилтийн 10 хувь буюу 18.1 сая ам.долларын 6 төсөл, хөтөлбөр хэрэгжиж байгааг С.Одонтуяа сайд  мэдээлэлдээ онцолсон.


Мөн тэрбээр цаашид Монгол Улс нь байгаль орчны төслүүдээ хэрэгжүүлэхэд гадаадын санхүүжилтийг татах шаардлагатайг дурдаад үүний тулд олон улсын байгууллагуудтай хамтран санхүүжилт хийх (co-financing) шаардлага үүсч байна. Ингэснээр санхүүжилтийн хэмжээг нэмэгдүүлж, төслийн хэрэгжилтийг сайжруулах боломжтой гэв.
Түүнчлэн төсөл, хөтөлбөрүүдийн үр ашгийг сайжруулахын тулд үр дүнд суурилсан тогтолцоог нэвтрүүлэх, хэрэгжүүлсэн төслүүдийн үр дүнг бодитоор хэмжиж, зорилгодоо төслүүдийн хяналт-шинжилгээ, үнэлгээний нэгдсэн тогтолцоог шинэчлэх, Сангийн яамны мэдээллийн сантай бүрэн нийцүүлэх, байгаль орчны салбарт санхүүжилтийг хуваарилахдаа зөвхөн нэг чиглэлд төвлөрөхгүй, харин цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт, химийн хортой бодис зэрэг бусад чухал асуудлуудад ч анхаарал хандуулах нь зүйтэй гэж  үзэж байна гэлээ. 


Сайдын мэдээлэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа Улсын Их Хурлын гишүүн Г.Лувсанжамц, Д.Жаргалсайхан, П.Мөнхтулга, С.Замира, М.Мандхай, Ц.Идэрбат М.Ганхүлэг, Д.Үүрийнтуяа нар үг хэлсэн. Гишүүд эл салбарт хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийг цаашдаа олон шалгуур үзүүлэлтээр үнэлж, үр дүнг нь илүү тодорхой нарийвчлалтай гаргадаг болох, мөн салбарын яамнаас урт хугацаандаа байгаль орчны салбарт хэрэгжүүлж буй төслүүдээр дамжуулан ямар үр дүнд хүрэх талаараа тодорхой танилцуулж, иргэд, малчдыг мэдээллээр хангахад бодлогын арга хэмжээ авах нь зүйтэй гэсэн саналтай байлаа. Мөн цаашид хэрэгжүүлэх төслүүдийг уур амьсгалын өөрчлөлт, өвөлжилтийн хүндрэлтэй холбоотойгоор малчдын эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хамруулах, тэднийг малжуулах, амьжиргааг нь дэмжих, цаашлаад бэлчээрийн даац хэтэрсэн зэрэг тодорхой чиглэлд хандуулахад онцгой анхаарах шаардлагатай гэж байлаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Нэгдүгээр ангийн элсэлтийг E-Mongolia-аар зохион байгуулна

Огноо:

,

2026 оны 8 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) болно.

Энэ хурал нь дэлхийн 197 улсын Засгийн газрын гишүүд, эрдэмтэн судлаач, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага нэгдэж цөлжилт, газрын доройтол, ган гачигтай тэмцэх хамгийн том Олон Улсын арга хэмжээ юм.

Хурал болохтой холбоотой нийслэлийн замын хөдөлгөөн, аюулгүй байдал, төрийн үйлчилгээний хэвийн ажиллагааг хангах зорилгоор боловсролын байгууллагуудын үйл ажиллагаанд дараах зохицуулалт хэрэгжүүлэхээр болжээ .

Цэцэрлэгийн бүртгэл

  • 2026 оны 8 дугаар сарын 10–23-ны өдрүүдэд E-Mongolia системээр бүртгэнэ.

Нэгдүгээр ангийн элсэлт

  • 2026 оны 8 дугаар сарын 17–28-ны өдрүүдэд E-Mongolia системээр бүртгэнэ.
  • Энэ хугацаанд хүүхэд бүртгэх дэмжлэгийн баг сургуулиуд дээр ажиллахгүй.

Их, дээд сургуулийн хичээл

  • 2026 оны 9 дүгээр сарын 1-нээс цахимаар эхэлнэ.
  • 2026 оны 9 дүгээр сарын 14-нөөс танхимаар үргэлжилнэ.

 Оюутны дотуур байр

  • 2026 оны 9 дүгээр сарын 13-наас оюутнуудыг дотуур байранд оруулж эхэлнэ.

Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааны зохицуулалт

  • 2026 оны 8 дугаар сарын 17–28-ны өдрүүдэд нийслэлийн бүх сургууль, цэцэрлэгт ажлын байранд элсэлт, бүртгэл болон бусад аливаа арга хэмжээ зохион байгуулахгүй болно.
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Францад иргэд рүү зөвшөөрөлгүй сурталчилгааны дуудлага хийхийг хориглов

Огноо:

,

Франц улс иргэдийн урьдчилсан зөвшөөрөлгүйгээр бараа, үйлчилгээ сурталчлах зорилгоор утсаар холбогдохыг хориглосон шинэ хуулийг наймдугаар сарын 11-нээс хэрэгжүүлнэ. Уг зохицуулалт нь иргэдийг залхаасан борлуулалтын дуудлага болон залилангийн шинжтэй арилжааны үйл ажиллагаанаас хамгаалахад чиглэжээ.

Өмнө нь сурталчилгааны дуудлага хүлээн авахгүй байхыг хүссэн иргэд төрийн тусгай бүртгэлд утасны дугаараа оруулах шаардлагатай байсан ч зарим дуудлагын төв уг жагсаалтыг үл тоодог байжээ. Шинэ хуулиар харин аж ахуйн нэгжүүд хэрэглэгчээс урьдчилан зөвшөөрөл аваагүй тохиолдолд сурталчилгааны зорилгоор утсаар холбогдох эрхгүй болно. Иргэн өгсөн зөвшөөрлөө хүссэн үедээ цуцлах боломжтой.

Францын эрх баригчдын тооцоолсноор тус улсын иргэдийн дөрөвний гурав орчим нь долоо хоног бүр дор хаяж нэг удаа хүсээгүй сурталчилгааны дуудлага хүлээн авдаг бөгөөд олон хүн үүнээс ч олон дуудлагад өртдөг байна. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах 11 байгууллага 2024 онд хамтран шаардлага гаргаж, суурин болон гар утас руу ирдэг тасралтгүй сурталчилгааны дуудлагыг хориглохыг уриалж байжээ.

Хуулийг зөрчиж дуудлага хийсэн хувь хүнийг нэг дуудлага тутамд 75 мянга хүртэлх евро, аж ахуйн нэгжийг 375 мянга хүртэлх еврогоор торгох боломжтой. Харин хэрэглэгч өөрөө зөвшөөрсөн, эсвэл тухайн компанитай өмнө нь гэрээний харилцаатай бөгөөд шинэ үйлчилгээ санал болгож буй тохиолдолд хориг үйлчлэхгүй. Иргэд зөвшөөрөлгүй дуудлагын талаар төрийн цахим хуудсаар мэдээлэх боломжтой.

Шинэ хууль Францын зах зээлд үйлчилдэг гадаадын дуудлагын төвүүдэд нөлөөлөхөөр байна. Тухайлбал, Мароккогийн дуудлагын төвүүдийн орлогын 80 гаруй хувь Францын зах зээлээс бүрддэг бөгөөд тус улсын 40–50 мянган ажлын байр эрсдэлд орж болзошгүйг Мароккогийн хөдөлмөр эрхлэлтийн сайд мэдэгджээ.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Засгийн газар энэ оныг дуустал санхүүгийн хэмнэлтийн горимд шилжинэ

Огноо:

,

Засгийн газрын 2026 оны наймдугаар сарын 5-ны өдрийн хуралдаанаар “Төсвийн санхүүжилтэд эрэмбэ тогтоож, төсвийн хэмнэлт, мөнгөн хөрөнгийн зохицуулалт хийх зарим арга хэмжээний тухай” тогтоолыг баталлаа.

Тогтоолоор төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэрт гарах нэг удаагийн тэтгэмж, орон нутгийн нэмэгдэл тэтгэмж, тэтгэвэр, хүүхдийн мөнгө, бүх төрлийн халамж, сургууль, цэцэрлэг болон сургалтын байгууллагын урсгал засвар, санхүүжилт, төрийн байгууллагын интернетийн төлбөр, байр ашиглалтын зардал, хууль, хүчний байгууллагын тээвэр, шатахууны зардал, дотоодын томилолт, хоол хүнс, нормын хувцасны зардал, COP17 олон улсын бага хурлын зардал, Засгийн газрын өр, орон нутгийн нөөц хөрөнгийн санхүүжилтийг хэвийн үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Харин дараах зардлыг хязгаарлахаар болсон байна. Үүнд:

  • Олон улсын болон Засгийн газрын шийдвэртэйгээс бусад хурал, зөвлөгөөн, ой, тэмдэглэлт өдөр, найр наадам, соёлын арга хэмжээ;
  • Урьдчилан төлөвлөсөн төрийн өндөр албан тушаалтны томилолтоос бусад гадаад томилолт, гадаадын зочин хүлээн авах зардал;
  • Зайлшгүй шаардлагагүй тоног төхөөрөмж, тавилга, автомашин худалдан авах;
  • Батлан хамгаалах, хууль зүйн салбараас бусад сургалт, дадлага;
  • Хуулиар заавал мэдээлэхээс бусад кино, контент, хэвлэлийн зардал;
  • Заавал олгохоос бусад тэтгэмж, урамшуулал.

Санхүүгийн хэмнэлтийн горимыг 2026 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл мөрдөнө. Харин эрүүл мэндийн салбар уг хэмнэлтийн горимд хамрагдахгүй бөгөөд цэцэрлэг, сургуулийн хүүхдийн эрт илрүүлэг, вакцинжуулалт, томуу, томуу төст өвчний эсрэг арга хэмжээ зэрэг зайлшгүй шаардлагатай ажлууд төлөвлөгөөний дагуу үргэлжилнэ гэж Ерөнхий сайд Н.Учрал онцоллоо.

Мөн бүх шатны төсвийн ерөнхийлөн захирагч нарт салбар бүрдээ урсгал зардлыг 20 хувиар бууруулах, нөхөн томилгоо хийхгүй байх, аялал, амралт, зугаалга, хамт олны урлаг, спортын арга хэмжээг зохион байгуулахгүй байх, төрийн албанд шинэ орон тоо бий болгохгүй байх, эрчим хүчний хэрэглээг хэмнэх, хурал, сургалтыг цахим хэлбэрт шилжүүлэх, төрийн албан хаагчдыг зарим өдрүүдэд цахимаар ажиллуулах арга хэмжээг үргэлжлүүлэхийг үүрэг болголоо.

Төсвийн сахилга бат сайжирч, эдийн засгийн нөхцөл байдал хэвийн болсон тохиолдолд эдгээр хязгаарлалтыг үе шаттайгаар сулруулах юм.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох