Улстөр нийгэм
Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ
Улсын Их Хурлын 2024 оны ээлжит бус чуулганы 2024 оны наймдугаар сарын 27-ны өдрийн нэгдсэн хуралдаан 10 цаг 17 минутад Улсын Их Хурлын гишүүдийн 65.9 хувийн ирцтэйгээр эхэлж, 10 асуудал хэлэлцэхээр танилцуулав.
Эхлээд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв. Улсын Их Хурал дахь МАН-ын бүлэг дээрх төслүүдийн анхны хэлэлцүүлгийг 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар явуулах үеэр 26-ны өдрийн 10 цаг хүртэл завсарлага авсан бөгөөд хугацааг нь 27-ны өдрийн 10 цаг хүртэл сунгасан. Завсарлагын хугацаа ийнхүү дууссан тул хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, С.Бямбацогт гишүүний гаргасан горимын саналыг дэмжих томьёоллоор санал хураалт явуулахад Улсын Их Хурлын 100 гишүүний 79 нь дэмжсэн юм. Үргэлжлүүлэн Төсвийн байнгын хорооны дэмжээгүй, зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэсний дараа төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.
Нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ. Улсын Их Хурал дахь МАН-ын бүлэг Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар явуулах үед 26-ны өдрийн 10 цаг хүртэл завсарлага авсан бөгөөд хугацааг нь сунгуулж өнөөдрийн 10 цаг болгосон. Ийнхүү Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн завсарлага дууссан болохыг Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан мэдэгдээд, төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв. Төсвийн байнгын хорооны энэ талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Заяабал танилцууллаа.
Төсвийн байнгын хороо 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслүүдийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэх асуудлыг хэлэлцсэн байна. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 71 дүгээр зүйлд заасны дагуу Байнгын хороод эрхлэх асуудлынхаа хүрээнд, мөн Төсвийн зарлагын хяналтын дэд хороо дээрх хуулийн төслүүдийг хэлэлцэн, зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг олонхын дэмжлэг авсан, аваагүйгээр нь бүлэглэн томьёолж санал, дүгнэлтийн хамт Төсвийн байнгын хороонд ирүүлснийг тус Байнгын хороо нэгтгэн хэлэлцсэн болохыг Л.Заяабал гишүүн танилцуулсан.
Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үеэр Байнгын хорооны хуралдаанд оролцсон зарим гишүүн, ажлын хэсгээс төсвийн ерөнхийлөн захирагч хооронд зардал шилжүүлэх, зарлагын хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсвийн багцад тусгагдсан хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээнд өөрчлөлт оруулах, төслийн болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаар гаргасан зарчмын зөрүүтэй санал дэмжигдсэнтэй уялдуулан төсөл, зардалд өөрчлөлт оруулах болон найруулгын шинжтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.13-т “Төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан төсвийн санал энэ хуулийн 71.7.2, 71.7.3-т заасан шаардлагыг хангасан эсэх талаар Тамгын газрын төсвийн хяналт, шинжилгээний асуудал хариуцсан нэгж дүн шинжилгээ хийж, дүгнэлтийг нэгжийн дарга нэгдсэн хуралдаанд танилцуулна” хэмээн заасан байдаг. Энэ дагуу Улсын Их Хурлын Тамгын газрын Төсвийн хяналт, шинжилгээний хэлтсийн дарга Д.Эрдэнэсамбуу холбогдох дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд танилцуулсан бөгөөд хуульд заасан шаардлагыг хангасан гэж үзсэн байна.
Ийнхүү Төсвийн байнгын хорооноос бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар тус бүрд нь санал хураалт явуулан шийдвэрлээд, Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах Байнгын хороонд шилжүүлсэн.
Дараа нь Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлсэн юм. 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн нэгдсэн хуралдааны үеэр Улсын Их Хурал дахь МАН-ын бүлэг хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед завсарлага авч, өчигдөр дууссан завсарлагын хугацааг сунган 27-ны өдрийн 10.00 цаг болгосон. Тус бүлгийн завсарлага ийнхүү дууссан талаар Улсын Их Хурлын дарга мэдэгдээд, төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Төсвийн тодотголын төслийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Заяабал танилцуулав.
Тус Байнгын хороо 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаараа Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Засгийн газар дахь хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн хяналт шалгалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон “Төрийн өмчийг Нийслэлийн өмчид шилжүүлэх тухай”, “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан журмын дагуу явуулж, зүйл бүрээр хэлэлцсэн байна. Түүнчлэн дээрх төслүүдийн талаар хууль зүйн дүгнэлт гаргуулахаар Төсвийн байнгын хорооноос Улсын Их Хурлын Тамгын газарт хүсэлт гаргасны дагуу эдгээр төслүүд нь Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд нийцэх эсэх талаар хууль зүйн дүгнэлт гаргасантай танилцсан болохыг санал, дүгнэлтэд дурдсан байна.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Батбаатар, П.Ганзориг, П.Сайнзориг, Б.Жаргалан, Б.Пунсалмаа, Ч.Лодойсамбуу нар асуулт асууж, Улсын Их Хурлын дарга болон Байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн, ажлын хэсгээс хариулт, тайлбар, мэдээлэл авсан юм. Дараа нь Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн 13 хууль, 2 Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаарх зарчмын зөрүүтэй 28 саналын томьёоллоор нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэлээ. Энэ үеэр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүдийг төсөл санаачлагчид нь буцаахыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд зааснаар төслийг буцаах нь зүйтэй гэсэн Байнгын хорооны санал, дүгнэлт гаргасныг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бол хуулийн төслийг хууль санаачлагчид буцаах тухай тогтоол баталсанд тооцдог. Энэ дагуу хуулийн төслүүдийг хууль санаачлагчид буцаах тухай тогтоолууд батлагдсан. Ийнхүү Байнгын хорооноос санал хураалгахаар бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёолол тус бүрээр хураалт явуулан шийдвэрлэсний дараа Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.
Үдээс өмнөх чуулганы хуралдааны төгсгөлд Засгийн газраас 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2023 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн нэг дэх хэлэлцүүлгийг эхлүүллээ. Энэ талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав.
Монгол Улсын 2023 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2023 оны санхүүгийн нэгтгэсэн тайланг хуулийн хугацаанд нэгтгэн гаргаж, төрийн аудитын төв байгууллагаар аудит хийлгэсэн болохыг тэрбээр дурдав. Нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд Төрийн сан, Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сан, улсын болон орон нутгийн 62 төсвийн ерөнхийлөн захирагчийн 5442 төсөвт байгууллага, 619 төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээрийн оролцоотой хуулийн этгээд, 370 төрийн сан, 295 төсөл, сан, нийт 6726 байгууллагын тайланг нэгтгэсэн байна.
Боомтын сэргэлтээр 2022 оны сүүлийн хагаст бий болсон нүүрсний экспортын сэргэлтийг хадгалж, дэлхийн зах зээлд буурч байсан түүхий эдийн үнийн бууралтыг ил тод, нээлттэй өрсөлдөөнт биржийн арилжаанд шилжүүлсэн нь уул уурхайн салбар, түүнийг дагасан газар, худалдаа, үйлчилгээний салбарыг эрчимжүүлж, ДНБ 2023 оны урьдчилсан гүйцэтгэлээр 68.9 их наяд төгрөг буюу төлөвлөгөөнөөс 14.4 хувиар давж, эдийн засгийн бодит өсөлт 7 хувь буюу төлөвлөгөөнөөс нэг пунктээр өссөн гэв.
Монгол Улс 2023 онд 163 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 24.4 тэрбум ам.доллар болж өмнөх оноос 15 хувиар өссөн бол гадаад худалдааны тэнцэл 5.9 ам.долларын ашигтай гарсан байна. Экспорт өмнөх оны мөн үеэс 21.1 хувиар өсөж 15.2 тэрбум ам.долларт хүрэхэд нүүрсний экспорт 36.8 хувиар буюу 2.4 тэрбум ам.доллароор өссөн нь голлон нөлөөлсөн болохыг танилцуулгад дурдсан.
Засгийн газрын 2022 оны “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” 362 дугаар тогтоолын хүрээнд экспортод гаргах нүүрсийг нээлттэй, цахим арилжаагаар хийж, хилийн үнээр борлуулж боомтуудын нэвтрүүлэх чадварыг сайжруулснаар 2022 онд 0.7 тэрбум ам.долларын алдагдалтай байсан төлбөрийн тэнцэл 2023 онд 1.5 тэрбум ам.долларын ашигтай гарчээ. Төлбөрийн тэнцэл ашигтай гарснаар гадаад валютын улсын нөөцийн эцэст оны эцэс 4.9 тэрбум ам.долларт хүрч өмнөх оноос 44.7 хувиар өссөн байна.
Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн дүн 2023 онд 23.3 их наяд төгрөг, нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 22.5 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн тэнцэл 2.2 их наяд төгрөгийн алдагдалтай төлөвлөгдсөнөөс 785.9 тэрбум төгрөгийн ашигтай гарсан ба сүүлийн 3 жил дараалан төсвийн алдагдлыг үе шаттайгаар бууруулж ажилласан болохоо Сангийн сайд тэмдэглэж байв.
Улсын төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 16.1 их наяд төгрөг, зарлага 16.1 их наяд төгрөг, нийт тэнцвэржүүлсэн тэнцэл 1.8 их наяд төгрөгийн алдагдалтай төлөвлөгдсөнөөс 5.4 тэрбум төгрөгийн ашигтай гарсан байна. Сүүлийн жилүүдэд Засгийн газар хилийн боомтын нэвтрэх хүчин чадлыг сайжруулах, экспортыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажилласны үр дүнд 2023 оны нүүрсний экспортын хэмжээг төлөвлөсөн хэмжээнээс 19.6 сая тонноор, өмнөх оноос 37.8 сая тонноор нэмэгдүүлж 69.6 сая тоннд хүргэсэн нь төсвийн орлогыг нэмэгдүүлэхэд гол нөлөөг үзүүлсэн байна.
Үргэлжлүүлэн Сангийн сайд Б.Жавхлан 2023 онд авч хэрэгжүүлсэн бодлогын арга хэмжээнүүдээ дэлгэрэнгүй танилцуулав. Тухайлбал, төрийн албан хаагчдын үндсэн цалингийн доод хэмжээг нэмэгдүүлэх хүрээнд төрийн захиргааны албан хаагчдын цалинг 39 хувь, төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг 32.7 хувь, төрийн мэргэжлийн үйлчилгээний албан хаагчдын цалинг 69.2 хувиар тус тус нэмэгдүүлжээ. Улмаар олон шатлал бүхий, харилцан адилгүй, тэгш бус үнэлэмжтэй цалингийн тогтолцоог адил үнэлэмж бүхий нэг шатлалтай болгосон байна. Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа тэтгэврийн зөрүүг арилгах зорилгоор даатгуулагчийн тэтгэвэр тогтооход баримталсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг өнөөгийн цалин хөлсний түвшинтэй жишиж ойртуулах итгэлцүүрийн суурь он 2011 он байсныг 2022 он болгож шинэчлэн тогтоосон байна. Энэ итгэлцүүрийг ашиглан тэтгэврийн зөрүүг арилгасны дараах сууриас тооцож тэтгэврийг 10 хувиар нэмэгдүүлэхэд шаардлагатай эх үүсвэрийг шийдвэрлэснээр тэтгэвэр авагч ахмадуудын орлогын баталгаа сайжирч, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс үүдэлтэй эрсдэлийг бууруулсан хэмээн үзжээ.
Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хот, хөдөөгийн сэргэлт, хэт төвлөрлийг сааруулах зорилгоор орон нутгийн нэмэгдлийг 20 хувиар тооцож олгох, орон нутгийн удирдлага нь төрийн албан хаагчийнхаа цалинг 80 хүртэл хувиар нэмэгдүүлэн олгох эрх зүйн орчныг бий болгосноор тайлант онд 35.1 тэрбум төгрөгийн цалингийн нэмэгдэл олгосон аж.
Төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зохистой удирдаж зарцуулсантай холбогдуулан гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн зарчмаар санхүүждэг байгууллагаас бусад байгууллагын 23602 албан хаагчид 25.7 тэрбум төгрөгийн урамшуулал олгосон гэв. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2023 онд 1143 төсөл арга хэмжээний шинээр 10 төсөл арга хэмжээний 0.5 их наяд төгрөг өмнөх онуудаас шилжин хэрэгжиж буй 1129 төсөл арга хэмжээнд 2.1 их наяд төгрөг, концессын эргэн төлөлтөөр 4 төсөл арга хэмжээнд 0.2 их наяд төгрөг олгосноор гүйцэтгэл 93.8 хувийн биелэлттэй байгаа гэлээ. Эдгээр төслийг гүйцэтгэсэн 1460 гаруй аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа тогтвортой үргэлжилж 40.9 мянган ажлын байрыг хадгалж 2.8 их наяд төгрөгийн санхүүжилтээр эдийн засгийг дэмжсэн байна аа. Төрийн хэмнэлтийн тухай хуулиар хориглосон үйл ажиллагаа зардал тавих хяналтыг сайжруулан санхүүгийн сахилга батыг мэдрүү мөрдүүлснээр 2023 оны төсвийн жилд 122,8 тэрбум төгрөгийн хэмнэлт үүсгэж өмнөх оноос 39.4 тэрбум төгрөгөөр өссөн болохыг тэрбээр нэгдсэн хуралдаанд танилцуулав.
Сангийн сайдын энэхүү танилцуулгаар өнөөдрийн үдээс өмнөх чуулганы нэгдсэн хуралдаан завсарласан юм. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2023 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн нэг дэх хэлэлцүүлгээр үдээс хойших нэгдсэн хуралдаан үргэлжилнэ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Улстөр нийгэм
Нэгдүгээр ангийн элсэлтийг E-Mongolia-аар зохион байгуулна
2026 оны 8 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) болно.
Энэ хурал нь дэлхийн 197 улсын Засгийн газрын гишүүд, эрдэмтэн судлаач, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага нэгдэж цөлжилт, газрын доройтол, ган гачигтай тэмцэх хамгийн том Олон Улсын арга хэмжээ юм.
Хурал болохтой холбоотой нийслэлийн замын хөдөлгөөн, аюулгүй байдал, төрийн үйлчилгээний хэвийн ажиллагааг хангах зорилгоор боловсролын байгууллагуудын үйл ажиллагаанд дараах зохицуулалт хэрэгжүүлэхээр болжээ .
Цэцэрлэгийн бүртгэл
- 2026 оны 8 дугаар сарын 10–23-ны өдрүүдэд E-Mongolia системээр бүртгэнэ.
Нэгдүгээр ангийн элсэлт
- 2026 оны 8 дугаар сарын 17–28-ны өдрүүдэд E-Mongolia системээр бүртгэнэ.
- Энэ хугацаанд хүүхэд бүртгэх дэмжлэгийн баг сургуулиуд дээр ажиллахгүй.
Их, дээд сургуулийн хичээл
- 2026 оны 9 дүгээр сарын 1-нээс цахимаар эхэлнэ.
- 2026 оны 9 дүгээр сарын 14-нөөс танхимаар үргэлжилнэ.
Оюутны дотуур байр
- 2026 оны 9 дүгээр сарын 13-наас оюутнуудыг дотуур байранд оруулж эхэлнэ.
Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааны зохицуулалт
- 2026 оны 8 дугаар сарын 17–28-ны өдрүүдэд нийслэлийн бүх сургууль, цэцэрлэгт ажлын байранд элсэлт, бүртгэл болон бусад аливаа арга хэмжээ зохион байгуулахгүй болно.
Улстөр нийгэм
Францад иргэд рүү зөвшөөрөлгүй сурталчилгааны дуудлага хийхийг хориглов
Франц улс иргэдийн урьдчилсан зөвшөөрөлгүйгээр бараа, үйлчилгээ сурталчлах зорилгоор утсаар холбогдохыг хориглосон шинэ хуулийг наймдугаар сарын 11-нээс хэрэгжүүлнэ. Уг зохицуулалт нь иргэдийг залхаасан борлуулалтын дуудлага болон залилангийн шинжтэй арилжааны үйл ажиллагаанаас хамгаалахад чиглэжээ.
Өмнө нь сурталчилгааны дуудлага хүлээн авахгүй байхыг хүссэн иргэд төрийн тусгай бүртгэлд утасны дугаараа оруулах шаардлагатай байсан ч зарим дуудлагын төв уг жагсаалтыг үл тоодог байжээ. Шинэ хуулиар харин аж ахуйн нэгжүүд хэрэглэгчээс урьдчилан зөвшөөрөл аваагүй тохиолдолд сурталчилгааны зорилгоор утсаар холбогдох эрхгүй болно. Иргэн өгсөн зөвшөөрлөө хүссэн үедээ цуцлах боломжтой.
Францын эрх баригчдын тооцоолсноор тус улсын иргэдийн дөрөвний гурав орчим нь долоо хоног бүр дор хаяж нэг удаа хүсээгүй сурталчилгааны дуудлага хүлээн авдаг бөгөөд олон хүн үүнээс ч олон дуудлагад өртдөг байна. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах 11 байгууллага 2024 онд хамтран шаардлага гаргаж, суурин болон гар утас руу ирдэг тасралтгүй сурталчилгааны дуудлагыг хориглохыг уриалж байжээ.
Хуулийг зөрчиж дуудлага хийсэн хувь хүнийг нэг дуудлага тутамд 75 мянга хүртэлх евро, аж ахуйн нэгжийг 375 мянга хүртэлх еврогоор торгох боломжтой. Харин хэрэглэгч өөрөө зөвшөөрсөн, эсвэл тухайн компанитай өмнө нь гэрээний харилцаатай бөгөөд шинэ үйлчилгээ санал болгож буй тохиолдолд хориг үйлчлэхгүй. Иргэд зөвшөөрөлгүй дуудлагын талаар төрийн цахим хуудсаар мэдээлэх боломжтой.
Шинэ хууль Францын зах зээлд үйлчилдэг гадаадын дуудлагын төвүүдэд нөлөөлөхөөр байна. Тухайлбал, Мароккогийн дуудлагын төвүүдийн орлогын 80 гаруй хувь Францын зах зээлээс бүрддэг бөгөөд тус улсын 40–50 мянган ажлын байр эрсдэлд орж болзошгүйг Мароккогийн хөдөлмөр эрхлэлтийн сайд мэдэгджээ.
Улстөр нийгэм
Засгийн газар энэ оныг дуустал санхүүгийн хэмнэлтийн горимд шилжинэ
Засгийн газрын 2026 оны наймдугаар сарын 5-ны өдрийн хуралдаанаар “Төсвийн санхүүжилтэд эрэмбэ тогтоож, төсвийн хэмнэлт, мөнгөн хөрөнгийн зохицуулалт хийх зарим арга хэмжээний тухай” тогтоолыг баталлаа.
Тогтоолоор төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэрт гарах нэг удаагийн тэтгэмж, орон нутгийн нэмэгдэл тэтгэмж, тэтгэвэр, хүүхдийн мөнгө, бүх төрлийн халамж, сургууль, цэцэрлэг болон сургалтын байгууллагын урсгал засвар, санхүүжилт, төрийн байгууллагын интернетийн төлбөр, байр ашиглалтын зардал, хууль, хүчний байгууллагын тээвэр, шатахууны зардал, дотоодын томилолт, хоол хүнс, нормын хувцасны зардал, COP17 олон улсын бага хурлын зардал, Засгийн газрын өр, орон нутгийн нөөц хөрөнгийн санхүүжилтийг хэвийн үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Харин дараах зардлыг хязгаарлахаар болсон байна. Үүнд:
- Олон улсын болон Засгийн газрын шийдвэртэйгээс бусад хурал, зөвлөгөөн, ой, тэмдэглэлт өдөр, найр наадам, соёлын арга хэмжээ;
- Урьдчилан төлөвлөсөн төрийн өндөр албан тушаалтны томилолтоос бусад гадаад томилолт, гадаадын зочин хүлээн авах зардал;
- Зайлшгүй шаардлагагүй тоног төхөөрөмж, тавилга, автомашин худалдан авах;
- Батлан хамгаалах, хууль зүйн салбараас бусад сургалт, дадлага;
- Хуулиар заавал мэдээлэхээс бусад кино, контент, хэвлэлийн зардал;
- Заавал олгохоос бусад тэтгэмж, урамшуулал.
Санхүүгийн хэмнэлтийн горимыг 2026 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл мөрдөнө. Харин эрүүл мэндийн салбар уг хэмнэлтийн горимд хамрагдахгүй бөгөөд цэцэрлэг, сургуулийн хүүхдийн эрт илрүүлэг, вакцинжуулалт, томуу, томуу төст өвчний эсрэг арга хэмжээ зэрэг зайлшгүй шаардлагатай ажлууд төлөвлөгөөний дагуу үргэлжилнэ гэж Ерөнхий сайд Н.Учрал онцоллоо.
Мөн бүх шатны төсвийн ерөнхийлөн захирагч нарт салбар бүрдээ урсгал зардлыг 20 хувиар бууруулах, нөхөн томилгоо хийхгүй байх, аялал, амралт, зугаалга, хамт олны урлаг, спортын арга хэмжээг зохион байгуулахгүй байх, төрийн албанд шинэ орон тоо бий болгохгүй байх, эрчим хүчний хэрэглээг хэмнэх, хурал, сургалтыг цахим хэлбэрт шилжүүлэх, төрийн албан хаагчдыг зарим өдрүүдэд цахимаар ажиллуулах арга хэмжээг үргэлжлүүлэхийг үүрэг болголоо.
Төсвийн сахилга бат сайжирч, эдийн засгийн нөхцөл байдал хэвийн болсон тохиолдолд эдгээр хязгаарлалтыг үе шаттайгаар сулруулах юм.
