Улстөр нийгэм
Алтай таван богд хайрхан уулын тэнгэрийг тайх ёслол боллоо
Монгол орны уулсын манлай төрийн тахилгат Алтай ханы Таван богд уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслол 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдөр буюу XVII жарны Хилэнт эх хэмээх модон луу жилийн зуны адаг Цагаагчин хонь сарын Улаагчин гахай өдөр Алтай таван богд хайрхан уулын Тахилгат овоонд боллоо.
Тахилгын ёслолын өмнөх орой лам хуврагууд Итгэл, Ганданлажаа, Өлзийхутаг буулгах сан болон Долоон бурхан од тус бүрд тахилгын ном хурав. Овооны тэнгэрийг тайх ёслол эхлэх үед “Ганжуур” их хөлгөн судар, Найман тахилыг тусгайлан залж, лам нар Ламчодов, Жигжид, Очирваань, Юлтий зэрэг ном хурлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх төрийн бэлгэдлийг илэрхийлж, хүндэт харуулын дөрвөн цэргээр хамгаалуулан тусгайлан зассан талбайд хүрэлцэн ирэв.
Хүндэт харуулын цэргүүд Монгол Улсын Төрийн далбаа, Бүх цэргийн Их хар сүлдний Умрын элч сүлд, Баян-Өлгий аймгийн далбаа, Их эзэн Чингис хааны хөрөг, Төрийн долоон эрдэнийг тахилын ширээнээ залж байрлууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ, уул овооны тэнгэрийг тайх ёслол нь түүх, соёлын өв, төрт ёсны гүн уламжлал шингэсэн эрхэм нандин зан үйл бөгөөд байгаль дэлхийтэйгээ зохистой харилцах, унаган төрхийг нь хадгалан хамгаалахад онцгой ач холбогдолтой энэ өв соёлыг 2017 онд ЮНЕСКО-гийн яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн Дэлхийн жагсаалтад бүртгэсэн гэдгийг тодотгов.
Байгалийн болон соёлын өв хосолсон дурсгалт газар болох Алтай Таван богд тэргүүтэй Алтайн өндөр уулсыг ЮНЕСКО-ийн Дэлхийн өвд бүртгүүлэх ажил эрчимтэй өрнөж байгааг сонордууллаа.
Ингэснээр Монгол Алтайн нурууг байгалийн болон соёлын өвийн чухал дурсгалт газар болохыг дэлхий дахинд хүлээн зөвшөөрүүлэх, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах монгол уламжлалыг үр хойчдоо өвлүүлэн үлдээх, аялал жуулчлалыг эрчимжүүлж, бүс нутгийн хөгжлийг дэмжихэд үнэтэй хувь нэмэр болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
Өндөр сүрлэг Алтай Таван богдоо түшин нутаглаж, өлгий сайхан нутгаа хүндлэн дээдэлдэг Баян-Өлгийчүүд их хайрхныхаа хайр хишгийг хүртэж, эв нэгдлээ бататган, ажил үйлсээрээ үлгэрлэж, үеийн үед дэвжин байхын ерөөлийг өргөн дэвшүүллээ.

Ерөнхийлөгчийг үг хэлсний дараа туульч Алтайн магтаал хайллаа. Дараа нь УИХ-ын гишүүн Д.Бум-Очир Алтай Таван богд хайрхны тэнгэрт хандсан айлтгалыг дуудан сонсгож, торгон дээр бичсэн эх хувийг нь аймгийн музейд хадгалуулахаар хүлээлгэн өглөө.
Лам хуврагууд Буман цагаан судар, Алтай Таван богд хайрхан уулын сан, Дэвжид сэржим, Жанлав цогзол ном уншлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч тэнгэрт хүргэх дуут сумыг Баян-Өлгий аймгийн Буянт сумын харьяат, үндэсний сурын Улсын мэргэн, урианхай сурын дархан мэргэн, буриад сумын хошой мэргэн М.Батгэрэлд хүлээлгэн өгч, тус аймгийн Цэнгэл сумын аварга малчин Ч.Хэнзхүүгийн адуун сүргээс сонгосон морийг тэнгэрийн хүлэг болгож сэтэрлэлээ.


Монгол Улсын Төрийн далбаа, Бүх цэргийн Их хар сүлдний Умрын элч сүлд, Говь-Алтай аймгийн далбаа, Чингис хааны хөрөг болон Төрийн долоон эрдэнийг буцааж залснаар Алтай ханы Таван богд уулын тэнгэрийг тайх төрийн ёслол өндөрлөлөө.
Монгол Улсын дээвэр буюу хамгийн өндөрт өргөгдсөн цэг бол Алтай Таван богд уулсын Хүйтэн оргил юм. Хүйтэн оргил далайн түвшнөөс дээш 4,374 м өндөрт өргөгдсөн. Алтай Таван богдын уулс нь Хүйтэн, Наран, Найрамдал, Малчин, Бүргэд гэсэн оргилтой юм.


Улстөр нийгэм
Нарантуул, Дүнжингарав, Шинэ 100 айл худалдааны төвүүдийн авто зогсоолыг түр хаана
Улстөр нийгэм
Нэгдүгээр ангийн элсэлтийг E-Mongolia-аар зохион байгуулна
2026 оны 8 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) болно.
Энэ хурал нь дэлхийн 197 улсын Засгийн газрын гишүүд, эрдэмтэн судлаач, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага нэгдэж цөлжилт, газрын доройтол, ган гачигтай тэмцэх хамгийн том Олон Улсын арга хэмжээ юм.
Хурал болохтой холбоотой нийслэлийн замын хөдөлгөөн, аюулгүй байдал, төрийн үйлчилгээний хэвийн ажиллагааг хангах зорилгоор боловсролын байгууллагуудын үйл ажиллагаанд дараах зохицуулалт хэрэгжүүлэхээр болжээ .
Цэцэрлэгийн бүртгэл
- 2026 оны 8 дугаар сарын 10–23-ны өдрүүдэд E-Mongolia системээр бүртгэнэ.
Нэгдүгээр ангийн элсэлт
- 2026 оны 8 дугаар сарын 17–28-ны өдрүүдэд E-Mongolia системээр бүртгэнэ.
- Энэ хугацаанд хүүхэд бүртгэх дэмжлэгийн баг сургуулиуд дээр ажиллахгүй.
Их, дээд сургуулийн хичээл
- 2026 оны 9 дүгээр сарын 1-нээс цахимаар эхэлнэ.
- 2026 оны 9 дүгээр сарын 14-нөөс танхимаар үргэлжилнэ.
Оюутны дотуур байр
- 2026 оны 9 дүгээр сарын 13-наас оюутнуудыг дотуур байранд оруулж эхэлнэ.
Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааны зохицуулалт
- 2026 оны 8 дугаар сарын 17–28-ны өдрүүдэд нийслэлийн бүх сургууль, цэцэрлэгт ажлын байранд элсэлт, бүртгэл болон бусад аливаа арга хэмжээ зохион байгуулахгүй болно.
Улстөр нийгэм
Францад иргэд рүү зөвшөөрөлгүй сурталчилгааны дуудлага хийхийг хориглов
Франц улс иргэдийн урьдчилсан зөвшөөрөлгүйгээр бараа, үйлчилгээ сурталчлах зорилгоор утсаар холбогдохыг хориглосон шинэ хуулийг наймдугаар сарын 11-нээс хэрэгжүүлнэ. Уг зохицуулалт нь иргэдийг залхаасан борлуулалтын дуудлага болон залилангийн шинжтэй арилжааны үйл ажиллагаанаас хамгаалахад чиглэжээ.
Өмнө нь сурталчилгааны дуудлага хүлээн авахгүй байхыг хүссэн иргэд төрийн тусгай бүртгэлд утасны дугаараа оруулах шаардлагатай байсан ч зарим дуудлагын төв уг жагсаалтыг үл тоодог байжээ. Шинэ хуулиар харин аж ахуйн нэгжүүд хэрэглэгчээс урьдчилан зөвшөөрөл аваагүй тохиолдолд сурталчилгааны зорилгоор утсаар холбогдох эрхгүй болно. Иргэн өгсөн зөвшөөрлөө хүссэн үедээ цуцлах боломжтой.
Францын эрх баригчдын тооцоолсноор тус улсын иргэдийн дөрөвний гурав орчим нь долоо хоног бүр дор хаяж нэг удаа хүсээгүй сурталчилгааны дуудлага хүлээн авдаг бөгөөд олон хүн үүнээс ч олон дуудлагад өртдөг байна. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах 11 байгууллага 2024 онд хамтран шаардлага гаргаж, суурин болон гар утас руу ирдэг тасралтгүй сурталчилгааны дуудлагыг хориглохыг уриалж байжээ.
Хуулийг зөрчиж дуудлага хийсэн хувь хүнийг нэг дуудлага тутамд 75 мянга хүртэлх евро, аж ахуйн нэгжийг 375 мянга хүртэлх еврогоор торгох боломжтой. Харин хэрэглэгч өөрөө зөвшөөрсөн, эсвэл тухайн компанитай өмнө нь гэрээний харилцаатай бөгөөд шинэ үйлчилгээ санал болгож буй тохиолдолд хориг үйлчлэхгүй. Иргэд зөвшөөрөлгүй дуудлагын талаар төрийн цахим хуудсаар мэдээлэх боломжтой.
Шинэ хууль Францын зах зээлд үйлчилдэг гадаадын дуудлагын төвүүдэд нөлөөлөхөөр байна. Тухайлбал, Мароккогийн дуудлагын төвүүдийн орлогын 80 гаруй хувь Францын зах зээлээс бүрддэг бөгөөд тус улсын 40–50 мянган ажлын байр эрсдэлд орж болзошгүйг Мароккогийн хөдөлмөр эрхлэлтийн сайд мэдэгджээ.
-
Улстөр нийгэм2021/07/22
Жилд 22 мянган даатгуулагч ажилгүйдлийн тэтгэмж авах хүсэлтээ цахимаар шийдвэрлү...
-
Цаг үе2020/02/03
Шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байна...
-
Цаг үе2021/05/05
Орон нутагт оршин сууж буй гадаадын иргэдийг энэ сарын 20-оос вакцинжуулна
-
Шударга мэдээ2021/11/17
Төрийн албаны ерөнхий шалгалт долоо хоног үргэлжилнэ
