Улстөр нийгэм
“Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” тогтоолын төслийг өргөн мэдүүлэв
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, мөн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг өчигдөр (2024.04.30) Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалтад “Хөгжлийн бодлого, төлөвлөлт тогтвортой байна.” гэж, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3 дахь хэсэгт “Засгийн газар Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний төслийг жил бүрийн 05 дугаар сарын 01-ний дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ...” гэж заасны дагуу Эдийн засаг, хөгжлийн яамнаас “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө”-ний төслийг боловсруулан, Засгийн газрын 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтсон хэмээн салбарын сайд танилцуулав.
Тэрбээр, “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулахдаа “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”, “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл” зэрэг хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигтэй уялдуулсан болохыг тодотголоо.
Төлөвлөгөөний төсөлд салбарын яамд болон аймаг, нийслэл 2025 онд хэрэгжүүлэхээр нийт 68 их наяд төгрөгийн үнийн дүн бүхий 711 төсөл, арга хэмжээний санал ирүүлсэн аж.
“Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө”-ний төсөл нь “Эдийн засгийн өсөлтийн өгөөжийг өрх бүрд хүргэх” гэсэн зорилгын хүрээнд “Эдийн засгийн тогтвортой өсөлтийн бодлого”, “Эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх хүний хөгжлийн бодлого”, “Шинжлэх ухаан, дэвшилтэт технологид тулгуурласан засаглалын бодлого”, “Бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах бодлого”, “Ногоон хөгжлийн бодлого”, “Бүсчилсэн хөгжлийн бодлого”, “Улаанбаатар хотын бүсчлэл- 20 минутын хотын бодлого”, “Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх” гэсэн бодлогын 8 тэргүүлэх чиглэлийг тодорхойлж тусгажээ.
“Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө”-ний төслийн нэгдүгээр бодлогын тэргүүлэх чиглэл буюу “Эдийн засгийн тогтвортой өсөлтийн бодлого”-ын хүрээнд гадаад худалдааг хөнгөвчилж, экспортын зах зээлийг өргөжүүлэх, хөдөө аж ахуйн салбарыг шинэ технологи инновацад суурилан хөгжүүлж, цаг уурын эрсдэлд дасан зохицсон, үр ашигтай бизнесийн салбар болгон хөгжүүлэх, байгаль орчинд ээлтэй дэвшилтэт уул уурхайн шилжилтийг хийх, боомтын сэргэлт, бүс холбосон таван тойрог замын төслүүдийг хэрэгжүүлж тээвэр, логистикийн нэгдсэн сүлжээг бий болгох, эрчим хүчний салбарт бодлогын суурь шинэчлэл хийж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах чадвартай салбар болгон хөгжүүлэх, дөрвөн улирлын аялал жуулчлалын дэд бүтэц, үйлчилгээг хөгжүүлэх, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг эдийн засгийн бие даасан салбар болгон хөгжүүлэх бодлого баримтална.
Хоёрдугаар бодлогын тэргүүлэх чиглэл буюу “Эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх хүний хөгжлийн бодлого”-ын хүрээнд үндэсний орон сууцжуулах бодлогыг баялгийн сантай уялдуулан дэмжих, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үйлчилгээг эрчимжүүлэх, боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, өрсөлдөхүйц чадвартай төгсөгчдийг бэлтгэх, нийгмийн баталгааг сайжруулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогыг хүн амын бүлэг бүрд зориулан оновчтой хэрэгжүүлэх, соёл, спортын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх бодлого баримтална.
Гуравдугаар бодлогын тэргүүлэх чиглэл буюу “Шинжлэх ухаан, дэвшилтэт технологид тулгуурласан засаглалын бодлого”-ын хүрээнд төрийн шийдвэр гаргалтад хиймэл оюун ухаан, дэвшилтэт технологи ашиглаж, иргэдэд ойр төрийн үйлчилгээг бий болгох, шинжлэх ухаан, технологи, инновац, хиймэл оюун ухааны салбарын хөгжлийг эрчимжүүлэх, хүний эрхийн баталгааг хангах, хараат бус, ил тод шүүхийн бие даасан байдлыг бэхжүүлэх, төрийн албаны хүний нөөцийн чадавхыг бэхжүүлж, нийгмийн баталгааг хангах бодлого баримтална.
Дөрөвдүгээр бодлогын тэргүүлэх чиглэл буюу “Бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах бодлого”-ын хүрээнд бизнесийн салбарт төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх зарчмыг баримталж, төрийн оролцоог хязгаарлах, бизнес, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх, банк, санхүү, даатгалын салбарын реформыг хэрэгжүүлж, зээлийн хүүг бууруулах бодлого баримтална.
Тавдугаар бодлогын тэргүүлэх чиглэл буюу “Ногоон хөгжлийн бодлого”-ын хүрээнд ногоон хөрөнгө оруулалт, үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих, байгаль орчны тогтвортой байдлыг хангах бодлого баримтална.
Зургаадугаар бодлогын тэргүүлэх чиглэл буюу “Бүсчилсэн хөгжлийн бодлого”-ын хүрээнд хөрөнгө оруулалт, хөгжлийг бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалаар төлөвлөх, бүсийн ялгаатай болон шаталсан татварын эрх зүйн орчныг бүрдүүлэх, бүсүүдэд эдийн засгийн тусгай бүсийг байгуулж, одоо байгаа татваргүй чөлөөт бүсүүдийг ашиглалтад оруулах бодлого баримтална.
Долоодугаар бодлогын тэргүүлэх чиглэл буюу “Улаанбаатар хотын бүсчлэл- 20 минутын хотын бодлого”-ын хүрээнд Улаанбаатар хотын засаглалыг сайжруулж, иргэд нийгмийн үйлчилгээг төвөгшөөлгүй, өөрийн гэрээс “20 МИНУТЫН ЗАЙ”-д авах бололцоог бий болгох, түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах төслүүдийг эрчимжүүлэх бодлого баримтална.
Наймдугаар бодлогын тэргүүлэх чиглэл буюу “Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх”-ын хүрээнд “Нэг цонх-Нэгдмэл гадаад бодлого”-ыг үргэлжлүүлэх, батлан хамгаалах тогтолцоог бэхжүүлэх, орчны аюулгүй байдлыг хангаж, хүн, нийгмийн амар тайван орчныг бий болгох бодлого баримтална гэлээ.
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслий тухай
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг боловсруулахдаа макро эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалах бодлогыг баримталсан бөгөөд Төсвийн тухай хууль 281.4 дэх заалт болон холбогдох журмын дагуу төр, хувийн хэвшил, эрдэм шинжилгээ, олон улсын байгууллага, хэвлэл мэдээлэл, иргэдийн олон талт оролцоог хангахад олон нийтийн хэлэлцүүлгийг 3 дугаар сард зохион байгуулж, холбогдох хуулийн шаардлагуудад нийцүүлэн боловсруулжээ.
Эдийн засгийн өсөлт 2025 онд эрчимжиж, 8.0 орчим хувьд хүрэх хүлээлттэй байна. Үүнд уул уурхай болон хөдөө аж ахуйн салбарын экспорт нэмэгдэж, тээвэр логистик, аялал жуулчлал зэрэг үйлчилгээний салбарын үйл ажиллагаа идэвхжихээр байгаа нь голлон нөлөөлөхөөр байна. Цаашид, Оюутолгойн гүний уурхайн эрдсийн өндөр агуулгатай баяжмал үйлдвэрлэл болон бусад уул уурхайн бүтээгдэхүүний олборлолт нэмэгдэж, худалдааны түнш улс орнуудтай хийж буй худалдааны хэлэлцээрүүдийн хүрээнд хөрөнгө оруулалт, экспорт тогтвортой өссөнөөр 2026, 2027 онуудад эдийн засгийн өсөлт 6.5 хувь орчимд байхаар байна.
Эдийн засгийн өрсөлдөх чадварыг сайжруулах, өрхүүдийн бодит орлогыг нэмэгдүүлэхэд инфляцыг бууруулж, 2025 онд 6 хувь, 2026 онд 4 хувь, 2027 онд 3 орчим хувьд хүргэхээр хуулийн төсөлд тусгалаа. Инфляцыг бууруулахад хөдөө аж ахуйн салбарт цогц шинэчлэл хийж хүнсний нийлүүлэлтийг сайжруулах, экспорт, импорттой холбоотой зохицуулалтыг оновчтой хийж, гадаад валютын улсын нөөцийг 10 тэрбум ам.долларт хүргэх, төсвийн алдагдлыг хязгаарлах зэрэг арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлнэ.
Монгол Улсын Их Хурлын чуулганы 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсантай холбогдуулан төсөвт үзүүлэх нөлөөллийг Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлд тусгасан болно.
Хуулийн төслийг Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан тусгай шаардлагуудыг ханган боловсрууллаа. Тухайлбал:
- Тэнцвэржүүлсэн орлого: Гол нэр төрлийн эрдэс баялгийн тэнцвэржүүлсэн үнийг олон улсын санхүүгийн мэдээллийн байгууллагуудаас гаргасан үнийн төсөөлөлд үндэслэхээс гадна макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдтэй уялдуулан төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг тооцсон.
- Тэнцвэржүүлсэн тэнцэл: Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд 2025 оны төсвийн жилээс эхлэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл нь дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр хувиас илүүгүй алдагдалтай, эсхүл ашигтай байна гэж заасан. Энэ хүрээнд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл нь дотоодын нийт бүтээгдэхүүний 2025 онд -2.0 хувь, 2026 онд -1.5 хувь, 2027 онд -1.0 хувьтай тус тус тэнцэж байгаа нь хуулийн шаардлагыг хангаж байна.
- Зарлагын өсөлт: Нэгдсэн төсвийн нийт зарлагын өсөлтийн хувь нь уул уурхайн бус салбарын өсөлт болон өмнөх 12 жилийн дунджийн аль ихээс хэтрэхгүй байна гэж заасан. Төсвийн нийт зарлага 2025 онд 14.4 хувиар, 2026 онд 7.1 хувиар, 2027 онд 6.3 хувиар өсөхөөр төсөөлсөн нь тусгай шаардлагыг хангаж байна.
- Засгийн газрын өр: Засгийн газрын өрийн өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн үлдэгдлийг 2025 онд 50 хувь, 2026 онд 45 хувь, 2027 онд 40 хувь болгон бууруулахаар тооцсон нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасан 2024 оны төсвийн жилээс эхлэн Засгийн газрын өрийн өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн үлдэгдэл 60 хувиас хэтрүүлэхгүй гэсэн хуулийн шаардлагыг хангаж байна.
Хуулийн төсөл батлагдсанаар төсвийн хүрээний мэдэгдэл нь Монгол Улсын 2025 оны төсвийн зарлагын хязгаар, 2026-2027 оны дунд хугацааны зарлагын хязгаарын төсөөлөл болон Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөл, холбогдох тооцоо, судалгааны үндсэн суурь үзүүлэлт болж, тэдгээрийг боловсруулах нөхцөлийг бүрдүүлнэ хэмээн Засгийн газраас үзжээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Улстөр нийгэм
Нэгдүгээр ангийн элсэлтийг E-Mongolia-аар зохион байгуулна
2026 оны 8 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) болно.
Энэ хурал нь дэлхийн 197 улсын Засгийн газрын гишүүд, эрдэмтэн судлаач, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага нэгдэж цөлжилт, газрын доройтол, ган гачигтай тэмцэх хамгийн том Олон Улсын арга хэмжээ юм.
Хурал болохтой холбоотой нийслэлийн замын хөдөлгөөн, аюулгүй байдал, төрийн үйлчилгээний хэвийн ажиллагааг хангах зорилгоор боловсролын байгууллагуудын үйл ажиллагаанд дараах зохицуулалт хэрэгжүүлэхээр болжээ .
Цэцэрлэгийн бүртгэл
- 2026 оны 8 дугаар сарын 10–23-ны өдрүүдэд E-Mongolia системээр бүртгэнэ.
Нэгдүгээр ангийн элсэлт
- 2026 оны 8 дугаар сарын 17–28-ны өдрүүдэд E-Mongolia системээр бүртгэнэ.
- Энэ хугацаанд хүүхэд бүртгэх дэмжлэгийн баг сургуулиуд дээр ажиллахгүй.
Их, дээд сургуулийн хичээл
- 2026 оны 9 дүгээр сарын 1-нээс цахимаар эхэлнэ.
- 2026 оны 9 дүгээр сарын 14-нөөс танхимаар үргэлжилнэ.
Оюутны дотуур байр
- 2026 оны 9 дүгээр сарын 13-наас оюутнуудыг дотуур байранд оруулж эхэлнэ.
Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааны зохицуулалт
- 2026 оны 8 дугаар сарын 17–28-ны өдрүүдэд нийслэлийн бүх сургууль, цэцэрлэгт ажлын байранд элсэлт, бүртгэл болон бусад аливаа арга хэмжээ зохион байгуулахгүй болно.
Улстөр нийгэм
Францад иргэд рүү зөвшөөрөлгүй сурталчилгааны дуудлага хийхийг хориглов
Франц улс иргэдийн урьдчилсан зөвшөөрөлгүйгээр бараа, үйлчилгээ сурталчлах зорилгоор утсаар холбогдохыг хориглосон шинэ хуулийг наймдугаар сарын 11-нээс хэрэгжүүлнэ. Уг зохицуулалт нь иргэдийг залхаасан борлуулалтын дуудлага болон залилангийн шинжтэй арилжааны үйл ажиллагаанаас хамгаалахад чиглэжээ.
Өмнө нь сурталчилгааны дуудлага хүлээн авахгүй байхыг хүссэн иргэд төрийн тусгай бүртгэлд утасны дугаараа оруулах шаардлагатай байсан ч зарим дуудлагын төв уг жагсаалтыг үл тоодог байжээ. Шинэ хуулиар харин аж ахуйн нэгжүүд хэрэглэгчээс урьдчилан зөвшөөрөл аваагүй тохиолдолд сурталчилгааны зорилгоор утсаар холбогдох эрхгүй болно. Иргэн өгсөн зөвшөөрлөө хүссэн үедээ цуцлах боломжтой.
Францын эрх баригчдын тооцоолсноор тус улсын иргэдийн дөрөвний гурав орчим нь долоо хоног бүр дор хаяж нэг удаа хүсээгүй сурталчилгааны дуудлага хүлээн авдаг бөгөөд олон хүн үүнээс ч олон дуудлагад өртдөг байна. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах 11 байгууллага 2024 онд хамтран шаардлага гаргаж, суурин болон гар утас руу ирдэг тасралтгүй сурталчилгааны дуудлагыг хориглохыг уриалж байжээ.
Хуулийг зөрчиж дуудлага хийсэн хувь хүнийг нэг дуудлага тутамд 75 мянга хүртэлх евро, аж ахуйн нэгжийг 375 мянга хүртэлх еврогоор торгох боломжтой. Харин хэрэглэгч өөрөө зөвшөөрсөн, эсвэл тухайн компанитай өмнө нь гэрээний харилцаатай бөгөөд шинэ үйлчилгээ санал болгож буй тохиолдолд хориг үйлчлэхгүй. Иргэд зөвшөөрөлгүй дуудлагын талаар төрийн цахим хуудсаар мэдээлэх боломжтой.
Шинэ хууль Францын зах зээлд үйлчилдэг гадаадын дуудлагын төвүүдэд нөлөөлөхөөр байна. Тухайлбал, Мароккогийн дуудлагын төвүүдийн орлогын 80 гаруй хувь Францын зах зээлээс бүрддэг бөгөөд тус улсын 40–50 мянган ажлын байр эрсдэлд орж болзошгүйг Мароккогийн хөдөлмөр эрхлэлтийн сайд мэдэгджээ.
Улстөр нийгэм
Засгийн газар энэ оныг дуустал санхүүгийн хэмнэлтийн горимд шилжинэ
Засгийн газрын 2026 оны наймдугаар сарын 5-ны өдрийн хуралдаанаар “Төсвийн санхүүжилтэд эрэмбэ тогтоож, төсвийн хэмнэлт, мөнгөн хөрөнгийн зохицуулалт хийх зарим арга хэмжээний тухай” тогтоолыг баталлаа.
Тогтоолоор төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэрт гарах нэг удаагийн тэтгэмж, орон нутгийн нэмэгдэл тэтгэмж, тэтгэвэр, хүүхдийн мөнгө, бүх төрлийн халамж, сургууль, цэцэрлэг болон сургалтын байгууллагын урсгал засвар, санхүүжилт, төрийн байгууллагын интернетийн төлбөр, байр ашиглалтын зардал, хууль, хүчний байгууллагын тээвэр, шатахууны зардал, дотоодын томилолт, хоол хүнс, нормын хувцасны зардал, COP17 олон улсын бага хурлын зардал, Засгийн газрын өр, орон нутгийн нөөц хөрөнгийн санхүүжилтийг хэвийн үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Харин дараах зардлыг хязгаарлахаар болсон байна. Үүнд:
- Олон улсын болон Засгийн газрын шийдвэртэйгээс бусад хурал, зөвлөгөөн, ой, тэмдэглэлт өдөр, найр наадам, соёлын арга хэмжээ;
- Урьдчилан төлөвлөсөн төрийн өндөр албан тушаалтны томилолтоос бусад гадаад томилолт, гадаадын зочин хүлээн авах зардал;
- Зайлшгүй шаардлагагүй тоног төхөөрөмж, тавилга, автомашин худалдан авах;
- Батлан хамгаалах, хууль зүйн салбараас бусад сургалт, дадлага;
- Хуулиар заавал мэдээлэхээс бусад кино, контент, хэвлэлийн зардал;
- Заавал олгохоос бусад тэтгэмж, урамшуулал.
Санхүүгийн хэмнэлтийн горимыг 2026 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл мөрдөнө. Харин эрүүл мэндийн салбар уг хэмнэлтийн горимд хамрагдахгүй бөгөөд цэцэрлэг, сургуулийн хүүхдийн эрт илрүүлэг, вакцинжуулалт, томуу, томуу төст өвчний эсрэг арга хэмжээ зэрэг зайлшгүй шаардлагатай ажлууд төлөвлөгөөний дагуу үргэлжилнэ гэж Ерөнхий сайд Н.Учрал онцоллоо.
Мөн бүх шатны төсвийн ерөнхийлөн захирагч нарт салбар бүрдээ урсгал зардлыг 20 хувиар бууруулах, нөхөн томилгоо хийхгүй байх, аялал, амралт, зугаалга, хамт олны урлаг, спортын арга хэмжээг зохион байгуулахгүй байх, төрийн албанд шинэ орон тоо бий болгохгүй байх, эрчим хүчний хэрэглээг хэмнэх, хурал, сургалтыг цахим хэлбэрт шилжүүлэх, төрийн албан хаагчдыг зарим өдрүүдэд цахимаар ажиллуулах арга хэмжээг үргэлжлүүлэхийг үүрэг болголоо.
Төсвийн сахилга бат сайжирч, эдийн засгийн нөхцөл байдал хэвийн болсон тохиолдолд эдгээр хязгаарлалтыг үе шаттайгаар сулруулах юм.
