Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Уул уурхайн олборлолтын улмаас эвдэрсэн 10 мянган га талбайг нөхөн сэргээжээ

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх уул уурхайн олборлолтын  улмаас эвдэрч, олон жил эзэнгүй орхигдсон 8,000 га газрыг 2020-2024 онд нөхөн сэргээх үүргийг Ерөнхий сайд байхдаа өгч байсан. Тэр бээр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэр, Нарийны ам хэмээх газарт ажиллаж, тухайн үед өгч байсан үүрэг, даалгаврынхаа хэрэгжилтийн явцыг шалгалаа. 

2020 онд Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас улсын хэмжээнд тооллого явуулахад 30 мянга гаруй га талбай эвдрэлд орсны 29 орчим мянган га нь уул уурхайн ашиглалтын улмаас  эвдэрсэн. Ялангуяа 8,000 га талбайг нэн тэргүүнд нөхөн сэргээх шаардлагатай гэсэн дүгнэлт гарч байлаа.

Тухайн үед Ерөнхий сайд У.Хүрэлсүх хариуцлагагүй уул уурхайтай тэмцэж, ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын 938 тусгай зөвшөөрлийг цуцлан, эвдэрч сүйдсэн талбайг нөхөн сэргээхийг салбарын яам, ажилтнуудад үүрэг болгож байсан юм.

Тухайлбал Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө “Уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрч, олон жил орхигдсон 8,000 га талбайг нөхөн сэргээнэ” гэсэн зорилт тусгаж байлаа. 

БОАЖЯ-аас Монгол Улсын Шадар сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдын “Нэгдсэн арга хэмжээ зохион байгуулах тухай” хамтарсан тушаал батлуулж, “Нөхөн сэргээлт-2024” нэгдсэн арга хэмжээг хэрэгжүүлж эхэлсэн юм.

Энэ хүрээнд 2020-2023 онд нийт 9,773 га талбайд техникийн, 2,549 га талбайд биологийн нөхөн сэргээлт хийсэн байна.

2020 оноос өмнө улсын хэмжээнд жилдээ 1,000 хүрэхгүй га талбайд нөхөн сэргээлт хийж байсан бол 2020 оноос эрс нэмэгдэж, жил бүр 2,000 га-аас дээш талбайг нөхөн сэргээж иржээ.

Өөрөөр хэлбэл 2018 онд түүхэндээ хамгийн их буюу 912 га талбайд, 2020 онд 1,973 га, 2021 онд 2,123 га, 2022 онд 2,189 га, 2023 онд 3,488 га талбайг нөхөн сэргээсэн байна.

“Нөхөн сэргээлт-2024” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Ялбагийн хөндийн ууланд нуусан, манаач айлын гадаа үлдээсэн, эзэнгүй орхисон нийт 57 экскаватор, ковш, бульдозер, алт угаах төхөөрөмж, ачааны автомашин, техник хэрэгслийг журамлаж, хяналтад хүлээлгэн өгч, эвдэрсэн газрын экологи, эдийн засгийн хохирлыг тооцуулжээ.

БОАЖЯ ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж, байгууллагын тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хянаж батлахдаа эвдэрч, эзэнгүй орхигдсон газруудад техникийн нөхөн сэргээлт хийх талаар тусгаж байсан нь үр дүнгээ өгчээ.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нийгмийн хариуцлагын болон биологийн олон янз байдлыг дүйцүүлэн хамгаалах ажлын хүрээнд 2021-2024 онд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутгийн эвдрэлд орсон 2,000 гаруй га талбайг нөхөн сэргээхэд 42 орчим тэрбум төгрөг зарцуулаад байна.

2022-2023 онд 1,230 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийсэн бол 2024 онд 777 га талбайн 480 га-г нь нөхөн сэргээгээд байна.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэж 100 сая мод тарьж, ургуулахаа амласан “Оюу толгой” ХХК дүйцүүлэх хэлбэрээр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Ялбагийн хөндийд 400 га талбайг, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын нутагт 215 га талбайг нөхөн сэргээжээ.

Цаашид:

  • Ойн сан, усан сан, биологийн олон янз байдал бүхий онцгой ач холбогдолтой газар, нутагт хууль бус уул уурхай, бичил уурхайн улмаас эвдрэлд орсон газруудад техникийн болон биологийн нөхөн сэргээлтийг бүрэн хийлгэж, ойжуулах,
  • Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт заасан “Уул уурхайн нөхөн сэргээлтийн чанар, хяналтыг сайжруулж, нөхөн сэргээлт хийгээгүй хуулийн этгээдэд ногдуулах хариуцлагыг чангатгана” зорилтын хүрээнд биологийн нөхөн сэргээлтийг эрчимжүүлэхэд онцгой анхаарах,
  • 1980-2010 он хүртэлх хугацаанд алт олборлож байсан, үлдэгдэл нөөцтэй гэх шалтгаанаар нөхөн сэргээлт хийлгэхгүй байгаа газруудын асуудлыг яаралтай шийдвэрлэж, нөхөн сэргээлт хийлгэх,
  • Ашигт малтмалыг хууль бусаар олборлоход ашиглаж байгаа техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг хэний өмчлөлд байгаагаас үл хамааран хураан авч улсын орлого болгох, стандарт, технологид нийцэхгүйг нь ашиглуулахгүй байхтай холбогдсон хууль, эрх зүйн зохицуулалт хийх,
  • Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх талаарх одоогийн зохицуулалтыг дордуулахгүй байх,
  • Бичил уурхайгаар ашигт малтмал олборлохыг үе шаттай хориглох,
  • Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үүргээ хариуцлагатай, санаачилгатай хэрэгжүүлж байгаа, байгальд ээлтэй үйл ажиллагаа эрхэлдэг уул уурхайн аж ахуйн нэгж, байгууллагыг урамшуулах тогтолцоо бий болгох шаардлагатай гэж салбарын яам үзэж байна.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Ерөнхий сайд Н.Учрал Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн барилаа

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу яаралтай горимоор хэлэлцүүлэхээр УИХ-ын дарга С.Бямбацогтод өргөн барилаа. 

Ерөнхий сайд “Бизнесийн эрх чөлөөний тухай анхдагч хууль бол Засгийн газрын “Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт”, “Чөлөөлье” бодлогыг амилуулж биежүүлэх хууль” гэдгийг онцлов. 

Засгийн газраас Бизнесийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төсөл, түүнийг дагалдуулан Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон бусад холбогдох хуулийн төслийг боловсрууллаа.

Монгол Улсад бизнес эрхлэхтэй холбоотой харилцааг шууд болон шууд бус хэлбэрээр зохицуулсан 360 гаруй хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаа ч бизнесийн үйл ажиллагааны явцад төр болон бизнес эрхлэгчдийн хооронд баримтлах зарчмууд тухайлбал, хуулиар хориглосноос бусад тохиолдолд бизнесийн үйл ажиллагааг чөлөөтэй эрхлэх, бизнесийн тогтвортой байдлыг хангах, төр, хувийн аж ахуй нэгжүүдтэй өрсөлдөхгүй байх, төрийн оролцоог бууруулах зэрэг суурь зарчмуудыг тусгасан нэгдсэн хууль байхгүй байна.

Энэ төсөл нь хууль зүйн тодорхой байдал, төрийн хариуцлагыг нэмэгдүүлж, захиргааны дарамт багасах, төрийн үйлчилгээний чанар сайжрах нөхцөлийг бүрдүүлж, бизнесийн үйл ажиллагааг чөлөөтэй эрхлэх,  хөрөнгө оруулалт нэмэгдэх, эдийн засгийн өсөлт, ажлын байр нэмэгдэхэд дэмжлэг үзүүлнэ.

Хөрөнгө оруулалтын тухай хуульд оруулж буй гол өөрчлөлтүүд нь хөрөнгө оруулагчдаас төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан гомдлыг хүлээн авч, судалж, гомдлыг барагдуулах талаар нэгдсэн тогтолцоог бий болгосон байна.

Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон түүнтэй холбогдуулан боловсруулсан бусад салбарын хуулиудад оруулсан гол өөрчлөлт нь зөвшөөрлийн тогтолцоог цахим хэлбэрт шилжүүлэх, эрсдэл багатай зарим үйл ажиллагааг зөвшөөрөл авах бус мэдэгдлийн үндсэн дээр эрхлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх, зөвшөөрөл олгох, сунгах ажиллагааг хялбаршуулах, бизнес эрхлэгчид тавигдах зарим давхардсан болон хүндрэлтэй шаардлагыг бууруулах чиглэлээр зохицуулалт тусгагджээ. 

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Д.Батлут, Л.Мөнхбаясгалан, С.Эрдэнэбат, Л.Энхнасан нараас Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв.

Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан Ахмадуудад тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд бусад асуудлын талаарх хуулийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудалд санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгээс тэдний хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд чиглэсэн агуулгатай уг хуулийн төслийг өргөн мэдүүлж буйг Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа энэ үеэр онцолсон.

Тэрбээр 2024 онд батлагдсан Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, тэдний  хөдөлмөр эрхлэх нөхцөл бололцоог бүрдүүлсэн. Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиудад аж ахуйн нэгж, байгууллага 50-аас дээш ажилтантай бол тэдний хоёр хувьд ахмадуудыг ажиллуулах, улмаар ахмадууд хөдөлмөрийн гэрээ, ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах бол ажилтны хүсэлтээр ажил олгогч аль аль нь тэтгэврийн шимтгэл төлөхгүй байж болно гэсэн зохицуулалт үйлчилж байгааг дурдлаа.

Гэсэн хэдий ч Нийгмийн даатгалын ерөнхий хууль энэ заалтыг зөвхөн өндөр насны тэтгэврийг 20-оос доошгүй жил шимтгэл төлсөн 65 нас хүрсэн ахмадыг хэлнэ гээд өндөр насны тэтгэвэр тогтоолгож байгаа долоон төрлийн асуудал байхад зөвхөн нэгийг нь  авч үзэн зохицуулсан байдаг. Иймд хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийн зохицуулалтыг өөрчилж, цэргийн алба хаагчийн тэтгэвэр авч буй иргэд, дөрвөн хүүхэд төрүүлээд 50 насандаа тэтгэвэрт гарсан эхчүүд, малчин, хүнд хортой нөхцөлд ажилласан гээд өндөр насны тэтгэвэр тогтоолгосон бүх хүмүүсийг хамруулах уг хуулийн төслийг боловсруулсан гэж байлаа. 

Монгол Улсад 2025 оны жилийн эцсийн байдлаар өндөр насны тэтгэвэр тогтоолгосон, ажил хөдөлмөр эрхэлж байгаа 62.2 мянган тэтгэвэр авагчаас 33.1 мянга нь одоогийн Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 7.6 дахь хэсэгт заасны дагуу тэтгэврийн даатгалын шимтгэлээс чөлөөлөгдсөн байна. Энэ нь нийт ажиллаж буй өндөр насны тэтгэвэр авагчдын 53.2 хувийг, харин үлдсэн 29.1 мянга нь уг заалтын болзол хангаагүй тул шимтгэл төлсөн, ялгавартай нөхцөл байдалд өртсөн иргэд нь 46.8 хувийг эзэлж байгаа аж.

Ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тэтгэврийн даатгалын шимтгэл төлөхгүй байх сайн дурын сонголтыг бүх насны тэтгэвэр авагч иргэнд хамааруулах улмаар ажил олгогчийн төлөх тэтгэврийн даатгалын шимтгэлийн ачаалал буурах ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих заалтуудыг төсөлд тусгасан байна.

Хуулийн төсөл батлагдсанаар Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.6 дахь хэсэгт өндөр насны тэтгэвэр тогтоолгосон бүх тэтгэвэр авагчдыг хамааруулна. Ингэснээр тэтгэврийн даатгалын сангийн орлого 95.8 тэрбум төгрөгөөр буурч энэ хэмжээгээр тэтгэврийн даатгалын санд олгох улсын төсвийн санхүүгийн дэмжлэгийн хэмжээ нэмэгдэнэ гэж төсөл санаачлагчид үзжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хяналтын тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын чуулганы 2026 оны зургаадугаар сарын 04-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэв.

Хэлэлцүүлгийн үеэр Улсын Их Хурлын гишүүд хар тамхи, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг өсөж буй шалтгаан, урьдчилан сэргийлэх ажил, төрийн албан хаагчдын оролцоо, цахим орчин дахь хууль бус эргэлт, зохион байгуулалттай гэмт бүлэглэлтэй тэмцэх чадавх зэрэг асуудлыг хөндөж, холбогдох албан тушаалтнуудаас хариулт авлаа.

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ энэ төрлийн гэмт хэрэгт төрийн 22 албан хаагч холбогдсон талаар танилцуулсан юм. Тэдний зургаа нь хорих, дөрөв нь зорчих эрхийг хязгаарлах, нэг нь торгох, гурав нь нийтийн албанд томилогдох эрхийг тодорхой хугацаагаар хязгаарлах, долоо нь тэнсэн харгалзах ялаар шийтгэгджээ. Мөн хоёр хүн гадаад улсад шалгагдсан байна.

Дэд сайдын мэдээлснээр энэ төрлийн гэмт хэрэг 2002 оноос хойш 150 дахин өссөн бөгөөд үүнийг урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажил дутмаг байсантай холбон тайлбарлав.

Улсын Их Хурлын гишүүд хуулийн зохицуулалт нь олон салбар дамнасан, үндэсний аюулгүй байдалд чухал нөлөөтэйг онцолж, хар тамхитай тэмцэх бүтэц, чадавхыг сайжруулах, урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх, сэрэмжлүүлэх тогтолцоог бүрдүүлэх, энэ төрлийн гэмт хэрэгт оролцсон төрийн болон хууль, хүчний байгууллагын албан хаагчдад оногдуулах хариуцлагыг чангатгах шаардлагатайг тэмдэглэлээ.

Ингээд Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн 41 хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

Иймд хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох