Цаг үе
Төрийн банк “Модыг мод(а) болгоё” аяны хүрээнд намрын мод тарилтаа хийлээ
Төрийн банк “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэн, “Модыг мод(а) болгоё” уриан дор “Ажилтан бүр нэг мод” зорилтот аяныг 2021 онд эхлүүлснээс хойш жил бүр хавар, намрын улиралд орон даяар мод тарих ажлыг зохион байгуулдаг уламжлалтай.
Энэ удаагийн намрын мод тарилтын аяны хүрээнд Төрийн банкны ажилтнуудын төлөөлөл 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд банкны ажилтнуудын төлөөлөл “тэхийн шээг” модны суулгацыг суулгалаа.
Тэхийн шээг нь жимсний бутлаг мод бөгөөд эрс тэс, хүйтэн уур амьсгалд хамгийн тэсвэртэй, усны нөөцийг нэмэгдүүлдэг, цэцэрлэгжүүлэлт, болон гоёл чимэглэлд тохиромжтой зэрэг олон талын ач холбогдолтой аж. Өнгөрсөн жилүүдэд Төрийн банкны хамт олон Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Бумбатын булаг, Богд ууланд ногоон төгөлтэй болж экологийн ач холбогдол бүхий 33 нэр төрлийн модлог ургамлыг тарьж ургуулсан юм.
“Модыг мод(а) болгоё” аяны хүрээнд Төрийн банкны нийт 500 орчим салбар нэгж тус бүр өөрсдийн үйл ажиллагаа явуулж буй 21 аймаг 9 дүүрэг 330 суманд мод тарих ажлыг өрнүүлж цаашдын арчилгаа, усалгааг хариуцан ажилладаг байна. Төрийн банкны хамт олон одоогийн байдлаар нийт 30,000 гаруй модыг тарьж ургуулаад байгаа төдийгүй 2030 он гэхэд 100,000 мод тарьсан байх зорилт тавиад байгаа билээ.
Төрийн банк нь 2013 оноос эхлэн ТоС хөтөлбөр болон Тогтвортой санхүүжилтийн холбоонд элсэн орж байгаль орчин, нийгмийн эрсдэлийн үнэлгээг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд Тогтвортой хөгжлийн 17 зорилтод банкны бүх төрлийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээг нийцүүлэн, цаашлаад энэ чиглэлээр мэргэжлийн зөвлөх үйлчилгээ авч, олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн банкны хүлэмжийн хийн ялгарлыг тооцож бууруулахаар ажиллаж байна.
Түүнчлэн модыг тарихаас гадна арчилгаа, усалгааг цаг тухай бүрд нь хийж хөрсөндөө дасан зохицох хүртэл нь онцгой анхаарал хандуулан тарьсан модоо чанартай сайн ургуулах, насжилтыг уртасгах нь хамгийн чухал тул Төрийн банкны зүгээс бүх нийтээр мод тарих өдрүүдээр мод тарьж, түүнийгээ тогтмол арчилж байхыг олон нийтэд уриалж байна.
Цаг үе
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Цаг үе
Шадар сайд Н.Номтойбаяр Улсын онцгой комиссын шийдвэрийг танилцууллаа
Монгол Улсын Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу Улсын онцгой комисс 2026.10.09 хуралдлаа. Хуралдааны шийдвэрийг Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Н.Номтойбаяр танилцуулав.
ОХУ-ын Эрхүү хотод тарваган тахалтай холбоотой байж болзошгүй нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан Улсын онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Өнгөрсөн шөнө ОХУ-ын Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, хүний сайн сайхан байдал, эрүүл мэнд, эрүүл ахуйн асуудал хариуцсан холбооноос албан ёсны хариу иржээ. Шинжилгээний дүнгээр Ковид-19 болон риновирусын тус тус хоёр тохиолдол илэрсэн. Бусад аюултай халдварт өвчний шинж илрээгүй гэв.

