Урлаг спорт
Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын наадам өнөөдөр эхэлнэ
Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын “Asia Folk 2024” наадмыг Нийслэлийн Засаг даргын ивээл дор энэ сарын 14-16-нд Улаанбаатар хотноо зохион байгуулна.
Наадмын талаар зохион байгуулагчид мэдээлэл өглөө.
Энэ удаагийн наадамд БНХАУ, БНСУ, Индонези, Малайз, Филиппин, Узбекистан, Энэтхэг, Япон, Иран, Болгар зэрэг нийт арван орноос 160 гаруй уран бүтээлч, гар урлаачид оролцохоор нийслэл хотноо хүрэлцэн иржээ.
Мөн Улаанбаатар хотын есөн дүүргийн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч, гар урлаачид оролцоно.

Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Э.Цэнд-Аюуш "Тус наадмын хүрээнд жанжин Д.Сүхбаатарын талбайд ардын урлагийн тоглолтууд, гар урлалын үзэсгэлэн, худалдаа болон воркшоп сургалтууд, Азийн хотуудын оролцогчдын үндэсний хувцастай парад, үндэсний хувцасны үзүүлэх тоглолт, гадаад, дотоодын уран бүтээлчдийн хамтарсан тоглолтууд зэрэг олон сонирхолтой үйл ажиллагаанууд гурван өдрийн турш зохион байгуулагдах бөгөөд наадмын албан ёсны нээлтийн үйл ажиллагаа зургаадугаар сарын 14-ний 19:30 минутад Д.Сүхбаатарын талбайд болно. Нээлтийн тоглолтод Иран улсын хөгжимчин Ёонес Чоламзадех Алам хөгжмийн зохиолч Ж.Мэнд-Амарын “Хуучрын аялгуу” бүтээлийг хуучир хөгжмөөр эгшиглүүлнэ" гэлээ.
Харин Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-ын дарга Х.Отгонзул "Улаанбаатар хот ЮНЕСКО-ийн “Бүтээлч хотуудын сүлжээ”-нд ардын урлаг, гар урлал болон үндэсний хувцсаараа бүртгүүлж, 2023 онд батламжаа авсан түүхтэй. Ингэснээр Улаанбаатар хот дэлхийн 355 хоттой харилцан, эсгий урлалын бүтээгдэхүүн, үндэсний хувцас, үндэсний бүжгээ сурталчлан таниулах боломж бүрдсэн" гэв.
Наадмыг санаачлагч, “Артлар соёл урлаг” ТББ-ын тэргүүн Б.Цацрал "Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын “Asia Folk 2024” наадмыг анх 2019 онд Ерөнхий сайдын ивээл дор Азийн ардын урлагийн наадам нэртэйгээр зохион байгуулсан. Тухайн үед 12 орны 200 гаруй уран бүтээлч, Монголоос 2000 гаруй ардын авьяастан, өвлөн уламжлагчид оролцож байлаа. Харин 2020-2022 онд цар тахлын улмаас цахимаар зохион байгуулсан. Өнгөрсөн ооноос эхлэн Нийслэлийн Засаг даргын ивээл дор НЗДТГ, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ, “Артлар соёл урлаг” ТББ болон Ардын урлагийн наадмуудын Дэлхийн ассоциаци хамтран зохион байгуулж байна" гэсэн юм.
Тус наадмыг гадаадын жуулчид хийгээд монголчуудад Азийн улс, үндэстнүүдийн соёлын өв, ардын урлагтай нэг дор танилцах боломжийг олгодог, Улаанбаатар хотоор овоглосон соёлын аялал жуулчлалын томоохон брэнд үйл ажиллагаа болгон жил бүр зохион байгуулахаар төлөвлөөд байна.
Урлаг спорт
С.Жамбалжамц Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
Монголын дугуйчин, ОУХМ С.Жамбалжамц “Айчи–Нагояа 2026” Азийн зуны XX наадмын засмал замын дугуйн эрэгтэйчүүдийн ганцаарчилсан цуваа гараатай уралдаанаас хүрэл медаль хүртлээ. Энэ нь Монголын багийн тус наадмаас хүртсэн анхны медаль болж байна.
С.Жамбалжамц замаа 42 минут 58.06 секундэд туулжээ. Казахстаны Алексей Луценко 41:24.05 амжилтаар түрүүлж, Японы Имамура Шүнсүкэ 42:58.04 амжилтаар мөнгөн медаль хүртсэн байна. Монголын тамирчин мөнгөн медалиас ердөө 0.02 секундээр хоцорчээ.
Ийнхүү С.Жамбалжамц Азийн наадмаас хоёр дахь хүрэл медалиа хүртэв. Тэрбээр өмнөх Ханжоугийн Азийн наадамд мөн хүрэл медаль хүртэж байсан юм.
“Айчи–Нагояа 2026” Азийн наадмын засмал замын дугуйн эрэгтэйчүүдийн бөөн гараатай уралдаан есдүгээр сарын 23-нд болно. Харин эмэгтэйчүүдийн бөөн гараатай уралдаан есдүгээр сарын 22-нд зохион байгуулагдахаар албан ёсны хуваарьт тусгажээ.
Урлаг спорт
Дүнжингарав, Нарантуул худалдааны төвөөр үйлчлүүлэх иргэдэд богино эргэлтийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Цөлжилттэй тэмцэх олон улсын COP17 хурал энэ сарын 17-нд Улаанбаатар хотод эхлэх гэж байна. Энэ хуралд дэлхийн 196 орны зочид төлөөлөгчид оролцох бөгөөд авто замын ачааллыг бууруулах үүднээс Дүнжингарав, Нарантуул захын авто машины зогсоолыг түр хугацаанд хаана.
Тус худалдааны төвөөр үйлчлүүлэх иргэдэд богино эргэлтийн автобус үнэ төлбөргүй үйлчлэхээр болсон Иймд 2026 оны наймдугаар сарын 17-ны өдрийн 06:00 цаг хүртэл үргэлжилэх бөгөөд тус маршрут нь
Офицеруудын ордоноос -Нарантуул-Дүнжингарав худалдааны төв хүртэлх хамаарна гэж Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээллээ.

Урлаг спорт
Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан
Малчид, иргэд, аялагчид, тээвэрчдэд зориулсан мэдээ: 11-нд уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
2026 оны наймдугаар сарын 11-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хэнтийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 19-24 хэм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор 29-34 хэм, бусад нутгаар 23-28 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 23-25 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 22-24 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. 21-23 хэм дулаан байна.
2026 оны наймдугаар сарын 12-ноос
2026 оны наймдугаар сарын 16-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
12-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 13-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, 14-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 3-8 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 15-20 хэм, бусад нутгаар 9-14 хэм, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 20-25 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 30-35 хэм, бусад нутгаар 25-30 хэм дулаан байна. 13-наас нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.
