Шударга мэдээ
Дулааны V цахилгаан станцын тендерийг ирэх оны нэгдүгээр улиралд багтаан зарлана
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “20 минутын хот” концевцын хүрээнд ирэх жилүүдэд хийх бүтээн байгуулалтын ажлуудынхаа талаар олон нийтэд нээлттэй мэдээлэл өглөө.
Тодруулбал, 2024-2028 онд нийслэлд нийтийн тээвэрт их багтаамжийн олон төрөлт хэрэгсэл нэвтрүүлж, түгжрэлийг бууруулах хүрээнд хоёр түвшний замуудыг барьж, томоохон зах худалдааны төвүүдийн төлөвлөлтийг өөрчлөн гэр хорооллыг олон улсын жишигт нийцсэн байдлаар төлөвлөх ажлууд хийх юм. Ингэхдээ Улаанбаатар хотын Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг дараах таван үндсэн бүлэгт хувааж буй. Үүнд:
- Бүсчилсэн хөгжлийн бодлого
- Хүний хөгжлийн бодлого
- Эдийн засгийн бодлого
- Ногоон хөгжлийн бодлого
- Засаглалын бодлого
Хотын дарга Х.Нямбаатар “1954 онд Улаанбаатар хотын анхны ерөнхий төлөвлөгөө батлагдаж, 500 мянган хүнтэй байхаар төлөвлөгдөж байлаа. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод бүртгэлтэй хүн амын тоо 1.8 сая бөгөөд үүн дээр гадаад болон хөдөө орон нутгаас түр оршин сууж байгаа хүмүүсийн тоог авч үзвэл хоёр саяд хүрсэн. Ингэснээр анхнаасаа 500 мянган хүнд төлөвлөсөн эрчим хүч, дэд бүтэц, авто зам, шугам сүлжээний ачаалал хоёр сая хүнтэй хотын хэрэгцээг хангаж чадахаа больсон. Мөн өнгөрсөн жилүүдэд суурь асуудлаа шийдээгүй байж зөвхөн сонгуульд зориулж тууз хайчилж явсаар олон зүйлийг орхигдуулсан байна. Тодруулбал, 1984 оноос хойш Улаанбаатар хот нэг ширхэг ч эрчим хүчний эх үүсвэр нэмж бариагүй. Сүүлд 2014 онд Амгалангийн дулааны станцыг барьсан. Энэ жил өргөтгөсөн ч манай хот эрчим хүчний хувьд энэ өвлийг хэрхэн давах вэ гэсэн түгшүүртэй байна. Иймд нэн тэргүүнд эрчим хүч, дулаан хангамжийн эх үүсвэрийг нэмэгдүүлнэ” гэв.
Энэ хүрээнд Улаанбаатар хот анх удаа дотоодын бонд гаргаж Бөөрөлжүүтийн цахилгаан станцад хөрөнгө оруулсан. Улсын комисс хүлээн авсны дараа Улаанбаатар хотын төвийн эрчим хүчний системд 150 МВт-ээр нэмэгдэнэ. Дараа жил мөн 150 МВт нэмэгдэхээр гэрээ байгуулж, хөрөнгө оруулалт хийсэн юм. Мөн ирэх сарын эхний долоо хоногт багтааж 50 МВт хүчин чадалтай хуримтлуур станц Багануур дүүрэгт ашиглалтад орохоор төлөвлөж байна. Харамсалтай нь эдгээр станцууд ашиглалтад орсон ч Улаанбаатар хотын эрчим хүчний дутагдал арилахгүй. Тиймээс бидний хувьд хамгийн түрүүнд хийх ёстой ажил бол эрчим хүч болон дулаан хангамжийн эх үүсвэрээ нэмэх гэдгийг тэрбээр онцолж байлаа.
Түүнчлэн УБЕГ-аас V дулааны станц орон нутгийн өмчит компанийнхаа нэрийг авсан. Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, 300 МВт хүчин чадалтай дулааны цахилгаан станцын тендерийг ирэх оны нэгдүгээр улиралд багтаан зарлана. Байршлын хувьд II цахилгаан станцын ард байх бөгөөд энэ ажлыг нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай хариуцаж байгааг тодотгов.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Шударга мэдээ
Шатахууны нөөцийг нэмэгдүүлэх, доголдлыг арилгахад анхаарч байна
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахууны нөхцөл байдалтай холбогдуулан цаг үеийн асуудлаар ээлжит хэвлэлийн бага хурал хийлээ.
Тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв мэдээллийн эхэнд Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах шуурхай штаб нь богино хугацаанд нөөцийг нэмэгдүүлэх, доголдлыг арилгахад анхаарч ажиллаж байгааг онцоллоо.
Тэрбээр "Өнгөрсөн хоногт Улаанбаатар хотод 155 ШТС, орон нутгийн 80 ШТС-д түгээлт хийсэн байна. Улаанбаатар хотод автомашины тэгш, сондгой дугаараар хэрэглэгчдэд нэг удаа 50,000 төгрөг хүртэл автобензин олгох зохицуулалт хэрэгжиж байгаа бөгөөд зөөврийн саванд олгохгүй. Энэ нь аюулгүй байдлыг хангах үүднээс болон дамлан худалдахаас сэргийлж буй юм. Орон нутгийн иргэд намрын ургац хураалт, хадлантай холбоотой ШТС-уудаар зөөврийн саваар автобензин авч болно. Улаанбаатар хотод автомашины тэгш, сондгой дугаараар хэрэглэгчдэд нэг удаа 50,000 төгрөг хүртэл автобензин олгох зохицуулалт энэ сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд энэ үед нөөцийг хэвийн болгох, хэвийн горимоор ажлаа үргэлжүүлнэ гэж найдаж байна. Шатахууны нөөцийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тогтворжуулах хүрээнд бусад эх үүсвэрийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч байна. Замын-Үүд боомтоор 2000 тонн дизель түлш орж ирсэн бөгөөд шилжүүлэн ачих ажиллагаа хийгдэж байна" гэлээ гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээллээ.
Шударга мэдээ
Шатахууны импортын гаалийн албан татварыг 2027 оны хоёрдугаар сарын 1 хүртэл тэглэнэ
Засгийн газрын 2026 оны наймдугаар сарын 5-ны өдрийн ээлжит хуралдаанд “Автобензин, дизель түлшний онцгой албан татварын тухай” асуудлыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням танилцууллаа.
Монгол Улс 2026 оны наймдугаар сард ОХУ-ын “Роснефть”, “Нефтьхимисервис”, “Газпром нефть” болон бусад компани, БНХАУ, БНСУ-аас нийт 86,460 тонн АИ-92 автобензин, 1,280 тонн АИ-95 автобензин, 178,650 тонн дизель түлш, 7,000 тонн онгоцны түлш авахаар захиалгаа баталгаажуулж, гэрээ байгуулжээ.
Ойрх Дорнод дахь геополитикийн нөхцөл байдал, Орос, Украины дайнаас шалтгаалсан газрын тосны үнийн өсөлт дэлхийн зах зээлд буураагүй байна. Үүний улмаас наймдугаар сард хил үнэ тонн тутамд дахин өсөж, ОХУ болон бусад эх үүсвэрээс худалдан авах шатахууны үнэ 1,200-2,000 ам.долларт хүрчээ.
Иймд дотоодын зах зээл дэх үнийн өсөлтийг сааруулахын тулд гаалийн болон онцгой албан татварыг тэглэх шаардлага үүссэнийг салбарын сайд танилцуулсан байна.
Ерөнхий сайд Н.Учрал ОХУ шатахууны бүх төрөлд экспортын хориг тавьсан ч Монгол Улс уг хоригт хамрагдахгүй гэдгийг онцоллоо. Мөн БНХАУ, БНСУ-аас шаардлагатай түлш, шатахуун нийлүүлэхээр тохиролцсон байна.
Тэрбээр шатахууны нөөц, түгээлтийн мэдээллийг иргэдэд ил тод хүргэж, 33 жилийн дараа анх удаа хэрэгжиж буй шатахуун нөөцлөх 22 сав, агуулахын барилгын ажлын явцыг Засгийн газар болон олон нийтэд тогтмол мэдээлэхийг үүрэг болгожээ.
“Газрын тосны бүтээгдэхүүний хомсдолоос сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолоор бүх төрлийн шатахууны импортын гаалийн албан татварыг 2027 оны хоёрдугаар сарын 1 хүртэл тэг хувиар тогтоолоо.
Мөн газрын тосны бүтээгдэхүүн, шатахууныг хилээр шуурхай нэвтрүүлэх, тээвэрлэх, буулгах, гадаад вагонцистерний ашиглалтын төлбөр, хураамжийг хөнгөвчлөх, шаардлага хангасан зөвшөөрлийн хүсэлтийг түргэн шийдвэрлэх, шатахууны нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.
Шударга мэдээ
Нөөцийн махны хяналтын тогтолцоог шинэчилнэ
-
Цаг үе2020/06/27
Дараах газруудад ирэх сарын 9-нийг хүртэл халуун ус хязгаарлана
-
Цаг үе2025/09/24
"Халзан бүрэгтэй" орд газрын асуудлаар төрийн байгууллагууд, шинжээчид дүгнэлт, ...
-
Улстөр нийгэм2024/03/27
Бартаат замын туулах чадвар сайтай 16 автомашиныг хамгаалалтын 7 захиргаанд хүлэ...
-
Цаг үе2026/02/27
Д.Мөнхбаатар: Ирэх сарын 1-нээс “Сайн” карт ашиглахыг зогсоож, түлш худалдан...
