Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

АҮББХ: Үйлдвэрлэл, технологийн паркуудын үйл ажиллагаа, бүтээн байгуулалтын талаар мэдээллийг сонслоо

Огноо:

,

Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны 2024 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Б.Уянгын хүсэлтийн дагуу үйлдвэрлэл, технологийн паркуудын үйл ажиллагаа, бүтээн байгуулалтын явцын талаарх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн болон Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд нарын мэдээллийг сонслоо.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээллийг тус яамны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Дондогдорж танилцуулсан юм. Тэрбээр хөнгөн үйлдвэрийн салбарт 343 үйлдвэр, 1700 гаруй жижиг цех үйл ажиллагаа явуулж, эдгээрт нийт 45800 хүн ажиллаж буйг болон хүнсний 978 үйлдвэр, цех ажиллаж байгааг танилцуулаад, “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” ХК, “Монэксалл” ХХК-д үйлдвэр технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай олгосон талаар тодорхой дурдав. 
“Эмээлт эко аж үйлдвэрийн парк” ХК бол нийслэлийн өмчит хаалттай хувьцаат компани бөгөөд Эмээлт үйлдвэр технологийн паркийн төслийг хариуцан ажиллаж байна. Харин “Монэксалл” ХХК Говьсүмбэр аймагт мал аж ахуйн шинжлэх ухаан, технологийн үйлдвэрлэлийн эко парк ажиллуулахаар тусгай зөвшөөрөл авсан хувийн хэвшлийн аж ахуйн нэгж юм.

Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд хөнгөн үйлдвэрийн паркийн байршлыг Улаанбаатар хотод Эмээлт дэх арьс, ширний, Дархан-Уул аймагт хөнгөн үйлдвэр, хүнсний үйлдвэр технологийн, мөн Ховд, Говьсүмбэр, Дорнод аймагт төвлөрүүлэн байгуулах бэлтгэл ажлыг хангаж байгааг тэрбээр дурдаад, эдгээрийг нэгбүрчлэн танилцууллаа. Тухайлбал, Ховд үйлдвэр технологийн паркийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг 2022 оноос улсын төсвийн хөрөнгөөр хийж эхэлсэн бөгөөд ирэх 2025 онд дуусах ажээ. Тус паркад 100 үйлдвэр ашиглалтад орж, 2000 гаруй ажлын байр шинээр бий болгох юм. Төслийг Ховд аймгийн өмчит “Шинэ Ховд” ХХК хариуцаж байна. Мөн Дархан-Уул аймагт байгуулагдах Төвийн бүсийн хөнгөн, хүнсний үйлдвэр технологийн паркийн дэд бүтцийн ажилд 2025 оны улсын төсөвт 7.0 тэрбум төгрөг тусгагдсан байна. Олдоогийн байдлаар паркийн байгаль орчны үнэлгээ, ТЭЗҮ, дэд бүтцийн ажлын зургууд хийгдээд, магадлуулах шатдаа явж байгаа аж.

Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн ажил үндсэндээ 2009 оноос эхэлж, 2022 оноос нийслэлд шилжүүлж, 2023 онд Дэлхийн банкны санхүүжилтээр ТЭЗҮ хийгдсэн. Нийт 539 га талбайд хэрэгжих энэ төслийн эхний үе шатанд 160 га-д 8.0 сая ширхэг арьс, ширний боловсруулах хүчин чадалтай үйлдвэр байгуулах бэлтгэлийг хангаж эхлээд байна. Төслийн эрчим хүчнй эх үүсвэрийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр байгуулахаар нийслэлийн 2025 оны төсөвт тусгагджээ. Харин Говьсүмбэр аймгийн Баянтал дахь мал аж ахуйн шинжлэх ухаан, үйлдвэр технологийн паркийг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хийхээр бэлтгэж байна. 
Аж үйлдвэр эрдэс баялгийн яамны эрхлэх асуудалд хамаарах үйлдвэрлэл, технологийн паркуудын үйл ажиллагаа, бүтээн байгуулалтын талаар тус яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Жавхланбаатар танилцуулав. Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан 14 мега төслийн гурав нь аж үйлдвэрийн паркийн хүрээнд хэрэгжинэ гэж Төрийн нарийн бичгийн дарга онцлоод, Тавантолгойн кокс, эрчим хүчний, Бор-Өндөрийн жонш, цахиурын, Эрдэнэтийн зэсийн, Дархан-Уулын гангийн, Хөтөлийн барилгын материалын, Багануурын химийн үйлдвэр технологийн паркуудыг нэрлэсэн юм. Тэрбээр бодитоор хэрэгжиж байгаа Дорноговь аймгийн Өргөн сум дахь Алтанширээ, мөн аймгийн Хөвсгөл сум дахь Гэрэлтговь, Эрдэнэтийн үйлдвэрлэл технологийн паркийг жишээ болгон танилцуулав.

Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар байгуулагдаж байгаа үйлдвэрлэл технологийн паркууд хуулийн дагуу НӨАТ-ын төлбөрийг дөрвөн жил хүртэл хугацаанд хойшлуулах, тоног төхөөрөмжийн гаалийн татварыг мөн хугацаагаар чөлөөлөх, үл хөдлөх эд хөрөнгийн татвар чөлөөлөх зэрэг бодлогын дэмжлэг үзүүлж буй юм. Алтанширээ технологийн паркад гаалийн татвараас 39.0 тэрбум төгрөг чөлөөлөх, НӨАТ-аас 81.9 тэрбум төгрөгийн төлбөрийг хойшлуулан төлөхөөр төлөвлөгдсөн байна. Тус паркийн дэд бүтцийн бүтээн байгуулалтад өнөөдрийн байдлаар 40.7 тэрбумын хөрөнгө оруулалт хийгдээд байгаа аж.

Үүнд, 6.3 мВт-ын цахилгаан станц, 12.0 км төмөр зам, 9.4 км цахилгаан дамжуулах агаарын шугамыг бүрэн барьж, усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 15 хувийн гүйцэтгэлтэй байна. Тус паркад нүүрс баяжуулах, эрчим хүчний кокс, төмрийн хүдрийн нойтон соронзон баяжуулах, төмрийн хорголжин болон ширмийн таван цогцолбор үйлдвэр баригдаж байна 2028 онд бүрэн ашиглалтад орох эдгээр үйлдвэр улс, орон нутгийн төсөвт 432 тэрбум орчим төгрөгийн татвар төлөх бөгөөд 2000 гаруй ажлын байр шинээр бий болгох ажээ.
Гэрэлтговь үйлдвэр технологийн паркийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэл өнөөдрийн байдлаар 187 тэрбум төгрөгт хүрээд байгаа бөгөөд газар, үл хөдлөх хөрөнгийн татварууд, 13.3 тэрбум төгрөгийн гаалийн татварыг чөлөөлж, 28.0 тэрбум төгрөгийн НӨАТ-ыг 2030 он хүртэл хойшлуулсан байна. Баяжуулах үйлдвэр, төмөр замын бүтээн байгуулалт 91-98 хувийн, эрчим хүчний коксын үйлдвэр, цахилгаан хангамжийн бүтээн байгуулалт 32 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж. Үйлдвэрүүд мөн 2028 онд бүрэн ашиглалтад орно. 
Харин Эрдэнэтийн үйлдвэрлэл технологийн паркийн дэд бүтцэд Эрдэнэт үйлдвэр 137.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байна. Зэс баяжуулах, зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрүүд баригдах тус паркийн 12.6 км авто замын бүтээн байгуулалтын гүйцэтгэл 45 хувьтай, төмөр замын ажил 91 хувьтай, ус хангамж, ариутгах татуургын ажлын гүйцэтгэл 76 хувьтай байна. Цахилгаан хангамжийн бүтээн байгуулалт үндсэндээ дуусчээ. Үйлдвэрүүд 2029 онд ашиглалтанд орж, 125 мянган тонн катодын зэс, 72 кг алт, 38 тонн мөнгө, 182 мянган тонн элементийн хүхэр, 118 мянган тонн хүхрийн хүчил боловсруулахаар төлөвлөгджээ.
Төрийн нарийн бичгийн дарга С.Жавхланбаатар танилцуулгадаа Үйлдвэрлэл технологийн паркийн тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй, эрх зүйн орчин бүрэн бүрдээгүй нь ажилд гацаа үүсгэж байгааг онцолсон юм. Үйлдвэрлэл технологийн парктай холбоотой 12 журам батлахаас долоо нь батлагдаад байгаа бөгөөд газрыг тусгай хэрэгцээнд авах, түүхий эдийн баталгаа, дэд бүтцийн хангамжид хөнгөлөлт үзүүлэх, гадаадаас авах ажиллах хүчийг төлбөрөөс чөлөөлөх, АМНАТ-ыг хөнгөлөх зэрэг асуудлыг зохицуулах журмууд гараагүй байгаа юм.