Шадар сайдын өгсөн мэдээллээр баавгай суурьшлын бүсэд орж ирсэн дуудлага мэдээлэл 557 ирсэн, есөн баавгайг аюулгүй болгожээ. Шадар сайд Н.Номтойбаяр амиа алдсан иргэний ар гэрт Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын нэрийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийллээ.
Засгийн газрын тогтоол гарч, Амьтны тухай хууль, Хил хамгаалах тухай хууль, Эрүүгийн хуулийг тус тус үндэслэн тусгайлан тогтоосон бүсэд баавгай агнах зөвшөөрөл олгох шийдвэр гарчээ. Тогтоосон байршлаас өөр газар, өөр зорилгоор ан агнасан тохиолдолд Эрүүгийн хууль үйлчлэхийг анхааруулж,хяналтаа сайжруулахыг орон нутгийн удирдлагуудад үүрэг, даалгавар өгсөн байна.
Мал, амьтны гоц халдварт ямааны годрон өвчнөөс сэргийлэх, зайлшгүй шаардлагаар хэрэглэх вакцин үйлдвэрлэх, нөөц бүрдүүлэхэд шаардагдах санхүүжилтийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэсэн. Малын гоц халдвар өвчлөлтэй холбоотой асуудлаар малчид сонор сэрэмжтэй, хариуцлагатай байх шаардлагатайг Шадар сайд тэмдэглэлээ. Өвчний халдварын голомтыг таслан зогсоох зорилгоор устгасан малын тоо, малчин өрхийн мэдээллийг нарийвчлан гаргаж, малчдыг хохиролгүй болгох, цаашлаад буруутай этгээдээр хохирлыг төлүүлнэ гэлээ. Мөн аль болох устгал хийхгүй, малыг эрүүлжүүлэхэд анхаарч ажиллаж байгааг хэлэв.

Цаг үе
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Суурьшлын бүсэд хүрэн баавгай орж ирж, эрдэнэт хүний амь нас хохирсон эмгэнэлт явдал тохиолоо. Амь насаа алдсан иргэний ар гэр, төрөл төрөгсдөд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс Ерөнхий сайд гүн эмгэнэл илэрхийлэв.
Хүний амь нас, эрүүл мэндэд аюул учруулж буй нөхцөл байдалтай холбогдуулан иргэдийн аюулгүй байдлыг хамгаалж, эрсдэлийг бууруулах шуурхай арга хэмжээ авч, салбар хоорондын нэгдсэн зохион байгуулалтаар хангаж ажиллахыг Улсын Онцгой комисс, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яамны удирдлагуудад /2026.10.09/ үүрэг болголоо
Баавгай хүний аминд хүрч хөнөөж байхад хууль, дүрэм өөрчилье гэж ярьж, хугацаа алдах эрх бидэнд байхгүй. Эрх зүйн өөрчлөлтөөс өмнө одоо байгаа хуулийн хүрээнд иргэдээ хамгаалж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг шуурхай авч ажиллахыг анхааруулав.

Цагдаа, дотоодын цэрэг, зэвсэгт хүчин, байгаль хамгаалагч, мэргэжлийн анчдын багийг эрсдэлтэй байршлуудад илгээх, мэргэжлийн байгууллагуудыг 24 цаг ажиллууллах, Улсын Онцгой комисс иргэдэд шаардлагатай мэдээллийг өдөр бүр хүргэж ажиллахыг даалгалаа.
Иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах болон баавгайг барих, тээвэрлэх, тохиромжтой нутагт нутагт шилжүүлэн тавих арга хэмжээг шуурхай зохион байгуулахыг холбогдох албан тушаалтнуудад даалгасан, баавгайн унтуулгын буу, эм, урвалж бодис, багаж хэрэгслийг хил, гаалиар оруулж ирэх асуудлыг шуурхайн зохион байгуулахад шаардлагатай нэг тэрбум төгрөгийн санхүүжилтийг Засгийн газар шийдвэрлэсэн. Хэрэгжилтэд нь анхаарч ажиллах, техник, технологийн дэвшлээр баавгайн тоо толгойн мэдээллийг гаргахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.


-
Цаг үе2026/07/01
“Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
-
Цаг үе2020/09/04
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан
-
Урлаг спорт2020/10/23
“World Naadam Center” төслийн концепц, загвар зураг боловсруулах ура...
-
Цаг үе2026/04/13
Баянзүрх усан спорт цогцолборын ойр орчмын борооны ус зайлуулах шугам угсралтын ...
