Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайн ногоон байгууламжийн ажил 40 хувьтай үргэлжилж байна

Огноо:

,

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо.

Зөвлөгөөний эхэнд НЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын дарга Х.Гантулга өмнөх шуурхай зөвлөгөөний биелэлтийг танилцуулав. 

Өмнөх шуурхай зөвлөгөөнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар 37 үүрэг даалгавар өгсөн бөгөөд биелэлт 80.5 хувьтай байна.

Тухайлбал, өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар лаг боловсруулах үйлдвэр болон хог хаягдлыг дахин боловсруулж байгаль орчинд ээлтэй эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэрийн тендерийн бичиг баримт боловсруулах үүрэг өгсөн. Тус үүргийн дагуу БНСУ-ын “Бюксан Инженеринг” ХХК-ий 2023 онд боловсруулсан “Лаг хатаах, шатаах байгууламжийн ТЭЗҮ”, урьдчилсан зураг төслийн суурь судалгаа болон Улаанбаатар хотын  болгох Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2024 оны  тавдугаар сард баталсан ажлын зураг төсөл боловсруулах даалгаврыг үндэслэн “Төв цэвэрлэх байгууламжийн хашаанд лаг хатаах, шатаах, эрчим хүч үйлдвэрлэх байгууламж барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн баримт бичиг”-ийн төслийг боловсруулж байна.

Үргэлжлүүлэн “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Энхжаргалан Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажлын талаар мэдээлэл өгсөн юм. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна, дотор засварын ажил үргэлжилж байгаа бөгөөд, гадна талбайг ногоон байгууламж болгон тохижуулах ажлын хүрээнд усалгааны системийг суурилуулж, мөн авто угаалгын газар болон бетонон хашааг “Монголын Хөлбөмбөгийн Холбоо”-той зөвшилцөн буулгасан бол нэг давхар зоогийн газрыг эзэмшигчтэй нь зөвшилцөн буулгаж байгаа юм.

Мөн гадна талбайд байрлах зөвхөн баяр наадмын үеэр ашигладаг байсан  цахилгааны дэд станцууд, байшин, тулгуурт шон, ариун цэврийн байгууламж зэргийг буулган, ил гарсан цахилгааны утсыг засварлаж дууссан байна. Мөн гэрэлтүүлгийг гоёлын бус орчны гэрлээр сайжруулах, ногоон байгууламж нэмэх, орох, гарах хаалганы шатыг стандартад нийцүүлэх, хаягжилтыг тодорхой болгох үүднээс хаалгануудыг дугаарлаж, зарлан мэдээлэх болон камержуулалтын систем нэвтрүүлж байна. Тэрчлэн есөн шинэ ариун цэврийн байгууламжийг ашиглалтад оруулахаар ажиллаж байгааг “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Энхжаргалан хэллээ.

Түүнчлэн Төв цэнгэлдэх хүрээлэнг шинэчилж, орчин үеийн стандартад нийцсэн арена хэлбэрийн 30 мянган хүний суудалтай цэнгэлдэх байгуулах ажлын судалгааг эхлүүлсэн. Энэ хүрээнд шинэ төв цэнгэлдэх хүрээлэнгийн зураг төслийг гаргахад шаардлагатай мэргэжил, арга зүйн зөвлөгөө гаргахаар “Populous Holdings” компанийн төлөөлөгчид өнгөрсөн амралтын өдрүүдэд Улаанбаатар хотод ажилласан юм. Тиймээс олон улсын тендерийн бичиг баримт боловсруулах судалгааны ажлыг эхлүүлэхийг хотын дарга Х.Нямбаатар холбогдох албаныханд үүрэг болгов.

Мөн хотын дарга дараах үүрэг даалгаврыг өглөө.

  • Яармагийн шинэ авто замын гүүрийг эрчим хүчний гудамжтай холбох ажлыг эрчимжүүлэх,
  • Гэрэлтүүлгийн асалтыг нэмэгдүүлж, гэрлийн шонг будаж, засварлах ажлыг зохион байгуулах,
  • Street food” буюу гудамжны хоолны үйлчилгээний стандартыг боловсруулах,
  • Хог, хаягдлыг цагийн хуваарийн дагуу ачиж, тээвэрлэх зохицуулалтыг жигдрүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих,
  • Нийслэлийн нутгийн захиргааны бүх шатны байгууллагууд ажилтан, албан хаагчид ажлын цаг ашиглалт, гүйцэтгэл, үр дүн, сахилга хариуцлага, ёс зүйн дүрэм журмуудыг мөрдөж ажиллах зэрэг үүрэг даалгаврыг өгсөн юм.
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Нэгдүгээр ангийн элсэлтийг E-Mongolia-аар зохион байгуулна

Огноо:

,

2026 оны 8 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) болно.

Энэ хурал нь дэлхийн 197 улсын Засгийн газрын гишүүд, эрдэмтэн судлаач, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага нэгдэж цөлжилт, газрын доройтол, ган гачигтай тэмцэх хамгийн том Олон Улсын арга хэмжээ юм.

Хурал болохтой холбоотой нийслэлийн замын хөдөлгөөн, аюулгүй байдал, төрийн үйлчилгээний хэвийн ажиллагааг хангах зорилгоор боловсролын байгууллагуудын үйл ажиллагаанд дараах зохицуулалт хэрэгжүүлэхээр болжээ .

Цэцэрлэгийн бүртгэл

  • 2026 оны 8 дугаар сарын 10–23-ны өдрүүдэд E-Mongolia системээр бүртгэнэ.

Нэгдүгээр ангийн элсэлт

  • 2026 оны 8 дугаар сарын 17–28-ны өдрүүдэд E-Mongolia системээр бүртгэнэ.
  • Энэ хугацаанд хүүхэд бүртгэх дэмжлэгийн баг сургуулиуд дээр ажиллахгүй.

Их, дээд сургуулийн хичээл

  • 2026 оны 9 дүгээр сарын 1-нээс цахимаар эхэлнэ.
  • 2026 оны 9 дүгээр сарын 14-нөөс танхимаар үргэлжилнэ.

 Оюутны дотуур байр

  • 2026 оны 9 дүгээр сарын 13-наас оюутнуудыг дотуур байранд оруулж эхэлнэ.

Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааны зохицуулалт

  • 2026 оны 8 дугаар сарын 17–28-ны өдрүүдэд нийслэлийн бүх сургууль, цэцэрлэгт ажлын байранд элсэлт, бүртгэл болон бусад аливаа арга хэмжээ зохион байгуулахгүй болно.
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Францад иргэд рүү зөвшөөрөлгүй сурталчилгааны дуудлага хийхийг хориглов

Огноо:

,

Франц улс иргэдийн урьдчилсан зөвшөөрөлгүйгээр бараа, үйлчилгээ сурталчлах зорилгоор утсаар холбогдохыг хориглосон шинэ хуулийг наймдугаар сарын 11-нээс хэрэгжүүлнэ. Уг зохицуулалт нь иргэдийг залхаасан борлуулалтын дуудлага болон залилангийн шинжтэй арилжааны үйл ажиллагаанаас хамгаалахад чиглэжээ.

Өмнө нь сурталчилгааны дуудлага хүлээн авахгүй байхыг хүссэн иргэд төрийн тусгай бүртгэлд утасны дугаараа оруулах шаардлагатай байсан ч зарим дуудлагын төв уг жагсаалтыг үл тоодог байжээ. Шинэ хуулиар харин аж ахуйн нэгжүүд хэрэглэгчээс урьдчилан зөвшөөрөл аваагүй тохиолдолд сурталчилгааны зорилгоор утсаар холбогдох эрхгүй болно. Иргэн өгсөн зөвшөөрлөө хүссэн үедээ цуцлах боломжтой.

Францын эрх баригчдын тооцоолсноор тус улсын иргэдийн дөрөвний гурав орчим нь долоо хоног бүр дор хаяж нэг удаа хүсээгүй сурталчилгааны дуудлага хүлээн авдаг бөгөөд олон хүн үүнээс ч олон дуудлагад өртдөг байна. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах 11 байгууллага 2024 онд хамтран шаардлага гаргаж, суурин болон гар утас руу ирдэг тасралтгүй сурталчилгааны дуудлагыг хориглохыг уриалж байжээ.

Хуулийг зөрчиж дуудлага хийсэн хувь хүнийг нэг дуудлага тутамд 75 мянга хүртэлх евро, аж ахуйн нэгжийг 375 мянга хүртэлх еврогоор торгох боломжтой. Харин хэрэглэгч өөрөө зөвшөөрсөн, эсвэл тухайн компанитай өмнө нь гэрээний харилцаатай бөгөөд шинэ үйлчилгээ санал болгож буй тохиолдолд хориг үйлчлэхгүй. Иргэд зөвшөөрөлгүй дуудлагын талаар төрийн цахим хуудсаар мэдээлэх боломжтой.

Шинэ хууль Францын зах зээлд үйлчилдэг гадаадын дуудлагын төвүүдэд нөлөөлөхөөр байна. Тухайлбал, Мароккогийн дуудлагын төвүүдийн орлогын 80 гаруй хувь Францын зах зээлээс бүрддэг бөгөөд тус улсын 40–50 мянган ажлын байр эрсдэлд орж болзошгүйг Мароккогийн хөдөлмөр эрхлэлтийн сайд мэдэгджээ.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Засгийн газар энэ оныг дуустал санхүүгийн хэмнэлтийн горимд шилжинэ

Огноо:

,

Засгийн газрын 2026 оны наймдугаар сарын 5-ны өдрийн хуралдаанаар “Төсвийн санхүүжилтэд эрэмбэ тогтоож, төсвийн хэмнэлт, мөнгөн хөрөнгийн зохицуулалт хийх зарим арга хэмжээний тухай” тогтоолыг баталлаа.

Тогтоолоор төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэрт гарах нэг удаагийн тэтгэмж, орон нутгийн нэмэгдэл тэтгэмж, тэтгэвэр, хүүхдийн мөнгө, бүх төрлийн халамж, сургууль, цэцэрлэг болон сургалтын байгууллагын урсгал засвар, санхүүжилт, төрийн байгууллагын интернетийн төлбөр, байр ашиглалтын зардал, хууль, хүчний байгууллагын тээвэр, шатахууны зардал, дотоодын томилолт, хоол хүнс, нормын хувцасны зардал, COP17 олон улсын бага хурлын зардал, Засгийн газрын өр, орон нутгийн нөөц хөрөнгийн санхүүжилтийг хэвийн үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Харин дараах зардлыг хязгаарлахаар болсон байна. Үүнд:

  • Олон улсын болон Засгийн газрын шийдвэртэйгээс бусад хурал, зөвлөгөөн, ой, тэмдэглэлт өдөр, найр наадам, соёлын арга хэмжээ;
  • Урьдчилан төлөвлөсөн төрийн өндөр албан тушаалтны томилолтоос бусад гадаад томилолт, гадаадын зочин хүлээн авах зардал;
  • Зайлшгүй шаардлагагүй тоног төхөөрөмж, тавилга, автомашин худалдан авах;
  • Батлан хамгаалах, хууль зүйн салбараас бусад сургалт, дадлага;
  • Хуулиар заавал мэдээлэхээс бусад кино, контент, хэвлэлийн зардал;
  • Заавал олгохоос бусад тэтгэмж, урамшуулал.

Санхүүгийн хэмнэлтийн горимыг 2026 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл мөрдөнө. Харин эрүүл мэндийн салбар уг хэмнэлтийн горимд хамрагдахгүй бөгөөд цэцэрлэг, сургуулийн хүүхдийн эрт илрүүлэг, вакцинжуулалт, томуу, томуу төст өвчний эсрэг арга хэмжээ зэрэг зайлшгүй шаардлагатай ажлууд төлөвлөгөөний дагуу үргэлжилнэ гэж Ерөнхий сайд Н.Учрал онцоллоо.

Мөн бүх шатны төсвийн ерөнхийлөн захирагч нарт салбар бүрдээ урсгал зардлыг 20 хувиар бууруулах, нөхөн томилгоо хийхгүй байх, аялал, амралт, зугаалга, хамт олны урлаг, спортын арга хэмжээг зохион байгуулахгүй байх, төрийн албанд шинэ орон тоо бий болгохгүй байх, эрчим хүчний хэрэглээг хэмнэх, хурал, сургалтыг цахим хэлбэрт шилжүүлэх, төрийн албан хаагчдыг зарим өдрүүдэд цахимаар ажиллуулах арга хэмжээг үргэлжлүүлэхийг үүрэг болголоо.

Төсвийн сахилга бат сайжирч, эдийн засгийн нөхцөл байдал хэвийн болсон тохиолдолд эдгээр хязгаарлалтыг үе шаттайгаар сулруулах юм.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох