Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Үндсэн хуулийг түгээн дэлгэрүүлэх сургагч багш бэлтгэх хөтөлбөр эхэллээ

Огноо:

,

Үндсэн хуулийн түүхэн хөгжил, хуульт ёсны үнэт зүйл, нийгмийн хөгжилд оруулсан хувь нэмэр, хөгжлийн чиг хандлагыг иргэн бүрд ойлгуулан таниулах, Үндсэн хуулиа түгээн дэлгэрүүлэх зорилго бүхий “Сургагч багш бэлтгэх" хөтөлбөр эхэллээ. Хөтөлбөрт хамрагдах 105 сургагч багшийг 21 аймаг, нийслэлийн 9 дүүргээс сонгон шалгаруулжээ.

 Энэхүү үйл ажиллагааг УИХ-ын Тамгын газар Монгол Улсын Их сургуулийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнтэй хамтран зохион байгуулж байна.  



Өнөөдөр үдээс өмнө /2024.11.22/ аймаг, орон нутгаас шалгарсан 105 сургагч багш нарт МУИС-ийн багш, Хууль зүйн ухааны доктор С.Бат-Орших “Үндсэн хуулийн тухай ойлголт”, Хууль зүйн ухааны доктор, профессор Х.Сэлэнгэ “БНМАУ-ын Үндсэн хуулиуд” сэдвээр сургалт хийв.




Тухайлбал, МУИС-ийн багш, Хууль зүйн ухааны доктор С.Бат-Орших Үндсэн хуулийн ангилал, Үндсэн хуульт ёс, үүсэл хөгжил, хууль дээдлэх зарчим агуулгын хүрээнд танилцуулга хийсний дараа оролцогчид Үндсэн хуулийн ойлголт, үзэл санааны талаар байр сууриа илэрхийлсэн юм.

Үдээс хойш сургалт үргэлжилж, УИХ-ын Тамгын газрын Парламентын сурталчилгааны хэлтсийн дарга Ж.Эрдэнэбаяр “Парламентын боловсрол” хөтөлбөрөө танилцууллаа. Тэрбээр, энэхүү хөтөлбөр нь Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, их, дээд сургуулийн оюутнуудад зориулагдсаныг онцлоод парламентын боловсрол олгох цар хүрээ, зохион байгуулдаг арга хэмжээ зэрэг хөтөлбөрийн үйл ажиллагааг дэлгэрэнгүй танилцуулсан юм. Тухайлбал, парламентын боловсрол сургалтыг ардчилал, түүний үнэт зүйлс, Үндсэн хуулийн мэдлэг, хүний эрх чөлөө, сонгууль ба сонгогдох, сонгох эрх, парламентын түүх,  хууль тогтоох үйл ажиллагаа зэрэг сэдвээр зохион байгуулдаг. Энэхүү хөтөлбөрт 2021, 2022 онд 90, 2023 онд 150 сурагч хамрагдсан. Энэ жилийн хөтөлбөрт 663 сурагч оролцох хүсэлтээ ирүүлснээс 126 сурагчийг сонгон шалгаруулна гэв. 





МУИС-ийн багш, Хууль зүйн ухааны магистр Э.Туулайхүү “1992 оны Үндсэн хууль ба хүний эрх” сэдвийн хүрээнд хүний эрх ба эрхэм чанар, түүний ач холбогдол, хүний эрх түгээмэл болох тухай үзэл санааны талаар танилцуулаад, 1992 оны Үндсэн хуулиар хүний эрхийг хэрхэн баталгаажуулсан талаар ярив.


Тухайлбал, 1992 оны Үндсэн хуульд хүний эрхийг хангах тусгай бүлгийг оруулсан байна. Хүний эрх, эрх чөлөө бол хэл, соёл, үндэс угсаа зэргээс үл хамааран адил тэгш байхыг тунхагласан байна. Мөн энэхүү эрх зөвхөн Монгол Улсын иргэнд бус тус улсын нутаг дэвсгэрт ажиллаж, амьдарч буй бусад улсын иргэдэд ч хамаатай болохыг зааснаараа онцлог болжээ. 1992 оны Үндсэн хуулийн хүний эрхийг хангах заалтууд нь Монгол Улсын нэгдэн орсон хүний эрхийн олон улсын гэрээг удиртгал болгосон байна. Мөн 1961 онд НҮБ-ын 101 дэх гишүүнээр элсэж, Хүний эрхийн түгээмэл тунхаглалд заасан хүний үндсэн эрх, эрх чөлөөг хүлээн зөвшөөрсөн зэрэг хүчин зүйл нь тус Үндсэн хуульд хүний эрхийг хангах заалтууд  орох үндэслэл болсон хэмээн танилцуулсан юм.  



Үндсэн хуулийг түгээн дэлгэрүүлэх сургагч багш бэлтгэх сургалт 4 өдрийн турш үргэлжилнэ. Мөн энэхүү сургалтын хөтөлбөрт заах арга зүй, харилцаа, хандлагын ур чадвар, итгэх ур чадвар, сургагч багшийн манлайлал зэрэг хувь хүний хөгжлийн талаарх хичээлүүд багтсан байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
 
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Ерөнхий сайд Н.Учрал: Хөрөнгө оруулагчдад тулгарч буй саад бэрхшээлийг арилгана

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс дахь албан ёсны айлчлалынхаа хүрээнд /2026.09.30/ Японы бизнес эрхлэгчидтэй уулзалт хийж, хөрөнгө оруулагчдын санал хүсэлтийг хүлээн авч, шуурхай шийдвэрлэхээ илэрхийллээ.  

Монголд хөрөнгө оруулагч Япон компаниуд төсөл, хөтөлбөрөө Ерөнхий сайдад танилцуулсан юм. Тухайлбал, Aeronext  компани 2023 оноос хойш ЖАЙКА-ын санхүүжилтээр Монголд дроноор цус тээвэрлэж эхэлжээ. Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс 23 байршилд дроноор цус хүргэдэг. Цаашид Монголд дрон үйлдвэрлэдэг, засварладаг болохоор ажиллаж байна. Үүнийг бодит ажил хэрэг болгоход Монгол Улсын Засгийн газар дэмжлэг үзүүлж ажиллахыг хүслээ. 

Мөн чухал ашигт малтмалын чиглэлээр хамтран ажиллах өргөн боломж байгааг Японы талаас онцолсон.  2016 онд хүчин төгөлдөр болсон Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд Японы тал Монгол Улсаас худалдан авалт хийх нь чухал гэдгийг илэрхийлэв.

Ерөнхий сайд Н.Учрал Монголд бизнес эрхлэхэд тулгарч буй саад бэрхшээлийг арилгахад Засгийн газар шуурхай анхаарч ажиллана гэдгийг илэрхийлэв. Мөн Японы банк санхүүгийн салбарын төлөөлөл бодит сонирхлоо илэрхийлбэл нягт хамтран ажиллахад бэлэн гэлээ.  

Ирэх онд тохиох Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг шинэ бизнесийн түншлэлээр угтах нь нэн чухал.  Монгол Улсад Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага (ЖЕТРО) хөрөнгө оруулалтыг бодит ажил болгоход чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байгааг тодотгов. Монгол Улсад ЖЕТРО-ын Төлөөлөгчийн газар байгуулах талаар ярилцав. 

Монгол Улсын Засгийн газар хувийн хэвшлийг дэмжих, бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, зөвшөөрлийн шат дамжлагыг бууруулах, хөрөнгө оруулагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан тогтвортой, өрсөлдөх чадвартай орчныг бүрдүүлэхэд тусгайлан анхаарал хандуулж байгааг Ерөнхий сайд Н.Учрал онцоллоо.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын Япон улс дахь албан ёсны айлчлалын үр дүн

Огноо:

,

“Чингис хаан" олон улсын нисэх буудлын өргөтгөлийн 158.3 тэрбум иенийн хөгжлийн санхүүжилтэд гарын үсэг зурав. Жилд хүлээн авах зорчигчийн хүчин чадал 1.6 саяас 5.2 саяд хүрч, 3.2 дахин нэмэгдэнэ. 

  1. Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад хамтарна. Монгол Улс 1 сарын хэрэглээгээ нөөцлөх түлш, шатахууны савтай болно.
  2. Давхар татвар, Нийгмийн хамгааллын хэлэлцээр байгууллаа.
  3. Монгол Улсаас Япон улс руу чиглэсэн экспортын бараа, бүтээгдэхүүнийг нэмэгдүүлнэ.
  4. Япон улсын ”POWERR Asia” санаачилгын хүрээнд уур амьсгалын өөрчлөлт, карбон кредит, сэргээгдэх эрчим хүчний чиглэлд хамтарч ажиллана.
  5. “Инженер, технологийн дээд боловсрол (MJEED)” буюу “1000 инженер”-ийн төслийн дараагийн үе шатыг хэрэгжүүлнэ.
  6. Японы улсын гадаад худалдааг дэмжих (ЖЕТРО) байгууллага манай улсад төлөөлөгчийн газраа нээнэ. Тус улсын хөрөнгө оруулагчид, ЖДҮ, технологийн компаниуд үйл ажиллагаа явуулах боломж бүрдэнэ.
  7. Хоёр шатлалтай "ЖАЙКА"-гийн ЖДҮ-ийг дэмжсэн зээлийг үргэлжлүүлнэ.
  8. "Буянт-Ухаа" нисэх буудлыг орон нутгийн нислэгт ашиглах менежментийг хийх, хурдан галт тэрэгний яриа хэлцлийг эрчимжүүлнэ.
  9. Японы "Aeronext Inc" компани монгол инженерүүдтэй хамтарч дрон үйлдвэрлэдэг, засварладаг тогтолцоог нэвтрүүлэхээр яриа хэлцлээ эхлүүлэв.
  10. Ногоон устөрөгчийн төсөл, чухал ашигт малтмалын салбарын хамтын ажиллагааг ярилцав. Ногоон санхүүжилтийг дэмждэг бүх байгууллагуудаар дамжуулан Монголд хэрэгжүүлэх том төслүүдийг санхүүжүүлнэ.
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Монгол, Японы хамтарсан төслүүдийн хэрэгжилтийн талаар хэлэлцэв

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд ЖАЙКА-ын Ерөнхийлөгч Танака Акихиког хүлээн авч уулзлаа. Уулзалт 2026 оны есдүгээр сарын 29-нд Токио хотноо болов.

Ерөнхий сайд Япон Улсын Засгийн газрын хөгжлийн албан ёсны тусламж Монгол Улсын ардчиллыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжихэд чухал хувь нэмэр оруулж ирснийг онцлов. Мөн ЖАЙКА судалгаанд тулгуурласан, үр өгөөжтэй төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж буйд талархал илэрхийллээ.

Талууд “Чингис хаан” олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төслийн хэрэгжилтийн талаар ярилцав. Ерөнхий сайд төслийг хэрэгжүүлэх хугацаанд “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлыг дотоодын нислэгт ашиглах, агаарын тээврийн салбарын тогтвортой үйл ажиллагааг хангах чиглэлээр хамтран ажиллах хүсэлт тавьжээ. ЖАЙКА-ын Ерөнхийлөгч уг төслийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв.

Мөн Улаанбаатар хотод газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулах төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах асуудлыг хэлэлцлээ. Энэ ажлыг Япон Улсын Засгийн газрын “POWERR Asia” санаачилгын хүрээнд эхлүүлэхэд ЖАЙКА дэмжлэг үзүүлэхээ мэдэгдэв.

Уулзалтаар чухал ашигт малтмалын чиглэлээр Япон Улсын Метал, эрчим хүчний аюулгүй байдлын байгууллага (ЖОГМЭК)-тай хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол Улсад Японы Гадаад худалдааг дэмжих байгууллагын (ЖЕТРО) төлөөлөгчийн газар байгуулах саналыг хэрэгжүүлэх талаар ярилцжээ.

Түүнчлэн дэд бүтцийн чадавхыг сайжруулах, хүний нөөцийг хөгжүүлэх, цахим аюулгүй байдлыг хангах төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцов. Эрүүл мэнд, байгаль орчин, нийгмийн хамгааллын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь ач холбогдолтой гэдэгт талууд санал нэгдлээ.

Япон Улсын Засгийн газар Монгол Улсад 1977–2025 онд зээл, буцалтгүй тусламж, техникийн хамтын ажиллагааны хүрээнд нийт 3.3 тэрбум ам.долларын дэмжлэг үзүүлжээ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох