Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

Могойн голын нүүрсний уурхайгаас эхтэй Овоот төслийн луйвар

Огноо:

,

МОГОЙН ГОЛЫН НҮҮРСНИЙ УУРХАЙГААС ЭХТЭЙ ОВООТ ТӨСЛИЙН ЛУЙВАР

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд “Могойн голын нүүрсний уурхай гэж том уурхай бидний багад байлаа. Могойн голын чулуун нүүрсний орд Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын нутагт Мөрөн хотоос баруун зүгт 223 км зайтай оршдог. Ордыг Хөвсгөл аймгийн геологи хайгуулын анги 1967-1978 онд Улаанбаатрын геологийн экспедицийн IX анги нарийвчилсан хайгуулаар 15508.6 мянган тонн нүүрсний нөөцтэй хэмээн тооцож, ОХУ-ын стандартаар "Ж” маркад хамаарна гэсэн дүгнэлтийг гаргасан байдаг. Могойн голын ордын нөөцийг нарийвчлан тооцсоноор танилцуулбал, A+B-1,16 сая тонн, С1-2,89 сая тонн, А+В+С1-4,06 сая  тонн. Энэ нь үйлдвэрлэлийн аргаар ашиглах боломжтой бодитой нөөц юм. Цаашид хайгуулыг үргэлжлүүлэн хийж, нөөц батлах шаардлагатай таамаг нөөцийг С2-11,44 сая тонн гэж тог тоож байжээ. Хожим нь 1992 онд уг орд газарт дахин хайгуул судалгааны ажил хийгдэж, Могойн голын ордын зүүн талын үргэлжлэл дээр үеийн суналын дагуу нүүрсний нөөц байгааг тогтоосон байдаг аж. Ийнхүү Могойн голын ордыг 1971 онд ашиглалтанд оруулж, орон нутгийн чанартай уурхайг байгуулсан байдаг юм. Уурхай орды үндсэн талбайд 66 мянган га газрыг эзэлдэг бөгөөд тухайн үед дундаж ашиглалтын насыг 30 жилээр тооцож байжээ. Хөвсгөл аймгаас гадна Могойн голын ордоос Завхан аймгийн нүүрсний хэрэгцээг бүхлээр нь хангах тооцооллыг хийсэн байдаг.  

Хөвсгөл аймаг болон Завхан тэргүүтэй баруун аймгуудад нүүрс нийлүүлдэг энэ уурхай 1970-аад оноос үйл ажиллагаагаа явуулж, хэрэглэгчдэд нүүрс нийлүүлсээр ирсэн. Мод голдуу түлдэг, нүүрс гээч зүйлийг хэрэглэж мэддэггүй, “өмхий үнэртэй нүүрсийг зөвхөн уурын зууханд л шатаадаг” гэсэн ойлголттой Хөвсгөлчүүд за зээл эхэлсний дараа ч Могойн голын нүүрсний уурхайн талаар бараг мартсан гэхэд болно. Гэвч эзэд нь мэдээгүй суухад энэ уурхай нэг л мэдэхэд хувьчлал нэрээр бусдын гарт орсон байв. Гэхдээ тус уурхайн 51 хувийг орон нутгийн өмчид үлдээн, 49 хувь нь бусдын гарт оржээ.
 
ЗАРГА ДАГУУЛСАН ЗАСГИЙН ГАЗРЫН ХУРАЛДААНЫ ТЭМДЭГЛЭЛ

Одоогоос яг 10 жилийн өмнө Засгийн газрын хурал дээр тун сонирхолтой асуудал хэлэлцэгдэж маргаан тарьж байв. Энэ бол Могойн голын асуудал. Тухайн үед  Хятад-Монголын хамтарсан хөрөнгө оруулалттай “Шинэ Азиа Майнинг” групп өөрийн 100 хувийн хөрөнгөөр дулааны станц барина. Үүнийхээ шанд  ордын 51 хувийг хөрөнгө оруулагч талд шилжүүлж өгнө гэсэн тэмдэглэлийг Эрдэс баялаг, эрчим хүчний яамнаас  Засгийн газрын хуралдаанд оруулж ирсэн нь олны гайхшийг барж, Хятадын хөрөнгө оруулалттай "Шинэ Азиа Майнинг”  гэгч компани уурхайн дэргэд цахилгаан станц байгуулах гэрээг Засгийн газартай хүртэл байгуулсныг иргэд хэзээ хойно мэдсэн.  Үүний дараа УИХ-ын сонгуулийн өмнөхөн Могойн голын нүүрсний уурхай дээр дулааны цахилгаан  станц барих нээлт болж, тууз хайчилжээ. Хамгийн сонирхолтой нь энэхүү нээлтэд УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Ж.Энхбаяр, Д.Балдан-Очир, Ц.Дашдорж,Ө.Энхтүвшин, Завхан аймгийн Засаг дарга Я.Санжмятав тэргүүтэй дарга нар ирж оролцох нь тэр.
 
ТӨРИЙН БАНКЫГ “ТОНОСОН” "ШИНЭ АЗИА МАЙНИНГ”

Асар их мөнгөтэй хятадууд ирж, Монголд том хөрөнгө оруулалт хийж, Могойн голын нүүрсний уурхай дээр цахилгаан станц барих хүлээлт үүсээд удаагүй байтал өнөөх хятадуудынх нь “но” илэрчээ. "ШИНЭ АЗИА МАЙНИНГ” групп тухайн үед Төрийн банкнаас  1 дугаартай зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр 500 000 ам.долларыг сарын 1 хувийн, жилийн 12 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар зээлээд зээлийн гэрээгээ зөрчиж, мөнгөө төлөхгүй, тэр ч бүү хэл бүүр нэрээ сольж, “Шинэ азиа групп” ХХК  болон өөрчилж, Дээд шүүх хүртэл заргалдаад авчээ. Шүүхээс “Шинэ азиа групп” ХХК –ийг 707 сая төгрөг төлөх шийдвэр гаргасан ч энэ мөнгө одоо хүртэл төлөгдсөн эсэх нь эргэлзээтэй байна.


ЗАВХАНЫГ ТОЙРОН ЭРГЭЛДЭХ ХЯТАД НОЁД
 
“Шинэ азиа групп” ХХК  болгон нэрээ гэнэт өөрчилсөн хятадын хөрөнгө оруулалттай энэ компанийг Завхан аймгийн улс төрчидтэй нягт холбоотой, тэд байнга дэмжиж, төсөл хөтөлбөрт хамруулж, харин харь эзэд нь тэдний сонгуулийн мөнгийг гаргаж өгдөг  гэсэн мэдээлэл бий. Тус компани 2 жилийн өмнө  183 сая ам. долларын санхүүжилттэй Тэлэм дулааны цахилгаан станц барих концессын гэрээ байгуулж, Завхан аймагт хөнгөн үйлдвэрийн цогцолбор байгуулах, үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас авч чаджээ.
 
ЗАВХАНЫ БӨХЧҮҮДЭД ШИЛЖСЭН ОРД ГАЗАР
 
Могойн голын нүүрсний уурхай талаар ийнхүү бужигнаж, тус уурхайн 51 хувийг эзэмшин, оронд нь дулааны станц барьж өгөхөөр Засгийн газартай гэрээ байгуулсан "Шинэ Азиа Майнинг” групп нэрээ солин Завханы Тэлмэнд “Могойн голын уурхайг түшиглэсэн дулааны станцаа байгуулж байх зуур Могойн голын уурхайн орд газрыг лиценз нэрээр хуваах ажил ид өрнөжээ. Эндээс хамгийн том нь  “Аспайр майнинг”.  Одоогоос 13 жилийн өмнө 2007 оны арваннэгдүгээр сарын 1-нд АМГТХЭГ-аас  Хөвсгөл аймгийн Засаг дарга Б.Батхүүд хаягласан албан тоот очжээ. Уг бичигт Австралийн  хөрөнгө оруулалттай “Аспайр Майнинг” компанийн охин компани болох  “Хургатай хайрхан”  компанид Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Овоот нэртэй газарт 9436 гектор талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой байна” гээд үүнтэй холбогдуулан орон нутгийн удирдах байгууллагын саналыг  ирүүлэхийг хүсчээ. Хуулийн дагуу 30 хоногийн дотор багтаж тухайн сарынхаа 14-нд аймгийн Засаг дарга хариугаа явуулжээ.



Хариу албан бичигт Б.Батхүү “Цэцэрлэг суманд үйл ажиллагаа явуулдаг “Могойн гол” хувьцаат компанийн  нүүрсний уурхай болон Могойн голын эзэмшлийн талбайтай давхцаж буй тул олгох боломжгүй” гэсэн байна.  Орон нутгаас ингэж хариу өгсөн ч үүнийг Ашигт малтмал газрын тосны хэрэг эрхлэх газрын лиценз олгодог албан тушаалтнууд тоосонгүй. 2008 оны арваннэгдүгээр сарын 21-нд тухайн үеийн АМГТХЭГ-ын ГУУКГ-ын даргын шийдвэрээр  улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон ордод, давхардуулан, хууль зөрчин   хайгуулын  тусгай зөвшөөрлийг  “Хургатай хайрхан” компанид олгосон байна.

Ингэж Могойн голын орд газарт “Хургатай хайрхан” компани Овоотын ордын лицензийг эзэмшдэг болсон түүх эхэлжээ. Харин өнгөрсөн жилээс лиценз цуглуулах тэдний ажил үндсэндээ дуусч, Хөвсгөлийн хамаг лицензийг гартаа оруулсан Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Аспайр Майнинг Лимитэд” компанийн нийт хувьцааны 51 хувийг “Жем интернэшнл” группийн ерөнхийлөгч, Монгол Улсын гарьд Ц.Цэрэнпунцаг эзэмших болсон гэдгээ ил тод зарлаж эхлэв.
 
“АСПАЙР МАЙНИНГ” ХӨВСГӨЛД ЭЗЭМШИЖ БАЙГАА ЛИЦЕНЗҮҮД
 “Аспайр Майнинг” ХХК 2012 оны наймдугаар сарын 10-нд  Могойн голын талбайтай давхцуулж авсан хайгуулын лицензээ ашиглалтын 017098 тоот лиценз болгожээ. Мөн 2012 ондоо багтан Хөвсгөл дэх лицензийнхээ тоог ч нэмэгдүүлжээ. Үүнд:
 
-Цэцэрлэг, Цагаан-Уул сумын Хуримт-1 талбайд ХV 014550, ХV 014637 тоот  хоёр лиценз,
-Бүрэнтогтох, Төмөрбулаг сумын Харгуйт гэх газарт ХV 014499 лицензээр тус бүр хоёр,
-Бүрэнтогтох сумын Нурамт гэх талбайд ХV 014973 тоот лиценз,
-Цахиурт гэх талбайд ХV 014636 тоот хайгуулын лиценз эзэмшигч болсон байна.

Жагсаалт үүгээр дуусахгүй. “Аспайр майнинг лимитед”-ийн Монгол Улсад бүртгэлтэй охин компани “Хургатай хайрхан” нь Могойн голын хөндийд 5758 га талбайд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг. Энэ нь нөгөөх ашиглахаар зэхээд буй “Овоот” гэж нэрлэсэн орд. Бас эл компани Хуримтын хөндийд “Хуримт-1” гэсэн нэртэй, 5551 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөлтэй. “Аспайр майнинг лимитед” нь “Овоот коал майнинг” гэх охин компаниараа дамжуулан Могойн голын хөндийн ойролцоо 1800 га талбайд хайгуул хийх тусгай зөвшөөрөл мөн авчээ. Бас “Блэкрок” компанийг худалдан авч, Мөрөн хотоос урд зүгт 20 орчим км-ийн зайд, Бүрэнтогтох сумын Эрчим багийн нутаг Төмөртийн аманд 860 га талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй болсон. Бас тэнд 210 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшдэг. Ингээд тооцоолохоор тус компанийн хайгуул болон ашиглалтын талбайн нийт хэмжээ 15 мянга орчим га болж байна...
 
ХӨВСГӨЛИЙГ УХАЖ ЗӨӨХ УУ?

Өнөөдөр яг ийм асуулт тулгараад байна. Учир нь  “Аспайр Майнинг Лимитэд” компанийн хувьцааны 51 хувийг эзэмших болсон Монгол Улсын гарьд Ц.Цэрэнпунцаг ТУЗ-өө шинэчилж, компанийнхаа Ерөнхий захирлаар томилогдсон Д.Ачит-Эрдэнэ гэгчийн томилжээ. Тэрээр хэвлэлд “Монгол Улсын гарьд Ц.Цэрэнпунцаг жил гаруйн өмнө компанийн 12.0 хувийг эзэмшиж байгаад 2018 оны наймдугаар сард 27.5 хувь болгож нэмэгдүүлсэн. Энэ жил дахин хөрөнгө оруулж 51 хувь болголоо. Хамгийн гол нь “Аспайр майнинг лимитэд” компанийн хийхээр бэлтгэж байгаа “Овоотын баяжуулах үйлдвэр”-ийн цогц бүтээн байгуулалт  маш ирээдүйтэй, улс орны эдийн засагт чухал байр суурь эзлэх төсөл юм. Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын нутаг дахь Овоот орд өндөр чанарын коксжих нүүрстэй... Түүнчлэн эхний ээлжинд тусгай зориулалтын хүнд даацын хатуу хучилттай авто замыг Овоотоос Эрдэнэт хот хүртэл нийт 560 км татаж тээвэрлэлтээ хийнэ” хэмээн мэдэгджээ.
 
Монголын Швейцари хэмээгдэх Хөвсгөл аймаг  байгалийн асар их нөөц баялаг, өвөрмөц тогтоц, үзэмж тансагаараа дэлхийд гайхагдаж, бизнесийнхэн болон аялал жуулчлалынхны  анхаарлыг зүй ёсоор татдаг. Дэлхийд Монгол улс цэвэр усны нөөцөөрөө  22 дугаарт бичигддэг бол амьдарлыг тэтгэгч тэрхүү  нөөцийн 70 хувь нь Хөвсгөлд бий.  Харамсалтай нь Монгол орны цэвэр усны нөөцийн 96 хувийг бүрдүүлдэг боловч сүүлийн жилүүдэд гол мөрний усны нөөцийн хомсдол жилээс жилд нэмэгдсээр байна. Хоёр жил тутамд мэргэжлийн байгууллагаас хийдэг тооллогоор аймгийн хэмжээнд сүүлийн 50 жилийн дотор 136 гол, 72 булаг, 1 нуур, 1 рашаан ширгэсэн  дүн мэдээ аюулын харанга дэлдэж байна. Нөхцөл байдал ийм байхад Монголчууд бид Хөвсгөл нутгаа ухаад зөөх үү? Хамгаалж үлдэх үү гэсэн асуултад хариулах хэрэгтэй болж байна.

Б.Цоож
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Шударга мэдээ

Шатахууны нөөцийг нэмэгдүүлэх, доголдлыг арилгахад анхаарч байна

Огноо:

,

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахууны нөхцөл байдалтай холбогдуулан цаг үеийн асуудлаар ээлжит хэвлэлийн бага хурал хийлээ.

Тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв мэдээллийн эхэнд Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах шуурхай штаб нь богино хугацаанд нөөцийг нэмэгдүүлэх, доголдлыг арилгахад анхаарч ажиллаж байгааг онцоллоо.

Тэрбээр "Өнгөрсөн хоногт Улаанбаатар хотод 155 ШТС, орон нутгийн 80 ШТС-д түгээлт хийсэн байна. Улаанбаатар хотод автомашины тэгш, сондгой дугаараар хэрэглэгчдэд нэг удаа 50,000 төгрөг хүртэл автобензин олгох зохицуулалт хэрэгжиж байгаа бөгөөд зөөврийн саванд олгохгүй. Энэ нь аюулгүй байдлыг хангах үүднээс болон дамлан худалдахаас сэргийлж буй юм. Орон нутгийн иргэд намрын ургац хураалт, хадлантай холбоотой ШТС-уудаар зөөврийн саваар автобензин авч болно. Улаанбаатар хотод автомашины тэгш, сондгой дугаараар хэрэглэгчдэд нэг удаа 50,000 төгрөг хүртэл автобензин олгох зохицуулалт энэ сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд энэ үед нөөцийг хэвийн болгох, хэвийн горимоор ажлаа үргэлжүүлнэ гэж найдаж байна. Шатахууны нөөцийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тогтворжуулах хүрээнд бусад эх үүсвэрийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч байна. Замын-Үүд боомтоор 2000 тонн дизель түлш орж ирсэн бөгөөд шилжүүлэн ачих ажиллагаа хийгдэж байна" гэлээ гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Шатахууны импортын гаалийн албан татварыг 2027 оны хоёрдугаар сарын 1 хүртэл тэглэнэ

Огноо:

,

Засгийн газрын 2026 оны наймдугаар сарын 5-ны өдрийн ээлжит хуралдаанд “Автобензин, дизель түлшний онцгой албан татварын тухай” асуудлыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням танилцууллаа.

Монгол Улс 2026 оны наймдугаар сард ОХУ-ын “Роснефть”, “Нефтьхимисервис”, “Газпром нефть” болон бусад компани, БНХАУ, БНСУ-аас нийт 86,460 тонн АИ-92 автобензин, 1,280 тонн АИ-95 автобензин, 178,650 тонн дизель түлш, 7,000 тонн онгоцны түлш авахаар захиалгаа баталгаажуулж, гэрээ байгуулжээ.

Ойрх Дорнод дахь геополитикийн нөхцөл байдал, Орос, Украины дайнаас шалтгаалсан газрын тосны үнийн өсөлт дэлхийн зах зээлд буураагүй байна. Үүний улмаас наймдугаар сард хил үнэ тонн тутамд дахин өсөж, ОХУ болон бусад эх үүсвэрээс худалдан авах шатахууны үнэ 1,200-2,000 ам.долларт хүрчээ.

Иймд дотоодын зах зээл дэх үнийн өсөлтийг сааруулахын тулд гаалийн болон онцгой албан татварыг тэглэх шаардлага үүссэнийг салбарын сайд танилцуулсан байна.

Ерөнхий сайд Н.Учрал ОХУ шатахууны бүх төрөлд экспортын хориг тавьсан ч Монгол Улс уг хоригт хамрагдахгүй гэдгийг онцоллоо. Мөн БНХАУ, БНСУ-аас шаардлагатай түлш, шатахуун нийлүүлэхээр тохиролцсон байна.

Тэрбээр шатахууны нөөц, түгээлтийн мэдээллийг иргэдэд ил тод хүргэж, 33 жилийн дараа анх удаа хэрэгжиж буй шатахуун нөөцлөх 22 сав, агуулахын барилгын ажлын явцыг Засгийн газар болон олон нийтэд тогтмол мэдээлэхийг үүрэг болгожээ.

“Газрын тосны бүтээгдэхүүний хомсдолоос сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолоор бүх төрлийн шатахууны импортын гаалийн албан татварыг 2027 оны хоёрдугаар сарын 1 хүртэл тэг хувиар тогтоолоо.

Мөн газрын тосны бүтээгдэхүүн, шатахууныг хилээр шуурхай нэвтрүүлэх, тээвэрлэх, буулгах, гадаад вагонцистерний ашиглалтын төлбөр, хураамжийг хөнгөвчлөх, шаардлага хангасан зөвшөөрлийн хүсэлтийг түргэн шийдвэрлэх, шатахууны нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Нөөцийн махны хяналтын тогтолцоог шинэчилнэ

Огноо:

,

Монгол Улсын Засгийн газрын 2026 оны наймдугаар сарын 5-ны өдрийн ээлжит хуралдаанаар “Стратегийн нөөцийн зарим бараа болон хүнсний ногооны нийлүүлэлтийг тогтворжуулах, хүртээмжийг сайжруулах чиглэлээр авах арга хэмжээний тухай” тогтоолыг баталлаа.

Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавихыг холбогдох сайд нарт үүрэг болгожээ.

Нөөцийн мах бэлтгэхээс эхлээд худалдан борлуулах хүртэлх бүх шатны хяналт сул байсныг Засгийн газрын хуралдаанаар онцолсон байна. Тухайлбал, 2025 онд 5016 тонн нөөцийн мах бэлтгүүлэхээр аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулж, зээлийн хүүгийн хөнгөлөлт үзүүлжээ.

Гэвч хаврын улиралд зах зээлд нийлүүлэхээр төлөвлөсөн 720 тонн махыг нийлүүлээгүй байна. Мөн 3203 тонн махыг цахим төлбөрийн баримттай борлуулсан бол үлдсэн махыг төлбөрийн баримтгүй болон хэт өндөр дүнгээр борлуулсан зөрчил илэрчээ.

Иймд нөөцийн махны бүртгэл, хяналтын тогтолцоог цахимжуулах Засгийн газрын тогтоол баталсан байна.

Бүртгэл, хяналтын нэгдсэн системийг Сангийн яам наймдугаар сард багтаан бэлэн болгоно. Монголбанк болон арилжааны банкуудтай хамтран стратегийн бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэх, хадгалах, түгээх, борлуулах бүх шатанд цахим төлбөрийн баримт үйлдэж, бүртгэлийг ил тод болгох юм.

2026 оны намар бэлтгэж, 2027 оны хавар худалдаанд гаргах нөөцийн махны бүрдүүлэлтэд Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагваг онцгойлон анхаарч ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болгожээ.

Нөөцийн махыг цахим системд бүртгэснээр мах бэлтгэлийн явц, нөөцийн үлдэгдэл ил тод болно. Мөн хөнгөлөлттэй зээлийг зориулалтын бусаар ашиглах явдлыг таслан зогсоох, хүртээмжийг нэмэгдүүлэх, өрсөлдөөнийг бий болгох боломжтой гэж үзжээ.

Иргэд агуулах, үйлдвэрээс махаа шууд худалдан авах, малчид системээр дамжуулан бүтээгдэхүүнээ эцсийн хэрэглэгчид борлуулах боломж бүрдэх юм.

Түүнчлэн түлш, улаанбуудай, хүнсний ногооны нөөц бүрдүүлэх зоорь, агуулах барих аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээл олгох, цахилгааны хөнгөлөлт үзүүлэхийг салбарын сайд нарт үүрэг болголоо.

 
 
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох