Шударга мэдээ
УИХ: Ажлын хэсэг МУБИС-ийн үйл ажиллагаатай танилцав
Боловсролын ерөнхий хуулийн хэрэгжилттэй танилцаж, бүх шатны сургуулийн багшийн хомсдолыг бууруулах, үнэлэмжийг дээшлүүлэх болон төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн менежментийг сайжруулах асуудлыг судалж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүд өнөөдөр (2024.11.18) Монгол Улсын Боловсролын их сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа.
Монгол Улсын Боловсролын их сургуулийн багш бэлтгэх хөтөлбөрийн талаар тус сургуулийн ректор Ж.Батбаатар танилцуулав. Тэрбээр, МУБИС нь нийт 910 багш, ажилтантай, 2024-2025 оны хичээлийн жилд идэвхтэй 11212 суралцагчидтай үйл ажиллагаагаа явуулж байна гээд багш бэлтгэх тогтолцоо, хөтөлбөрийн үзэл баримтлал, багшлах гэрчилгээ олгох сургалт, гарааны багшийн чадамжийн хүрээ зэрэг үйл ажиллагааныхаа талаар онцлов. Боловсролын сайдын 2024 онд баталсан аргачлалын дагуу эрэлттэй, тэргүүлэх хөтөлбөрүүдийн үнэлгээг хийхэд сургуулийн өмнөх, бага боловсролын багш болон математик, мэдээлэл зүй, хими, биологи, физик, газар зүй, дуу хөгжим, нийгэм, сэтгэл зүй, тусгай хэрэгцээт сургуулийн багш нар хамгийн эрэлттэй мэргэжилд тооцогдож байгаа аж. Монгол Улсын хүн амын өсөлт, боловсролын салбарт үүсээд буй багшийн хомсдолыг арилгах, ерөнхий боловсролын сургуулийн 3 ээлжийг халах, шинээр ашиглалтад орж буй сургууль, цэцэрлэгт ажиллах багш бэлтгэх зэрэг асуудлыг шийдвэрлэхэд багш бэлтгэх бүхий л хөтөлбөрүүд 2030 он хүртэл эрэлттэй хэмээн тооцож байна.
Тус сургуулийн элсэлтийн хяналтын тооны гүйцэтгэл энэ хичээлийн жилд 86 хувьтай байгаа ажээ. Тухайлбал, Архангай аймаг дахь салбар сургууль энэ хичээлийн жил 185 элсэгч авахаас 149 элсэгч авснаар 81 хувийн гүйцэтгэлтэй байгаа бол Багшийн сургууль 350 элсэгчээс 393 элсэгч элсүүлж, 112 хувийн гүйцэтгэлтэй байгаа гэв. 2023 оны нийт төгсөгчийн 80 хувь нь мэргэжлээрээ ажиллаж байгаа бол 2022 оны төгсөгчдийн 76 хувь, 2021 оны төгсөгчдийн 71 хувь нь мэргэжлээрээ ажиллаж байгаа ажээ. Энэ хичээлийн жилд нийт суралцагчийн 45 хувь буюу 3818 оюутан 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэг, хөнгөлөлтөд хамрагдсан байна.
Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ж.Галбадрах, ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ажиллаж буй Улсын Их Хурлын гишүүн Д.Бум-Очир, Б.Хэрлэн, М.Бадамсүрэн, С.Зулпхар асуулт асууж, дээрх танилцуулгатай холбогдуулан тодруулга хийлээ. МУБИС-ийн ректор Ж.Батбаатар, Сургалт, хамтын ажиллагаа эрхэлсэн проректор Д.Соронзон болон салбар сургуулиудын захирлууд Улсын Их Хурлын гишүүдийн асуултад хариулж, цаашид авах арга хэмжээний талаар саналаа солилцлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Шударга мэдээ
ЦЕГ: Гадаад улсын виз гаргуулахтай холбоотой 176 залилах гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж байна
Цагдаагийн байгууллагад 2026 он гарснаас хойш гадаад улсын виз гаргуулахтай холбоотой нийт 176 залилах гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж байгаагаас зөвхөн “Бүгд найрамдах Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж иргэдийг залилсан 102 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.
Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг зөвхөн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар албан ёсоор бүртгэж, сонгон шалгаруулалт зохион байгуулан илгээдэг.
Тус байгууллага нь Е-9 визийн ангиллаар БНСУ-ын аж үйлдвэрийн салбарт ажиллах иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэл, сонгон шалгаруулалт, үр дүнгийн мэдээллийг албан ёсны сувгуудаар хүргэдэг бөгөөд энэ төрлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх цорын ганц эрх бүхий байгууллага юм.
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр /Е-9 визийн ангилал/ аж үйлдвэрийн салбарт ажиллах хүсэлтэй иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэлийг 2026 оны гуравдугаар сард зохион байгуулж эхэлсэн. Залилагч этгээдүүд "Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт ажилладаг", "Найдвартай виз гаргаж өгнө", "Дараалал харгалзахгүй явуулна" гэх мэт худал мэдээлэл тараан иргэдийг хуурч, их хэмжээний мөнгө залилан авах гэмт хэрэг гарсаар байгаа аж.
Энэхүү гэмт хэрэг нь жил бүрийн хавар, намрын бүртгэлийн үеүдэд идэвхэжсэн юм байна. Иймд иргэд та бүхэн БНСУ-ын хөдөлмөрийн гэрээт ажилтны бүртгэл, шалгалттай холбоотой мэдээллийг зөвхөн албан ёсны эх сурвалжаас авах, танил талаар дамжуулан виз гаргаж өгнө, шалгалтгүй явуулна гэсэн амлалтад итгэхгүй байх, урьдчилгаа төлбөр, үйлчилгээний хураамж нэрээр мөнгө шилжүүлэхээс татгалзах, сэжигтэй зар мэдээлэл, залилангийн шинжтэй үйлдлийн талаар цагдаагийн байгууллагад нэн даруй мэдэгдэхийг зөвлөлөө.
Шударга мэдээ
Боловсролын зээлийн сангийн зээлээс 10.2 тэрбум төгрөг эргэн төлөгджээ
Улсын ерөнхий прокурорын газрын 2023 оны тавдугаар сарын 29-ний өдрийн тогтоолоор “Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяа Боловсролын зээлийн сангаас төрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий этгээдүүд хууль бусаар тэтгэлэг авч, эргэн төлөөгүй” гэх гэмт хэргийн талаарх мэдээллийг шалгах ажлын хэсэг байгуулсан байна.
Ажлын хэсгээс хэрэг бүртгэлтийн 11, мөрдөн байцаалтын 2 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ. Үүнээс хэрэг бүртгэлтийн 1 хэргийг хааж, 1 хэргийг нэгтгэн, мөрдөн байцаалтын 1 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхээр шийдвэрлүүлсэн байна.
Одоогоор Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанд хэрэг бүртгэлтийн 1, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст 8 хэрэг шалгагдаж байгаа аж. Мөн яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай ирүүлсэн 1 хэрэг прокурорын хяналтын шатанд хянагдаж байна.
Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаанд холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлснээс хойш нийт 694 суралцагчаас 3,054,210 ам.долларын гадаад зээлийн эргэн төлөлт хийгджээ. Энэ нь одоогийн ханшаар 10.2 тэрбум төгрөгтэй тэнцэж байна.
Шударга мэдээ
Монгол, Швейцарын боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо
Боловсролын сайд Л.Энх-Амгалан Швейцарын Холбооны Улсын Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн газрын дарга, сайд Маркус Лайтнерыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр талууд Монгол, Швейцарын боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Өнгөрсөн хугацаанд Швейцарын Холбооны Улстай тогтвортой хөгжлийн боловсрол, мэргэжлийн боловсрол, сургалтын чиглэлээр төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж ирснийг уулзалтын үеэр онцлон дурдлаа.
Цаашид мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт түлхүү хамтран ажиллах боломжийг эрэлхийлэхээр болов.
Мөн Швейцарын Холбооны Улсын хэрэгжүүлдэг хүртээмжтэй боловсролын бодлогоос туршлага судлах зэрэг чиглэлээр талууд санал солилцлоо.
-
Цаг үе2024/09/20
Иргэдийн хүсэлтээр Багахангай дүүргийн “Хангай” сургуулийг хуваана
-
Шударга мэдээ2020/09/08
АШУҮИС-ийн Монгол-Япон эмнэлэг тусламж, үйлчилгээгээ өргөжүүлэн ажиллаж эхэллээ
-
Шударга мэдээ2022/05/06
Нийслэлийн цэрэг татлага өнөөдөр эхэлнэ
-
Улстөр нийгэм2021/05/08
АН-ынхныг зодолдуулж, ард түмнээр түрүү барьсан цуглааныг ТЭСО санхүүжүүлэв үү