Сайн нарын мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Замира, Д.Үүрийнтуяа, М.Бадамсүрэн, Б.Уянга, Л.Мөнхбаясгалан, Ж.Золжаргал, Д.Батбаяр, Д.Жаргалсайхан, С.Бямбацогт, Байнгын хорооны дарга С.Ганбаатар нар асуулт асууж, үг хэлэв. Улсын Их Хурлын гишүүд мэдээллүүдэд дурдагдсан газрын болон ажиллах хүчний асуудал, гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ, нөлөө болон хүнд үйлдвэрийн хууль, эрх зүйн орчинг хэрхэн бүрдүүлэх, нэг газарт байгуулагдаж байгаа өөр үйлдвэр технологийн паркийн үйл ажиллагааны уялдааг хэрхэн хангах, кластер хамтын ажиллагааны боломж, худалдааны хууль, олон улсын худалдааны эрх зүйн орчныг тодорхой болгож, шинэчлэх, паркуудыг байршлыг хэрхэн сонгосон болон хангайн бүсийн аймгуудад яагаад үйлдвэрлэл технологийн парк төлөвлөөгүй зэрэг олон асуудлыг хөндөж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр болон албаны бусад хүмүүсээс хариулт авсан юм. Мөн Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах гэж байгаа Чөлөөт худалдааны хэлэлцээрийн талаарх мэргэжилтнүүдийн байр суурь, хэлэлцээрээс үндэсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүнийг хасах боломжтой эсэх, гадаадаас авч буй өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүнийг Монголдоо үйлдвэрлэх, технологийг нутагшуулах, инновацыг нэвтрүүлэх, үйлдвэрлэл технологийн паркийн дэд бүтцийн бүтээн байгуулалтад оруулсан хөрөнгө оруулалтыг улсын төсөвт хэрхэн буцааж төвлөрүүлэх, Дарханы арьс ширний үйлдвэрийн паркийн төсөл хэрэгжээгүйд ямар дүгнэлт хийж байгаа, паркуудад баригдах үйлдвэрүүдийн түүхий эдийн хангамж, хүртээмж ямар байх тооцоо хийж буй, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж бий болох үйлдвэрүүдийг дараа нь хэн хэрхэн удирдаж, авч явах, урьд өмнө гаргасан алдаанаасаа Засгийн газар суралцаж, шинэлэг бүтээлч шийдэл гаргаж буй эсэх, шинээр баригдаж байгаа үйлдвэрүүдийн бүтээгдэхүүний гадаад зах зээлийн эрэлт хэр байгаа, өрсөлдөх чадвартай эсэх, ялангуяа арьс, нэхийний өртөг, үнийн таатай нөхцөл бүхий зах зээл бий эсэх, Үйлдвэр технологийн паркийн тухай хууль, Шинэ хоршоо, Цагаан алт хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг уялдуулж, үйлдвэрлэлийг бодлогоор дэмжих зэрэг асуудлыг хөндөн ярив.
Тус Байнгын хорооны дарга С.Ганбаатар үйлдвэрлэл технологийн паркуудад бий болж байгаа бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авагч бий эсэх, технологийн шийдлүүдээ хэрхэн хийж байгаа, хүний нөөцийг бэлтгэх, бий болгох бодлогыг тодорхойлж, мэргэжлийн сургалтын байгууллагуудтай хамтын ажиллагаагаа эхлүүлсэн эсэх, парк дахь татварын хөнгөлөлтийг одоо байгаагаас нь илүү давуу болгож инкубаторын жишигт хүргэх төлөвлөлт байгаа эсэхийг асууж, харилт авсан юм.

Тэрбээр, Монголын ард түмнийг аж үйлдвэрлэл ажилтай, орлоготой байлгана гэх бодлого, зорилтоо бид хэрэгжүүлж чадахгүй маш их хугацаа алдаж байна гээд, Улсын Их Хурлын гишүүд үүн дээр бодитой шийдэл гаргах хэрэгтэй байна гэлээ. Сайд нарын мэдээллийг сонссоны дагуу Байнгын хороо удирдамж баталж, ажлын хэсэг байгуулан яамд болон үйлдвэр технологийн паркуудын үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, шийдэл гаргана гэв. Мөн эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар идэвхтэй ажиллана гэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Ерөнхий сайд Н.Учрал: Хөрөнгө оруулагчдад тулгарч буй саад бэрхшээлийг арилгана

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс дахь албан ёсны айлчлалынхаа хүрээнд /2026.09.30/ Японы бизнес эрхлэгчидтэй уулзалт хийж, хөрөнгө оруулагчдын санал хүсэлтийг хүлээн авч, шуурхай шийдвэрлэхээ илэрхийллээ.  

Монголд хөрөнгө оруулагч Япон компаниуд төсөл, хөтөлбөрөө Ерөнхий сайдад танилцуулсан юм. Тухайлбал, Aeronext  компани 2023 оноос хойш ЖАЙКА-ын санхүүжилтээр Монголд дроноор цус тээвэрлэж эхэлжээ. Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс 23 байршилд дроноор цус хүргэдэг. Цаашид Монголд дрон үйлдвэрлэдэг, засварладаг болохоор ажиллаж байна. Үүнийг бодит ажил хэрэг болгоход Монгол Улсын Засгийн газар дэмжлэг үзүүлж ажиллахыг хүслээ. 

Мөн чухал ашигт малтмалын чиглэлээр хамтран ажиллах өргөн боломж байгааг Японы талаас онцолсон.  2016 онд хүчин төгөлдөр болсон Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд Японы тал Монгол Улсаас худалдан авалт хийх нь чухал гэдгийг илэрхийлэв.

Ерөнхий сайд Н.Учрал Монголд бизнес эрхлэхэд тулгарч буй саад бэрхшээлийг арилгахад Засгийн газар шуурхай анхаарч ажиллана гэдгийг илэрхийлэв. Мөн Японы банк санхүүгийн салбарын төлөөлөл бодит сонирхлоо илэрхийлбэл нягт хамтран ажиллахад бэлэн гэлээ.  

Ирэх онд тохиох Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг шинэ бизнесийн түншлэлээр угтах нь нэн чухал.  Монгол Улсад Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага (ЖЕТРО) хөрөнгө оруулалтыг бодит ажил болгоход чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байгааг тодотгов. Монгол Улсад ЖЕТРО-ын Төлөөлөгчийн газар байгуулах талаар ярилцав. 

Монгол Улсын Засгийн газар хувийн хэвшлийг дэмжих, бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, зөвшөөрлийн шат дамжлагыг бууруулах, хөрөнгө оруулагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан тогтвортой, өрсөлдөх чадвартай орчныг бүрдүүлэхэд тусгайлан анхаарал хандуулж байгааг Ерөнхий сайд Н.Учрал онцоллоо.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын Япон улс дахь албан ёсны айлчлалын үр дүн

Огноо:

,

“Чингис хаан" олон улсын нисэх буудлын өргөтгөлийн 158.3 тэрбум иенийн хөгжлийн санхүүжилтэд гарын үсэг зурав. Жилд хүлээн авах зорчигчийн хүчин чадал 1.6 саяас 5.2 саяд хүрч, 3.2 дахин нэмэгдэнэ. 

  1. Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад хамтарна. Монгол Улс 1 сарын хэрэглээгээ нөөцлөх түлш, шатахууны савтай болно.
  2. Давхар татвар, Нийгмийн хамгааллын хэлэлцээр байгууллаа.
  3. Монгол Улсаас Япон улс руу чиглэсэн экспортын бараа, бүтээгдэхүүнийг нэмэгдүүлнэ.
  4. Япон улсын ”POWERR Asia” санаачилгын хүрээнд уур амьсгалын өөрчлөлт, карбон кредит, сэргээгдэх эрчим хүчний чиглэлд хамтарч ажиллана.
  5. “Инженер, технологийн дээд боловсрол (MJEED)” буюу “1000 инженер”-ийн төслийн дараагийн үе шатыг хэрэгжүүлнэ.
  6. Японы улсын гадаад худалдааг дэмжих (ЖЕТРО) байгууллага манай улсад төлөөлөгчийн газраа нээнэ. Тус улсын хөрөнгө оруулагчид, ЖДҮ, технологийн компаниуд үйл ажиллагаа явуулах боломж бүрдэнэ.
  7. Хоёр шатлалтай "ЖАЙКА"-гийн ЖДҮ-ийг дэмжсэн зээлийг үргэлжлүүлнэ.
  8. "Буянт-Ухаа" нисэх буудлыг орон нутгийн нислэгт ашиглах менежментийг хийх, хурдан галт тэрэгний яриа хэлцлийг эрчимжүүлнэ.
  9. Японы "Aeronext Inc" компани монгол инженерүүдтэй хамтарч дрон үйлдвэрлэдэг, засварладаг тогтолцоог нэвтрүүлэхээр яриа хэлцлээ эхлүүлэв.
  10. Ногоон устөрөгчийн төсөл, чухал ашигт малтмалын салбарын хамтын ажиллагааг ярилцав. Ногоон санхүүжилтийг дэмждэг бүх байгууллагуудаар дамжуулан Монголд хэрэгжүүлэх том төслүүдийг санхүүжүүлнэ.
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Монгол, Японы хамтарсан төслүүдийн хэрэгжилтийн талаар хэлэлцэв

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд ЖАЙКА-ын Ерөнхийлөгч Танака Акихиког хүлээн авч уулзлаа. Уулзалт 2026 оны есдүгээр сарын 29-нд Токио хотноо болов.

Ерөнхий сайд Япон Улсын Засгийн газрын хөгжлийн албан ёсны тусламж Монгол Улсын ардчиллыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжихэд чухал хувь нэмэр оруулж ирснийг онцлов. Мөн ЖАЙКА судалгаанд тулгуурласан, үр өгөөжтэй төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж буйд талархал илэрхийллээ.

Талууд “Чингис хаан” олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төслийн хэрэгжилтийн талаар ярилцав. Ерөнхий сайд төслийг хэрэгжүүлэх хугацаанд “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлыг дотоодын нислэгт ашиглах, агаарын тээврийн салбарын тогтвортой үйл ажиллагааг хангах чиглэлээр хамтран ажиллах хүсэлт тавьжээ. ЖАЙКА-ын Ерөнхийлөгч уг төслийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв.

Мөн Улаанбаатар хотод газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулах төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах асуудлыг хэлэлцлээ. Энэ ажлыг Япон Улсын Засгийн газрын “POWERR Asia” санаачилгын хүрээнд эхлүүлэхэд ЖАЙКА дэмжлэг үзүүлэхээ мэдэгдэв.

Уулзалтаар чухал ашигт малтмалын чиглэлээр Япон Улсын Метал, эрчим хүчний аюулгүй байдлын байгууллага (ЖОГМЭК)-тай хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол Улсад Японы Гадаад худалдааг дэмжих байгууллагын (ЖЕТРО) төлөөлөгчийн газар байгуулах саналыг хэрэгжүүлэх талаар ярилцжээ.

Түүнчлэн дэд бүтцийн чадавхыг сайжруулах, хүний нөөцийг хөгжүүлэх, цахим аюулгүй байдлыг хангах төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцов. Эрүүл мэнд, байгаль орчин, нийгмийн хамгааллын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь ач холбогдолтой гэдэгт талууд санал нэгдлээ.

Япон Улсын Засгийн газар Монгол Улсад 1977–2025 онд зээл, буцалтгүй тусламж, техникийн хамтын ажиллагааны хүрээнд нийт 3.3 тэрбум ам.долларын дэмжлэг үзүүлжээ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох