Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Ж.Галбадрах: Багшийн хомсдолыг арилгахгүйгээр боловсролын салбарт хийх хөгжил, шинэчлэлд ахиц гарах боломжгүй

Огноо:

,

Боловсролын ерөнхий хуулийн хэрэгжилттэй  танилцах, хэрэгжилтийг хангах, багшийн хомсдолыг арилгах, багшийн үнэлэмжийг сайжруулах асуудлыг судалж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ж.Галбадрах ахалж байна. Түүнтэй уулзаж ярилцлаа.

-Боловсролын ерөнхий хуулийн хэрэгжилттэй хэрхэн танилцахаар ажиллаж байна вэ?
-Боловсролын ерөнхий хууль батлагдаж хэрэгжиж эхлээд дөнгөж жил гаруй болж байна. УИХ хууль тогтоох үйл ажиллагаанаас гадна хуулийн хэрэгжилтэд хяналт тавих үндсэн чиг үүргээ биелүүлэх ёстой. Боловсролын ерөнхий хуулийн хэрэгжилтэд тулгамдсан олон асуудал бэрхшээл үүсч байна. Нэн тэргүүнд багш нарын хомсдол салбарын эмгэнэл болоод байна. Боловсролын сайд 8 дугаар сарын сүүлээр 4200 багш дутагдаж буйг зарласан. Энэ бол сургуулиудаас авсан тоо. Бид цөм хөтөлбөрт тусгасан цагийн дагуу сургууль бүрийн бүлгийн тоонд үндэслэн багшийн тоог гаргахад 7600 багш дутагдалтай гэсэн тооцоолол гарсан. Цаашид сургуулийн норм нормативийг мөрдүүлэх, сургууль шинээр байгуулах тохиолдолд багшийн хомсдол улам л нэмэгдэхээр байна. Багшийн нарын хомсдолыг арилгахгүйгээр боловсролын салбарын хөгжил, шинэчлэлд ахиц гарах тухай ярих боломжгүй юм. Манай ажлын хэсэг хамгийн олон гишүүнтэй бөгөөд бид багш нарын хомсдолыг арилгах, багшийн үнэлэмжийг сайжруулах чиглэлд илүү анхаарч ажиллана. Санал, дүгнэлтээ хаврын чуулганаар танилцуулах болно.
-Хуулийн хэрэгжилттэй танилцаад Боловсролын ерөнхий хуульд өөрчлөх  санал гаргах боломжтой юу?
-Хуульд өөрчлөлт оруулах тухай биш, хэрэгжилтийн алдаа, оноог хянах чиглэлээр ажлын хэсэг ажиллана гэдгийг онцолж хэлье. Ажлын хэсэг тулгамдсан асуудлуудыг маш сайн сонсож, бодит нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцах чиглэлийг баримтлаж байна. Жишээлбэл,  сум орон нутгийн ерөнхий боловсролын сургуулийн 6, 7 настны сургалтын талаар гишүүдийн гаргасан санал санаачлагыг  багш нар, эцэг, эхчүүдтэй хамтран ярилцахаар төлөвлөж байна. Мөн ажлын хэсэг МУБИС зэрэг багш бэлтгэж буй их, дээд сургуульд дээр очиж, багш бэлтгэх бодлого, хяналтын тоог хэрхэн хангаж буй талаар мэдээлэл сонсож, оюутнуудтай уулзалт хийнэ. Энэ мэтчилэн боловсролын шат шатны байгууллагад очиж ажиллан бодит шийдэл гаргах нь үр дүнтэй хэмээн үзэж байна.
-Та боловсролын салбарын хөрөнгө оруулалтад шүүмжлэлтэй хандаж байсан. Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх ямар боломж байна гэж харж байна вэ?
-Эдийн засаг өсч, төсөв тэлж байгаа үед боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг цаг алдалгүй нэмэгдүүлэх шаардлагатай байна. Өнөөдөр улсын хэмжээнд 40-өөс дээш тооны хүүхэдтэй 4860 бүлэгт 214 мянган гаруй хүүхэд суралцаж байна. Бүр 60 давсан хүүхэдтэй бүлэг 8 байна. Ер нь 1800-аас дээш хүүхэдтэй даац хэтэрсэн сургуульд сургалт хэвийн явуулах боломжгүй, энэ нь эргээд сургалтын чанарт сөргөөр нөлөөлж байгаа. Улсын хэмжээнд ийм даац хэтэрсэн 124 сургуульд 368 мянган гаруй хүүхэд суралцаж байна. Энэхүү бүлэг дүүргэлт болон сургуулийн даац хэтэрсэн нөхцөлийг хэвийн болгохын тулд бидний хийсэн тооцоогоор даруй 150 сургууль шинээр барих зайлшгүй шаардлагатай байна. Тиймээс боловсролын салбарт хөрөнгө оруулалт маш  чухал байгаа тул ирэх 4 жилд Засгийн газрын хэрэгжүүлж эхлэхээр төлөвлөж буй 14 мега төсөл дээр нэмээд 15 дахь мега төслийг боловсролын салбарт хэрэгжүүлэх ёстой гэж үзэж байгаа.  
-Багшийн хомсдлыг шийдэх ямар гарц байна гэж та үзэж байгаа вэ?
Багшийн хомсдлыг бууруулахын тулд  тэдний үнэлэмжийг нэмэгдүүлэх, нийгмийн баталгааг хангах нь хамгийн оновчтой шийдэл юм. Хөдөө орон нутагт багшийн хомсдол маш их байна. Тухайн аймаг, сум, дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн шилдэг төгсөгчийг багш мэргэжил эзэмшээд эргээд төрөлх сургуульдаа багшлах тохиолдолд сургалтын төлбөрийг 100 хувь хөнгөлөх,  суралцах хугацаанд амьжиргааны тэтгэлэг олгох, 5 жил тасралтгүй үр бүтээлтэй ажиллавал гадаадад магистрт суралцуулах, ипотекийн зээлийн хөнгөлөлт үзүүлэх зэргээр багш нарын нийгмийн асуудлыг шийдэх талаар төр дорвитой шийдвэр  гаргах  ёстой хэмээн үзэж байна.
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Ерөнхий сайд Н.Учрал: Хөрөнгө оруулагчдад тулгарч буй саад бэрхшээлийг арилгана

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс дахь албан ёсны айлчлалынхаа хүрээнд /2026.09.30/ Японы бизнес эрхлэгчидтэй уулзалт хийж, хөрөнгө оруулагчдын санал хүсэлтийг хүлээн авч, шуурхай шийдвэрлэхээ илэрхийллээ.  

Монголд хөрөнгө оруулагч Япон компаниуд төсөл, хөтөлбөрөө Ерөнхий сайдад танилцуулсан юм. Тухайлбал, Aeronext  компани 2023 оноос хойш ЖАЙКА-ын санхүүжилтээр Монголд дроноор цус тээвэрлэж эхэлжээ. Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс 23 байршилд дроноор цус хүргэдэг. Цаашид Монголд дрон үйлдвэрлэдэг, засварладаг болохоор ажиллаж байна. Үүнийг бодит ажил хэрэг болгоход Монгол Улсын Засгийн газар дэмжлэг үзүүлж ажиллахыг хүслээ. 

Мөн чухал ашигт малтмалын чиглэлээр хамтран ажиллах өргөн боломж байгааг Японы талаас онцолсон.  2016 онд хүчин төгөлдөр болсон Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд Японы тал Монгол Улсаас худалдан авалт хийх нь чухал гэдгийг илэрхийлэв.

Ерөнхий сайд Н.Учрал Монголд бизнес эрхлэхэд тулгарч буй саад бэрхшээлийг арилгахад Засгийн газар шуурхай анхаарч ажиллана гэдгийг илэрхийлэв. Мөн Японы банк санхүүгийн салбарын төлөөлөл бодит сонирхлоо илэрхийлбэл нягт хамтран ажиллахад бэлэн гэлээ.  

Ирэх онд тохиох Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг шинэ бизнесийн түншлэлээр угтах нь нэн чухал.  Монгол Улсад Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага (ЖЕТРО) хөрөнгө оруулалтыг бодит ажил болгоход чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байгааг тодотгов. Монгол Улсад ЖЕТРО-ын Төлөөлөгчийн газар байгуулах талаар ярилцав. 

Монгол Улсын Засгийн газар хувийн хэвшлийг дэмжих, бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, зөвшөөрлийн шат дамжлагыг бууруулах, хөрөнгө оруулагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан тогтвортой, өрсөлдөх чадвартай орчныг бүрдүүлэхэд тусгайлан анхаарал хандуулж байгааг Ерөнхий сайд Н.Учрал онцоллоо.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын Япон улс дахь албан ёсны айлчлалын үр дүн

Огноо:

,

“Чингис хаан" олон улсын нисэх буудлын өргөтгөлийн 158.3 тэрбум иенийн хөгжлийн санхүүжилтэд гарын үсэг зурав. Жилд хүлээн авах зорчигчийн хүчин чадал 1.6 саяас 5.2 саяд хүрч, 3.2 дахин нэмэгдэнэ. 

  1. Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад хамтарна. Монгол Улс 1 сарын хэрэглээгээ нөөцлөх түлш, шатахууны савтай болно.
  2. Давхар татвар, Нийгмийн хамгааллын хэлэлцээр байгууллаа.
  3. Монгол Улсаас Япон улс руу чиглэсэн экспортын бараа, бүтээгдэхүүнийг нэмэгдүүлнэ.
  4. Япон улсын ”POWERR Asia” санаачилгын хүрээнд уур амьсгалын өөрчлөлт, карбон кредит, сэргээгдэх эрчим хүчний чиглэлд хамтарч ажиллана.
  5. “Инженер, технологийн дээд боловсрол (MJEED)” буюу “1000 инженер”-ийн төслийн дараагийн үе шатыг хэрэгжүүлнэ.
  6. Японы улсын гадаад худалдааг дэмжих (ЖЕТРО) байгууллага манай улсад төлөөлөгчийн газраа нээнэ. Тус улсын хөрөнгө оруулагчид, ЖДҮ, технологийн компаниуд үйл ажиллагаа явуулах боломж бүрдэнэ.
  7. Хоёр шатлалтай "ЖАЙКА"-гийн ЖДҮ-ийг дэмжсэн зээлийг үргэлжлүүлнэ.
  8. "Буянт-Ухаа" нисэх буудлыг орон нутгийн нислэгт ашиглах менежментийг хийх, хурдан галт тэрэгний яриа хэлцлийг эрчимжүүлнэ.
  9. Японы "Aeronext Inc" компани монгол инженерүүдтэй хамтарч дрон үйлдвэрлэдэг, засварладаг тогтолцоог нэвтрүүлэхээр яриа хэлцлээ эхлүүлэв.
  10. Ногоон устөрөгчийн төсөл, чухал ашигт малтмалын салбарын хамтын ажиллагааг ярилцав. Ногоон санхүүжилтийг дэмждэг бүх байгууллагуудаар дамжуулан Монголд хэрэгжүүлэх том төслүүдийг санхүүжүүлнэ.
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Монгол, Японы хамтарсан төслүүдийн хэрэгжилтийн талаар хэлэлцэв

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд ЖАЙКА-ын Ерөнхийлөгч Танака Акихиког хүлээн авч уулзлаа. Уулзалт 2026 оны есдүгээр сарын 29-нд Токио хотноо болов.

Ерөнхий сайд Япон Улсын Засгийн газрын хөгжлийн албан ёсны тусламж Монгол Улсын ардчиллыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжихэд чухал хувь нэмэр оруулж ирснийг онцлов. Мөн ЖАЙКА судалгаанд тулгуурласан, үр өгөөжтэй төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж буйд талархал илэрхийллээ.

Талууд “Чингис хаан” олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төслийн хэрэгжилтийн талаар ярилцав. Ерөнхий сайд төслийг хэрэгжүүлэх хугацаанд “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлыг дотоодын нислэгт ашиглах, агаарын тээврийн салбарын тогтвортой үйл ажиллагааг хангах чиглэлээр хамтран ажиллах хүсэлт тавьжээ. ЖАЙКА-ын Ерөнхийлөгч уг төслийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв.

Мөн Улаанбаатар хотод газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулах төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах асуудлыг хэлэлцлээ. Энэ ажлыг Япон Улсын Засгийн газрын “POWERR Asia” санаачилгын хүрээнд эхлүүлэхэд ЖАЙКА дэмжлэг үзүүлэхээ мэдэгдэв.

Уулзалтаар чухал ашигт малтмалын чиглэлээр Япон Улсын Метал, эрчим хүчний аюулгүй байдлын байгууллага (ЖОГМЭК)-тай хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол Улсад Японы Гадаад худалдааг дэмжих байгууллагын (ЖЕТРО) төлөөлөгчийн газар байгуулах саналыг хэрэгжүүлэх талаар ярилцжээ.

Түүнчлэн дэд бүтцийн чадавхыг сайжруулах, хүний нөөцийг хөгжүүлэх, цахим аюулгүй байдлыг хангах төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцов. Эрүүл мэнд, байгаль орчин, нийгмийн хамгааллын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь ач холбогдолтой гэдэгт талууд санал нэгдлээ.

Япон Улсын Засгийн газар Монгол Улсад 1977–2025 онд зээл, буцалтгүй тусламж, техникийн хамтын ажиллагааны хүрээнд нийт 3.3 тэрбум ам.долларын дэмжлэг үзүүлжээ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох